Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 17

Бурхнаараа хайрлуулж явъя

Бурхнаараа хайрлуулж явъя

«Та бүхэн хамгийн ариун итгэлээ батжуулж, ... Бурхнаараа хайрлуулж яв» (ЮУДА 20, 21).

1, 2. Бурхнаараа хайрлуулж явахын тулд яах хэрэгтэй вэ?

 ХҮН БҮР эрч хүчтэй, эрүүл саруул байхыг хүсдэг. Ийм учраас шим тэжээлтэй хоол идэж, дасгал тогтмол хийж, эрүүл мэндээ анхаардаг. Байнгын хүчин чармайлт гаргах амаргүй ч бид эрүүл мэндээ бодоод чадах бүхнээ хийдэг. Гэхдээ эрүүл мэндээс гадна анхаарах ёстой өөр чухал юм байдаг.

2 Еховаг мэддэг болсон маань үнэхээр сайн хэрэг. Гэхдээ түүнтэй тогтоосон харьцаагаа бат бэх байлгахын тулд үргэлж хичээх хэрэгтэй. Юуда: «Бурхнаараа хайрлуулж яв» гэж захихын зэрэгцээ яавал хайрлуулахыг бас хэлж өгсөн. Тэрээр: «Та бүхэн хамгийн ариун итгэлээ батжуул» гэжээ (Юуда 20, 21). Тэгвэл итгэлээ яаж батжуулах вэ?

ИТГЭЛЭЭ БАТЖУУЛЖ БАЙ

3–5. а) Сатан Еховагийн тогтоосон хэм хэмжээний талаар бидэнд юу гэж бодуулахыг хүсдэг вэ? б) Та Еховагийн тогтоосон хууль, зарчмуудыг юу гэж үздэг вэ?

3 Еховагийн замаар явах нь хамгийн зөв гэдэгт та өөрөө бат итгэдэг байх нь чухал. Сатан бидэнд Бурхны тогтоосон хэм хэмжээг сахиж амьдрах нь дарамттай, юу нь зөв, юу нь бурууг өөрсдөө шийдвэл илүү жаргалтай амьдарна гэж бодуулахыг хүсдэг. Еден цэцэрлэгт байсан хүмүүсийг үүнд итгүүлж чадсан (Эхлэл 3:1–6). Одоо ч хүмүүсийг итгүүлэхийг оролдож байна.

4 Сатаны зөв үү? Еховагийн тогтоосон хэм хэмжээ хүний эрх чөлөөг хааж боодог уу? Үгүй ээ. Жишээ татъя. Та сайхан цэцэрлэгт зугаалж явжээ. Тэгтэл хэсэг газрыг өндөр хашаагаар тусгаарласан байх юм. Та: «Яагаад энд хашаа барьсан юм бол?» гэж бодно. Яг тэр үед хашааны цаанаас арслан архирах сонсогдов. Яагаад хашаа барьсныг та сая ойлгов. Таныг арсланд бариулахаас хамгаалж хашаа барьсан хүнд та баярлах нь гарцаагүй. Еховагийн тогтоосон зарчмуудыг тэр хашаатай, Диаволыг арслантай зүйрлэж болно. Бурхны Үгэнд «Ухаалаг, сэрэмжтэй бай! Та нарын дайсан Диавол хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслан мэт гэтэж явдаг» гэж сэрэмжлүүлдэг (1 Петр 5:8).

5 Ехова бидний сайн сайхныг боддог. Сатанд бүү мэхлүүлээсэй гэж хүсдэг. Тийм учраас биднийг хамгаалж, жаргалтай амьдруулах гэсэндээ хууль, зарчмуудаа зааж өгсөн (Эфэс 6:11). Яаков: «Эрх чөлөөний төгс хуулийг нарийн судалдаг, хэрэгжүүлдэг хүн ... жаргалтай» гэж бичжээ (Яаков 1:25).

6. Еховагийн замаар явах нь хамгийн зөв гэдэгт улам бат итгэхийн тулд яах хэрэгтэй вэ?

6 Еховагийн удирдлага зааврыг дагавал илүү сайхан амьдарч, Еховатай улам дотносдог. Жишээ нь, тасралтгүй залбир гэсэн тушаалыг нь биелүүлбэл ач тус хүртдэг (Матай 6:5–8; 1 Тесалоник 5:17). Бас зааврынх нь дагуу хамт цуглан Бурхнаа шүтэж, нэг нэгнээ урамшуулахаараа, сайн мэдээ тунхаглах болон заах ажлыг чадлынхаа хэрээр хийхээрээ баяр баясгалан эдэлдэг (Матай 28:19, 20; Галат 6:2; Еврей 10:24, 25). Эдгээр зааврыг дагаад итгэл маань хэрхэн батаждагийг бодохоор Еховагийн замаар явах нь хамгийн зөв гэдэгт улам илүү итгэдэг.

7, 8. Ирээдүйд сорилт тулгарвал яах вэ гэж санаа зовохгүй байхад юу тус болох вэ?

7 Ирээдүйд дэндүү хэцүү сорилт тулгарвал яана даа гэж хэнд маань ч бодогдож болох юм. Тэгж бодогдвол Еховагийн хэлсэн дараах үгийг санаарай. Ехова: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» гэж амласан (Исаиа 48:17, 18).

8 Хэрэв бид Еховад дуулгавартай байвал бидний энх амгалан байдал хатаж ширгэдэггүй гол мэт байна. Бас далайн давалгаа хэзээ ч зогсдоггүй шиг бид зөв юмыг үргэлж хийнэ. Юу ч тохиолдсон, үнэнч байж чадна. Библид «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэсэн амлалт байдаг (Дуулал 55:22).

«ТӨЛӨВШИХИЙН ТУЛД ЗҮТГЭЛТЭЙ БАЙЯ»

9, 10. Төлөвшсөн хүн ямар байдаг вэ?

9 Еховатай дотносохын хэрээр «төлөвшихийн тулд зүтгэл» гаргадаг (Еврей 6:1). Төлөвших гэж яахыг хэлдэг вэ?

10 Нас ахихын хэрээр төлөвшдөг гэсэн үг биш ээ. Төлөвшихийн тулд Еховаг хамгийн сайн Найзаа болгож, аливаад Еховагийнхтай адилхан үзэл бодлоор хандаж сурах ёстой (Ёохан 4:23). Паул: «Махан биедээ захирагдаж амьдардаг хүн махан биеийн юмыг боддог. Харин Бурхны агуу хүчээр удирдуулж амьдардаг хүн Бурхны агуу хүчинд таалагдах юмыг боддог» гэж бичжээ (Ром 8:5). Төлөвшсөн хүн зугаа цэнгэл, эд хөрөнгөний хойноос явдаггүй. Харин Еховад үйлчлэхийг голлон анхаарч, ухаалаг шийдвэр гаргадаг (Сургаалт үгс 27:11; Яаков 1:2, 3-ыг уншина). Бусдын нөлөөнд автаж буруу юм хийдэггүй. Төлөвшсөн хүн юу нь зөв, юу нь буруу гэдгийг мэдээд зогсохгүй зөв юм хийхээр эргэлт буцалтгүй шийдсэн байдаг.

11, 12. а) Паулын хэлснээр, зөв бурууг ялгаж сурахын тулд яах ёстой вэ? б) Төлөвших, тамирчин болох хоёр юугаараа төстэй вэ?

11 Төлөвшье гэвэл чармайх хэрэгтэй. Элч Паул: «Бор хоол нь төлөвшсөн хүнд зориулагддаг. Төлөвшсөн хүн оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» гэж бичжээ (Еврей 5:14). «Сурсан байдаг» гэснийг ойлгохын тулд тамирчин хүний тухай бодъё.

12 Бид чадварлаг тамирчныг хараад удаан хугацаагаар дасгал сургууль хийж байж тийм чадварлаг болсныг нь ойлгодог. Төрөлхийн тамирчин хүн гэж байдаггүй. Нялх хүүхэд гар, хөлөө хүссэнээрээ хөдөлгөж сураагүй байдаг. Харин аажимдаа гартаа юм барьж сурдаг, хөлд ордог. Дасгал сургууль сайн хийвэл тамирчин ч болж болно. Үүнтэй адилаар, төлөвшсөн хүн болохын тулд биеэ дайчлах хэрэгтэй. Төлөвшихөд цаг хугацаа хэрэгтэй.

13. Яавал Еховагийнх шиг үзэл бодолтой болох вэ?

13 Бид энэ номыг судлаад яавал Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болохыг мэдэж авсан. Еховагийн тогтоосон хэм хэмжээг илүү их үнэлж эрхэмлэдэг болсон. Шийдвэр гаргах бүрдээ «Энэ асуудалд Библийн ямар хууль, зарчим хамаатай вэ? Би яаж ажил хэрэг болгох вэ? Ямар шийдвэр гаргавал Ехова баярлах бол?» гэж бодож байцгаая (Сургаалт үгс 3:5, 6; Яаков 1:5-ыг уншина).

14. Итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ?

14 Бид Еховад итгэх итгэлээ цаг үргэлж батжуулах хэрэгтэй. Шим тэжээлтэй хоол идвэл эрүүл чийрэг байдаг шиг Еховагийн тухай сурч мэдсээр байвал бат итгэдэг болно. Бид Библийн хичээл хийж эхлээд үндсэн мэдлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, Еховатай танилцаж, үйл хэрэг, зан чанарынх нь тухай мэддэг болсон. Энэ мэдлэгээ гүнзгийрүүлэх хэрэгтэй. Ийм ч учраас Паул: «Бор хоол нь төлөвшсөн хүнд зориулагддаг» гэсэн. Сурснаа ажил хэрэг болговол мэргэн ухаантай болно. Библид «Мэргэн ухааныг хайрла» гэж байдаг (Сургаалт үгс 4:5–7; 1 Петр 2:2).

15. Еховаг болон итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ хайрлах нь хэр зэрэг чухал бэ?

15 Эрч хүчтэй, эрүүл чийрэг хүн үргэлж энэ хэвээрээ байя гэвэл биеэ анхаарч тордох хэрэгтэйгээ ойлгодог. Үүнтэй адилаар, төлөвшсөн хүн Еховатай үргэлж сайн харьцаатай байхын тулд хичээж мэрийх хэрэгтэй. Паул: «Христийн дагалдагчийн ёсоор амьдардаг эсэхээ үргэлж шалгаж, өөрсдийгөө баталж бай» гэж бидэнд захисан (2 Коринт 13:5). Бат итгэлтэй л бол боллоо гэсэн үг биш ээ. Еховаг болон итгэл нэгтнүүдээ улам их хайрладаг болох хэрэгтэй. Паул: «Хэрэв би ... мэдлэгтэй, ... уулыг нүүлгэхээр бат итгэлтэй байлаа ч хайрлах сэтгэлгүй бол юу ч биш» гэжээ (1 Коринт 13:1–3).

НАЙДВАРАА ТОД САНАЖ ЯВЪЯ

16. Биднийг яавал Сатан баярладаг вэ?

16 «Хүн хэзээ ч Бурхны сайшаалыг хүлээж чадахгүй» гэж Сатан бидэнд бодуулахыг хүсдэг. Биднийг урам зориг мохож, бэрхшээлийн өмнө сөхөрвөл Сатан баярладаг. Бас бидний эв нэгдлийг бусниулж, баяр хөөрийг үгүй хийхийг хүсдэг (Эфэс 2:2). Таагүй юм бодох нь бидэнд төдийгүй Еховатай тогтоосон харьцаанд муугаар нөлөөлдгийг Сатан мэддэг. Харин Ехова бидэнд найдвар өгч таагүй бодолтойгоо тэмцэхэд тусалдаг.

17. Найдвар хэр зэрэг чухал бэ?

17 1 Тесалоник 5:8-д найдварыг цэрэг хүний толгойг хамгаалдаг дуулгатай зүйрлэжээ. Тэр дуулгыг «аврагдах найдвар» гэсэн байдаг. Еховагийн амласан бүхэн биелнэ гэж найдах нь бодол санааг хамгаалж, таагүй бодолтойгоо тэмцэхэд тустай.

18, 19. Есүс яаж сэтгэлийн тэнхээтэй байсан бэ?

18 Есүс найдварынхаа тухай бодоод сэтгэлийн тэнхээтэй байсан. Дэлхий дэх амьдралынх нь сүүлчийн шөнө бэрхшээл ар араасаа тулгарчээ. Дотнын найз нь урваж, өөр нэг нь танихгүй гэж мэлзэж, бусад нь хаяад зугтдаг. Мөн элэг нэгтнүүд нь Есүсийг эсэргүүцэж, түүнийг шонд хадаж алахыг шаардаж байлаа. Ийм хэцүү үеийг Есүс яаж тэвчсэн юм бол? «Тэрээр өмнөө байсан баяр баясгалангийн төлөө шонд тарчлахыг тэвчсэн бөгөөд гутамшиг болохоос ичээгүй. Тэгээд Бурхны сэнтийний баруун талд суусан юм» (Еврей 12:2).

19 Есүс үнэнч байвал Эцгээ алдаршуулж, Сатаны худалчийг батална гэдгээ санаж баяр баясгалантай байсан. Бас удахгүй тэнгэрт, Эцэг дээрээ очно гэдгээ мэдэж байсан учраас зовлонгоо тэвчсэн. Бид Есүсийг дуурайн өмнөө байгаа сайхан ирээдүйг бодож байх нь зүйтэй. Ингэвэл хэчнээн хэцүү юм тохиолдлоо ч тэвчиж чадна.

20. Өөдрөг байхын тулд яах хэрэгтэй вэ?

20 Үнэнч, тэвчээртэй байхыг хэр их хичээдгийг тань Ехова хардаг (Исаиа 30:18; Малахи 3:10-ыг уншина). «Зүрхний чинь хүслийг өгнө» гэж бас амладаг (Дуулал 37:4). Иймээс сайхан ирээдүйгээ үргэлж бодож яваарай. Сатан таныг итгэл найдвараа алдаж, Еховагийн амлалт биелэхгүй юм байна гэж бодоосой гэж хүсдэг. Таагүй юм бодож, гутранги үзэлд битгий автаарай! Бурхны амлалтад өмнөх шигээ бат итгэхээ больсон юм шиг санагдвал тусламж гуйж залбираарай. Филиппой 4:6, 7-д «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж байдгийг санаарай.

21, 22. а) Ехова дэлхийн талаар ямар санаа зорилготой вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

21 Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байгааг эргэцүүлэн бодож байгаарай. Тэр цагт бүх хүн Еховаг шүтнэ (Илчлэл 7:9, 14). Шинэ ертөнцөд амьдрал ямар байх бол? Төсөөлснөөс маань илүү сайхан байна! Сатан болон чөтгөрүүд, муу муухай бүхэн үгүй болно. Та өвдөхгүй, үхэхгүй. Өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтаж, жаргалтай амьдарна. Дэлхийгээ диваажин болгохын тулд бүгдээрээ гар нийлэн ажиллана. Хоол хүнс элбэг дэлбэг байна. Хүн бүр гэр оронтой болж, аюулгүй амьдарна. Хэн ч нөгөөдөө муу юм хийхгүй, харин сайхан сэтгэлээр хандана. Эцэст нь, хүн төрөлхтөн «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» (Ром 8:21).

22 Ехова таны хамгийн сайн Найз байхыг хүсдэг. Иймээс Еховад дуулгавартай байж, улам дотносохын тулд чадах бүхнээ хийгээрэй. Бүгдээрээ Бурхнаараа хайрлуулж явцгаая (Юуда 21).