Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 9

Израильчууд хаантай болохыг хүссэн нь

Израильчууд хаантай болохыг хүссэн нь

Израилийн анхны хаан Саул дуулгаваргүй загнав. Саулын дараа Давид хаан болов. Бурхан Давидтай мөнхийн хаанчлалын гэрээ байгуулав

САМСОНООС хойш Израилийн зөнч, шүүгч нь Самуел гэдэг хүн байв. Израильчууд түүнд бусад үндэстний адил хаантай болмоор байгаагаа байнга хэлдэг байлаа. Ехова өөрийг нь дорд үзсэн энэ хүсэлтээс нь болоод гомдсон боловч тэдний хүсэлтийг биелүүлэхийг Самуелд тушаажээ. Бурхан Саул гэдэг даруухан хүнийг хаанаар сонгов. Гэтэл Саул хаан яваандаа бардам, дуулгаваргүй болжээ. Ехова түүнийг хаан хэвээр нь байлгахыг хүсээгүй тул Самуелд Давид гэдэг залууг хаанаар томилох зарлиг буулгав. Гэсэн хэдий ч Давид олон жилийн дараа л хаан сэнтийд заларсан юм.

Давид насанд хүрээгүй байхдаа, Саулын цэрэгт алба хааж байсан ах нараа эргэж очжээ. Тэгтэл Саулын цэргүүд бүгдээрээ дайсны ганцхан цэргээс айн сүрдэж байж гэнэ. Голиат гэдэг нэртэй, аварга биет тэр цэрэг Саулын арми болон тэдний Бурхныг гутаан доромжилж байлаа. Үүнд нь эгдүүцсэн Давид хүү аварга биетний халз тулалдах саналыг хүлээн авчээ. Тэгээд ганц дүүгүүр, хэдхэн чулуугаар зэвсэглээд, гурван метр өндөр дайсантайгаа халз тулахаар явав. Голиат өөрийг нь шоолсонд Давид илүү сайн зэвсэгтэй хэмээн хариулдаг. Учир нь тэрбээр Ехова Бурхны нэрийн өмнөөс тулалдахаар очсон юм! Ганцхан чулуугаар Голиатыг цохиж алаад, өөрийнх нь илдээр толгойг нь тасдан авчээ. Үүнийг харсан Филистийн цэргүүд айн зугтацгаав.

Эхэндээ Саул Давидын зүрх зоригийг бахдан, түүнийг дайчдынхаа ахлагч болгожээ. Гэвч амжилт гаргах бүрд нь атаархан хорсох болов. Давид амь зулбан зугтаж, олон жил оргодол босуул мэт амьдрахад хүрчээ. Гэсэн хэдий ч Саулыг Ехова Бурхны томилсон хаан гэж бодон, өөрийг нь алахыг оролдож байсан түүнд үнэнч хэвээрээ байсан. Эцэс сүүлдээ Саул дайнд амь үрэгджээ. Түүний дараа Давид Еховагийн амласан ёсоор хаан болсон.

«Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно» 2 Самуел 7:13

Давид хаан Еховад зориулан сүм барихыг ихэд хүсэж байсан боловч Ехова түүнд үр хүүхдийнх нь нэг нь барина гэдгийг мэдэгджээ. Тэр бол хүү Соломон нь байлаа. Гэхдээ Бурхан Давидыг шагнаж, түүнтэй маш чухал гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор, Давид угсаа залгамжилсан хаадын нэгэн хосгүй удмын өвөг болох бөгөөд тэр удмаас Еден цэцэрлэгт амласан Үр буюу Аврагч гарах ёстой байлаа. Тэр Үр нь Бурхны томилсон Мессиа буюу орчуулбал «Тослогдсон Нэгэн» аж. Ехова Мессиаг мөнхийн Хаанчлал буюу засгийн газрын Удирдагч болгохоо амлажээ.

Ихэд талархсан Давид сүм барихад зориулан барилгын материал, үнэт металл их хэмжээгээр цуглуулжээ. Бас Библийн олон дууг зохиосон бөгөөд насныхаа эцэст: «ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав. Түүний үг миний хэлэн дээр буй» хэмээн хэлжээ (2 Самуел 23:2).

«1 Самуел»; «2 Самуел»; «Шастирын дээд»; Исаиа 9:7; Матай 21:9; Лук 1:32; Иохан 7:42-т үндэслэв.