Skip to content

Гарчиг руу орох

«Та нар бие биеэ ... хайрла»

«Та нар бие биеэ ... хайрла»

«Та нар бие биеэ ... хайрла»

«Бие биеэ хайрла гэсэн шинэ тушаалыг би өгч байна. Би та нарыг яаж хайрласны адил та нар бие биеэ тийн хайрла. Та нар бие биеэ хайрладаг бол үүгээр тань бүх хүн та нарыг миний шавь гэж мэднэ» (ЁОХАН 13:34, 35).

Энэ нь юу гэсэн үг вэ? Өөрсдийг нь яаж хайрласан шиг бие биеэ хайрлахыг Есүс дагалдагчдаа захижээ. Есүс тэднийг яаж хайрласан бэ? Тэрбээр тухайн үеийнхээ нийгэмд газар авсан үндэс угсаа, хүйсээр ялгаварлах үзэлд авталгүй дагалдагчдаа хайрладаг байв (Ёохан 4:7–10). Есүс дагалдагчдадаа хайртай учраас тэдэндээ туслахын тулд цаг зав, хүч чадлаа зориулж, эрх ашгаа хойш нь тавьдаг байсан (Марк 6:30–34). Эцэст нь хамгийн агуу хайрыг илэрхийлсэн билээ. Есүс: «Би бол сайн хоньчин. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг» гэж хэлсэн байдаг (Ёохан 10:11).

Христийн эртний дагалдагчид ямар байсан бэ? Нэгдүгээр зуунд Христийн дагалдагчид бие биеэ ах, эгч, дүү гэж хэлдэг байсан (Филемон 1, 2, АББН, 2004). Тэд бүх үндэстний хүмүүсийг хуралдаа халуун дотноор хүлээн авдаг байв. Яагаад гэвэл «иудей болон грек хүний хооронд ямар ч ялгаа байхгүй. ... Бүгдээрээ ... нэг Эзэнтэй» гэж итгэдэг байжээ (Ром 10:11, 12). МЭ 33 оны Тавь дахь өдрийн баярын дараа Иерусалим дахь шавь нар эд хөрөнгөө зараад олсон мөнгөө хүн бүрийн хэрэгцээгээр хуваарилсан юм. Яагаад? Шинээр баптисм хүртсэн хүмүүс Иерусалимд үлдээд үргэлжлүүлэн «элчүүдийн сургаалыг шимтэн сонсох» боломжтой болсон учраас тэр юм (Үйлс 2:41–45). Иерусалим дахь шавь нарыг тийм сайхан сэтгэл гаргахад юу хөшүүрэг болсон бэ? Элч нарыг нас барснаас 200 хүрэхгүй жилийн дараа Тертуллиан жирийн олны яриаг эш татан «Тэд бие биеэ хайрладаг ... нэгнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг» гэж бичжээ.

Өнөөдөр хэн ийм байдаг вэ? Нэгэн номд «Өөрийгөө Христийн дагалдагч гэж үздэг хүмүүс олон зууны турш бие биедээ итгэгч бус хүнээс ч илүү хатуу ширүүн хандаж, нэг нэгнээ зовоож ирсэн» гэжээ («The History of the Decline and Fall of the Roman Empire», 1837). АНУ-д саяхан нэг судалгаа явуулж шашин шүтлэгтэй хүмүүс, түүний дотор өөрсдийгөө Христийн дагалдагч гэж үздэг хүмүүсийн ихэнх нь хүнийг арьс өнгө, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхдагийг олж тогтоосон байна. Сүмд явдаг хүмүүс өөр улсад байдаг адилхан урсгалын сүмийнхэнтэйгээ ихэнхдээ холбоогүй байдаг учраас хэн нэгэнд нь тусламж хэрэгтэй боллоо гэхэд тусалдаггүй, туслах хүсэл ч байдаггүй.

2004 онд Флоридад 2 сарын дотор дөрвөн хар салхи дараалан дэгджээ. Флоридагийн онцгой комиссын дарга явуулсан тусламжийн барааг нь зөв зохистой хуваарилсан эсэхийг шалгасан байна. Тэрбээр Еховагийн Гэрчүүд шиг барааг нь зөв зохистой хуваарилсан өөр бүлэг байгаагүйг хэлээд Гэрчүүдэд юу л хэрэгтэй байна, түүгээр нь хангана гэжээ. 1997 онд Еховагийн Гэрчүүдийн тусламжийн багийнхан Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ болон бусад хүнд зориул эм тариа, хоол хүнс, хувцас хунар авч очжээ. Конгогийн итгэл нэгтнүүддээ зориулж Европт амьдардаг Гэрчүүд нийт сая долларын бараа хандивласан юм.