Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ

«Агуу Вавилон» гэж юу вэ?

«Агуу Вавилон» гэж юу вэ?

«ИЛЧЛЭЛ» номонд шууд утгаар ойлгохын аргагүй үг хэллэг олон байдаг (Илчлэл 1:1). Жишээ нь, «ард түмэн, үндэстнүүд» дээр сууж буй, духан дээрээ «Агуу Вавилон» гэ⁠сэн бичигтэй янхан эм гардаг (Илчлэл 17:1, 5, 15). Энд жирийн эмэгтэйг хэлээгүй нь тодорхой. Тэгвэл тэр янхан эм юуг бэлгэддэгийг авч үзье.

Илчлэл 17:18-д тэр эмэгтэйг «дэлхийн хаадыг захирдаг агуу хот» гэсэн байдаг. Энд «хот» гэдгээр зохион байгуулалттай бүлэг хүнийг хэлжээ. Энэхүү «агуу хот» буюу «Агуу Вавилон» гэгч янхан эм «дэлхийн хаадыг захирдаг» учраас дэлхий дахинд нөлөө бүхий тогтолцоо байж таарна. «Илчлэл» номыг нарийвчлан судлахад тэр нь шашны тогтолцоо мөн гэдэг нь тодорхой болдог. Үүнийг Библид үндэслэн тайлбарлая.

Улс төр, бизнес, шашин бол дор бүрнээ биеэ даасан тогтолцоо юм. Агуу Вавилон нь улс төрийн тогтолцоо биш ээ. Библид Агуу Вавилоныг «дэлхийн хаад» буюу улс төрийн хүчнүүдтэй «садарлан самуурсан» гэж бичсэнийг бодвол тэр янхан эм улс төрийн тогтолцоо биш нь тодорхой байна. Улс төрийн тогтолцоотой эвсэн нэгддэг нь садарлан самуурсантай адил бөгөөд эрх мэдэлтэй болж тэднийг захирахын тулд яахаас ч буцдаггүй учраас «агуу янхан» гэгдэх болжээ (Илчлэл 17:1, 2; Яаков 4:4).

«Янхан эмийг» устгахад «дэлхийн худалдаачид» буюу бизнесийн тогтолцоо гашуудна гэж байдаг тул Агуу Вавилон бизнесийн тогтолцоо байж таарахгүй. Бас Библид «хаад» болон «худалдаачдыг» Агуу Вавилоноос «хол зогсож» байгаагаар дүрсэлдэг (Илчлэл 18:3, 9, 10, 15–17). Энэ бүхэн Агуу Вавилоныг улс төр, бизнесийн тогтолцоо биш, харин шашны тогтолцоо гэж үзэх үндэс болж байна.

Агуу Вавилон «ид шидээрээ бүх үндэстнийг мэхэлсэн» гэж байдаг нь шашны тогтолцоо мөн гэдгийг нь давхар баталдаг (Илчлэл 18:23). Ид шид хуурамч шашнаас үүсэлтэй бөгөөд цаана нь чөтгөрүүд байдаг учир Агуу Вавилоныг «чөтгөрүүдийн нутагладаг газар» гэсэн нь ойлгомжтой (Илчлэл 18:2; Дэд хууль 18:10–12). Бас «зөнчид, ариун хүмүүсийг» хавчин, Бурхны таалалд нийцдэг шүтлэгийг эрс эсэргүүцдэг гэжээ (Илчлэл 18:24). Үнэндээ, Агуу Вавилон жинхэнэ шашныг туйлын ихээр жигшдэг учир «Есүсийн гэрчүүдийг» харгисаар хавчаад зогсохгүй, амийг нь хөнөөдөг (Илчлэл 17:6). Тиймээс, «Агуу Вавилон» гэгч энэ эм хуурамч шашны тогтолцоо буюу Ехова Бурхныг эсэргүүцдэг бүх шашныг бэлгэддэг нь тодорхой байна.