Skip to content

Ехова Бурхан бол бидний зайлшгүй мэдэх ёстой Нэгэн

Ехова Бурхан бол бидний зайлшгүй мэдэх ёстой Нэгэн

Ехова Бурхан бол бидний зайлшгүй мэдэх ёстой Нэгэн

ТА амьд явах хугацаандаа ямар нэгэн чухал зүйлээс хоцорсон юм биш биз? Бурхны тухай мэдээгүй бол тийм гэсэн үг. Яагаад тэгж хэлж болох вэ? Учир нь Библийн Бурхныг мэдвэл амьдралд ач тустай байдгийг сая сая хүн ойлгожээ. Өнөөдөр ч, ирээдүйд ч ач тусаа өгдөг.

Библийн зохиогч Ехова Бурхан биднийг өөртэй нь танилцаасай гэж хүсдэг. Дуулалч: «Тэд ЭЗЭН гэдэг нэртэй Та л ганцаараа бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг мэдэх болтугай» гэж бичсэн. Тэрбээр Бурхныг мэдэх нь хүнд өөрт нь тустай гэдгийг ойлгож байсан. Бас Бурхан: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сургадаг» гэж хэлжээ. Бид Хамгийн дээд Нэгэн Ехова Бурхныг мэдсэнээр ямар ач тус хүртэх вэ? (Дуулал 83:18; Исаиа 48:17).

Нэг ач тус нь өдөр тутам тулгардаг асуудлыг хэрхэн шийдэх удирдамж заавар, ирээдүйдээ итгэх итгэл болон оюун санааны амар амгаланг олно. Түүнээс гадна Еховаг сайн мэддэг болсноор дэлхий дээрх бүх хүнд хамаатай амин чухал асуудалд өөрөөр ханддаг болно. Ямар асуудал вэ?

Хүн юуны төлөө амьдардаг вэ?

Хүн төрөлхтөн техник технологийн салбарт бахдам амжилт гаргасан ч, ихэнх хүн амьдралын үндсэн асуултууд болох «Би юуны төлөө амьдардаг вэ? Бид хаашаа явж байна вэ? Амьдралын утга учир юу вэ?» гэсэн асуултуудын хариуг олж чаддаггүй. Хүн сэтгэлд хүрсэн хариугаа олж чадаагүй бол амьдрал нь утга учиргүй санагдана. Ийм хүн олон байдаг уу? 1990-ээд оны сүүлээр Германд явуулсан нэгэн судалгаанд оролцогчдын тал нь заримдаа эсвэл ихэнхдээ амьдрал утга учиргүй санагддаг гэж хариулжээ. Танай тэнд ч амьдралынхаа утга учрыг олоогүй хүн олон уу?

Амьдралынхаа утга учрыг олоогүй хүн зорилго тавихад хэцүү байдаг. Тэгээд ажилдаа амжилт гаргах юм уу эд хөрөнгө хурааж дутуугаа нөхөхийг оролддог. Гэсэн ч сэтгэл дундуур явдаг. Амьдралынхаа утга учрыг олж чадахгүй байх нь заримдаа бүр амиа хорлоход хүргэдэг. Үүний нэг жишээ бол «Интернационал Харолд Трибюн» гэдэг сонинд нийтлэгдсэн үзэсгэлэнт залуу эмэгтэйн үхэл юм. Тэрбээр дээд зиндааны, хур баян айлын охин байлаа. Дутагдаж гачигдах зүйлгүй ч их ганцаарддаг, амьдрал нь утгагүй санагддаг байв. Тэгээд нойрсуулах эм ууж амиа хорложээ. Ганцаардлаас болоод амьдрал нь эмгэнэлтэйгээр төгссөн хүний талаар та сонссон биз ээ.

Хүмүүс шинжлэх ухааныг амьдралын бүхий л асуултад хариу өгдөг гэж үздэг. Германы «Де Вүхэ» гэдэг 7 хоног тутмын сэтгүүлд: «Шинжлэх ухаан үнэн байж болох ч сүсэг бишрэл болон ёс суртахуунтай холбоотой асуултуудад хариу өгч чаддаггүй. Хувьслын онол нь үндэслэл муутай. Квант физик нь урьдчилан тааж мэдэхийн аргагүй хэлбэлзэл, өөрчлөлтөөс болж хүнийг тайвшруулж амар амгалан болгож чаддаггүй» гэж бичсэн байна. Шинжлэх ухааны нээлтүүд нь янз бүрийн амьд биесийн амьдрал, амьдралыг тэтгэдэг байгаль дахь эргэлт болон үйл явцыг ойлгоход жинтэй хувь нэмэр оруулсан. Гэхдээ хүн юуны төлөө амьдардаг, хаашаа явж байгааг хэлж чаддаггүй. Хэрэв бид дан ганц шинжлэх ухаанд найдвал амьдралынхаа утга учрыг мэдэхгүй хоцорно. Тэгээд «Зюддойче цайтунг» сонинд бичсэнээр «хүн удирдамж заавраар их дутагддаг».

Тийм удирдамж зааврыг Бүтээгчээс өөр хэн өгч чадах билээ? Хүн юуны төлөө амьдардгийг хүнийг бүтээсэн Бүтээгч мэднэ гэвэл зүйд нийцнэ биз дээ? Ехова хүнээр газар дэлхийг дүүргэж, арчлан тордуулахаар бүтээсэн гэж Библид байдаг. Хүн аливааг хийхдээ шударга ёс, мэргэн ухаан, хайр гэх мэт зан чанаруудыг нь тусган харуулах ёстой байв. Ехова хүнийг яагаад бүтээснийг мэдвэл бид амьдралынхаа утга учрыг ойлгоно (Эхлэл 1:26–28).

Яах хэрэгтэй вэ?

«Би юуны төлөө амьдардаг вэ? Бид хаашаа явж байна вэ? Амьдралын утга учир юу вэ?» гэсэн асуултуудад та хангалттай хариу авч чадаагүй бол яах вэ? Еховатай сайн танилцахыг Библи уриалдаг. «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» гэж Есүс хэлсэн. Мөн Бурхны зан чанаруудыг ялангуяа хайрыг хөгжүүлж, Мессиагийн Хаант төрийн захиргаан дор амьдрахыг зорилгоо болгоорой. Тэгвэл амьдрал тань утга учиртай болж, та баталгаатай ирээдүйн найдвар өвөрлөнө. Ийнхүү өнөөг хүртэл бодож явсан асуултуудынхаа хариуг олно (Ёохан 17:3; Номлогчийн үгс 12:13).

Хариуг нь мэдсэн хүн, мэдээгүй хүнээс ямар ялгаатай вэ? Ялгааг нь биеэрээ үзсэн Хансын тухай үзье. * Тэрбээр Бурханд бага сага итгэдэг байсан ч Бурханд итгэдэг хүн шиг амьдардаггүй байв. Ханс хар тамхи татаж, авгай хүүхэн эргүүлж, ялихгүй гэмээр хэрэгт орооцолдож, мотоциклд донтсон хүн байлаа. Тэрбээр: «Амьдрал хоосон санагдаж сэтгэл дундуур явдаг байсан» гэжээ. 20 гаруй насандаа Ханс Библийг тогтож уншин Бурхантай дотно танилцахаар шийдэв. Еховаг таньж мэдээд юуны төлөө амьдрах ёстойгоо ойлгосон Ханс амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд баптисм хүртэж Еховагийн Гэрч болжээ. Тэрбээр сүүлийн 10 жил бүрэн цагаар үйлчилж байна. Ханс: «Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам. Юутай ч харьцуулахын аргагүй. Еховаг таньж мэдсэнээр миний амьдрал утга учиртай болсон» гэж илэн далангүй ярьсан юм.

Амьдралын утга учир юу болохыг л хүмүүс бодож явдаг гэсэн үг биш. Дэлхийн нөхцөл байдал муудаж байгаа учраас илүү олон хүн өөр нэг асуултын хариуг мэдэх хүсэлтэй болсон.

Яагаад ийм юм болов оо?

Гай зовлон тохиолдоход «Яагаад ийм юм болов?» гэсэн бодол толгойноос салдаггүй. Энэ асуултын үнэн зөв хариуг авбал гай зовлон тохиолдоход сэтгэлээ жолоодож чадна. Харин сэтгэлд хүрсэн хариугаа авч чадахгүй бол шаналж явсаар уурлан хорсож магадгүй. Жишээ болгон Брунид тохиолдсон явдлыг авч үзье.

Бруни гэдэг ахимаг насны нэг эх: «Би хэдэн жилийн өмнө нялх охиноо алдсан. Бурханд итгэдэг байсан учир тайвшрахаар нутгийнхаа сүмийн санваартан дээр очсон юм. Бурхан Сузаннаг тэнгэрт аваачаад тэнгэрийн элч болгосон гэж тэр санваартан надад хэлж билээ. Охин маань өнгөрөхөд тэнгэр нурах шиг л санагдсан. Бас түүнийг авсан Бурхныг үзэн ядаж байлаа» гэж ярьсан юм. Бруни олон жил сэтгэлийн зовлонтой явжээ. Тэрбээр цааш нь «Нэг Еховагийн Гэрч надад Бурхныг үзэн ядах ямар ч шалтгаан байхгүйг Библиэс үзүүлсэн юм. Ехова Сузаннаг тэнгэрт аваачаа ч үгүй, тэнгэрийн элч ч болгоогүй. Хүн төгс бус болсны гайгаар л Сузанна өвдсөн. Одоо бөх гэгч нь унтаж байгааг, Еховагийн амилуулах цагийг хүлээж байгааг нь би ойлгосон. Мөн Ехова хүн төрөлхтнийг диваажин дэлхийд үүрд мөнх амьдруулахаар бүтээсэн бөгөөд энэ нь удахгүй биелэхийг мэдэж авсан. Еховаг чухам ямар Бурхан болохыг мэдээд түүнтэй улам дотноссон. Сэтгэлийн зовлон маань ч нимгэрсэн» гэж ярьжээ (Дуулал 37:29; Үйлс 24:15; Ром 5:12).

Сая сая хүн эмгэнэлт явдал, дайн, өлсгөлөн, байгалийн гамшиг гэх мэт янз бүрийн зовлонг туулж байна. Бруни Библи судлаад Ехова хүмүүст зовлон учруулдаггүй, хүн төрөлхтнийг зовохоор бүтээгээгүй бөгөөд удахгүй муу муухай бүхэнд цэг тавихыг мэдээд тайвширчээ. Муу муухай юм ихсэж байгаа нь бид энэ тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг баталдаг. Бүх юм сайхан болох, бидний хүсэн хүлээсэн цаг тун ойрхон байна (2 Тимот 3:1–5; Матай 24:7, 8).

Бурхныг таньж мэдэх нь

Ханс Бруни хоёр Бурханд итгэдэг ч сайн мэддэггүй байсан. Гэхдээ Еховаг таньж мэдэхийн тулд цаг гарган сайн судалжээ. Ингэж хичээсний ч хэрэг гарсан. Өнөө үеийн талаарх хамгийн чухал асуултууддаа оновчтой хариу авчээ. Тэгээд сэтгэл нь уужирч ирээдүйдээ бат итгэх болсон. Үүнийг Еховагийн олон сая үйлчлэгч биеэрээ үзсэн байдаг.

Еховаг таньж мэдэхийн тулд юуны түрүүнд Библийг нямбай судлах шаардлагатай. Библид Бурхны тухай, мөн биднээс юу шаарддагийг нь бичсэн байдаг. I зуунд амьдарч байсан хүмүүс Бурхны Үгийг сайн судалдаг байсан. Грекийн Берой дахь иудейчүүдийн хурлынхны тухай түүхч, эмч Лук ингэж тэмдэглэжээ. «[Паул Силас хоёрын дуулгасан] Бурхны үгийг дуртайяа хүлээн авсан тэд Паулын ярьсан нь үнэн эсэхийг магадлах гэж Судрыг өдөр бүр нягтлан үздэг байв» (Үйлс 17:10, 11).

Христийн I зууны дагалдагчид хурал хурлаараа цугладаг байсан (Үйлс 2:41, 42, 46; 1 Коринт 1:1, 2; Галат 1:1, 2; 2 Тесалоник 1:1). Өнөөдөр ч Еховагийн Гэрчүүд хурлаараа цугладаг. Зорилго нь Еховатай дотносож түүнд баяр хөөртэй үйлчлэх юм. Цуглаанд очих нь бас өөр ач тустай. Ер нь хүмүүс шүтдэг бурхан шигээ зан авиртай болдог. Үүнтэй адилаар Гэрчүүд ч Еховагийн зан чанарыг тодорхой хэмжээгээр илэрхийлдэг. Тиймээс Гэрчүүдийн цуглаанд очих нь Еховаг илүү сайн таньж мэдэхэд хэрэгтэй (Еврей 10:24, 25).

Ганц Бурхныг таньж мэдэхийн тулд хэтэрхий их хүчин чармайлт гаргах юм шиг санагдаж байна уу? Хүчин чармайлт гаргах зайлшгүй шаардлагатай байлгүй яах вэ! Ер нь хичээж мэрийхгүй бол юунд ч хүрч чадахгүй биз дээ? Чансаа өндөр тамирчид хэр их хүчин чармайлт гаргаж бэлтгэл сургууль хийдгийг бодоод үз дээ. Жишээ нь, цанын спортын олимпын аварга Францын тамирчин Жан Клауд Кили олон улсын тэмцээнд амжилт гаргахын тулд яах хэрэгтэйг ийн ярьжээ. Тэрбээр: «Олимп болохоос 10 жилийн өмнөөс бэлтгэл хийж эхэлнэ. Олон жилийн төлөвлөгөө гаргаж өдөр бүр тэр тухай бодох хэрэгтэй. ... Жилийн 365 хоног оюуны болоод биеийн хүчний ажил хийнэ гэсэн үг» хэмээжээ. 10-хан минут орчим үргэлжлэх тэмцээний төлөө ингэж их хөдөлмөрлөдөг гээд бод доо. Харин Еховаг таньж мэдэхийн тулд уйгагүй хичээвэл харьцуулахын аргагүй, үүрд мөнхийн ач тус хүртэнэ.

Бурхантай дотноссоор байх нь

Амьд явах хугацаандаа хамгийн чухал зүйлээс хоцрохыг хэн хүсэх билээ? Иймд хэрэв та амьдралынхаа утга учрыг олоогүй бол эсвэл хүн яагаад зовдгийг мэдэхийг хүсвэл Библийн Бурхан Еховаг таньж мэдье гэж сэтгэл шулуудаарай. Түүнийг таньж мэдвэл та утга учиртай, үүрд мөнх амьдарна.

Еховагийн талаар бүгдийг мэддэг болно гэж байх уу? Түүнд олон арван жил үйлчилж, түүний тухай ихийг мэдсэн хүмүүс ч Бурхныг бишрээд бардаггүй. Олон юм шинээр мэдэж авсаар байдаг. Бурхны тухай мэдвэл бид аз жаргалтай болно, улам дотносно. Элч Паул: «Бурхны ивээл ямар агуу вэ? Мэдлэг, мэргэн ухаан нь ямар гүнзгий вэ? Бид түүний шийдвэрүүдийг бүрэн ухаарч, хийсэн бүхнийг нь гүйцэд ойлгож чадахгүй. Учир нь “Хэн Еховагийн бодлыг мэдсэн бэ? Хэн түүний зөвлөгч болсон бэ?”» гэж хэлсэн. Үүнтэй бид санал нийлдэг (Ром 11:33, 34).

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

[Товчлол]

Ихэнх хүн амьдралын үндсэн асуултууд болох «Би юуны төлөө амьдардаг вэ? Бид хаашаа явж байна вэ? Амьдралын утга учир юу вэ?» гэсэн асуултуудын хариуг олж чаддаггүй

[Товчлол]

«Еховаг чухам ямар Бурхан болохыг мэдээд түүнтэй улам дотноссон»

[Товчлол]

«Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам. Юутай ч харьцуулахын аргагүй. Еховаг таньж мэдсэнээр миний амьдрал утга учиртай болсон»