Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 5

«Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг

«Золиос» бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг
  • «Золиос» гэж юу вэ?

  • Ехова хэнийг «золиос» болгон өгсөн бэ?

  • «Золиосны» ач тус юу вэ?

  • «Золиосны» төлөө Бурханд хэрхэн талархах вэ?

1, 2. а) Та ямар бэлгийг үнэтэй гэх вэ? б) Хүн төрөлхтнийг аврах Бурхны арга хэмжээг хамгийн үнэтэй бэлэг гэхийн учир юу вэ?

ТАНЫ авч байсан бэлгүүдээс хамгийн үнэтэй нь юу байсан бэ? Ер нь, сэтгэлд хүрсэн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Тэгээд ч жинхэнэ үнэ цэнг мөнгөөр хэмжих аргагүй. Сэтгэл баясгаж, амьдралд тус болох бэлэг үнэтэйд тооцогдох нь лавтай.

2 Бэлэг бэлгийн дотор туйлын онцгой нэг бэлэг бий. Энэ бол Бурхны хүн төрөлхтөнд өгсөн бэлэг юм. Ехова бидэнд олон бэлэг өгсөн ч хамгийн үнэтэй нь хүн төрөлхтнийг аврах арга хэмжээ юм. Энэ арга хэмжээг Библид золиос гэдэг (Матай 20:28-ыг уншина). Золиосны ачаар л хүмүүс жаргалтай амьдарч, хамгийн чухал хэрэгцээгээ хангах боломжтой болсон учир үнэтэй бэлэг гэж үзэх нь зүйтэй. Уг арга хэмжээ Еховагийн хайрын агуу илрэл мөн.

«ЗОЛИОС» ГЭЖ ЮУ ВЭ?

3. «Золиос» гэж юу вэ? «Золиосны» үнэ цэнг бүрэн дүүрэн ухаарахын тулд юуг ойлгох хэрэгтэй вэ?

3 Товчхон хэлбэл, «золиос» бол хүн төрөлхтнийг нүгэл болон үхлээс «чөлөөлөх» Бурхны арга хэмжээ юм (Эфэс 1:7). Библийн энэ сургаалыг ойлгохын тулд Еден цэцэрлэгт болсон явдлыг эргэн санацгаая. Адам нүгэл үйлдэхдээ юу алдсаныг ойлгосон цагт л «золиосны» үнэ цэнг бүрэн дүүрэн ухаарч чадна.

4. Адам төгс амьтай байсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

4 Ехова Адамыг бүтээхдээ нэгэн хосгүй зүйл өгсөн нь төгс амь байв. Өөрөөр хэлбэл, Адам бие махбод, оюун ухааны хувьд төгс буюу өвдөж, хөгширч, үхэх учиргүй байжээ. Бас Еховатай онцгой харьцаатай байсан. Библид Адамыг «Бурхны хүү» гэдэг (Лук 3:38). Тэгэхлээр, Ехова Адам хоёр, эцэг хүү хоёр шиг дотно харьцан, санал бодлоо солилцдог байсан хэрэг. Ехова хүү Адамдаа сонирхолтой ажил өгч, өөрөөс нь юу хүсэж байгаагаа хэлдэг байв (Эхлэл 1:28–30; 2:16, 17).

5. Бурхан Адамыг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээв гэж Библид бичсэн нь юу гэсэн үг вэ?

5 Бурхан Адамыг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээжээ (Эхлэл 1:27). Энэ нь хүн гадаад төрхөөрөө Бурхантай адилхан гэсэн үг биш ээ. Ехова хүний нүдэнд үл үзэгдэх биетэй гэдгийг бид 1-р бүлгээс мэддэг болсон (Ёохан 4:24). Бурхны бие, хүний махан биеэс өөр юм. Тэгэхлээр, Бурхан Адамыг «Өөрийнхөө дүр төрхөөр» бүтээсэн гэдэг нь түүнд хайр, мэргэн ухаан, шударга зан, хүч гэх мэтийн олон чанараа шингээсэн гэсэн үг. Бас өөртэйгөө адилхан, сонгох эрх чөлөөтэй бүтээжээ. Тиймээс, Адам тушаал биелүүлэхээс өөр мэдэлгүй робот шиг байгаагүй юм. Харин ч, зөв бурууг ялгаж салгаж, бие даан шийдвэр гаргах чадвартай байв. Хэрэв Бурханд дуулгавартай байх шийдвэр гаргасан бол Диваажинд мөнх амьдрах байлаа.

6. Адам Бурханд дуулгаваргүй загнасны улмаас юу алдсан бэ? Энэ явдал үр удамд нь ямар балаг тарьсан бэ?

6 Адам Бурханд дуулгаваргүй загнасны улмаас үхлийн ял авсан нь их үнэтэй юмаа алдсан хэрэг байв. Нүгэл үйлдсэнийхээ улмаас төгс амиа алдаж, төгс байхын ач тусыг үзэх эрхгүй болжээ (Эхлэл 3:17–19). Ийнхүү Адам өөрөө төгс амиа алдаад зогсохгүй, үр хүүхдэдээ төгс амь өвлүүлэх аргагүй болсон нь харамсалтай. Библид «Нэг хүнээс [Адамаас] болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ. Яагаад гэвэл бүгдээрээ нүгэл үйлджээ» гэж бичсэн байдаг (Ром 5:12). Адамаас болж бид бүгдээрээ нүгэлтэй болсон. Тийм учраас, Адамыг болон үр удмыг нь нүгэл, үхлийн боолчлолд «худалдагдсан» гэж Библид бичжээ (Ром 7:14). Адам Ева хоёр Бурхны үгийг санаатайгаар зөрчсөн тул мөнх амьдрах найдваргүй болсон. Тэгвэл тэдний үр удам бид яах вэ?

7, 8. Библийн үүднээс авч үзвэл, «золиос» нь ямар хоёр өвөрмөц ойлголтыг багтаадаг вэ?

7 Ехова хүн төрөлхтнийг аврахын тулд нэг арга хэмжээ авсан нь «золиос» билээ. Библийн үүднээс авч үзвэл, «золиос» гэдэг нь үндсэндээ хоёр өвөрмөц ойлголтыг багтаадаг нэр томьёо юм. Нэгдүгээрт, барьцаанд байгаа юмыг эргүүлж авахын тулд төлөх үнийг хэлдэг. Үүнийг олзны хүнийг чөлөөлөхийн тулд төлөх мөнгөтэй зүйрлэж болно. Хоёрдугаарт, хохирлыг бүрэн барагдуулахад тэнцэх хэмжээний төлөөсийг хэлдэг. Энэ нь осол гаргасан хүн хохирлыг бүрэн барагдуулах буюу хохирлын хэмжээтэй тэнцэх хэмжээний төлөөс нөхөн төлдөгтэй адил юм.

8 Тэгвэл Адамаас болж хүн төрөлхтөнд учирсан асар их хохирлыг барагдуулж, нүгэл болон үхлийн боолчлолоос чөлөөлөх боломж бий юү? Энэ асуултад хариулахын тулд Ехова хэнийг «золиос» болгон өгснийг, мөн «золиос» танд ямар ач тустайг авч үзье.

ЕХОВА ХЭНИЙГ «ЗОЛИОС» БОЛГОН ӨГСӨН БЭ?

9. Адамын алдсан төгс амийг юугаар нөхөж болох байсан бэ?

9 Төгс амь нэгэнт алдагдсан тул төгс бус нэг ч хүн үүнийг буцаан олж авах аргагүй болов (Дуулал 49:7, 8). Алдсан амийг эргүүлж авахын тулд тэнцүү үнэ төлөх хэрэгтэй болсон. Энэ нь «амийг амиар» гэсэн Библийн төгс шударга зарчимд нийцэж байлаа (Дэд хууль 19:21). Тэгвэл, Адамын алдсан төгс амийг юугаар бүрэн нөхөх вэ? Өөр төгс амь л тохирох «золиос» болох учиртай байв (1 Тимот 2:6, зүүлт).

10. Ехова хэнийг «золиос» болгон өгсөн бэ?

10 Тэгвэл Ехова хэнийг «золиос» болгон өгсөн бэ? Тэнгэр дэх хөвгүүдийнхээ нэгийг дэлхий рүү явуулжээ. Тэр нь жирийн нэг тэнгэрийн элч биш, хамгийн хайртай, «цорын ганц Хүү» нь байв (1 Ёохан 4:9, 10-ыг уншина). Хүү нь ч тэнгэрийн гэрээ дуртайяа орхин, дэлхийд ирсэн (Филиппой 2:7). Ехова Хүүгийнхээ амийг Мариа гэдэг эмэгтэйн хэвлийд гайхамшгаар шилжүүлснийг бид өмнөх бүлэгт ярилцсан билээ. Бурхны агуу хүч нөлөөлсөн учир Есүс нүгэлгүй, төгс хүн болж төрсөн (Лук 1:35).

Ехова бидний төлөө «цорын ганц Хүүгээ» «золиос» болгон өгсөн

11. Олон сая хүний амийг яаж ганц хүний амиар зольсон бэ?

11 Ганцхан хүний амиар олон сая хүний амийг зольж болно гэж үү? Тэгвэл хүн төрөлхтөн анх яаж нүгэлтэй болсон билээ? Адам нүгэл үйлдэхдээ хосгүй үнэтэй төгс амиа алдсаныг саная. Тиймээс, үр удамдаа төгс амийг бус, харин нүгэл, үхлийг өвлүүлсэн. «Сүүлчийн Адам» буюу Есүс төгс хүн байсан бөгөөд хэзээ ч нүгэл үйлдэж байгаагүй (1 Коринт 15:45). Тиймээс, биднийг аврахын тулд Есүс, нэг ёсондоо, Адамын оронд эцэг маань болох учиртай байв. Есүс биднийг Адамын нүглээс чөлөөлөхийн тулд Бурханд эцсээ хүртэл үнэнч байн, төгс амиа золиосолсон. Ийнхүү Адамын үр удмыг мөнх амьдрах найдвартай болгосон (Ром 5:19; 1 Коринт 15:21, 22).

12. Есүс зовж тарчилж байхдаа юуг баталсан бэ?

12 Есүсийн хэрхэн зовж үхсэнийг Библид дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэрээр ташуурдуулж, шонд хадуулан, тарчилж үхжээ (Ёохан 19:1, 16–18, 30; мөн 204–206-р хуудасны хавсралтыг үзнэ үү). Ямар учраас тэгж зовох ёстой байсан юм бол? Сорилт тулгарвал үнэнч үлдэх хүн Еховагийн үйлчлэгчдийн дунд ганц ч байхгүй гэж Сатан хэлсэн. Энэ тухай бид хожим үзнэ. Есүс асар их зовж тарчилсан ч, Бурханд үнэнч байсан нь тэр үгийг няцаасан хэрэг байв. Диавол ямар ч саад тотгор учруулсан, сонгох эрх чөлөөтэй төгс хүн Бурханд үнэнч байж болдгийг батлан харуулсан. Хайртай Хүү нь үнэнч хэвээрээ байсанд Ехова туйлын их баярласан нь лавтай! (Сургаалт үгс 27:11).

13. Есүс амиа хэрхэн «золиос» болгон өгсөн бэ?

13 Есүс амиа хэрхэн «золиос» болгон өгсөн бэ? МЭ 33 оны еврей тооллын Нисан сарын 14-нд нүгэлгүй, төгс хүн Есүсийг цаазлан хороожээ. Ехова үүнийг зөвшөөрсөн ажээ. Ийнхүү Есүс төгс амиа «нэг удаа өргөл болгосон» (Еврей 10:10). Үхсэнээс нь хойш гурав дахь өдөрт нь Ехова Есүсийг тэнгэрийн биетэй болгон амилуулжээ. Есүс тэнгэрт гараад, Адамын үр удмын төлөө «золиос» болгон өгсөн төгс амийнхаа үнийг Бурханд өргөн барьсан (Еврей 9:24). Ехова Есүсийн амийн үнийг хүн төрөлхтнийг нүгэл болон үхлээс аврахад шаардлагатай «золиос» гэж тооцжээ (Ром 3:23, 24-ийг уншина).

«ЗОЛИОСНЫ» АЧ ТУС

14, 15. Нүглээ уучлуулахын тулд яах ёстой вэ?

14 Бид төгс бус ч гэлээ, Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг буюу «золиосны» ач тусыг одоо ч, ирээдүйд ч хүртэх боломжтой. Одоо энэ тухай ярилцъя.

15 Ехова бидний нүглийг уучилдаг. Бид төрөлхийн төгс бус учраас зөв юм хийхийн тулд цөхрөлтгүй тэмцэх хэрэгтэй болдог. Үг яриагаараа ч, үйл хэргээрээ ч бид бүгдээрээ нүгэл үйлддэг. Гэсэн ч, Ехова Есүсийн золиосонд үндэслэн «бидний нүглийг уучилсан» (Колосай 1:13, 14). Тийн уучлуулахын тулд чин сэтгэлээсээ гэмших ёстой. Бас Есүсийн золиосонд итгэх итгэлдээ үндэслэн Еховагаас даруухнаар уучлал гуйх шаардлагатай (1 Ёохан 1:8, 9-ийг уншина).

16. Еховад цэвэр мөс чанараар үйлчлэх боломж юуны ачаар бүрдсэн бэ? Цэвэр мөс чанартай байхын ач тус юу вэ?

16 Бурхны өмнө цэвэр мөс чанартай болдог. Ер нь, өөрийгөө буруутгадаг хүн итгэл алдарч, цөхөрдөг. Гэхдээ «золиосны» ачаар нүглээ уучлуулж, төгс бус ч гэлээ, Бурханд цэвэр мөс чанараар үйлчлэх боломж бүрдсэн (Еврей 9:13, 14). Мөс чанар цэвэр бол Ехова руу «ойртон очих» буюу ичиж зоволгүй, чөлөөтэй залбирч болдог (Еврей 4:14–16). Бас цэвэр мөс чанартай хүн сэтгэл амар байж, өөрийгөө хүндэтгэн, жаргалтай амьдардаг.

17. Есүс бидний төлөө амиа өгсний ачаар бид ямар ивээл хишиг хүртэх боломжтой болсон бэ?

17 Диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай болдог. Ром 6:23-т «Нүглийн хөлс бол үхэл» хэмээгээд, цааш нь «харин Бурхны бэлэг бол Эзэн Христ Есүсээр дамжуулан өгөх мөнх амь мөн» гэж бичжээ. Удахгүй бий болох диваажин дэлхийд хүмүүс ямар ивээл хишиг хүртэхийг бид энэ номны 3-р бүлэгт ярилцсан билээ (Илчлэл 21:3, 4). Есүс бидний төлөө амиа өгсний ачаар бид ирээдүйд Бурхны ивээлийг хүртэж, тэр дундаа, төгс эрүүл, мөнхийн амьтай болох боломжтой болсон. Энэ бүхнийг хүртэхийн тулд «золиос» буюу үнэт бэлэг өгсөнд нь Еховад талархлаа илэрхийлэх хэрэгтэй.

«ЗОЛИОСНЫ» ТӨЛӨӨ ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭХ НЬ

18. «Золиосны» төлөө Еховад чин сэтгэлээсээ талархах ёстойн учир юу вэ?

18 «Золиосны» төлөө Еховад чин сэтгэлээсээ талархах ёстойн учир юу вэ? Цаг зав, хүчин чармайлт, зардал мөнгө гаргаж байж өгсөн бэлгийг хүн их үнэлдэг шүү дээ. Бас хайраа илэрхийлж өгсөн бэлгийг авахдаа их баярладаг. Тэгвэл «золиос» бол хамгийн үнэтэй бэлэг. Учир нь Бурхан энэ бэлгийг өгөхийн тулд хамгийн үнэтэй юмаа золиосолсон. «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн» гэж Ёохан 3:16-д бичсэн байдаг. «Золиос» бол биднийг гэсэн Еховагийн хайрын хамгийн агуу илэрхийлэл мөн. Бас бидний төлөө амиа дуртайяа өгсөн Есүсийн хайрын баталгаа юм (Ёохан 15:13-ыг уншина). Тиймээс, «золиос» нь Ехова Бурхан болон түүний Хүү хүмүүс бидэнд, тэр дундаа, танд хайртай гэдгийг батлан харуулдаг (Галат 2:20).

Еховаг илүү сайн мэддэг болох нь «золиос» буюу хамгийн үнэтэй бэлэг өгсөнд нь талархаж байгаа хэрэг

19, 20. «Золиосны» төлөө талархлаа хэрхэн илэрхийлэх вэ?

19 Тэгвэл талархлаа яаж илэрхийлэх вэ? Юуны түрүүнд, бидний төлөө Хүүгээ «золиос» болгон өгсөн Еховаг илүү сайн мэддэг болох хэрэгтэй (Ёохан 17:3). Энэ номны тусламжтайгаар Библи судалбал Ехова Бурхны тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх боломжтой. Мэдлэг гүнзгийрэхийн хэрээр Еховад улам хайртай болно. Бурханд хайртай хүн таалалд нь нийцүүлэхийг хүсдэг болно (1 Ёохан 5:3).

20 Есүсийн золиосонд итгэх хэрэгтэй. «[Бурхны] Хүүд итгэдэг хүн мөнх амьдарна» гэж Есүс хэлсэн (Ёохан 3:36). Тэгвэл Есүст итгэдгээ яаж харуулах вэ? Итгэдэг гэж хэлэх нэг хэрэг. «Үйлсгүй итгэл үхмэл юм» гэж Яаков 2:26-д бичсэн байдаг. Тийм ээ, жинхэнэ итгэл үйл хэргээр харагддаг. Есүсийг үг яриагаараа төдийгүй үйл хэргээрээ дуурайхыг хамаг чадлаараа хичээх нь итгэдгээ батлах нэг арга юм (Ёохан 13:15).

21, 22. а) Есүсийн нас барсныг дурсах жил тутмын цуглаанд яагаад очих хэрэгтэй вэ? б) 6, 7-р бүлгээс юуны тухай үзэх вэ?

21 Есүсийн нас барсныг дурсах жил тутмын цуглаанд очих хэрэгтэй. МЭ 33 оны нисан сарын 14-ний үдэш Есүс нэг онцгой цуглаан зохион байгуулсан юм. Үүнийг Библид «Эзний оройн зоог» гэж нэрлэдэг (1 Коринт 11:20; Матай 26:26–28). Бас Есүсийн нас барсныг дурсах цуглаан гэдэг. Есүс төгс амиа «золиос» болгон өгснөө элчүүд болон ирээдүйн бүх шавь нартаа сануулах зорилгоор уг цуглааныг зохион байгуулжээ. Бид бас нас барсныг нь дурсаж байх ёстой. Учир нь Есүс: «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» гэж тушаасан (Лук 22:19). Ехова Бурхан, Есүс Христ хоёр хүн төрөлхтнийг аврахын тулд агуу хайраа илэрхийлснийг Эзний оройн зоог сануулдаг. Есүсийн нас барсныг дурсах цуглаанд очих нь «золиосны» төлөө талархлаа илэрхийлэх бас нэг арга юм. *

22 Хүн төрөлхтнийг аврах Еховагийн арга хэмжээ бол үнэхээр хамгийн үнэтэй бэлэг юм (2 Коринт 9:14, 15). «Золиос» нас барсан хүмүүст ч гэсэн ач тустай. Ямар ач тустайг 67-р бүлгээс үзье.

^ д/м 21 Есүсийн нас барсныг дурсах цуглааны талаар 206–208-р хуудасны хавсралтаас дэлгэрэнгүй тайлбар үзнэ үү.