Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 8

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Бурхны Хаант төр гэж юу вэ?

1. Бид ямар залбирлын тухай үзэх вэ?

ЕСҮС шавь нартаа яаж залбирахыг заахдаа нэг залбирлыг жишээ болгон хэлсэн байдаг. Энэ жишээ залбирлыг олон сая хүн мэддэг. Есүс юуны тухай залбирсан бэ? Энэ залбирал бидэнд ямар ач холбогдолтой вэ?

2. Есүс ямар гурван чухал зүйлийн төлөө залбирахыг захисан бэ?

2 Есүс: «Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирахыг захижээ (Матай 6:9–13-ыг уншина). Яагаад энэ гурван зүйлийн төлөө залбирахыг захисан бэ? (Тайлбар 20-ийг үзнэ үү).

3. Бурхны Хаант төрийн тухай юу мэдэж авах вэ?

3 Бид Бурхны нэрийг Ехова гэдгийг мэдэж авсан. Бас хүн төрөлхтөн болон дэлхийн талаарх санаа зорилгыг нь мэддэг болсон. Тэгвэл «Хаант төр захираасай» гэсэн нь ямар учиртай вэ? Бурхны Хаант төр гэж чухам юу вэ? Юу хийх вэ? Бурхны нэрийг хэрхэн ариусгах вэ? Эдгээр асуултын хариуг энэ бүлгээс үзье.

БУРХНЫ ХААНТ ТӨР ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ?

4. Бурхны Хаант төр гэж юу вэ? Хаан нь хэн бэ?

4 Ехова Бурхан тэнгэрт засгийн газар байгуулсан. Энэ засгийн газрыг Библид Бурхны Хаант төр гэж нэрлэдэг. Хаанаар нь Есүсийг томилсон. Есүс бол «хаадын Хаан, эздийн Эзэн» юм (1 Тимот 6:15). Есүс ямар ч удирдагчийн хийж чадаагүй сайн зүйлийг хийнэ. Тэрээр дэлхийн бүх удирдагчийн хүчийг нийлүүлснээс ч хавьгүй хүчтэй.

5. Бурхны хаант төр хаанаас, юуг захирах вэ?

5 Есүс амилаад 40 хоногийн дараа тэнгэр лүү буцсан (Үйлс 2:33). Хожим нь тэрээр Бурхны Хаант төрийн Хаан болсон. Бурхны Хаант төр тэнгэрээс дэлхийг захирна (Илчлэл 11:15). Тийм учраас Библид «тэнгэрийн Хаант төр» гэдэг (Матай 11:12).

6, 7. Есүс хүмүүн удирдагчаас ямар ялгаатай вэ?

6 Есүс ямар ч удирдагчтай харьцуулшгүй агуу Удирдагч юм. Яагаад гэвэл Библид Есүсийг «үхэшгүй мөнхийг ганцаараа эзэмшдэг» гэж бичжээ (1 Тимот 6:16). Хүмүүн удирдагчид бүгдээрээ үхдэг. Харин Есүс хэзээ ч үхэхгүй. Тийм учраас Есүсийн бидний төлөө хийх сайн сайхан зүйл үүрдийн ач тустай.

7 Есүсийг шударга, өршөөнгүй хаан байхыг Библид ийн зөгнөжээ. «ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүнэ» (Исаиа 11:2–4). Та ийм хаантай байхыг хүсэхгүй гэж үү?

8. Есүс ганцаараа төр барих уу?

8 Ехова зарим хүнийг Есүстэй хамт тэнгэрээс захируулахаар сонгосон. Жишээлбэл элч Паул Тимотод «Хэрэв бид тэвчдэг бол, түүнтэй хамт төр барина» гэжээ (2 Тимот 2:12). Тэгвэл Есүстэй хамт хэдэн хүн төр барих вэ?

9. Есүстэй хамт хэдэн хүн захирах вэ? Бурхан тэднийг хэзээнээс сонгож эхэлсэн бэ?

9 Есүс тэнгэрт 144 000 хаан, тахилчтай хамт байгааг элч Ёохан гайхамшгаар үзсэнийг 7 дугаар бүлэгт дурдсан. Тэгвэл 144 000 хүн гэж хэн бэ? Ёохан: «Тэр хүмүүсийн духан дээр Хурга [Есүс] болон Эцгийн нэр бичээстэй байв. ... Тэд Хургыг [Есүсийг] хаашаа ч явсан дагадаг. Тэднийг хүн төрөлхтний дундаас ... худалдаж авсан билээ» гэж хэлжээ (Илчлэл 14:1, 4-ийг уншина). 144 000 хүн бол Есүстэй хамт «хаан болж дэлхийг» захируулахаар Бурхны сонгосон, Есүсийн үнэнч дагалдагчид юм (Илчлэл 5:10). Ехова тэднийг МЭ I зуунаас сонгож эхэлсэн.

10. Ехова хүмүүсийг Есүсийн хамтран захирагчаар сонгосон нь яагаад хайрынх нь илрэл вэ?

10 Ехова хүмүүсийг Есүсийн хамтран захирагчаар сонгосон нь бидэнд маш их санаа тавьдгийг харуулдаг. Есүс биднийг ойлгодог учраас сайн Хаан болж чадна. Яагаад гэвэл тэрээр хүн байж үзсэн, бас зовж шаналахыг биеэрээ мэдэрсэн. Есүс биднийг сайн ойлгодгийг Паул тайлбарлан «мөхөс байдлыг маань ойлгож өрөвдөх» чадалтай, «юм юмаар бидэнтэй адил соригдсон» гэжээ (Еврей 4:15; 5:8). 144 000 хүн бас төгс бус байдал, өвчин зовлонтойгоо тэмцэж явсан хүмүүс. Тиймээс Есүс болон 144 000 хүн бидний сэтгэл санааг төдийгүй ямар бэрхшээл тулгардгийг сайн ойлгоно.

БУРХНЫ ХААНТ ТӨР ЮУ ХИЙХ ВЭ?

11. Есүс яагаад Бурхны хүсэл таалал тэнгэрт биелээсэй гэж залбирахыг захисан бэ?

11 Есүс шавь нартаа Бурхны хүсэл таалал тэнгэрт биелээсэй гэж залбирч байхыг захисан. Яагаад? Бид энэ номын 3 дугаар бүлгээс, Сатан Диавол Еховагийн эсрэг тэрсэлснийг үзсэн. Ехова энэ явдал болсны дараа Сатан, үнэнч бус тэнгэрийн элчүүд буюу чөтгөрүүдэд тэнгэрт түр байхыг нь зөвшөөрсөн. Тийм учраас тэнгэрт Бурхны хүсэл таалал биелээгүй байсан гэсэн үг. Сатан болон чөтгөрүүдийн тухай 10 дугаар бүлгээс дэлгэрэнгүй үзнэ.

12. Илчлэл 12:10-т ямар хоёр чухал үйл явдал болохыг бичсэн бэ?

12 Есүс Бурхны Хаант төрийн Хаан болмогцоо Сатантай дайтна гэдгийг Библид бичжээ (Илчлэл 12:7–10-ыг уншина). Энэ хоёр чухал үйл явдлыг Илчлэл 12:10-т бичсэн байдаг. Нэгдүгээрт, Есүс Христ тэргүүтэй Бурхны Хаант төр захирч эхэлнэ. Хоёрдугаарт, Сатан дэлхий рүү хаягдана. Эдгээр үйл явдал аль хэдийн болсон. Энэ талаар одоо ярилцъя.

13. Сатаныг дэлхий рүү хаяхад тэнгэрт юу болсон бэ?

13 Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөсний дараа Бурханд үнэнч тэнгэрийн элчүүд ихэд баярлажээ. «Тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун!» гэж Библид бий (Илчлэл 12:12). Тэнгэрт Бурхны үнэнч тэнгэрийн элчүүд л үлдсэн учраас жинхэнэ амар тайван, эв нэгдэл тогтсон.

Сатан болон чөтгөрүүд дэлхий рүү хаягдсанаас хойш зовлон бэрхшээл улам нэмэгдсэн. Гэхдээ удахгүй зовлон дуусна

14. Сатаныг тэнгэрээс хаягдсаны дараа дэлхий дээр амьдрал ямар болсон бэ?

14 Тэгвэл дэлхий дээр амьдрал ямар болсон бэ? Амьдрал улам хэцүү болсон. Яагаад гэвэл Диавол дэлхий рүү хаягдсан. «Өөрт нь богино хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа» (Илчлэл 12:12). Үнэхээр ч Сатан уурлан хорсож байна. Тэнгэрээс хөөгдсөндөө, бас тун удахгүй устгагдахаа мэдэж байгаа учраас хамаг хүчээ шавхан дэлхий даяар гай гамшиг, өвчин эмгэг, зовлон бэрхшээл учруулж байна.

15. Бурхан дэлхийн талаар ямар санаа зорилготой вэ?

15 Гэхдээ дэлхийн талаарх Бурхны санаа зорилго одоо ч өөрчлөгдөөгүй. Ехова төгс хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулах санаа зорилготой (Дуулал 37:29). Энэ зорилгыг нь Бурхны Хаант төр хэрхэн биелүүлэх вэ?

16, 17. Даниел 2:44-т байдаг зөгнөлөөс Бурхны Хаант төрийн тухай юу мэдэж болох вэ?

16 Даниел 2:44-т «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг [«Хаант төрийг», ШЕ] тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын [«Хаант төрийн», ШЕ] эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн зөгнөжээ. Энэ зөгнөлөөс Бурхны Хаант төрийн тухай юу мэдэж болох вэ?

17 Нэгдүгээрт, Бурхны Хаант төр «тэдгээр хаадын үед» байгуулагдана. Өөрөөр хэлбэл одоогийн улс орнуудын төр засгийг оршин байх үед Бурхны Хаант төр байгуулагдана. Хоёрдугаарт, Бурхны Хаант төр үүрд мөнх захирах бөгөөд ямар ч засгийн газраар халагдаж солигдохгүй. Гуравдугаарт, Бурхны Хаант төр болон улс орнуудын төр засгийн хооронд дайн болно. Энэ дайнд Хаант төр ялалт байгуулж, дэлхий даяараа нэг л засгийн газартай болно. Хүн төрөлхтөн түүхэндээ байгаагүй хамгийн сайн төр засагтай болно.

18. Улс орнуудын засгийн газар болон Бурхны засгийн газрын хооронд болох дайныг юу гэж нэрлэдэг вэ?

18 Бурхны засгийн газар дэлхийг захирахаас өмнө юу болох вэ? Хармагедон гэдэг нэртэй дайн болно. Энэ дайны өмнө чөтгөрүүд дэлхий дахины төр засгийн эрх мэдэлтнүүдийг мэхэлж, «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд» цуглуулна. Ийнхүү улс орнуудын засгийн газар Бурхны Хаант төртэй дайтна (Илчлэл 16:14, 16; Тайлбар 10-ыг үзнэ үү).

19, 20. Дэлхийг бүхэлд нь захирах Бурхны хаант төр бидэнд яагаад хэрэгтэй вэ?

19 Бурхны Хаант төр бидэнд яагаад хэрэгтэй вэ? Гурван шалтгааныг авч үзье. Нэгдүгээрт, бид бүгдээрээ нүгэлтэй учраас өвдөж, үхдэг. Харин Бурхны Хаант төрийн удирдлага доор хүмүүс мөнх амьдарна гэж Библид байдаг. Ёохан 3:16-д «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэж бий.

20 Хоёрдугаарт, муу муухай юм хийдэг хүмүүс олширч байна. Худлаа ярих, хуурч мэхлэх, садар самуун үйлдэх нь жирийн явдал болжээ. Үүнийг бид арилгаж чадахгүй, харин Бурхан арилгаж чадна. Тэрээр засарч өөрчлөгддөггүй муу хүмүүсийг Хармагедоноор устгана (Дуулал 37:10-ыг уншина). Гуравдугаарт, хүний засгийн газар хүчин мөхөс, харгис хэрцгий, завхран гажуудсан. Бас Бурханд дуулгавартай байхыг ард иргэддээ уриалдаггүй. «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» гэж Библид бичсэн нь няцаахын аргагүй үнэн юм (Номлогчийн үгс 8:9, ШЕ).

21. Хаант төр Бурхны хүслийг дэлхий дээр хэрхэн биелүүлэх вэ?

21 Хармагедоны дараа Хаант төр Бурхны хүслийг дэлхий дээр биелүүлнэ. Жишээ нь Сатан болон чөтгөрүүдийг «1 000 жилийн турш ёроолгүй нүхэнд» хорино (Илчлэл 20:1–3). Тэр үед нэг ч хүн өвдөхгүй, үхэхгүй болно. Золиосны ачаар үнэнч хүмүүс диваажин дэлхийд мөнх амьдарна (Илчлэл 22:1–3). Хаант төр Бурхны нэрийг ариусгана. Энэ нь Бурхны Хаант төр дэлхийг захирах үед бүх хүн Еховагийн нэрийг алдаршуулна гэсэн үг (Тайлбар 21-ийг үзнэ үү).

ЕСҮС ХЭЗЭЭ ХААН БОЛСОН БЭ?

22. Есүс дэлхийд байхдаа эсвэл тэнгэрт гармагцаа Хаан болоогүй нь юунаас харагддаг вэ?

22 Есүс шавь нартаа «Таны Хаант төр захираасай» хэмээн залбирч байхыг захисан. Тэгэхээр Есүсийг дэлхийд байхад Бурхны Хаант төр захирч эхлээгүй байсан нь тодорхой байна. Эхлээд Ехова Хаант төрөө байгуулж, Хаанаар нь Есүсийг томилно. Тэгвэл Есүс тэнгэрт гармагцаа Хаан болсон уу? Үгүй. Нэг хэсэгтээ хүлээх хэрэгтэй байсан. Дуулал 110:1-д «Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу» гэж зөгнөжээ. Энэ зөгнөл Есүсийг амилсны дараа биелснийг Петр Паул хоёр батлан хэлсэн (Үйлс 2:32–35; Еврей 10:12, 13). Тэгвэл Есүс Хаан болох цагаа хэр удаан хүлээсэн бэ?

Хаант төр Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлнэ

23. а) Есүс хэзээ Хаан болсон бэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

23 1800-аад оны сүүлчээр чин сэтгэлтэй цөөн хэдэн хүн 1914 оныг Библийн зөгнөл биелэх чухал он гэдгийг ойлгожээ. Тэдний ойлголт зөв байсныг 1914 оноос хойш дэлхий дахинд болж байгаа үйл явдлууд баталдаг. 1914 онд Есүс Хаан болсон (Дуулал 110:2). Хаан болмогцоо Сатаныг дэлхий рүү хаясан бөгөөд Сатанд богинохон хугацаа үлджээ (Илчлэл 12:12). Энэ үеийг Библид эцсийн өдрүүд гэж нэрлэдэг. Биднийг эцсийн өдрүүдэд амьдарч байгааг батлах баримтуудыг дараагийн бүлгээс үзье. Бас Хаант төр тун удахгүй Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлэхийг мэдэж авъя (Тайлбар 22-ыг үзнэ үү).