Skip to content

Гарчиг руу орох

ХАВСРАЛТ

Есүс арван хоёрдугаар сард төрсөн үү?

Есүс арван хоёрдугаар сард төрсөн үү?

БИБЛИД Есүсийн төрсөн сар өдрийг тодорхой бичээгүй ч, 12-р сард төрөөгүй гэж үзэх баттай үндэс байдаг.

Есүсийн төрсөн Бетлехем хавийн нутгаар өвлийн улиралд цаг агаар ямар байдаг байсныг авч үзье. Еврей тооллын хислев сард (11-р сарын дундаас 12-р сарын дунд хүртэл үргэлжилдэг) цаг агаар хүйтэн, бороо зүсрэн ордог байжээ. Хислев сарыг залгадаг тебет сард (12-р сарын дундаас 1-р сарын дунд хүртэл үргэлжилдэг) хамгийн их хүйтэрч, заримдаа уулархаг нутгаар цас ордог байж. Тэгвэл Бетлехем хавийн нутгийн цаг агаарын талаар Библид юу гэж тэмдэглэсэн байдгийг авч үзье.

Хислев сард хүйтэн, бороотой байдгийг «Езра» номонд бичсэн зүйл баталдаг. «Есдүгээр [хислев] сарын хоринд» Иерусалимд цугласан хүмүүс «ширүүн бороо орсноос болж чичирч байсан» бөгөөд тэд: «Одоо борооны улирал тул бид задгай газар зогсоод байж чадахгүй нь» гэж хэлснийг Езра бичсэн байдаг (Езра 10:9, 13; Иеремиа 36:22). Тэгэхлээр, Иерусалимаас холгүй байдаг Бетлехем хавийн нутгийн малчид 12-р сард хонь малаа хөдөө хээр ил задгай хонуулахгүй нь тодорхой байна.

Гэтэл Библид бичсэнээр, Есүсийг төрсөн шөнө хоньчид сүргээ хээр хариулж байсан. Нарийн яривал, Библийг бичигч Лук Бетлехем орчимд «хэдэн хоньчин шөнө сүргээ манаад хээр хонож байв» хэмээсэн байдаг (Лук 2:8–12). Тэднийг хонио шөнө хотлуулж байлаа гээгүй, хээр хонож байжээ гэснийг анхаараарай. Ер нь, хоньчид ширүүн бороотой, дүн өв⁠лийн хүйтнээр сүргээ манаад хээр хононо гэж үү? Мэдээж, үгүй. Тэгэхлээр, Есүс 12-р сард төрөөгүй нь Библиэс тодорхой харагдаж байна. *

Бурхны Үг Библид Есүсийн нас барсан сар өдөр тодорхой байдаг ч төрсөн өдрийг нь тоймтой хэлээгүй. Энэ нь Соломон хааны «Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу» хэмээсэн үгийг өөрийн эрхгүй санагдуулдаг (Номлогчийн үгс 7:1). Тиймээс, Есүсийн үйл хэрэг, үхлийн талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг атал төрсөн өдрийнх нь тухай дурдаад өнгөрсөн нь санамсаргүй хэрэг биш юм.

Есүсийг төрсөн шөнө хоньчид сүргээ манан хээр хонож байсан

^ д/м 1 Энэ талаар Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Судрыг тунгаах нь» номны 176–179-р хуудсыг үзнэ үү (англи).