Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 13

Бурханд таалагддаггүй баяр ёслол

Бурханд таалагддаггүй баяр ёслол

«Эзний таалалд юу нийцдэгийг магадалж бай» (ЭФЭС 5:10).

1. Еховагийн таалалд нийцүүлж шүтэхийн тулд яах хэрэгтэй вэ? Яагаад?

 «ЖИНХЭНЭ Бурхныг шүтдэг хүний хувьд агуу хүчээр нь удирдуулан, үнэний дагуу шүтнэ ... Бурхан өөрийг нь шүтэх тийм хүнийг хайж байна» гэж Есүс хэлсэн (Ёохан 4:23; 6:44). Бид дор бүрнээ «Эзний таалалд юу нийцдэгийг магадалж байх» ёстой (Эфэс 5:10). Энэ нь тэр бүр амаргүй. Сатан биднийг мэхэлж Еховагийн таалалд нийцдэггүй юм хийлгэх гэж оролддог (Илчлэл 12:9).

2. Синаи уулын орчим юу болсон бэ?

2 Сатан биднийг ямар аргаар мэхэлдэг вэ? Биднийг төөрөлдүүлж, зөв буруугийн талаар ташаа ойлголттой болгох нь Сатаны нэг арга юм. Синаи уулын орчим буудаллаад байсан израйлчууд яасныг авч үзье. Мосе ууланд гарахаар явж, ард түмэн түүнийг хуаран руу буцаж ирэхийг хүлээж байв. Тэгээд хүлээж ядаад Ааронаар бурхан хийлгэхээр болжээ. Аарон тугалын дүрстэй шүтээнийг алтаар хийжээ. Тэгэхэд ард олон баяр тэмдэглэж, өнөөх тугалыг тойрон бүжиглэж, тугалд мөргөжээ. Тугалд мөргөх нь Еховаг шүтэж байгаа хэрэг гэж үзээд «ЭЗЭНд зориулсан баяр наадам» хийлээ гэж бодсон ч энэ нь буруу байв. Ехова тэднийг хиймэл шүтээн шүтсэн гэж үзсэн. Энэ явдлын гайгаар олон хүн амиа алдсан юм (Египетээс гарсан нь 32:1–6, 10, 28). Бид энэ түүхээс сургамж авч хууртахгүй байхыг хичээх ёстой. «Бузар юманд» хүрэхгүй байж, юу нь зөв, юу нь буруу гэдгийг Еховагаар заалгах хэрэгтэй (Исаиа 52:11; Езекиел 44:23; Галат 5:9).

3, 4. Нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын гарал үүслийг яагаад мэдэх хэрэгтэй вэ?

3 Есүс дэлхийд байхдаа шүтлэгийг цэвэр байлгах зорилгоор элчүүдээ сургаж бэлтгэсэн. Есүсийг нас барснаас хойш элчүүд Еховагийн зарчмыг шинэ шавь нарт зааж байв. Гэхдээ элчүүдийг нас барсны дараа хуурамч багш нар гажууд сургаал зааж, Ехова Бурхныг шүтдэггүй хүмүүсийн ёс заншил, баяр ёслолыг Христийн дагалдагчдын дунд нэвтрүүлсэн. Зарим баярыг Христийн дагалдагчдын тэмдэглэдэг баяр гэж ойлгуулахын тулд нэрийг нь өөрчилжээ (2 Тесалоник 2:7, 10; 2 Ёохан 6, 7). Эдгээрийн зарим нь одоо нийтээрээ тэмдэглэдэг баяр болсон бөгөөд хуурамч сургаалыг түгээн дэлгэрүүлж, чөтгөрүүдтэй харьцах явдлыг ч өөгшүүлдэг * (Илчлэл 18:2–4, 23).

4 Дэлхий даяар хүмүүс баяр ёслолыг чухалд үздэг болсон. Гэхдээ та Еховагийн үзэл бодлыг мэдэхийн хэрээр зарим баяр ёслолын талаарх бодлоо өөрчлөх хэрэгтэйг ойлгох биз ээ. Ингэхэд амаргүй байж мэднэ. Гэхдээ Ехова тусална гэдэгт итгэлтэй байгаарай. Одоо, зарим баяр ёслолын үүсэл гарлыг мэдэж авъя. Тэгвэл Ехова тэр баяр ёслолын талаар ямар бодолтой байдгийг ойлгоно.

КРИСМАС БАЯРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ

5. 12 дугаар сарын 25 бол Есүсийн төрсөн өдөр биш гэдгийг юу баталдаг вэ?

5 Орчин үед олон оронд Крисмас гэдэг баярыг 12 дугаар сарын 25-нд тэмдэглэдэг. Хүмүүс энэ өдрийг Есүсийн төрсөн өдөр гэж боддог. Гэхдээ Есүс хэдний өдөр, тэр бүү хэл, хэддүгээр сард төрснийг Библид бичээгүй. Харин аль улиралд төрснийг нь мэдэж болохоор байдаг. Есүсийг Бетлехемд төрөхөд хоньчид сүргээ манаад «хээр хонож байв» гэж Лук бичжээ (Лук 2:8–11). Бетлехемд 12 дугаар сард хүйтэрч, бороо, цас ордог учир хоньчид хээр хонох аргагүй байв. Үүнийг бодвол юу гэж дүгнэж болох вэ? Есүс 12 дугаар сард биш, дулаан цагт төржээ. Есүс одоогийнхоор 9 юм уу 10 дугаар сард төрснийг Библийн болон түүхэн баримтууд баталдаг.

6, 7. а) Крисмас баярын зан үйл юунаас эхтэй вэ? б) Ямар сэтгэлээр бэлэг өгөх хэрэгтэй вэ?

6 Тэгвэл Крисмас баяр хаанаас эхтэй вэ? Ехова Бурхныг шүтдэггүй үндэстнүүдийн баяраас үүсэлтэй ажээ. Жишээ нь, ромчууд газар тариалангийн бурхан Сатурнд зориулж Сатурнали гэдэг баяр тэмдэглэдэг байжээ. Нэг нэвтэрхий тольд «12 дугаар сарын дундуур ромчуудын тэмдэглэдэг байсан Сатурнали гэдэг баярын зан үйл Крисмас баярын олон зан үйлийн үндэс болжээ. Жишээлбэл, найр наадам хийх, бэлэг өгөх, лаа асаах зэрэг нь Сатурнали баярын зан үйл байв» гэж тэмдэглэжээ («The Encyclopedia Americana»). Бас персүүд нарны бурхан Митрагийн төрсөн өдрийг 12 дугаар сарын 25-нд тэмдэглэдэг байсан.

7 Гэхдээ Крисмас баярыг тэмдэглэдэг ихэнх хүн энэ баярын хуурамч шашнаас үүсэлтэйг боддоггүй. Ердөө л гэр бүл, хамаатнуудтайгаа уулзах, сайхан хоол идэх, бэлэг өгөх үе гэж хүсэн хүлээдэг. Бид ч гэр бүл, хамаатан садан, найз нөхдөө хайрладаг. Ехова үйлчлэгчдээ өгөөмөр байгаасай гэж хүсдэг. 2 Коринт 9:7-д «Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» гэж байдаг. Зөвхөн ямар нэг үйл явдлыг тохиолдуулж бэлэг өгөх нь зөв гэж Ехова боддоггүй. Еховаг шүтдэг хүмүүс бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг учраас жилийн аль ч үед гэрийнхэн, найз нөхөдтэйгөө уулзаж учирдаг, бэлэг өгдөг, хариу огт хардаггүй (Лук 14:12–14).

Баяр ёслолын гарал үүслийг мэдвэл яах ёстойгоо ойлгоно

8. Зурхайчид Есүсийг дөнгөж төрсний дараа бэлэг өгөхөөр ирсэн үү? Тайлбарлана уу.

8 Крисмас баяраар бэлэг өгөхийг зөв гэж үздэг хүмүүс Есүсийг малын саравчинд байхад нь гурван мэргэн хүн ирж бэлэг өгсөн түүхтэй гэдэг. Хэдэн хүн Есүсийг зорьж очоод бэлэг өгсөн нь үнэн. Библийг бичиж байх үед хүндтэй хүнд бэлэг өгдөг ёс байсан (Хаадын дээд 10:1, 2, 10, 13). Гэхдээ тэр гурван хүнийг зурхайч гэж Библид бичсэнийг та мэдэх үү? Тэд Еховаг шүтдэггүй, ид шид үйлддэг байсан. Түүнээс гадна, тэд Есүсийг дөнгөж төрөөд малын саравчинд байхад нь биш, хожим «гэрт ... байхад» ирсэн юм. Зурхайчид дорноос хэдэн сар аялсан бололтой. Тиймээс тэд Есүсийг дөнгөж төрсөн нялх хүүхэд байхад нь ирсэн юм биш ээ (Матай 2:1, 2, 11).

ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ТАЛААР БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

9. Төрсөн өдрийн баярын тухай Библид юу бичсэн байдаг вэ?

9 Шинэ хүнтэй болно гэдэг баяртай үйл явдал мөн (Дуулал 127:3). Гэхдээ энэ нь төрсөн өдрийн баяр тэмдэглэх хэрэгтэй гэсэн үг биш ээ. Библид төрсөн өдрийн баярын тухай ердөө хоёр удаа гардаг. Нэг нь Египетийн фараоны төрсөн өдөр, нөгөө нь Херод Антип хааны төрсөн өдөр байжээ (Эхлэл 40:20–22; Марк 6:21–29-ийг уншина). Энэ хоёр хүний хэн нь ч Еховаг шүтдэггүй байсан. Үнэндээ, Еховаг шүтдэг хүн төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн тухай Библид огт байдаггүй.

10. Христийн эртний дагалдагчид төрсөн өдөр тэмдэглэхийг юу гэж үздэг байсан бэ?

10 «Дэлхийн нэвтэрхий толь»-д Христийн эртний дагалдагчид «төрсөн өдөр тэмдэглэхийг хуурамч бурхан шүтдэг хүмүүсийн заншил гэж үздэг байв» гэж бичжээ («The World Book Encyclopedia»). Ийм заншил хуурамч шашнаас үүсэлтэй. Жишээ нь, эртний грекчүүд хүнийг төрөхөд хамт байж, насан туршид нь хамгаалдаг сүнс байдаг гэж итгэдэг байсан. Бас тэр сүнс нь өнөөх хүний төрсөн өдрийн бурхантай холбоотой гэж үздэг байжээ. Төрсөн өдрийн баяр ийм хуурамч сургаалаас гадна зурхайтай холбоотой.

11. Ехова биднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

11 Олон хүн төрсөн өдрөө онцгой өдөр, хайрлуулж хүндлүүлэх өдөр гэж боддог. Гэхдээ аль нэг өдрийг онцгойлж үзэхгүйгээр хэзээ л бол хэзээ гэр бүл, найз нөхдөө хайрлаж эрхэмлэдгээ илэрхийлж болно шүү дээ. Ехова биднийг үргэлж сайхан сэтгэлтэй, өгөөмөр байгаасай гэж хүсдэг (Үйлс 20:35-ыг уншина). Амь гэдэг үнэтэй бэлэг өгсөн Еховад бид өдөр бүр талархдаг (Дуулал 8:3, 4; 36:9).

Еховаг шүтдэг хүмүүс хайрандаа хөтлөгдөн бусдад өгдөг

12. Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр гэж юу гэсэн үг вэ?

12 Номлогчийн үгс 7:1-д «Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу» гэж байдаг. Төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр гэж юу гэсэн үг вэ? Дөнгөж төрсөн хүнд хийж бүтээсэн үйлс, байгуулсан гавъяа байхгүй шүү дээ. Гэхдээ бид Еховад үйлчилж, хүмүүст туслахад амьдралаа зориулбал «сайн нэр» буюу нэр хүндтэй болно, нас барлаа ч Ехова мартахгүй (Иов 14:14, 15). Еховагийн үйлчлэгчид өөрийнхөө ч, Есүсийн ч төрсөн өдрийг тэмдэглэдэггүй. Харин Есүсийн тушааснаар нэг үйл явдлыг буюу үхлийг нь дурсдаг (Лук 22:17–20; Еврей 1:3, 4).

УЛААН ӨНДӨГНИЙ БАЯРЫН ГАРАЛ ҮҮСЭЛ

13, 14. Улаан өндөгний баяр юутай холбоотой вэ?

13 Хүмүүс Улаан өндөгний баяр тэмдэглэхдээ Есүсийн амилсныг тэмдэглэж байна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ баяр нь эртний англи саксуудын шүтдэг гэрэл болон хаврын охин тэнгэр Эострыг шүтэхтэй холбоотой. Нэгэн тольд Эострыг бас үржлийн бурхан гэж тайлбарлажээ («The Dictionary of Mythology»). Тэгвэл Улаан өндөгний баярын бэлгэдэл буюу өндөг, туулай ямар учиртай вэ? Өндгөөр «амь болон амилалтыг бэлгэдэх нь түгээмэл байв» гэж өөр нэг тольд тэмдэглэжээ («Encyclopædia Britannica»). Мөн Еховаг шүтдэггүй хүмүүс туулайг эртнээс үржлийн бэлгэдэл гэж үздэг байжээ. Иймд Улаан өндөгний баяр Есүсийн амилсантай холбоогүй нь тодорхой байна.

14 Хүмүүс Хүүгийнх нь амилсныг дурсахдаа хуурамч шашны зан үйлтэй хольж хутгавал Еховад таатай санагдах уу? Мэдээж, таатай санагдахгүй шүү дээ (2 Коринт 6:17, 18). Тэгээд ч Ехова Хүүгийнх нь амилсныг тэмдэглэж байхыг огт тушаагаагүй.

ХАЛЛОВИЙН ГЭЖ ЮУ ВЭ?

15. Халловийний баяр юунаас үүссэн бэ?

15 Халловийн буюу Бүх гэгээнтний өдрийн өмнөх үдэш гэгддэг энэ баяр шулам, мангас, сүнстэй холбоотой. Энэ бол эртнээс тэмдэглэж ирсэн баяр юм. Эртний Англи, Ирландын кельтүүд 11-р сарын 1-ний орчим тэргэл сар гарахад «Зуны адаг» гэдэг баяр тэмдэглэдэг байсан. Баярын үеэр сүнснүүд дэлхий рүү ирдэг гэж тэд итгэдэг байжээ. Тэгээд сүнснүүдийг гай барцад учруулахаас сэргийлж, гэрийнхээ гадаа идээ будаа тавьдаг байжээ. Өнөө үед энэ баяраар хүүхдүүд тусгай хувцас өмсөж айл хэсэн чихэр нэхэж, өгөхгүй бол хорлоно гэж сүрдүүлдэг нь чөтгөрүүдтэй холбоотой эртний зан үйлийг үйлдэж байгаа хэрэг юм.

ХУРИМ ХИЙХДЭЭ БУРХНЫ ТААЛАЛД НИЙЦҮҮЛЭХ

16, 17. Хурим хийх гэж байгаа хүн юуны тухай бодох хэрэгтэй вэ?

16 Хурим бол баяртай сайхан үйл явдал. Улс үндэстэн бүрд хуримын зан үйл өөр өөр байдаг. Ер нь, хүмүүс хуримын үеэр сахидаг зан үйлийн гарал үүслийг боддоггүй учраас зарим нь хуурамч шашнаас үүсэлтэйг мэдэхгүй байж болох юм. Харин Бурхны үйлчлэгчид хурим хийхдээ Бурхныхаа таалалд нийцүүлэхийг хүсдэг. Хуримын зан үйлийн гарал үүслийг мэдэх нь ухаалаг шийдвэр гаргахад тустай (Марк 10:6–9).

17 Зарим зан үйл нь гэрлэж байгаа хосод аз авчрахыг бэлгэддэг (Исаиа 65:11). Жишээлбэл, зарим оронд будаа гэх мэтийг хүргэн бэр хоёр луу цацдаг. Ингэвэл гэрлэж байгаа хос өнөр өтгөн болж, аз жаргалтай амьдарч, урт насална, тэдэнд муу юм учрахгүй гэж итгэдэг ажээ. Ехова Бурхныг шүтдэг хүмүүс хуурамч шашин, мухар сүсэгтэй холбоотой иймэрхүү зан үйл сахидаггүй (2 Коринт 6:14–18-ыг уншина).

18. Хурим хийхдээ Библийн өөр ямар зарчмыг баримтлах вэ?

18 Бурхны үйлчлэгч хүн хуримаа ёс төртэй хийж, зочдод таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Хурим найрын зочид зохисгүй, сексийн утгатай егөө үг хэлэх, гэрлэж байгаа хос болон бусдыг эвгүй байдалд оруулах юм ярих ёсгүй (Сургаалт үгс 26:18, 19; Лук 6:31; 10:27) Хурим хийнэ гэдэг «эд хөрөнгөөрөө гайхуулахын» нэр биш (1 Ёохан 2:16). Хэрэв та хурим хийх бол хожим сэтгэл өвдөх юмгүй байхаар хийгээрэй (Тайлбар 28-ыг үзнэ үү).

ХУНДАГА ТУЛГАХ ЗАН ҮЙЛИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ

19, 20. Хундага тулгах ёс ямар үүсэлтэй вэ?

19 Хүмүүс хурим, найр хийхдээ хундага тулгадаг. Нэг хүн сайн сайхныг хүсэн ерөөсөн үг хэлэхэд бусад нь хундагаа өргөж тулгадаг. Бурхны үйлчлэгч хүн хундага тулгахыг юу гэж үзэх ёстой вэ?

20 Нэг номд тайлбарласнаар «“Сайн сайхны төлөө!”, “Эрүүл энхийн төлөө!” гэх мэтээр товч залбирах буюу хүсэлтээ хэлээд ... ариун ундааг тахил болгон өргөдөг» хуурамч шашны зан үйл нь өнөөгийн хундага тулгах ёс болсон бололтой («International Handbook on Alcohol and Culture»). Эрт цагт хүмүүс бурхнаас ивээл хишиг гуйхдаа хундагаа дээш нь өргөдөг байжээ. Гэхдээ ингэж залбирлаа гээд Ехова ивээдэггүй * (Ёохан 14:6; 16:23).

«ЭЗЭНИЙГ ХАЙРЛАГЧ ТА НАР, БУЗАР МУУГ ҮЗЭН ЯД»

21. Бурхны үйлчлэгчид өөр ямар баяр ёслолд оролцдоггүй вэ?

21 Баяр ёслол, арга хэмжээнд оролцох үгүйгээ шийдэхдээ ямар хандлага, үйлдлийг өөгшүүлдгийг нь бодоорой. Жишээ нь, зарим баяр ёслол, багт наадмын үеэр хүмүүс эротик бүжиг бүжиглэдэг, архи дарс хэтрүүлж уудаг, бүр садар самуун явдалд орооцолддог. Бас ийм арга хэмжээ ижил хүйстнүүдийн амьдралын хэв маягийг сурталчилж, үндсэрхэг үзлийг дэвэргэх нь байдаг. Тэгэхээр ийм баяр ёслол, арга хэмжээнд оролцвол Еховагийн үзэн яддаг юмыг үзэн яддаг болох уу? (Дуулал 1:1, 2; 97:10; 119:37).

22. Баяр ёслолд оролцох эсэхээ шийдэхдээ юуг бодож үзэх хэрэгтэй вэ?

22 Бид Бурхныг гутаан доромжилсон баяр ёслолд оролцохгүйн тулд их хянамгай байх хэрэгтэй. Элч Паул: «Идсэн ч уусан ч, юу ч хийсэн, Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий» гэж бичсэн (1 Коринт 10:31; Тайлбар 29-ийг үзнэ үү). Мэдээж, бүх баяр ёслол садар самуун, хуурамч шашин, үндсэрхэг үзэлтэй холбоотой гэсэн үг биш. Библийн зарчимтай зөрчилдөхгүй бол тэмдэглэх эсэхээ өөрөө шийдэж болно. Бас гаргах шийдвэр маань бусдад яаж нөлөөлөхийг бодож үзэх хэрэгтэй.

ЕХОВАГ ҮГ ЯРИА, ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ АЛДАРШУУЛАХ

23, 24. Баяр тэмдэглэхгүй байхаар шийдсэнээ Гэрч биш гэрийнхэндээ яаж тайлбарлах вэ?

23 Та Еховаг гутаадаг баяр ёслолд оролцохоо больсон биз ээ. Гэхдээ Гэрч биш гэр бүлийнхэн, хамаатан садан тань таныг өөрсдийг нь тоохоо больсон эсвэл зай барьдаг болжээ гэж бодож болох юм. Тэд баяр ёслолоор л ах дүүгээрээ цуглах сайхан боломж гардаг гэж боддог байх. Тийм бол яах нь зүйтэй вэ? Одоо ч тэднийгээ хайрлаж хүндэлдэг, эрхэмд үздэгээ илэрхийлэх олон арга байдаг (Сургаалт үгс 11:25; Номлогчийн үгс 3:12, 13). Баяраас өөр үед тэднийг гэртээ урьж болно шүү дээ.

24 Таныг яагаад баяр тэмдэглэхээ больсныг хамаатан садан тань асуувал хэвлэл юм уу jw.org саитаас судалгаа хийж яаж тайлбарлахаа мэдэж аваарай. Үзэл бодлоо тулгах юм уу маргаанд ялах гэж битгий зүтгээрэй. Олон талаас нь бодож үзээд өөрөө шийдвэр гаргаснаа ойлгуулаарай. Тайван байж, «давсаар амт оруулсан мэт эелдэг яриарай» (Колосай 4:6).

25, 26. Хүүхдээ Еховагийн хэм хэмжээг хайрладаг хүн болгон хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

25 Баяр ёслолд оролцдоггүйнхээ учрыг өөрөө сайн ойлгодог байх нь чухал (Еврей 5:14). Бид Еховагийн таалалд нийцүүлэхийг гол зорилгоо болгодог. Хэрэв та хүүхэдтэй бол Библийн зарчмыг ойлгодог, эрхэмлэдэг хүн болгож хүмүүжүүлэхийн тулд цаг гаргаж, хичээж чармайх ёстой. Хүүхдийн тань хувьд Ехова бодитой болбол хүүхэд өөрөө Еховад таалагдъя гэсэн хүсэлтэй болно (Исаиа 48:17, 18; 1 Петр 3:15).

26 Өөрт нь үнэнч, цэвэр ариун байхын тулд чадах бүхнээ хийдгийг маань Ехова хараад их баярладаг (Ёохан 4:23). Худал хуурмагаар дүүрсэн энэ нийгэмд үнэнч шударга байх аргагүй гэж олон хүн боддог. Тийм гэж үү? Дараагийн бүлгээс энэ тухай үзье.

^ Зарим баяр ёслолын талаар «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» (англи), «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах», jw.org саитаас үзнэ үү.

^ «Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь»-д сэржим өргөх гэдгийг «архи дарс зэргийг тэнгэр бурханд өргөн цацах» гэж тайлбарласныг бодож үзвэл Еховаг шүтдэг хүн сэржим өргөх нь зохисгүй.