Skip to content

Эхнэр Табитатайгаа хамт дэлгэрүүлж байгаа нь

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

Бурхан байхгүй гэж боддог байсан

Бурхан байхгүй гэж боддог байсан
  • ТӨРСӨН ОН: 1974

  • УЛС: БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ГЕРМАН УЛС

  • ӨМНӨ НЬ: БУРХАНГҮЙ ҮЗЭЛТЭН БАЙСАН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Саксон дахь нэгэн тосгонд төрсөн. Саксон нь тухайн үеийн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын (БНАГУ) нэг муж байсан юм. Гэр бүлийн уур амьсгал хайр халамжтай халуун дулаан байсан бөгөөд эцэг эх маань намайг ёс суртахууны хэм хэмжээг сахихад сургасан. БНАГУ нь коммунист дэглэмтэй байсан учраас Саксоны ихэнх хүний хувьд шашин шүтлэг нь тийм ч чухал зүйл биш байлаа. Тэгээд би бас Бурхан байхгүй гэж боддог байсан. Бурхангүй үзэл коммунизм гэсэн 2 үзэл санаа миний амьдралын эхний 18 жилийг чиглүүлж байсан.

Би яагаад коммунизмд татагдсан бэ? Бүх хүн тэгш эрхтэй байх гэдэг үзэл санаа надад таалагддаг байсан. Түүнээс гадна өмч хөрөнгийг тэгш хуваарилснаар баян ядуугийн ялгаа арилна гэж итгэдэг байсан. Тэгээд коммунист залуучуудын байгууллагад орж идэвхтэй ажилласан. Би 14 настай байхдаа хаягдал цаасыг дахин боловсруулах байгаль орчны төсөлд олон цагаар ажилладаг байсан. Ауэ хотын захиргаа миний идэвх зүтгэлийг өндөр үнэлж надад шагнал хүртэл гардуулж байв. Хэдийгээр залуу байсан ч би Германы өндөр албан тушаалтай улс төрчдийг таньдаг болсон. Тэгээд өөрийгөө зөв замаар явж байна, ирээдүй маань ч гэрэлтэй байна гэж боддог байлаа.

Гэтэл миний ертөнц ганхаж эхлэв. 1989 онд Берлиний хана нурж, Зүүн Европын коммунист дэглэм уналтад орсон. Нэг гайхширал нөгөөгөөр солигдож байв. Герман улсад шударга бус явдал түгээмэл байсныг би удалгүй олж мэдсэн. Жишээлбэл, коммунизмыг дэмждэггүй хүмүүс хоёрдугаар зэргийн иргэнд тооцогддог байсан юм билээ. Ийм юм байж болох уу? Хүн бүр тэгш эрхтэй гэж коммунистчууд бид үздэггүй байсан бил үү? Коммунизм хоосон мөрөөдөл байсан гэж үү? Миний сэтгэл санаа хямарч эхлэв.

Тэгээд би хөгжим урлагт анхаарлаа хандуулж эхэлсэн. Хөгжмийн академид суралцах боломжтой байсан учраас Их сургуульд ороод хөгжимчин уран бүтээлчийн карьер хөөе гэж бодсон. Дээр нь бас багаасаа сурсан ёс суртахууны хэм хэмжээгээ хаясан. Хэд хэдэн охинтой нэгэн зэрэг болзох гэх мэтчилэн цагийг зугаатай өнгөрүүлэх нь миний хувьд хамгийн чухал зүйл боллоо. Гэсэн ч хөгжим, урлаг, чөлөөт амьдралын аль нь ч миний бухимдлыг дарж чадаагүй. Цаашлаад миний зурсан зурагнууд ч ер бусын айдсыг тусган харуулж байв. Миний ирээдүй яах бол? Амьдралын зорилго юу юм бол?

Эцэст нь хайж явсан асуултынхаа хариултыг олж аваад ихэд гайхсан. Нэгэн орой академи дээр хэсэг оюутан ирээдүйн тухай ярилцсан юм. Маанди * гэдэг Еховагийн Гэрч оюутан тэнд байв. Тэр орой Маанди надад зөв замыг зааж өгсөн юм. «Андреас, хэрвээ чи амьдралын тухай, ирээдүйн тухай асуултынхаа хариуг олж авъя гэвэл Библийг нямбайлан судлаарай» гэж тэр хэлж билээ.

Би яг бүрэн итгээгүй ч Библийн хариултуудыг судалж үзэхээр шийдсэн юм. Маанди надад Даниел 2-р бүлгийг үзүүлэхэд би уншаад бүр гайхаж хоцорсон. Өнөөг хүртэл ноёрхож ирсэн дэлхийн хүчирхэг гүрнүүд болон засгийн газруудын тухай тэр зөгнөлд тодорхойлон бичсэн байсан. Тэр бас бидний ирээдүйд хамаатай өөр зөгнөлүүдийг Библиэс үзүүлсэн. Эцэст нь би асуултынхаа хариултыг оллоо. Гэвч тэдгээр зөгнөлийг хэн бичсэн бэ? Ирээдүйн тухай хэн яг баттай хэлж чадах вэ? Тэгээд Бурхан байдаг болж таарч байна уу?

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

Маанди намайг Хорст Ангелика гэдэг Гэрч хостой танилцуулсан нь Бурхны үгийг илүү сайн ойлгоход минь их тус болсон. Еховагийн Гэрчүүд бол Ехова Бурхныг нэрээр нь дууддаг, түүний нэрд хүмүүсийн анхаарлыг хандуулдаг цорын ганц байгууллага гэдгийг би удалгүй мэдсэн (Дуулал 83:13; Матай 6:9). Ехова Бурхан бас хүн төрөлхтөнд диваажин дэлхийд үүрд амьдрах найдвар өгсөн гэдгийг би сурсан. Дуулал 37:9-д «ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөх болно» гэж бичсэн байдаг. Библид байдаг Бурхны хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээдэг хүн нэг бүрд тэдгээр найдвар нээлттэй байдаг гэдэг нь надад сайхан санагдсан.

Гэхдээ Библийн зарчмын дагуу амьдрахын тулд амьдралынхаа хэв маягийг өөрчлөх нь хэцүү байлаа. Хөгжимчин, уран бүтээлчийн амжилт намайг бардам болгосон учраас эхний ээлжид би даруу байхыг сурах хэрэгтэй болсон. Цаашлаад ёс суртахууны хувьд хэт задгай амьдралаа орхиход амаргүй байсан. Библийн сургаалын дагуу амьдрахаар чадах бүхнээ хийдэг хүмүүсийг ойлгож тэвчээртэй, өршөөнгүй ханддаг Еховад үнэхээр талархмаар!

Коммунизм болон Бурхангүй үзэл миний амьдралын эхний 18 жилийг хэлбэржүүлсэн бол түүнээс хойших миний амьдралыг Библи өөрчилсөн. Сурсан зүйл маань ирээдүйн талаарх миний зовнилыг арилгаж, амьдралыг минь зорилготой болгож өгсөн. Би 1993 онд Еховагийн Гэрч болж баптисм хүртээд, 2000 онд Табита гэдэг идэвх зүтгэлтэй Гэрч эмэгтэйтэй гэрлэсэн. Бид хоёр хүмүүст Библи мэдэхэд нь туслахын тулд аль болох олон цаг зарцуулдаг. Дэлгэрүүлж явахдаа коммунизм болон Бурхангүй үзлээр хүмүүжсэн минийх шиг түүхтэй олон хүнтэй тааралддаг. Еховаг таньж мэдэхэд нь тэдэнд туслахдаа би үнэхээр сэтгэл хангалуун байдаг.

ОДОО

Намайг Еховагийн Гэрчүүдтэй уулзаж эхлэхэд эцэг эх маань их санаа зовж байсан. Гэхдээ тэд Еховагийн Гэрчүүд миний амьдралд сайнаар нөлөөлдгийг ойлгодог болсон. Одоо тэд нар Библи уншиж Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог болсонд би их баяртай байгаа.

Библид байдаг гэрлэсэн хосуудад зориулсан зөвлөгөөг аль болох дагахыг хичээдэг учраас Табита бид хоёр жаргалтай амьдардаг. Жишээ нь, бие биедээ үнэнч байх тухай Библийн зөвлөгөөг дагаснаар бидний гэрлэлт үргэлж бат бөх байдаг (Еврей 13:4).

Би амьдралын талаар сэтгэл түгшиж, ирээдүйн тухай санаа зовниж явдгаа больсон. Би дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн гэр бүлийн гишүүн болж, жинхэнээсээ эв нэгдэлтэй, амар амгалан амьдарч байна. Энэ гэр бүлд бид бие биеэ ялгаварладаггүй. Бүх амьдралынхаа турш мөрөөдөж хүсэж байсан зүйл биелж байгаа нь энэ.

^ Нэрийг өөрчлөв.