Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 15

Ажилдаа сэтгэл хангалуун байя

Ажилдаа сэтгэл хангалуун байя

«Эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун бай» (НОМЛОГЧИЙН ҮГС 3:13).

1–3. а) Олон хүн ажлаа юу гэж үздэг вэ? б) Энэ бүлгээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 ЯМАР Ч ХҮН өөрийгөө, гэрийнхнээ тэжээх гэж ажил хийдэг. Гэхдээ ажилдаа дургүй, ажилдаа явна гэхээс халширдаг хүн олон байдаг. Танд бас амаргүй байдаг уу? Яавал ажилдаа илүү дуртай, сэтгэл хангалуун байх вэ?

2 «Хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу» гэж Ехова хэлсэн (Номлогчийн үгс 3:13). Ехова хүнийг ажил хөдөлмөр хийх хүсэлтэй, ажил хийж байж ахуй амьдралаа авч явахаар бүтээсэн. Бас ажилдаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг (Номлогчийн үгс 2:24; 5:18-ыг уншина).

3 Тэгвэл яавал ажилдаа дуртай болох вэ? Христийн дагалдагч хүнд ямар ажил тохирохгүй вэ? Шашин шүтлэг, ажил төрлөө яаж хослуулах вэ? Хамгийн чухал ажил юу вэ?

БИДНИЙ ҮЛГЭР ДУУРАЙЛ

4, 5. Ехова хэр зэрэг ажилсаг вэ?

4 Ехова бол ажилсаг Бурхан. Эхлэл 1:1-д «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж байдаг. Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүх юмыг бүтээснийхээ дараа «нэн сайхан» гэж хэлжээ (Эхлэл 1:31). Бүтээгч маань хийж бүтээснээ хараад сэтгэл дүүрэн байв (1 Тимот 1:11).

5 Ехова хэзээ ч зүгээр суудаггүй. Есүс: «Миний Эцэг одоо болтол ажиллаж байгаа» гэжээ (Ёохан 5:17). Еховагийн өнөөг хүртэл хийсэн олон ажлын заримыг л бид мэддэг. Тухайлбал, Хүү Есүс Христтэй нь хамт тэнгэрээс захирах хүмүүсийг Ехова сонгож байгаа (2 Коринт 5:17). Бас дэлхий дахинд явагдаж байгаа дэлгэрүүлэх ажлыг удирдаж, хүмүүст санаа тавьдаг. Үүний үрээр олон сая хүн Еховатай танилцаж, диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар өвөрлөж байна (Ёохан 6:44; Ром 6:23).

6, 7. Есүс хэр зэрэг ажилсаг вэ?

6 Есүс бас Эцэг шигээ ажилсаг билээ. Тэрээр дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэр, газар дээрх бүх юмыг бүтээхэд оролцож Бурхны «хажууд уран дархан мэт» (МБОХ, 2000) байв (Сургаалт үгс 8:22–31; Колосай 1:15–17). Дэлхий дээр байхдаа ч шаргуу ажилладаг байсан. Бага залуугаасаа мужааны ажлыг сайн хийж сураад байшин барьж, тавилга хийдэг байсан бололтой. Хүмүүс Есүсийг «мужаан» гэдгээр нь мэддэг байсныг бодвол ажилдаа их сайн байжээ (Марк 6:3).

7 Гэсэн ч Есүсийн хувьд дэлхий дээр хийж гүйцэтгэх хамгийн чухал ажил бол сайн мэдээг тунхаглаж, хүмүүст Еховагийн тухай заах байв. Энэ ажлыг гурван жил хагасын хугацаанд амжуулах ёстой байжээ. Тэрээр өглөөнөөс орой болтол ажилладаг байлаа (Лук 21:37, 38; Ёохан 3:2). Хэдэн зуун километр замыг туулж, олон хүнд сайн мэдээг тунхагласан юм (Лук 8:1).

8, 9. Есүс яагаад ажилдаа дуртай байсан бэ?

8 Бурхны даалгасан ажлыг хийгээд Есүсийн урам зориг бадардаг, сэтгэл сэргэдэг байсан учраас ийм ажил хийхийг хоол идэхтэй зүйрлэжээ. Заримдаа Есүс амсхийж хоол ч идэх завгүй байжээ (Ёохан 4:31–38). Есүс хүмүүст Эцгийнхээ тухай мэдүүлэх бүх боломжийг ашигласан. Ийм ч учраас «Даалгасан ажлыг тань гүйцэтгэн таныг би дэлхий дээр алдаршуулсан» гэж Еховад хэлжээ (Ёохан 17:4).

9 Ехова Есүс хоёр хөдөлмөрч, ажлын амтыг мэддэг, ажилдаа сэтгэл хангалуун байдаг нь тодорхой байна. Бид «Бурхныг дуурайхыг», бас Христийн мөрөөр яг таг дагахыг хичээдэг (Эфэс 5:1; 1 Петр 2:21). Ямар ч ажлыг сайн хийж, хичээнгүй байхыг хүсдэг.

АЖЛЫГ ЮУ ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

10, 11. Яавал ажилдаа өөдрөг хандах вэ?

10 Еховаг шүтдэг бид өөрийгөө болон гэрийнхнээ тэжээхийн тулд шаргуу хөдөлмөрлөдөг. Бид ажилдаа сэтгэл хангалуун байхыг хүсдэг ч заримдаа амаргүй байдаг. Яавал ажилдаа дуртай болох вэ?

Өөдрөг байвал ажилдаа илүү дуртай болно

11 Өөдрөг байгаарай. Нөхцөл байдлаа өөрчлөх боломжгүй байлаа ч үзэл бодлоо өөрчилж болдог. Еховагийн хүслийг мэддэг хүн ажилдаа зөв хандаж чаддаг. Жишээ нь, Ехова өрхийн тэргүүн хүнийг гэр бүлийнхээ хэрэгцээг чадлынхаа хэрээр хангаасай гэж хүсдэг. Гэр бүлээ тэжээдэггүй хүнийг Библид «сүсэг бишрэлгүй хүнээс дор» гэсэн байдаг (1 Тимот 5:8). Хэрэв та өрхийн тэргүүн бол гэр бүлээ тэжээхийн тулд их хөдөлмөрлөдөг биз ээ. Та ажилдаа дуртай ч бай, үгүй ч бай, гэр бүлээ авч явдаг танд Ехова баярладаг.

12. Ажилч хичээнгүй, үнэнч шударга байх нь ямар ач тустай вэ?

12 Ажилч хичээнгүй, үнэнч шударга байгаарай. Ийм байвал ажилдаа дуртай болно (Сургаалт үгс 12:24; 22:29). Бас ажил олгогчийнхоо итгэлийг хүлээнэ. Мөнгө төгрөг, эд материал, ажлын цагаас хулгайлдаггүй хүнийг ажил олгогчид өндөр үнэлдэг (Эфэс 4:28). Хамгийн гол нь, ажилдаа хичээнгүй, үнэнч шударга хүнийг Ехова үнэлдэг. Хайртай Бурхнаа баярлуулдаг хүнийг «доторх хүн [нь] буруутгадаггүй» (Еврей 13:18; Колосай 3:22–24).

13. Ажил дээрээ үнэнч шударга байвал ямар сайн үр дүнд хүрч болох вэ?

13 Ажил дээрээ биеэ зөв авч явбал Еховаг алдаршуулдгийг санаарай. Энэ бол ажилдаа сэтгэл хангалуун байх бас нэг шалтгаан юм (Тит 2:9, 10). Таны үлгэр жишээг ажигласан хүн Библи судлахыг хүсэж болох шүү дээ (Сургаалт үгс 27:11; 1 Петр 2:12-ыг уншина).

ЯМАР АЖИЛ СОНГОХ ВЭ?

14–16. Ажил сонгохдоо юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

14 Христийн дагалдагч хүнд тохирох, тохирохгүй ажлыг нэгд нэгэнгүй бичсэн жагсаалт Библид байдаггүй. Харин ажлаа зөв сонгоход тустай зарчмууд бий (Сургаалт үгс 2:6). Библийн зарчмыг бодонгоо дараах асуултыг авч үзээрэй.

Еховагийн хэм хэмжээнд нийцдэг ажил хайгаарай

15 Энэ ажлыг хийвэл Еховагийн буруу гэж үздэг юмыг хийх хэрэг гарах уу? Ехова хулгай хийх, худал ярих зэргийг үзэн яддагийг бид мэдэж авсан (Египетээс гарсан нь 20:4; Үйлс 15:29; Эфэс 4:28; Илчлэл 21:8). Иймээс Еховагийн тогтоосон хэм хэмжээг зөрчих ажил хийхгүй байх нь зүйтэй (1 Ёохан 5:3-ыг уншина).

16 Энэ ажлыг хийвэл Еховагийн буруушаадаг хэргийг дэмжсэн юм уу тийм хэргийн хамсаатан болох уу? Жишээ нь, үр хөндөлт дагнан хийдэг эмнэлгийн хүлээн авахад ажиллах санал ирвэл та яах вэ? Хүлээн авахад ажиллах нь буруу биш ээ. Гэхдээ үр хөндөхийг Ехова юу гэж үздэгийг та одоо мэддэг болсон. Та үр хөндөхөд биечлэн оролцохгүй ч Еховагийн буруу гэж үздэг хэргийн хамсаатан болохгүй гэж үү? (Египетээс гарсан нь 21:22–24, ШЕ).

17. Бурхны сэтгэлд нийцэх шийдвэр гаргахад юу тус болох вэ?

17 Библийн зарчмыг баримталдаг бол Еврей 5:14-т бичсэнээр «оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурна». «Энэ ажлыг хийвэл хүмүүсийг бүдрүүлэх үү? Энэ ажлыг хийхийн тулд хань ижил, үр хүүхдээ орхиж, гадаад явах шаардлага гарах уу? Намайг явбал тэд минь яах бол?» гэж бодож үзээрэй.

«ИЛҮҮ ЧУХАЛ ЮМЫГ МАГАДАЛ»

18. Еховаг шүтэхийг үргэлж эн тэргүүнд тавих яагаад амаргүй байдаг вэ?

18 Одоогийн «хэцүү цагт» Еховаг шүтэхийг үргэлж эн тэргүүнд тавина гэдэг амаргүй (2 Тимот 3:1). Тохирсон ажил олж, ажлаа алдахгүй байх хэцүү. Бид гэр бүлээ тэжээж тэтгэх үүрэгтэйгээ, бас Еховаг шүтэхийг эн тэргүүнд тавих ёстойгоо мэддэг. Иймд эд хөрөнгийг амьдралдаа хамгийн чухал юм болгож болохгүй (1 Тимот 6:9, 10). Тэгвэл гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ «илүү чухал юмыг магадалдаг байхын» тулд яах хэрэгтэй вэ? (Филиппой 1:10).

19. Еховад найддаг хүн ажлаа хамгийн чухалд үздэг үү? Тайлбарлана уу.

19 Еховад бүрэн найдаарай (Сургаалт үгс 3:5, 6-г уншина). Бурхан биднийг анхаарч санаа тавьдаг бөгөөд юу хэрэгтэй байгааг мэддэг (Дуулал 37:25; 1 Петр 5:7). Бурхны Үгэнд «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай. Учир нь [Бурхан]: “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч хаяхгүй” гэж айлдсан билээ» гэж байдаг (Еврей 13:5). Гэр бүлээ яаж тэжээх билээ гэж үргэлж битгий шаналаасай гэж Ехова хүсдэг. Ехова ард түмнийхээ хэрэгцээг хангаж чаддагаа олон удаа харуулсан (Матай 6:25–32). Бид ямар ч ажил хийсэн, Бурхны Үгийг тогтмол судалж, сайн мэдээг дэлгэрүүлж, цуглаандаа явдаг (Матай 24:14; Еврей 10:24, 25).

20. Энгийн амьдрахын тулд яах вэ?

20 «Нэг л юмыг хараарай» (Матай 6:22, 23-ыг уншина). Энэ нь Еховад үйлчлэхийг голлон анхаарахын тулд энгийн амьдарна гэсэн үг. Мөнгө төгрөг, тансаг амьдрал, сүүлийн үеийн электрон хэрэгслийг Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаанаасаа илүүд үзэх нь мунхаг хэрэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл яаж чухал юмаа үргэлж эн тэргүүнд тавих вэ? Өр тавихгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв өртэй бол, сайтар төлөвлөж байгаад өрөө дараарай. Ухаалаг байхгүй бол эд хөрөнгөний төлөө хамаг хүч, цагаа бараад залбирах, бие даан судлах, дэлгэрүүлэх цаггүй болж мэднэ. Бид эд хөрөнгө гэж яваад амьдралаа улам төвөгтэй болгохыг биш, «хоол хүнс, хувцас хунар» зэрэг үндсэн хэрэгцээгээ хангаад сэтгэл хангалуун байж сурахыг хүсдэг (1 Тимот 6:8). Бидний амьдрал ахуй ямар ч бай, яавал Еховад илүү үр бүтээлтэй үйлчлэхээ үе үе бодож байх нь зүйтэй.

21. Юуг эн тэргүүнд тавьж амьдрахаа яагаад тодорхойлох хэрэгтэй вэ?

21 Зөв юмыг эн тэргүүнд тавьж байгаарай. Цаг, хүч, хөрөнгө мөнгөө юунд зориулахаа ухаалаг шийдэх хэрэгтэй. Ухаалаг байхгүй бол боловсрол эзэмших, мөнгө олох гэх мэтийн амин чухал биш юманд хамаг цагаа зориулдаг болчихож мэднэ. Есүс: «Хаант төр[ийг] ... үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун» гэж захисан (Матай 6:33). Юуг эн тэргүүнд тавьдаг маань гаргаж буй шийдвэр, дадал зуршил, өдөр тутмын хэвшил, тавьсан зорилгоос харагддаг.

ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ

22, 23. а) Христийн дагалдагч бидний хамгийн чухал ажил юу вэ? б) Яавал ажилдаа дуртай байх вэ?

22 Бид Еховад үйлчилж, сайн мэдээ тунхаглахыг хамгийн чухал ажил гэж үздэг (Матай 24:14; 28:19, 20). Есүсийг дуурайж, энэ ажилд хувь нэмрээ оруулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг. Зарим хүн дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар луу нүүж очдог, зарим нь гадаад хэл сурч, тэр хэлээр ярьдаг хүмүүст дэлгэрүүлдэг. Та ийм хүмүүстэй ярилцаж, яаж үйлчилдгийг нь асуугаарай. Тэд урьдынхаасаа илүү жаргалтай, утга учиртай амьдардаг болсноо ярих биз ээ (Сургаалт үгс 10:22-ыг уншина).

Бидний хамгийн чухал ажил бол Еховад үйлчлэх юм

23 Гэр бүлийнхнийхээ үндсэн хэрэгцээг хангахын тулд олон цагаар ажилладаг, эсвэл бүр давхар ажил хийдэг хүн бидний дунд олон бий. Ехова үүнийг ойлгодог, гэр бүлийнхээ төлөө хийдэг бүхнийг маань өндөр үнэлдэг. Иймээс ямар ч ажил хийсэн, үргэлж Ехова Есүс хоёрыг дуурайн ажилсаг байя. Бас бидний хамгийн чухал ажил бол Еховад үйлчлэн, Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэх гэдгийг санаж явцгаая. Ингэвэл жинхэнэ баяр баясгаланг эдэлнэ.