Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 7

Та амийг Бурхны өгсөн бэлэг гэж эрхэмлэдэг үү?

Та амийг Бурхны өгсөн бэлэг гэж эрхэмлэдэг үү?

«Амийн эх булаг нь Танд бий» (ДУУЛАЛ 36:9).

1, 2. а) Ехова бидэнд ямар бэлэг өгсөн бэ? б) Ехова сайн сайхан амьдрахад маань туслах гэж юу зааж өгдөг вэ?

 ЕХОВА хүн бүрд их үнэтэй бэлэг өгсөн. Энэ бэлэг бол амь юм (Эхлэл 1:27). Ехова биднийг сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Тийм учраас ухаалаг шийдвэр гаргахад маань туслах үүднээс олон зарчим зааж өгдөг. Харин бид «зөв бурууг ялгаж сурахын» тулд тэр зарчмуудыг баримтлах хэрэгтэй (Еврей 5:14). Ингэвэл Еховагаар заалгаж зөв бодож сурна. Бурхны зааж өгдөг зарчмуудыг баримталж, амьдрал маань илүү утга учиртай болохыг биеэрээ үзэхлээр тэр зарчмууд ямар их хэрэгтэйг бүр сайн ойлгодог.

2 Амьдралд бас бэрхшээл тохиолддог. Зарим бэрхшээлийг шийдэх тодорхой хууль тушаал Библид байхгүй байж мэднэ. Жишээ нь, цус хэрэглэдэг эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэх хэрэг гарч болох юм. Яаж шийдвэл Еховагийн сэтгэлд нийцэх вэ? Амь, цусны талаарх Еховагийн үзэл бодлыг илэрхийлдэг зарчмууд Библид байдаг. Эдгээр зарчмыг ойлгодог бол ухаалаг шийдвэр гаргана, мөс чанар цэвэр байна (Сургаалт үгс 2:6–11). Одоо, хэдэн зарчим авч үзье.

АМЬ БОЛОН ЦУСНЫ ТАЛААРХ ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДОЛ

3, 4. а) Бурхан цусыг юу гэж үздэгээ хэрхэн ойлгуулсан бэ? б) Цус юуг бэлгэддэг вэ?

3 Цус амийг бэлгэддэг учраас ариун юм гэдэг нь Библид тодорхой байдаг. Ехова Бурхан амийг эрхэмлэдэг. Дүү Абелаа хөнөөсөн Каинд Ехова: «Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна» гэж хэлсэн (Эхлэл 4:10). Ехова Абелын цус гэсэн нь амийг нь хэлсэн хэрэг юм. Абелын цус амийг нь бэлгэдэж байсан.

4 Ноагийн үед Үер болсны дараа Бурхан хүмүүст мах идэхийг зөвшөөрчээ. Гэхдээ «Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй» гэж онцолж хэлсэн (Эхлэл 9:4). Энэ тушаал Ноагаас хойш төрсөн бүх хүнд хамаатай. Тэгэхээр бидэнд бас хамаатай. Энгийнээр хэлбэл, Ехова цусыг амь гэж үздэг. Бид ч Еховагийнхтай адилхан үзэлтэй байх хэрэгтэй (Дуулал 36:9).

5, 6. Ехова цус болон амийг юу гэж үздэгийг Мосегийн хуульд хэрхэн тусгасан бэ?

5 Ехова Мосегоор дамжуулж өгсөн хуульдаа «Аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг» гэж тайлбарласан (Левит 17:10, 11).

6 Хэрэв мал амьтныг хүнсэнд хэрэглэхээр бол цусыг нь газар асгах ёстой гэж Мосегийн хуульд заажээ. Цусыг нь газар асгах нь амьтны амийг, Бүтээгч Еховагийн мэдлийнх гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм (Дэд хууль 12:16). Гэхдээ Ехова махыг дусал ч цусгүй болго гэж туйлширсан шаардлага израйлчуудад тавиагүй. Амьтны цусны талаарх хуулийн заалтыг сахих нь Амь өгөгч Еховаг хүндэлдэг гэсэн үг. Иймээс израйлчууд амьтны цусыг зохих ёсоор асгасан бол амьтны махыг сэтгэл өвдөх юмгүй идэж болох байв. Бас нүглээ цайруулах буюу уучлуулахын тулд амьтнаар тахил өргөхийг Хуульд заасан (Тайлбар 1920-ийг үзнэ үү).

7. Давид цусыг амь гэж үздэг учраас яасан бэ?

7 Цус их үнэ цэнтэй гэдгийг ойлгоход Давидын жишээ тустай. Филистчүүдтэй тулалдаж явсан Давид нэгэн удаа их цангажээ. Үүнийг мэдсэн гурван цэрэг нь аюулыг сөрөн явж дайсны нутгаас Давидад ус авчирч өгдөг. Давид тэдний авчирсан усыг уухаас татгалзаад «асгаж ЭЗЭНд өргөдөг». Давид: «ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү?» гэж хэлдэг. Бурхан амь, цусыг юу гэж үздэгийг Давид ойлгодог байжээ (2 Самуел 23:15–17).

8, 9. Христийн дагалдагчид цусыг юу гэж үзэх ёстой вэ?

8 Нэгдүгээр зууны үед Бурхны ард түмэн амьтнаар тахил өргөхөө больсон байв. Гэхдээ тэр үед ч цусны талаар зөв ойлголттой байх хэрэгтэй байсан. Мосегийн хуулийн цөөн хэдэн заалтыг сахих шаардлагатай байсны нэг нь «цусыг ... цээрлэгтүн» гэсэн тушаал байв. Энэ тушаалыг зөрчих нь шүтээн шүтэх, садар самуун явдалд орооцолдохтой адил ноцтой хэрэг байв (Үйлс 15:28, 29).

Цусны жижиг хэсгийг эмчилгээнд хэрэглэх эсэхээ би яаж тайлбарлах вэ?

9 Өнөөдөр ч энэ тушаалыг дагах хэрэгтэй. Христийг дагадаг бид Ехова бол амийн Эх булаг, амь бол Еховагийн мэдлийнх гэж мэддэг. Бас цус бол ариун, амийг бэлгэддэг гэж ойлгодог. Иймд цус хэрэглэдэг эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэхдээ Библийн зарчмуудыг сайн бодож үзэх шаардлагатай.

ЦУСЫГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ

10, 11. а) Еховагийн Гэрчүүд бүхэл цус болон цусны үндсэн дөрвөн хэсгийг сэлбэх тухайд ямар үзэл бодолтой вэ? б) Хүн бүр юуг шийдэх ёстой вэ?

10 Еховагийн Гэрчүүд «цусыг ... цээрлэгтүн» гэсэн тушаалыг дагадаг учраас цусыг хүнсэнд хэрэглэдэггүй. Бас цус сэлбүүлдэггүй, донор болох юм уу өөртөө сэлбүүлэх зорилгоор цусаа хадгалуулдаггүй. Мөн цусны үндсэн дөрвөн хэсэг буюу улаан эс, цагаан эс, ялтас, сийвэн хэрэглэдэггүй.

11 Цусны үндсэн дөрвөн хэсгээс жижиг хэсгүүдийг ялгаж авдаг. Христийг дагадаг хүн ийм жижиг хэсгүүдийг эмчилгээнд хэрэглэх эсэхээ өөрөө шийдэх ёстой. Өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээ хийлгэх эсэхээ ч дор бүрнээ шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, мэс засал, шинжилгээ эсвэл тухайн үед хийлгэж байгаа эмчилгээний явцад өөрийнх нь цусыг яаж хэрэглэх тухайд хүн бүр өөрөө шийдвэр гаргах ёстой (Тайлбар 21-ийг үзнэ үү).

12. а) Мөс чанараараа удирдуулж шийдвэр гаргахыг Ехова яагаад чухал гэж үздэг вэ? б) Эмчилгээг ухаалаг сонгохын тулд яах хэрэгтэй вэ?

12 Мөс чанараараа удирдуулж шийдвэр гаргахыг Ехова чухал гэж үздэг үү? Тийм ээ, чухал гэж үздэг. Яагаад гэвэл мөс чанараараа удирдуулж гаргасан шийдвэр бидний ямар хүн бэ гэдгийг харуулдаг, Ехова ч бидний юу бодож, юу мэдэрдгийг анхаардаг (Сургаалт үгс 17:3; 24:12-ыг уншина). Иймээс эмчилгээ сонгохын тулд Еховагаас удирдлага гуйж залбираад дараа нь судалгаа хийх шаардлагатай. Тэгээд Библийн дагуу сургасан мөс чанараараа удирдуулан шийдвэр гаргах хэрэгтэй. Миний оронд байсан бол яах байсан бэ гэж хүнээс асуух хэрэггүй. Бас бусад хүн ч бидэнд саналаа тулгах ёсгүй. Христийг дагадаг «хүн бүр ачаагаа үүрнэ» (Галат 6:5; Ром 14:12).

ЕХОВАГИЙН ХУУЛЬ БОЛ ХАЙРЫНХ НЬ ИЛРЭЛ

13. Яагаад Ехова цусны талаарх хууль, зарчмууд өгсөн бэ?

13 Еховагийн тушаал бидний сайн сайхны төлөө байдаг. Бас биднийг хайрладгийнх нь илрэл юм (Дуулал 19:7–11). Гэхдээ бид өөрсдөд маань тустай учраас л Еховад дуулгавартай байдаг юм биш. Хамгийн гол нь, Еховагаа хайрладаг учраас дуулгавартай байдаг, цус сэлбүүлэхгүй гэж шийддэг (Үйлс 15:20). Цус сэлбүүлэхгүй байх нь эрүүл мэндэд бас тустай. Орчин үед ихэнх хүн цус сэлбэх нь ямар аюултайг мэддэг болжээ. Бас мэс заслыг цус хэрэглэхгүй хийх нь өвчтөний эрүүл мэндэд илүү сайн байдгийг олон эмч хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр Еховагийн мэргэн ухаантай нь, бидэнд хайртай нь тодорхой байна (Исаиа 55:9-ийг уншина; Ёохан 14:21, 23).

14, 15. а) Ехова ард түмнээ хамгаалахын тулд ямар ямар хууль өгсөн бэ? б) Эдгээр хуулийн үндэс болсон зарчмыг яаж баримтлах вэ?

14 Бурхны хууль ард түмэнд нь үргэлж ач тустай байдаг. Эртний израйлчууд Бурхны хуулийг сахиснаар аюул ослоос сэргийлдэг байв. Жишээ нь, байшингийнхаа хавтгай дээвэр дээр хашлага барих хуультай байсан. Ийнхүү байшингийн дээврээс хүн унахаас сэргийлдэг байжээ (Дэд хууль 22:8). Бас мал амьтны тухай заалт байсан. Жишээ нь, мөргөдөг үхрийг эзэн нь хашиж хорьж, хүн мөргөхөөс сэргийлэх ёстой байв (Египетээс гарсан нь 21:28, 29). Эдгээр хуулийг мөрдөөгүйгээс болж хүн амиа алдвал хууль мөрдөөгүй хүн хариуцлага хүлээдэг байсан.

15 Ехова амийг их эрхэмлэдэг нь эдгээр хуулиас илэрхий байна. Тэгвэл үүнийг мэддэг бид яах ёстой вэ? Гэр орноо аюулгүй, машин унаагаа бүрэн бүтэн байлгаж, замын хөдөлгөөнд оролцохдоо, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аюул ослоос сэргийлж амь насаа хайрлах ёстой. Зарим хүн, ялангуяа, залуучууд хэнэггүй загнаж аз туршдаг эсвэл аюулыг үл тоомсорлодог. Гэхдээ ийм хэнэггүй зан Еховад сайхан санагдахгүй. Ехова биднийг өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хайрлаасай гэж хүсдэг (Номлогчийн үгс 11:9, 10).

16. Үр хөндөхийг Ехова юу гэж үздэг вэ?

16 Еховад хүн бүрийн амь үнэтэй. Эхийн хэвлийд байгаа хүүхдийн амь ч үнэтэй. Египетээс гарсан нь 21:22, 23-т «Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь зулбасан хэдий ч ямар ч гэмтэл байхгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. Харин хэрэв өөр ямар нэгэн гэмтэл учирсан [«эндсэн», ШЕ] бол амийг амиар» гэж бичсэн байдаг. Мосегийн хуульд заасныг үзвэл, хэрэв хүн хөл хүнд эмэгтэйг санамсаргүй цохиход эх, хүүхдийн хэн нэг нь амиа алдвал Ехова тэр хүнийг хүний амь хөнөөсөнд тооцдог байжээ. Санамсаргүй боловч хүний аминд хүрсэн л бол үхэх ёстой байв. Бурхан эхийн хэвлийд байгаа ургийг ч хүн гэж үздэг (Иеремиа 1:5-ыг уншина). Тэгэхээр таны бодлоор, үр хөндөхийг Ехова юу гэж үздэг бол? Жил бүр дэлхий даяар олон сая хүүхэд үр хөндөлтийн улмаас амиа алдахад Еховад ямар санагддаг бол?

17. Еховаг мэдэхээсээ өмнө үр хөндүүлсэн хүн яавал сэтгэл амар байж болох вэ?

17 Тэгвэл хүн Еховаг мэдэхээсээ өмнө үр хөндүүлсэн бол яах вэ? Ехова Есүсийн золиосонд үндэслэн уучилна гэдэгт итгэж болно (Лук 5:32; Эфэс 1:7). Чин сэтгэлээсээ гэмшсэн бол урьдын алдаанаасаа болж өөрийгөө буруутгах хэрэггүй. «ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй» бөгөөд «өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» (Дуулал 103:8–14).

ХЭНИЙГ Ч БҮҮ ҮЗЭН ЯД

18. Хүнийг үзэн яддаг бол энэ байдлаа яагаад засах ёстой вэ?

18 Амийг Бурхны өгсөн бэлэг гэж эрхэмлэх сэтгэл зүрхний угаас гардаг. Амийг эрхэмлэдэг эсэх нь бусдад хэрхэн ханддагаас харагддаг. «Ах дүүгээ үзэн яддаг хүн алуурчин» гэж элч Ёохан бичсэн (1 Ёохан 3:15). Хүн дургүй хүнээ өөрийн мэдэлгүй үзэн яддаг болж мэднэ. Үзэн яддаг бол хүндэлж чадахгүй, гүтгэнэ, бүр үхээсэй гэж хүсэж мэднэ. Бусдын талаар ямар бодолтой явдгийг маань Ехова мэддэг (Левит 19:16; Дэд хууль 19:18–21; Матай 5:22). Хэрэв хүнийг үзэн яддагаа анзаарвал энэ байдлаа бүрмөсөн засахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй (Яаков 1:14, 15; 4:1–3).

19. Амийг бэлэг гэж эрхэмлэдэг хүн өөр яадаг вэ?

19 Амийг бэлэг гэж эрхэмлэдэг хүн бас нэг зүйлийг анхаарах ёстой. Ехова «хүчирхийлэлд дурлагчийг ... үзэн яддаг» гэж Дуулал 11:5-д байдаг. Хүчирхийлэл, харгис хэрцгий явдлыг сурталчилдаг юм үзэж хардаг, уншиж сонсдог бол хүч хэрэглэх дуртайн шинж байж мэднэ. Ийм юманд гардаг үг яриа, үзэл санаа, дүр зургийг ой тойндоо хоногшуулах хэрэгтэй гэж үү? Цэвэр ариун, сэтгэл санаа тайвшруулах юмыг л бодож байх нь зүйтэй (Филиппой 4:8, 9-ийг уншина).

АМИЙГ ХАЙРЛАДАГГҮЙ БҮХНЭЭС ХОЛ БАЙГТУН

20–22. а) Ехова Сатаны ертөнцийг юу гэж үздэг вэ? б) Бурхны ард түмэн «ертөнцийнх биш» гэдгээ яаж харуулдаг вэ?

20 Сатаны ертөнц хүний амийг хайрладаггүй. Ехова энэ ертөнцийг цус урсгасан буруутай буюу хүний амь хөнөөсөн гэж үздэг. Олон зууны турш улс төрийн хүчнүүд сая сая хүний, тэр дундаа, Еховагийн олон үйлчлэгчийн амийг хөнөөсөн. Улс төрийн хүчнүүд буюу засгийн газруудыг Библид харгис араатантай зүйрлэдэг (Даниел 8:3, 4, 20–22; Илчлэл 13:1, 2, 7, 8). Орчин үед хүмүүс зэвсэг наймаалж их ашиг олдог болжээ. «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» нь нотлогдож байна (1 Ёохан 5:19).

21 Харин Христийн жинхэнэ дагалдагчид энэ «ертөнцийнх биш» учраас улс төрийн асуудлаар төвийг сахидаг, дайнд оролцдоггүй, хүний амь хөнөөдөггүй. Бас хүний амь хөнөөдөг ямар ч байгууллагыг дэмждэггүй (Ёохан 15:19; 17:16). Өөрсдийг нь хавчвал хүч хэрэглэдэггүй. Дайснаа ч гэсэн хайрла гэж Есүс сургасан (Матай 5:44; Ром 12:17–21).

22 Олон сая хүний амийг хөнөөсөн хэрэгт шашин бас оролцож байсан. Бурхныг эсэргүүцдэг бүх шашныг бэлгэддэг Агуу Вавилоны тухай Библид «зөнчид, ариун хүмүүс болон дэлхий дээр хөнөөгдсөн бүх хүний цус түүний дотроос олдсон» гэж бичсэн байдаг. Ехова: «Миний ард түмэн, ... тэндээс гарцгаа» гэж хэлдгийн учрыг та одоо ойлгож байна уу? Еховаг шүтдэг хүмүүс хуурамч шашнаас тусгаар байдаг (Илчлэл 17:6; 18:2, 4, 24).

23. Агуу Вавилоноос «гарах» гэж яахыг хэлэх вэ?

23 Агуу Вавилоноос «гарах» нь хуурамч шашнаас бүх холбоогоо тасалж байгаагаа тодорхой харуулахыг хэлдэг. Жишээ нь, гишүүнийх нь бүртгэлээс нэрээ хасуулах хэрэгтэй. Үүгээр зогсохгүй, хуурамч шашны хийдэг муу юмыг үзэн ядаж, хийхгүй байх ёстой. Хуурамч шашин нь садар самуун, шунахай явдлыг нүдээ аниад өнгөрүүлдэг, өөгшүүлдэг, бас улс төртэй хутгалддаг (Дуулал 97:10-ыг уншина; Илчлэл 18:7, 9, 11–17). Үүний гайгаар олон сая хүн амиа алдсан.

24, 25. Еховаг мэддэг хүн яагаад сэтгэл амар, мөс чанар цэвэр явдаг вэ?

24 Бид Еховаг шүтдэг болохоосоо өмнө Сатаны ертөнцийн муу муухай явдалтай ямар нэг байдлаар хутгалдаж явсан. Гэхдээ одоо өөрчлөгдсөн. Есүс бидний төлөө амиа өгснийг ойлгоод Бурханд амь амьдралаа зориулсан. «Ехова ... сэргээж» байгааг бид биеэрээ үздэг. Өөрөөр хэлбэл, Бурхны таалалд нийцдэг гэдгээ мэдэж сэтгэл амар, мөс чанар цэвэр явдаг (Үйлс 3:19; Исаиа 1:18).

25 Бид урьд нь хүний амийг хөнөөдөг байгууллагатай холбоотой байсан байж болох юм. Гэхдээ Ехова биднийг Есүсийн золиосонд үндэслэн уучилдаг. Амийг бэлэг болгон өгсөн Еховад бид үнэн голоосоо талархдаг. Талархдаг учраас хүмүүсийг Еховатай танилцуулж, Сатаны ертөнцийг орхиод Еховатай дотно харьцаатай болоход нь тусалдаг (2 Коринт 6:1, 2).

ХААНТ ТӨРИЙН ТУХАЙ ХҮМҮҮСТ ЯРИАРАЙ

26–28. а) Ехова зөнч Езекиелд ямар онцгой даалгавар өгсөн бэ? б) Бидэнд ямар даалгавар өгсөн бэ?

26 Эрт цагт Ехова зөнч Езекиелд даалгавар өгчээ. Езекиел Иерусалим удахгүй сүйрнэ гэдгийг хүмүүст хэлж, амьд мэнд үлдэхийн тулд яах хэрэгтэйг зааж өгөх ёстой болжээ. Хэрэв Езекиел хүмүүст энэ мэдээг хүргэж сэрэмжлүүлэхгүй бол Ехова түүнийг буруутайд тооцох байв (Езекиел 33:7–9). Зөнч энэ чухал мэдээг хүргэхийн тулд чадах бүхнээ хийж, амийг үнэлж эрхэмлэдгээ баталсан.

27 Ехова бидэнд бас даалгавар өгсөн. Бидний даалгавар бол Сатаны ертөнц удахгүй устана гэдгийг хүмүүст хэлж, Еховатай танилцуулж, шинэ ертөнц рүү ороход нь туслах юм (Исаиа 61:2; Матай 24:14). Энэ мэдээг хүмүүст хүргэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Тэгвэл бид Паулын адилаар «Нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүйгээ мэдэгдэж байна. Би Бурхны санаа зорилгыг та нарт мэдүүлэхээс хойш суусан удаагүй» гэж хэлэх болно (Үйлс 20:26, 27).

28 Бид амьдралын бусад хүрээнд ч цэвэр ариун байх ёстой. Энэ тухай дараагийн бүлгээс үзье.