ХАВСРАЛТ
Баяр ёслолд хэрхэн хандах хэрэгтэй вэ?
ДЭЛХИЙ даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг ихэнх баяр ёслол Библийн үндэслэлгүй байдаг. Нэр хүндтэй тайлбар толиудаас аливаа баяр ёслолын гарал үүслийн талаар ихийг мэдэж болно. Хэдэн жишээ үзье.
Шинэ жилийн баяр. Шинэ жилийн баярыг улс үндэстнүүд зан заншлынхаа дагуу өөр өөр үед тэмдэглэдэг. Энэ баярыг анх
хэрхэн тэмдэглэдэг болсон тухай «Дэлхийн нэвтэрхий толь»-д «Ромын эзэн хаан Юлий Цезарь МЭ 46 онд нэгдүгээр сарын нэгнийг шинэ оны эхний өдөр болгосон түүхтэй. Ромчууд энэ өдрийг Янус гэдэг бурханд зориулжээ. Янус нь үүд хаалга, эхлэл гарааны бурхан бөгөөд урагшаа, хойшоо харсан хоёр нүүртэй байв» гэж бичжээ («The World Book Encyclopedia»). Сонирхолтой нь, зарим хэлний «нэгдүгээр сар» гэдэг үг Янус бурхны нэрнээс гаралтай аж. Тиймээс, шинэ жилийн баярыг хуурамч бурхан шүтдэг хүмүүс санаачилсан байна. Билгийн тооллын шинэ жилийн баярыг «Монголын нэвтэрхий толь»-д «шинэ жилийн болон төр ёсны их баяр» гэж тодорхойлжээ. Уг баярыг «хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэж, [...] гадаа гал түлж тэнгэр, газар дэлхий, төрийн сүлдэнд зул тахилаа өргөн мөргөдөг» гэж бичжээ (ІІ боть, 1073-р хуудас).Гэгээн Валентины өдөр. «Гэгээн Валентины өдрийг тэмдэглэх ёс Валентин гэдэг нэртэй, итгэл үнэмшлийнхээ төлөө амиа алдсан, христ шашинтай хоёр хүнийг дурсан хүндэтгэх уламжлалтай холбоотой ажээ. Гэхдээ энэ өдөр нь... жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд эртний ромчуудын тэмдэглэдэг байсан Луперкали гэдэг баярын суурин дээр бий болсон бололтой. Ромчууд энэ баяраараа, гэр бүл, эмэгтэйчүүдийн охин тэнгэр Юнона болон байгалийн бурхан Панд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай байжээ» гэж «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичжээ.
Эхчүүдийн өдөр. Нэгэн нэвтэрхий тольд «Энэ баяр эхийг шүтэх эртний Грекийн уламжлалтай холбоотой. Бурхдын Их эх болох Кибела буюу Реад зориулсан зан үйлийг... гуравдугаар сарын дундуур Бага Ази даяар үйлддэг байсан» гэж бичжээ («Encyclopædia Britannica»).
Бусад баяр ёслол. Улс үндэстнүүдийн тэмдэглэдэг бүх баяр ёслолыг энд тоочин бичих аргагүй. Гэхдээ хүн болон хүний байгууллагыг магтан алдаршуулах зорилготой баяр наадмыг Ехова Бурхан таашаадаггүй (Иеремиа 17:5–7; Үйлс 10:25, 26). Түүнчлэн, шашны холбогдолтой баяр ёслол Бурханд таалагдах эсэхийг тодорхойлохдоо гарал үүслийг нь анхаарах хэрэгтэй (Исаиа 52:11; Илчлэл 18:4). Шашны холбогдолгүй баяр ёслолд оролцох эсэхээ шийдэхэд энэ номны 16-р бүлэгт дурдсан Библийн зарчмууд тус болно.