Тэд илүү сайныг олсон
ХРИСТИЙН сая сая дагалдагчид Крисмас баярыг тэмдэглэхгүй байхаар шийддэг. Ингэж шийдсэндээ харамсдаг болов уу? Үнэтэй юмаа алдсан юм шиг санагддаг уу? Хүүхдүүдэд нь уйтгартай санагддаг болов уу? Дэлхийн өнцөг булан бүрд байгаа Еховагийн Гэрчүүд юу гэж хэлснийг уншаарай.
Есүс Христийг дурсах: «Би Еховагийн Гэрч болохоосоо өмнө Крисмас эсвэл Улаан өндөгний баяраар л сүмд очдог байсан. Тэнд очоод Есүс Христийн тухай боддог ч үгүй байв. Би одоо Крисмас тэмдэглэхээ больсон. Гэхдээ цуглаанд 7 хоногт 2 удаа явж, тэр ч байтугай Есүсийн тухай Библид юу гэж байдгийг хүмүүст заадаг болсон!»—ИЙВ, АВСТРАЛИ.
Өгөхийн жаргал: «Хүмүүс надад гэнэт бэлэг өгөхөд би маш их баярладаг. Би гэнэтийн бэлгэнд дуртай. Би бас ил захидал хийгээд, зураг зураад хүмүүст өгөх дуртай. Яагаад гэвэл тэд нар баярладаг, би ч гэсэн баярладаг»—РҮБЕН, УМАРД ИРЛАНД.
Бусдад туслах: «Бид нар өвчтэй хүмүүст хоол хийж өгөх дуртай. Заримдаа тэднийг баярлуулах гээд цэцэг, бялуу, жижиг бэлэг өгдөг. Тодорхой нэг өдрийг хүлээлгүй жилийн аль ч үед очиж болдог болохоор гоё байдаг»—ЭМИЛИ, АВСТРАЛИ.
Гэр бүл, хамаатнуудаараа цуглах: «Хамаатнуудаараа цуглахаар хүүхдүүд маань өвөө эмээ, авга, нагац, үеэлүүдтэйгээ тайван орчинд илүү дотно танилцдаг. Бид нар баярын өдрүүдийг хүлээдэг байсан бол дарамттай санагдах байсан. Харин ямар ч хамаагүй өдөр зочилдог болохоор хамаатнууд маань өөрсдөд нь хайртай учраас ирж байна гэж мэддэг»—ВЕНДИ, КАЙМАНЫ АРЛУУД.
Энх тайван: «Крисмасын үеэр хүмүүс хэтэрхий завгүй байдаг учраас энх тайвны талаар бодох ч сөхөөгүй явдаг. Би Библид байдаг амлалтын тухай мэдээд ямар их тайвширсан гээч. Хүүхдүүдийг маань жаргалтай ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг»—САНДРА, ИСПАНИ.