Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 2

Библи Бурхны бичүүлсэн ном

Библи Бурхны бичүүлсэн ном

1, 2. Библийг яагаад хосгүй бэлэгтэй зүйрлэж болох вэ?

ТА НАЙЗААСАА гэнэтийн бэлэг авч байсан уу? Бэлгээ бушуухан задалж үзэхсэн гэж хүссэн байх. Таныг эрхэмлэн хүндэлдэг найзтайдаа баярлаж, бэлэг өгсөнд нь талархсан нь эргэлзээгүй.

2 Библи бол Бурхны өгсөн бэлэг юм. Өөр хаанаас ч мэдэх аргагүй зүйлийг Библиэс мэдэх боломжтой. Жишээ нь тэнгэр огторгуй, газар дэлхий, анхны эрэгтэй эмэгтэй хүнийг яаж бүтээсэн тухай бичсэн байдаг. Бас амьдралд тохиолдох бэрхшээлийг шийдэхэд тустай зарчмууд бий. Түүнээс гадна Бурхан дэлхийг диваажин болгох санаа зорилгоо хэрхэн биелүүлэхээ Библид бичүүлсэн байдаг. Библи бол үнэхээр хосгүй бэлэг.

3. Та Библи судалбал юу мэдэж авах вэ?

3 Библи судалснаар Бурхан таныг найзаа болоосой гэж хүсдэгийг мэдэж авна. Бурхны тухай мэдэхийн хэрээр улам дотносно.

4. Библийн юу нь танд гайхалтай санагдаж байна вэ?

4 Библийг бүтнээр нь болон хэсэгчлэн 3 200 гаруй хэлээр орчуулж, олон тэрбум хувь хэвлэжээ. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь Библийг эх хэлээрээ унших боломжтой. Долоо хоног бүр сая гаруй Библи хүмүүсийн гар дээр очиж байна! Ийм өргөн тархсан ном Библиэс өөр байхгүй.

5. Библийн Зохиогч нь хэн бэ? Тайлбарлана уу.

5 Библийг «Бурхан бичүүлсэн» (2 Тимот 3:16уншина). Гэхдээ зарим хүн «Библийг хүн бичсэн юм бол яагаад Зохиогчийг нь Бурхан гэдэг юм бэ?» гэж асуудаг. Хариу нь Библид бий. «Ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн» гэж байдаг (2 Петр 1:21). Жишээ нь компанийн захирал нарийн бичгээрээ захиа бичүүлжээ гэж бодъё. Захиаг нарийн бичиг нь бичсэн боловч санаа нь захирлынх шүү дээ. Үүнтэй адилаар Библийг хүн бичсэн боловч Зохиогч нь Бурхан юм. Бурхан хүмүүсийг удирдаж бодол санаагаа бичүүлсэн. Тийм учраас Библи «Бурхны үг» юм (1 Тесалоник 2:13; Тайлбар 2-ыг үзнэ үү).

«Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг олон хэлээр унших боломжтой

БИБЛИ БОЛ ҮНЭН ЗӨВ НОМ

6, 7. Библийг яагаад хоорондоо уялдаа холбоотой гэж хэлж болох вэ?

6 Библийг 1 600 гаруй жил бичжээ. Бичсэн хүмүүс нь өөр өөр цаг үед амьдарч байсан. Эмч, шүүгч, хаан, зөнч, тариачин, загасчин, хоньчин гээд мэдлэг боловсролоороо ялгаатай янз бүрийн хүмүүс бичсэн. Гэсэн хэдий ч тэдний бичсэн Библийн номууд хоорондоо уялдаа холбоотой байдаг. Библид өөр хоорондоо зөрчилддөг санаа байдаггүй. *

7 Библийн эхний номд хүн төрөлхтөн зовдог болсны учрыг, сүүлчийн номд Бурхан зовлон бэрхшээлийг арилгаж, дэлхийг диваажин болгох тухай бичжээ. Библи хүн төрөлхтний олон мянган жилийн түүхийг өгүүлдгээс гадна Бурхны санаа зорилго үргэлж биелдгийг харуулдаг.

8. Библи шинжлэх ухаантай тохирдог уу? Жишээ хэлнэ үү.

8 Библи нь хүмүүст шинжлэх ухааны мэдлэг олгох зорилгоор бичигдсэн ном биш. Гэхдээ Библид байдаг шинжлэх ухаантай холбоотой мэдээллүүд үргэлж үнэн зөв байдаг. Бурхны бичүүлсэн ном тийм л байх ёстой биз дээ? Жишээлбэл Бурхан эртний израйлчуудад халдварт өвчнийг тараахгүйн тулд яах ёстойг зааж өгсөн байдаг. Энэ зааврыг өвчин үүсгэгч нян, вирусыг нээхээс бүр өмнө Библийн «Левит» номд бичжээ. Библид бас дэлхийг юунаас ч өлгөөгүй гэж байдаг (Иов 26:7). Хүмүүс дэлхийг хавтгай гэж итгэдэг байх үед Библид «тойрог» гэж бичжээ (Исаиа 40:22).

9. Библийг бичсэн хүмүүс алдаагаа нуугаагүй нь юуны баталгаа вэ?

9 Библи түүхтэй яг таг тохирдог. Түүхчид чухал баримтыг нуудгаас болж ихэнх түүхийн номууд үнэн зөв биш байдаг. Түүхчид улс орныхоо ялагдлын тухай ихэнхдээ бичдэггүй. Харин Библийг бичигчид алдаа дутагдлаа ч, эртний Израйлын ялагдлын талаар ч ний нуугүй бичжээ. Жишээлбэл Давид хаан «Дуулал» номын 51 дүгээр бүлэгт гэм нүглээ илэн далангүй бичсэн байдаг. Библийг бичсэн хүмүүс бодит үнэнийг тэмдэглэн үлдээсэн нь Библийг Бурхны үг гэдгийг баталдаг. Тиймээс Библид бүрэн итгэж болно.

АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ НОМ

10. Библийн зөвлөгөө яагаад одоо ч ач тустай байдаг вэ?

10 Библийг Бурхан бичүүлсэн учраас «заах, зэмлэх, залруулахад ... тустай» (2 Тимот 3:16). Библийн зөвлөгөө одоо ч ач тустай. Яагаад гэвэл Ехова хүнийг бүтээсэн учраас бидний бодол, сэтгэл санааг маш сайн мэддэг. Бүр өөрсдөөс маань ч илүү сайн мэддэг. Бас биднийг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Бидэнд юу нь сайн, юу нь муу болохыг ч мэддэг.

11, 12. Библид ямар ач тустай зөвлөгөө байдаг вэ?

11 «Матай» номын 5–7 дугаар бүлэгт Есүсийн өгсөн ач тустай зөвлөгөөнүүд бий. Жаргалтай амьдрах, бусадтай эвтэй байх, Бурханд залбирах, мөнгөний талаар зөв үзэлтэй байх гэх мэтийн олон сэдвээр үр ашигтай зөвлөгөө өгчээ. Эдгээр зөвлөгөөг 2 000 жилийн өмнө өгсөн хэр нь одоо ч үнэ цэнээ алдаагүй.

12 Библид бас олон зарчим бий. Гэр бүлээрээ жаргалтай амьдрах, сайн ажилчин байх, хүмүүстэй сайн харьцаатай байхад тустай зарчмуудыг Ехова бидэнд зааж өгдөг. Библийн зарчмыг хаана ч амьдардаг, ямар ч асуудалтай, хэн ч байсан ажил хэрэг болговол ач тусыг нь хүртэнэ (Исаиа 48:17-г уншина; Тайлбар 3-ыг үзнэ үү).

ЗӨГНӨЛ НЬ БИЕЛДЭГ НОМ

Зөнч Исаиа Вавилон хот сүйрэхийг зөгнөсөн

13. Исаиа Вавилоны тухай юу гэж зөгнөсөн бэ?

13 Библийн ихэнх зөгнөл аль хэдийн биелсэн. Жишээ нь Вавилон хот сүйрэхийг Исаиа зөгнөжээ (Исаиа 13:19). Хот яаж эзлэгдэх талаар нарийн ширийн зүйл хэлсэн байдаг. Вавилон хана хэрэм, том голоор хүрээлэгдсэн хот байв. Гол нь ширгэж, хаалга нь онгорхой байхыг зөгнөжээ. Мөн хотыг тулалдахгүйгээр эзлэхийг, бүр эзлэх хүн нь Кореш (түүхэнд Кир нэрээр алдаршсан) гэдэг нэртэй хүн байхыг зөгнөсөн (Исаиа 44:27—45:2-ыг уншина; Тайлбар 4-ийг үзнэ үү).

14, 15. Исаиагийн зөгнөл яаж биелсэн бэ?

14 Исаиаг зөгнөснөөс хойш 200 жилийн дараа нэгэн арми Вавилоныг эзлэхээр иржээ. Жанжин нь хэн байсан бэ? Зөгнөсөн ёсоор, Персийн хаан Кореш байлаа. Ийнхүү зөгнөл биелэхэд бэлэн боллоо.

15 Тэр шөнө вавилончууд найрлаж байв. Нүсэр хэрэм, том голоор хүрээлэгдсэн тул айх юмгүй гэж бодож байсан биз ээ. Тэднийг найрлаж байх зуур Кореш болон түүний цэргүүд усны түвшинг багасгахын тулд шуудуу ухжээ. Ус нь багасахад Персийн цэргүүд гол гатлав. Гэхдээ Вавилоны нүсэр хэрмийг хэрхэн нэвтлэх бол? Исаиагийн зөгнөснөөр, хотын хаалга онгорхой байсан учраас Персийн арми Вавилоныг тулалдахгүйгээр эзэлжээ.

16. а) Вавилоны тухай өөр ямар зөгнөл байдаг бэ? б) Энэ зөгнөл биелсэн үү?

16 Вавилон эцэстээ нэг ч оршин суугчгүй болно гэж Исаиа зөгнөжээ. Тэрбээр: «Үеийн үед хэзээ ч тэнд хүн оршин сууж, амьдрахгүй» хэмээн бичжээ (Исаиа 13:20). Энэ зөгнөл биелсэн үү? Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүг 80 орчим километрт Вавилоны балгас байдаг. Тэнд одоо хэн ч амьдардаггүй. Ехова үнэхээр Вавилоныг «устгагч шүүрээр» цэвэрлэжээ (Исаиа 14:22, 23). *

Вавилоны балгас

17. Бурхны бүх амлалтад яагаад итгэж болох вэ?

17 Библийн ихэнх зөгнөлүүд биелснийг мэдэхлээр ирээдүйн талаарх зөгнөлүүд нь ч биелнэ гэдэгт улам итгэлтэй болдог. Еховаг дэлхийг диваажин болгоно гэсэн амлалтаа биелүүлнэ гэдэгт эргэлзэх шаардлагагүй (Тооллого 23:19-ийг уншина). Бид диваажин дэлхий дээрээ мөнх амьдрах найдвартай. Энэ найдварыг «худал хэлдэггүй Бурхан өнө эртнээс өгсөн» (Тит 1:2). *

ХҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХҮЧТЭЙ НОМ

18. «Бурхны үгийг» Паул юу гэж тодорхойлсон бэ?

18 Библи үнэхээр хосгүй ном гэдгийг бид мэдэж авлаа. Уялдаа холбоотой, шинжлэх ухаан, түүхийн баримттай яг таг тохирдог. Ач тустай зөвлөгөө өгдөг, зөгнөл нь биелдэг. Гэхдээ ингээд л болчихгүй. Библийг бичигчдийн нэг элч Паул: «Бурхны үг амьд бөгөөд хүчтэй» хэмээн бичжээ. Энэ нь юу гэсэн үг вэ? (Еврей 4:12-ыг уншина).

19, 20. а) Өөрийгөө танихад Библи яаж тусалдаг вэ? б) Библи хэмээх бэлэг авсандаа яаж талархах вэ?

19 Библи хүнийг өөрчлөх хүчтэй. Өөрийгөө жинхэнэ ёсоор танихад тусалдаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа бодол санаа, сэтгэл мэдрэмжийг ойлгоход тусалдаг. Жишээ нь та өөрийгөө Бурхныг хайрладаг гэж боддог байж болох юм. Гэхдээ хайрладгаа батлахын тулд Библиэс сурснаа ажил хэрэг болгох хэрэгтэй.

20 Библи бол үнэхээр Бурхны бичүүлсэн ном мөн. Бурхан танаас Библийг уншиж, судалж, эрхэмлэж яваасай гэж хүсдэг. Та ийм хосгүй бэлэг авсандаа талархаж, Библийн мэдлэгээ нэмж байгаарай. Ингэдэг бол хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг мэдэж авна. Бурхны санаа зорилгын талаар дараагийн бүлгээс үзье.

^ д/м 6 Зарим хүн Библийг өөр хоорондоо зөрчилддөг гэж үздэг ч, тэгж үзэх үндэсгүй юм. Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бүх хүнд зориулсан ном»-ын 14–17-р хуудсыг үзнэ үү.

^ д/м 16 Библийн зөгнөлүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн хэвлэсэн «Бүх хүнд зориулсан ном»-ын 27–29-р хуудсыг үзнэ үү.

^ д/м 17 Вавилоны сүйрэл нь Библийн зөгнөл биелдгийн нэг жишээ юм. Есүс Христэд хамаатай зөгнөлүүдийг Тайлбар 5-аас үзнэ үү.