Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Би хаа ч явсан буутай явдаг байсан

Би хаа ч явсан буутай явдаг байсан
  • ТӨРСӨН ОН: 1958

  • УЛС: ИТАЛИ

  • ӨМНӨ НЬ: ДЭЭРЭМЧДИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ГИШҮҮН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Ром дахь ядуусын хороололд төрж өссөн. Амьдрал хэцүү байв. Би төрсөн ээжийгээ ерөөсөө мэддэггүй, бас аавтайгаа харьцаа муутай байсан. Ийм хэцүү орчин нөхцөлд амьд гарахын тулд гудамжны дүрмээр л өсөж хүмүүжсэн дээ.

Би 10 настайдаа хулгай хийж сурсан байсан. 12-тойдоо анх удаа гэрээсээ гарч гадуур хонож үзсэн. Аав намайг хэд хэдэн удаа цагдаагийн газраас авч явж байсан. Би дандаа хүмүүстэй маргалддаг, ууртай, ширүүн дориун хүн байсан. 14-тэйдөө гэрээсээ бүр явж, хар тамхи хэрэглэж, гудамжинд амьдрах болсон. Унтах газаргүй үедээ машины хаалга эвдэлж ороод хоног төөрүүлдэг байсан. Тэгээд усан оргилуур дээр очиж нүүр гараа угаадаг байлаа.

Би мэргэжлийн хулгайч болов. Цүнх шүүрэхээс өгсүүлээд шөнийн цагаар орон байрны хулгай хийдэг байв. Би муу нэртэй болж, удалгүй нэгэн зартай гэмт хэргийн бүлэглэл намайг өөрсдөдөө элсүүлсэн. Тэгээд бүр банк дээрэмддэг болсон. Би их дээрэлхүү зантай байсан болохоор бүлэглэлийнхэн маань надаас айдаг байсан. Хаа ч явсан буутай явдаг байсан. Бүр дэрэн доороо хийгээд унтдаг байсан. Миний амьдрал хүчирхийлэл, хар тамхи, хулгай, хараалын үг, садар самуун явдлаар дүүрэн байлаа. Цагдаа нар намайг дандаа хайдаг байв. Би хэд хэдэн удаа баригдаж, шоронгийн хаалгыг олон удаа татсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Нэг удаа шоронгоос суллагдаад нагац эгчийндээ очсон юм. Нагац эгч маань хоёр хүүхэдтэйгээ Еховагийн Гэрч болсон байв. Тэгээд намайг цуглаандаа урихлаар нь нэг сонирхоод үзье гээд хамт явсан юм. Танхимд очоод үүднийх нь хажууд суулаа. Хэн орж гарч, юу хийж байгааг хянах гэж тэр л дээ. Тэр үед ч буугаа биедээ авч явж байсан.

Тэр цуглаан амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн дөө. Шал өөр ертөнцөд ирчихсэн юм шиг л санагдаж билээ. Гэрчүүд над руу дулаахан харцаар инээмсэглэж халуун дотноор хүлээж авсан. Тэдний сайхан сэтгэл, чин үнэнч зан чанар сэтгэлд минь тодхон үлдсэн. Миний ертөнц, амь амьдралтай харьцуулшгүй өөр ертөнц санагдсан!

Би Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг боллоо. Библийг судлаад байх тусам амьдралаа эрс өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон юм. Сургаалт үгс 13:20-д байдаг «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэсэн зөвлөгөөг дагаж дээрмийн бүлэглэлийнхнээс холбоогоо таслах ёстойгоо ойлгосон юм. Үүнийгээ ажил хэрэг болгох хэцүү байсан ч Ехова надад тусалсан.

Юу хийж байгаагаа амьдралдаа анх удаа хянадаг болсон

Би муу зуршлуудаасаа салсан. Их хүчин чармайлт гаргаж байж тамхи татах, мансууруулах бодис хэрэглэхээ больсон. Бас үсээ урт ургуулахаа, ээмэг зүүхээ, хараал хэлэхээ больсон. Юу хийж байгаагаа амьдралдаа анх удаа хянадаг болсон.

Би ер нь ном уншиж, сурч мэдэх дуртай хүн биш л дээ. Тийм болоод ч тэр үү Библи судалж түүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг амаргүй даваа байсан. Гэхдээ би хичээсээр байсан. Аажимдаа Еховаг хайрладаг болж, дотроосоо өөрчлөгдөж эхэлсэн. Тэгтэл мөс чанар минь намайг буруутгадаг болов. Би өөрийгөө дандаа буруутгаж, Ехова над шиг хүнийг уучлах болов уу гэж бодон эргэлздэг байсан. Тэгэх болгондоо, ноцтой нүгэл үйлдсэн Давид хааныг Ехова уучилсан тухай уншаад их тайвширдаг байсан (2 Самуел 11:1—12:13).

Айлаар явж дэлгэрүүлж, итгэл үнэмшлийнхээ талаар ярих нь бас нэг амаргүй даваа байсан (Матай 28:19, 20). Өөрийг нь хохироож, гомдоож байсан хүмүүстэй таарах вий гэж айж байлаа. Аажимдаа тэгж айхаа больсон. Өгөөмрөөр уучилдаг тэнгэрийн Эцгийнхээ талаар мэдэхэд нь бусдад туслаад сэтгэл хангалуун болдог болсон.

ОДОО:

Еховаг мэдсэн маань амийг минь аварсан гэлтэй. Хуучны танилуудын маань ихэнх нь нас барсан, эсвэл шоронд орсон. Харин би үнэхээр утга учиртай амьдарч ирээдүйгээ итгэлтэйгээр хардаг. Даруу, дуулгавартай байж, түргэн уураа барьж сурсан. Тийм болохоор эргэн тойрныхоо хүмүүстэй сайн харьцаатай байдаг болсон. Би Кармен гэдэг сайхан бүсгүйтэй гэр бүл болсон. Бид хоёр хүмүүст Библи заагаад баяр баясгалантай явна аа.

Өө нээрээ, би одоо их сайхан ажил хийж байгаа. Хааяа банк явдаг ажилтай. Дээрэмдэх гэж биш, цэвэрлэгээ хийх очдог юм.