Skip to content

Гарчиг руу орох

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... тунхаглана»

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... тунхаглана»

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... тунхаглана»

«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» (МАТАЙ 24:14).

Энэ нь юу гэсэн үг вэ? Сайн мэдээний номыг бичигчдийн нэг Лук: «Есүс хот тосгодоор явж Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ тунхаглав» гэж бичжээ (Лук 8:1). Есүс ч өөрөө «Би Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг ... тунхаглах ёстой. Үүний төлөө Бурхан намайг илгээсэн юм» гэсэн байдаг (Лук 4:43). Тэрбээр шавь нараа хот тосгодод сайн мэдээ тунхаглуулахаар илгээжээ. Бас хожим нь тэдэнд «Та нар намайг ... дэлхий даяар гэрчилнэ» гэжээ (Үйлс 1:8; Лук 10:1).

Христийн эртний дагалдагчид ямар байсан бэ? Есүсийн шавь нар багшийнхаа захиасыг цаг алдалгүй биелүүлсэн. «Өдөр бүр сүмд болон айлаар ... Христийн тухай сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, зааж сургаж байв» (Үйлс 5:42). Сайн мэдээг цөөн хэдэн тусгай хүмүүс л тунхагласан юм биш ээ. Христийн шашныг шүүмжлэн бичигч анхны хүн Цельсийн тухай түүхч Неандер: «Тэрбээр ноосчин, гуталчин, арьсчин гэх мэтийн хамгийн харанхуй, бүдүүлэг хүмүүс хүртэл сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдгийг хараад жигшил зэвүүцэл нь төрдөг байв» гэжээ. Жеан Бернарди нэгэн номдоо «[Христийн дагалдагчид] хаа сайгүй явж, хүн болгонтой ярина. Төв зам, хот тосгод, олон хөлийн газар, айлаар явна. Хүмүүс нааштай хандсан ч, таагүй хандсан ч сайн мэдээ дэлгэрүүлнэ. ... Дэлхийн хязгаар хүртэл тунхагласан» гэж бичжээ («The Early Centuries of the Church»).

Өнөөдөр хэн ийм байдаг вэ? Англикан сүмийн санваартан Дэвид Ватсон: «Өнөөгийн хүмүүс сүсэг бишрэлгүй болсны нэг шалтгаан нь сүмүүд дэлгэрүүлэх, заах ажилд нухацтай ханддаггүйнх юм» гэж бичжээ. Хосе Луис Перес Гвадалупе нь евангели, адвинтист болон бусад сүмийн талаар «Тэд айлаар явдаггүй» гэж номдоо бичжээ («Why Are the Catholics Leaving?»). Харин Еховагийн Гэрчүүдийн тухайд «Тэд айлаар зохион байгуулалттай явдаг» гэж бичсэн байна.

Като институтээс эрхлэн гаргасан, 2001-2002 оны Дээд шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээний тайланд Жонатан Төрлигийн бичсэн сонирхолтой, бодитой дүгнэлтийг ийн нийтэлжээ. «Еховагийн Гэрчүүд гэхээр ихэнх хүн тохиромжгүй үед гэрт нь ирдэг хүмүүсийг боддог. Еховагийн Гэрчүүдийн хувьд айлаар явж шашнаа сурталчлах гэдэг нь итгэл үнэмшлээ олон нийтэд тунхаглах төдий явдал биш юм. Харин шүтлэгийнх нь салшгүй нэг хэсэг».

[Хавсралт]

Та Христийн жинхэнэ дагалдагчдыг таньж чадах уу?

Энэ цуврал өгүүллээр, Христийн жинхэнэ дагалдагчдын онцлог шинжийг Библиэс авч үзлээ. Таны бодлоор эдгээр шинж чанарыг ямар хүмүүс илэрхийлдэг вэ? Өөрсдийгөө Христийн дагалдагчид гэдэг хэдэн арван мянган бүлэг, урсгал бий. Гэхдээ Есүсийг дагалдагчдадаа юу гэж хэлснийг анхаараарай. «Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно» (Матай 7:21). Та Христийн жинхэнэ дагалдагчид буюу Эцгийнх нь хүслийг биелүүлдэг хүмүүсийг таньж мэдээд тэдэнтэй нэгдвэл Бурхны Хаант төрийн ивээлийг мөнхөд хүртэх боломжтой. Танд энэ сэтгүүлийг өгсөн Еховагийн Гэрчээс та Бурхны Хаант төр гэж юу болохыг, ямар ивээл хүртээхийг дэлгэрэнгүй мэдэж аваарай (Лук 4:43).