Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 15

Бурхныг зөв шүтэх нь

Бурхныг зөв шүтэх нь

1. Бурхныг хэрхэн зөв шүтэхийг хэн бидэнд хэлж өгч чадах вэ?

ИХЭНХ шашныхан өөрсдийгөө л Бурхны тухай үнэн зөв заадаг гэж хэлдэг. Гэхдээ үүнд итгэх аргагүй. Яагаад гэвэл шашин болгон Бурхны тухай, Бурхныг яаж шүтэх талаар өөр өөр юм заадаг. Тэгвэл Бурхныг хэрхэн зөв шүтэх вэ? Энэ асуултын хариуг Бурхан өөрөө л хэлж өгч чадна.

2. Яавал Еховаг зөв шүтэх вэ?

2 Бурхан бидэнд Библи өгсөн. Бид Бурхныг хэрхэн зөв буюу таалалд нь нийцүүлэн шүтэхийг Библиэс мэдэж авдаг. Тиймээс та Библиэ сайн судлаарай. Ехова Бурхан таныг маш их хайрладаг учраас сургаалыг нь зөв ойлгож, сурснаа ажил хэрэг болгоход тань тусална (Исаиа 48:17).

3. Бурхан биднээс юу хүсдэг вэ?

3 Бүх шашин Бурханд таалагддаг гэж зарим хүн боддог ч Есүс тэгж хэлээгүй. Тэрээр: «Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно» гэжээ. Тэгэхээр Бурхны хүслийг мэдээд биелүүлэх нь туйлын чухал байх нь. Есүс Эцгийнх нь хүслийг биелүүлдэггүй хүмүүсийг гэмт хэрэгтэнтэй зүйрлэн «ёс бус юм хийдэг» гэж хэлсэн. Тийм учраас Бурхныг шүтэх асуудалд нухацтай хандах ёстой (Матай 7:21–23).

4. Бурхны хүслийг биелүүлэхийг хүсдэг хүнд Есүс юу гэж анхааруулсан бэ?

4 Бурхны хүслийг биелүүлэхийг хүсдэг хүн бүрд бэрхшээл тулгарахыг Есүс анхааруулсан. Тэрээр: «Жижиг хаалгаар ор. Яагаад гэвэл сүйрэлд хүргэдэг хаалга нь том, зам нь өргөн. Олон хүн энэ хаалгаар ордог. Харин амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» гэж хэлжээ (Матай 7:13, 14). Нарийн замаар явах буюу Бурхныг таалалд нь нийцүүлж шүтдэг бол мөнхийн амьтай болно. Харин өргөн замаар явах буюу Бурхныг зөв шүтдэггүй бол амиа алдана. Гэхдээ Ехова хэнийг ч амиа алдаасай гэж хүсдэггүй. Харин бүх хүнд өөрийнх нь тухай сурч мэдэх боломж олгодог (2 Петр 3:9).

БУРХНЫГ ЗӨВ ШҮТДЭГ ХҮМҮҮСИЙН ОНЦЛОГ ШИНЖ

5. Бурхныг зөв шүтдэг хүмүүсийг хэрхэн таних вэ?

5 Бурхныг зөв шүтдэг хүмүүсийг хэрхэн танихыг Есүс хэлж өгчээ. Тэд итгэл үнэмшил, үйл хэргээрээ танигддаг. Есүс: «Тэднийг та нар үйл хэргээр нь танина. ... Сайн модонд сайн жимс ургадаг» гэж хэлсэн (Матай 7:16, 17). Энэ нь жинхэнэ Бурхны үйлчлэгчид төгс гэсэн үг биш. Гэхдээ үргэлж зөв юм хийхийг хичээж мэрийдэг. Тэгвэл одоо, тэдний бусдаас ялгарах онцлог шинжийг мэдэж авцгаая.

6, 7. Жинхэнэ шашин сургаалаа яагаад Библид үндэслэн заадаг вэ? Есүсийн жишээнээс юу мэдэж болох вэ?

6 Сургаалаа Библид үндэслэн заадаг. «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай. Үүний ачаар Бурхны хүн чадварлаг болж, аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ» гэж Библид байдаг (2 Тимот 3:16, 17). Элч Паул Христийн дагалдагчдад бичсэн захидалдаа «Та нар Бурхны үгийг биднээс сонсоод хүний үг гэж бус, харин үнэхээр байгаагаар нь Бурхны үг гэж хүлээж авсан» гэжээ (1 Тесалоник 2:13). Жинхэнэ шашин хүний зохиосон сургаал, ёс заншилд бус, Бурхны Үг Библид үндэслэн сургаалаа заадаг.

7 Есүс бүх сургаалаа Бурхны Үгэнд үндэслэн заадаг байсан (Ёохан 17:17-г уншина). Тэрээр үргэлж Судраас эш татдаг байв (Матай 4:4, 7, 10). Жинхэнэ Бурхны үйлчлэгчид Есүсийг дуурайж бүх сургаалаа Библид үндэслэн заадаг.

8. Еховаг шүтэх талаар Есүс юу гэж заасан бэ?

8 Зөвхөн Еховаг шүтэх ёстой. Дуулал 83:18-д: «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд [та] бүхэл дэлхийн дээр ганцхан хамгийн дээд мөн» гэж байдаг (1838 оны орчуулга). Есүс жинхэнэ Бурхан гэж чухам хэн болохыг хүмүүст мэдүүлэхийг хүсэж байсан тул Бурхны нэрийг илчилсэн (Ёохан 17:6-г уншина). Тэрээр: «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» гэж хэлжээ (Матай 4:10). Жинхэнэ Бурхны үйлчлэгчид Есүсийг дуурайдаг. Зөвхөн Еховаг шүтэж, нэрээр нь дуудаж, нэр, санаа зорилгыг нь бусдад мэдүүлдэг.

9, 10. Есүсийн шавь нар бие биеэ яаж хайрладаг вэ?

9 Бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг. Есүс бие биеэ хайрлахыг шавь нартаа тушаасан (Ёохан 13:35-ыг уншина). Есүсийн шавь нар улс орон, ахуй соёл, баян ядуугаасаа үл хамааран бие биеэ хайрладаг. Энэ хайр нь тэднийг нэг гэр бүл болгон нэгтгэдэг (Колосай 3:14). Тийм учраас дайнд явж хүн алдаггүй. «Бурхны хүүхдүүд, Диаволын хүүхдүүд үүгээр танигддаг. Бурхны таалалд нийцүүлдэггүй хүн Бурхных биш. Ах дүүгээ хайрладаггүй хүн Бурхных биш. Бие биеэ хайрла. ... Бид Каин шиг байж болохгүй. Каин бол Сатаных бөгөөд дүүгээ хөнөөсөн» гэж Библид бичжээ (1 Ёохан 3:10–12; 4:20, 21).

10 Есүсийн шавь нар бие биедээ тусалж, нэг нэгнээ урамшуулан зоригжуулахын тулд цаг зав, эрч хүч, эд хөрөнгөө харамгүй зориулдаг (Еврей 10:24, 25). Тэд «бүх хүнд ... сайныг үйлддэг» (Галат 6:10).

11. Есүст яагаад дуулгавартай байх ёстой вэ?

11 Есүст дуулгавартай байвал аврагдана гэдэгт итгэдэг. «Аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүйг мэдтүгэй» гэж Библид бий (Үйлс 4:12). Ехова дуулгавартай хүмүүсийг мөнх амьдруулахын тулд Есүсийг золиос болгон өгснийг бид 5 дугаар бүлгээс үзсэн (Матай 20:28). Дэлхийг захирах Хаант төрийнхөө Хаанаар Ехова Есүсийг сонгосон. Мөнх амьдаръя гэвэл Есүст дуулгавартай байх ёстой гэж Библид байдаг нь ийм учиртай (Ёохан 3:36-г уншина).

12. Христийн дагалдагчид ямар учраас улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй вэ?

12 Улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй. Есүс улс төртэй хутгалдаж байгаагүй. Тэрээр шүүгдэж байхдаа Ромын захирагч Пилатад «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хэлсэн (Ёохан 18:36-г уншина). Есүсийн адилаар дагалдагчид нь Бурхны Хаант төрд үнэнч байдаг учраас хаана ч амьдардаг бай, улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй. Гэхдээ «дээд эрх мэдлүүд» буюу төр засгийн эрх мэдэлтнүүдэд захирагдах ёстой гэж Библид байдаг (Ром 13:1). Тийм учраас Христийн дагалдагчид оршин суугаа газрынхаа хуулийг чанд сахидаг. Харин Бурхны хуультай зөрчилдсөн тохиолдолд «хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэж хэлсэн элчүүдийг дуурайдаг (Үйлс 5:29; Марк 12:17).

13. Жинхэнэ Бурхны үйлчлэгчид юуны тухай тунхагладаг вэ?

13 Бурхны Хаант төр л хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийднэ гэдэгт итгэдэг. «Хаант төрийн тухай ... сайн мэдээ» дэлхий даяар тунхаглагдана гэж Есүс зөгнөжээ (Матай 24:14-ийг уншина). Бидний төлөө хийх Бурхны Хаант төрийн бүх зүйлийг ямар ч засгийн газар хийж чадахгүй (Дуулал 146:3). Есүс: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» хэмээн Хаант төрийн тухай залбирч байхыг бидэнд захисан (Матай 6:10). Бурхны Хаант төр бүх засгийн газрыг устгаж «өөрөө мөнхөд байх юм» гэж Библид байдаг (Даниел 2:44).

14. Ямар хүмүүс Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтдэг вэ?

14 Та жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийг хэрхэн танихыг мэдэж авлаа. Тэгвэл өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. «Бүх сургаалаа Библид үндэслэн зааж, Бурхны нэрийг бусдад мэдүүлж, бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хэн бэ? Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Есүсийг илгээсэн гэдэгт ямар хүмүүс итгэдэг вэ? Бас хэн улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй вэ? Бурхны Хаант төр л хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийднэ гэж хэн тунхагладаг вэ? Зөвхөн Еховагийн Гэрчүүд юм (Исаиа 43:10–12).

ТА ЯАХ ВЭ?

15. Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтье гэвэл яах хэрэгтэй вэ?

15 Бурхныг бодитой оршдог гэдэгт итгэх нь хангалтгүй. Чөтгөрүүд хүртэл Бурхан байдагт итгэдэг. Гэхдээ тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлдэггүй (Яаков 2:19). Хэрэв та Бурхныг таалалд нь нийцүүлж шүтье гэвэл оршин байдагт нь итгээд зогсохгүй дуулгавартай байх ёстой.

16. Яагаад хуурамч шашнаас холбоогоо таслах ёстой вэ?

16 Бурхныг таалалд нь нийцүүлж шүтэхийн тулд бас хуурамч шашнаас холбоогоо таслах ёстой. Зөнч Исаиа: «Түүний дундаас гарагтун! ... Өөрсдийгөө ариусгагтун!» гэж бичжээ (Исаиа 52:11; 2 Коринт 6:17). Тиймээс хуурамч шашинтай холбоотой бүхнээс салах хэрэгтэй.

17, 18. «Агуу Вавилон» гэж юу вэ? Яагаад хурдан гарах шаардлагатай вэ?

17 Хуурамч шашин гэж юу вэ? Бурхны Үгэнд бичсэний дагуу Бурхныг шүтдэггүй бүх шашныг хэлнэ. Бүх хуурамч шашныг Библид «Агуу Вавилон» гэдэг (Илчлэл 17:5). Яагаад? Хуурамч шашны олон сургаал Ноагийн үед болсон үерийн дараа Вавилон хотод үүсэж дэлхий даяар таржээ. Жишээ нь Вавилоны оршин суугчид гурван нүүртэй Бурхан шүтдэг байсан. Өнөөдөр ч Бурхныг Гурвал гэж заадаг шашин олон. Гэхдээ Еховаг цорын ганц жинхэнэ Бурхан, Есүсийг Хүү нь гэж Библид тодорхой бичсэн байдаг (Ёохан 17:3). Мөн Вавилончууд хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг бөгөөд тамд зовдог гэж итгэдэг байжээ. Гэхдээ энэ нь худал сургаал юм (Тайлбар 14, 17, 18-ыг үзнэ үү).

18 Бурхан тун удахгүй бүх хуурамч шашныг устгана (Илчлэл 18:8). Тийм учраас хуурамч шашнаас үтэр түргэн холбоогоо таслах нь чухал. Ехова таныг оройтоогүй байгаа дээрээ хуурамч шашнаас гараасай гэж хүсдэг (Илчлэл 18:4).

Та дэлхий дахинд буй Еховагийн ард түмэнтэй нэгдсэнээр гэр бүлийнх нь гишүүн болно

19. Та Еховагийн үйлчлэгч болбол ямар ивээл хүртэх вэ?

19 Таныг хуурамч шашнаас гарч Еховад үйлчлэх гэхэд найз нөхөд, гэрийнхэн тань ойлгохгүй байж магадгүй. Бүр эсэргүүцэж, шоолж, гадуурхаж мэднэ. Гэхдээ Ехова таныг орхихгүй. Бас бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг сая сая хүнээс бүрдсэн дэлхий дахины гэр бүл таныг угтан авна. Түүнээс гадна Бурхны амласан шинэ ертөнцөд мөнх амьдрах ирээдүй хүлээж байна (Марк 10:28–30). Таныг эсэргүүцдэг байсан зарим хүн яваандаа Библи судалдаг болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

20. Бурхныг зөв шүтэх нь яагаад чухал бэ?

20 Бурхан тун удахгүй муу муухай бүхнийг устгана. Тэгээд Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирна (2 Петр 3:9, 13). Биднийг сайхан ирээдүй хүлээж байна. Тэр үед бүх хүн Еховаг таалалд нь нийцүүлэн шүтнэ. Тийм учраас Бурхныг зөв шүтэхийн тулд яг одоо шийдэмгий алхам хийх нь амин чухал юм.