Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 8

Ехова ард түмнээ цэвэр байгаасай гэж хүсдэг

Ехова ард түмнээ цэвэр байгаасай гэж хүсдэг

«Цэвэр хүмүүст Та Өөрийн цэвэр байдлыг ... харуулдаг» (ДУУЛАЛ 18:26).

1–3. а) Ээж нь хүүгээ яагаад цэвэр байлгахыг хүссэн бэ? б) Ехова ард түмнээ цэвэр байгаасай гэж яагаад хүсдэг вэ?

 ЭЭЖ НЬ хүүгийнхээ гар нүүрийг угаалгаж, цэвэр хувцсыг нь өмсгөж, хичээлд нь явуулахаар бэлдэж байна гэж бодъё. Ариун цэвэр сахих нь хүүгийн эрүүл мэндэд тустай. Бас хүмүүс цэвэр цэмцгэр хүүг нь хараад аав ээж нь хүүхдээ анхаардгийг мэднэ.

2 Тэнгэрийн Эцэг Ехова маань биднийг цэвэр ариун байгаасай гэж хүсдэг (Дуулал 18:26). Цэвэр байх нь бидэнд тустайг Ехова мэддэг. Бид цэвэр байвал Бурхнаа алдаршуулна (Езекиел 36:22; 1 Петр 2:12-ыг уншина).

3 Цэвэр ариун байх гэж яахыг хэлдэг вэ? Цэвэр байх нь бидэнд ямар тустай вэ? Эдгээр асуултыг авч үзье. Бас дутагдал байвал засъя.

ЯАГААД ЦЭВЭР БАЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4, 5. а) Яагаад цэвэр байх хэрэгтэй вэ? б) Ехова цэвэр байхыг чухалд үздэг нь бүтээлээс нь хэрхэн харагддаг вэ?

4 Цэвэр ариун байхын жишээг Ехова үлгэрлэн үзүүлдэг (Левит 11:44, 45). Бид «Бурхныг дуурайх» ёстой. Энэ нь цэвэр ариун байхыг хичээдгийн маань гол шалтгаан юм (Эфэс 5:1).

5 Ехова цэвэр байхыг чухалд үздэг нь бүтээлээс нь харагддаг. Дэлхийн агаар, усыг цэвэр байлгахын тулд байгаль дахь эргэлтийг бий болгосон (Иеремиа 10:12). Хүмүүс байгалийг бохирдуулдаг ч дэлхий өөрийгөө цэвэрлэж байдаг. Жишээ нь, Ехова микроб буюу бичил биетийг бүтээжээ. Ийм бичил биетийг микроскопоор харж болдог. Зарим бичил биет хог хаягдлыг хоргүй болгодог. Энэ нь их үр нөлөөтэй. Эрдэмтэд зарим төрлийн бичил биетийг ашиглан байгалийн бохирдлыг цэвэрлэх арга боловсруулжээ (Ром 1:20).

6, 7. Еховаг шүтдэг хүн цэвэр байх ёстойг Мосегийн хуульд хэрхэн тусгасан бэ?

6 Мосегоор дамжуулж израйлчуудад өгсөн Еховагийн хууль цэвэр байхын чухлыг ойлгуулдаг. Жишээ нь, израйлчууд Еховаг таалалд нь нийцүүлж шүтэхийн тулд ариун цэвэр сахих ёстой байсан. Эвлэрүүллийн өдөр тэргүүн тахилч биеэ хоёр ч удаа угаадаг байв (Левит 16:4, 23, 24). Бас бусад тахилч тахил өргөхөөсөө өмнө гар, хөлөө угаах ёстой байв (Египетээс гарсан нь 30:17–21; Шастирын дэд 4:6). Ариун цэвэр сахиагүй хүнд зарим тохиолдолд үхлийн ял оноодог байжээ (Левит 15:31; Тооллого 19:17–20).

7 Тэгвэл орчин үед яах хэрэгтэй вэ? Бид Хуулиас Еховагийн тогтоосон хэм хэмжээний тухай ихийг мэдэж авдаг (Малахи 3:6). Үйлчлэгчид нь цэвэр байх ёстойг Хуульд тодорхой заасан. Еховагийн хэм хэмжээ өөрчлөгдөөгүй. Одоо ч үйлчлэгчдээ цэвэр ариун байгаасай гэж хүсдэг (Яаков 1:27).

ЦЭВЭР АРИУН БАЙХ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

8. Ямар ямар хүрээнд цэвэр байх ёстой вэ?

8 Цэвэр байх нь биеийн ариун цэвэр сахих, хувцас, гэрээ цэвэр байлгахаас илүү өргөн хүрээтэй гэж Ехова үздэг. Бид амьдралын бүх хүрээнд цэвэр байх ёстой. Өөрөөр хэлбэл, шашин шүтлэг, ёс суртахуун, бодол санааны хувьд цэвэр байна гэсэн үг. Амьдралынхаа бүх хүрээнд цэвэр байдаг бол Ехова биднийг цэвэр гэж үзнэ.

9, 10. Шашин шүтлэгийн хувьд цэвэр байх гэж юу гэсэн үг вэ?

9 Шашин шүтлэг. Бид хуурамч шашинтай ямар ч байдлаар холбогдох ёсгүй. Вавилонд олзонд байсан израйлчуудыг хуурамч шашин шүтдэг, садар самуун явдалтай хүмүүс хүрээлж байсан. Израйлчуудыг нутагтаа буцаж, цэвэр шүтлэгийг сэргээнэ гэж Ехова Исаиагаар зөгнүүлжээ. Ехова тэдэнд «Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ... Өөрсдийгөө ариусгагтун!» гэж хэлсэн юм. Израйлчууд жинхэнэ шүтлэгийг вавилончуудын шашны сургаал, зан үйл, ёс заншлын алинтай ч хольж хутгах ёсгүй байв (Исаиа 52:11).

10 Орчин үед Христийн жинхэнэ дагалдагчид бас хуурамч шашнаас хол явдаг (1 Коринт 10:21-ийг уншина). Хуурамч шашны сургаалаас үүдэлтэй ёс заншил, зан үйл, итгэл үнэмшил дэлхий даяар түгээмэл байдаг. Жишээ нь, хүнийг үхэхэд сүнс нь үлддэг гэж итгэдэг хүмүүс бий. Ийм үзлээс үүсэлтэй олон зан үйл байдаг (Номлогчийн үгс 9:5, 6, 10). Христийн дагалдагчид ийм зан үйлийг сахидаггүй. Биднийг ийм юманд оролцуулах гэж гэрийнхэн маань хүчилж болох юм. Гэхдээ бид Еховагийн өмнө цэвэр байхыг хүсдэг учраас тийм дарамт шахалтад автдаггүй (Үйлс 5:29).

11. Ёс суртахууны хувьд цэвэр байх гэж юу гэсэн үг вэ?

11 Ёс суртахуун. Еховагийн өмнө цэвэр байя гэвэл садар самуун явдалд ямар ч байдлаар орооцолдох ёсгүй (Эфэс 5:5-ыг уншина). «Садар самуун явдлаас зугтагтун!» гэж Ехова хэлдэг. Садар самуун, завхай явдалтай, үүндээ гэмшдэггүй хүнийг «Бурхны Хаант төрд багтахгүй» гэж тодорхой бичүүлсэн (1 Коринт 6:9, 10, 18; Тайлбар 22-ыг үзнэ үү).

12, 13. Бодол санаагаа яагаад цэвэр байлгах ёстой вэ?

12 Бодол санаа. Ер нь, хүн бодсон юмаа ажил хэрэг болгодог (Матай 5:28; 15:18, 19). Цэвэр ариун юм боддог хүн цэвэр буюу сайн юм хийдэг. Гэхдээ бид төгс бус учраас хааяа буруу юм бодож мэднэ. Ийм үед шууд өөр юм бодох хэрэгтэй. Буруу юм бодоод байвал сэтгэл зүрхээ бузарлана. Бодож явдаг юмаа хийх хүсэл төрж мэднэ. Иймд ухаан санаагаа цэвэр бодлоор дүүргэх ёстой (Филиппой 4:8-ыг уншина). Бид садар самуун, хүчирхийллийг дүрсэлдэг юм үзэж хардаггүй, уншиж сонсдоггүй. Унших, үзэх, ярих юмаа сонгохдоо хянамгай байдаг (Дуулал 19:8, 9).

13 Бурхнаараа хайрлуулж явахын тулд шашин шүтлэг, ёс суртахуун, бодол санааны хувьд цэвэр байх ёстой. Бас ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь чухал.

АХУЙ БОЛОН БИЕИЙН ХУВЬД ЦЭВЭР БАЙХ

14. Ахуй болон биеийн хувьд цэвэр байх нь яагаад чухал бэ?

14 Хувцас болон орчноо цэвэр байлгах нь өөрсдөд маань ч, эргэн тойрны хүмүүст ч тустай. Өөрт болон бусдад аятай сайхан санагдана. Гэхдээ ахуй болон биеийн хувьд цэвэр байх илүү чухал шалтгаан бий. Бид цэвэр байвал Бурхнаа алдаршуулна. Бодоод үз дээ. Та үргэлж халтар царайтай, хиртэй хувцастай явдаг хүүхдийг хараад аав ээжийнх нь тухай сайн юм бодохгүй байх. Үүн шиг, бид арчаа муутай, бохир заваан явдаг бол хүмүүс Еховагийн тухай сайн юм бодохгүй биз ээ. Паул: «Үйлчлэлийг маань хэн ч бүү муулаасай гэсэндээ бид хэнд ч ямар нэгэн байдлаар саад болдоггүй. Харин ч Бурхны үйлчлэгч гэдгээ баталдаг» гэж хэлсэн (2 Коринт 6:3, 4).

Еховагийн ард түмэн ариун цэвэр сахидаг, гэр орноо цэвэр байлгадаг

15, 16. Цэвэр байхын тулд яах хэрэгтэй вэ?

15 Хувийн ариун цэвэр, хувцас. Ариун цэвэр сахих нь өдөр тутмын хэвшил байх ёстой. Жишээ нь, бид тогтмол, болж өгвөл, өдөр бүр усанд ордог. Гараа савандаж угаадаг. Ялангуяа, хоол хийх болон идэхийн өмнө гараа угаадаг. Бие засах юм уу бохир юманд хүрсэн бол гараа заавал угаах ёстой. Гараа угаах нь энгийн үйлдэл боловч нян, өвчин тараахаас сэргийлдэг. Амь насыг ч аврах ач тустай. Бие засах газар юм уу бохир усны шугамгүй бол ялгадсаа зөв хаях арга олох хэрэгтэй. Эртний израйлчууд бохир усны шугамгүй байсан учраас ялгадсыг гэр орон, усны эх булгаас хол, газар булдаг байсан (Дэд хууль 23:12, 13).

16 Бид заавал ганган, үнэтэй, хамгийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөх ёстой юм биш ээ. Гэхдээ цэвэр, үзэмжтэй хувцаслах хэрэгтэй (1 Тимот 2:9, 10-ыг уншина). Гадаад байдлаараа Еховаг үргэлж алдаршуулах нь бидний хүсэл юм (Тит 2:10).

17. Гэр орон, өмч хөрөнгөө яагаад цэвэр байлгах хэрэгтэй вэ?

17 Гэр орон, өмч хөрөнгө. Хаана ч амьдардаг байсан, гэр орноо цэвэр байлгах хэрэгтэй. Бас машин, дугуй, мотоцикл гээд тээврийн хэрэгслээ цэвэр байлгах хэрэгтэй. Ялангуяа, цуглаан, дэлгэрүүлэх ажилд явахдаа унаагаа цэвэр байлгах үүрэгтэй. Бид дэлгэрүүлэхдээ дэлхий диваажин болж, хүмүүс цэвэр орчинд амьдарна гэж ярьдаг шүү дээ (Лук 23:43; Илчлэл 11:18). Иймээс гэр орон, өмч хөрөнгө, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгадаг бол ирээдүйн цэвэр ертөнцөд амьдрах бэлтгэлээ базааж байгаагаа батлан харуулна.

18. Шүтлэгийн газраа яагаад цэвэр байлгах хэрэгтэй вэ?

18 Шүтлэгийн газар. Цуглааны танхим, чуулган явуулдаг газраа цэвэр цэмцгэр байлгах нь ариун цэврийг эрхэмлэдгийн шинж юм. Хүмүүс цуглааны танхимд анх удаа ирээд цэвэр цэмцгэрийг нь анзаардаг. Үүний дүнд Ехова алдаршдаг. Хурлын гишүүд бүгдээрээ цуглааны танхимаа цэвэрлэх, засаж тордоход хувь нэмэр оруулах боломжтой (Шастирын дэд 34:10).

МУУ ЗУРШЛАА ХАЯХ

19. Бид юунаас хол явах ёстой вэ?

19 Хаях ёстой бүх муу зуршлыг Библид жагсааж бичээгүй ч муу зуршлыг Ехова юу гэж үздэгийг ойлгоход тус болох зарчмууд бий. Ехова биднийг тамхи бүү татаасай, согтууруулах ундааг бүү хэтрүүлээсэй, мансууруулах бодис бүү хэрэглээсэй гэж хүсдэг. Бурхны анд нөхөр хүн эдгээрээс хол явах ёстой. Яагаад гэвэл Еховагийн өгсөн амь гэдэг бэлгийг эрхэмлэдэг. Муу зуршил амь насыг богиносгодог, эрүүл мэндэд муу нөлөөтэй, эргэн тойрны хүмүүст ч хортой. Эрүүл мэндээ бодоод муу зуршлаа хаядаг хүн олон. Харин Ехова Бурхны анд нөхөр болсон бидний хувьд Бурхнаа хайрлах нь бүх муу зуршлаа хаях гол шалтгаан юм. Нэг бүсгүй: «Би Еховагийн дэмжлэгээр амьдралаа өөрчлөн, муу зуршлуудаасаа салж чадсан. ... Би ганцаараа байсан бол амьдралаа яасан ч ингэж өөрчилж чадахгүй байх байсан» гэж хэлсэн юм. Хорт зуршлаа хаяхад тус болох Библийн таван зарчмыг авч үзье.

20, 21. Ехова биднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

20 «Хайрт ах дүү нар минь ээ, ийн амласан учир Бурхнаас эмээж, бие, сэтгэлийг маань бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэж, улам бүр цэвэр ариун байцгаая» (2 Коринт 7:1). Ехова биднийг бие, сэтгэцэд муугаар нөлөөлж болзошгүй ямар ч муу зуршилгүй байгаасай гэж хүсдэг.

21 «Бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэх» гол шалтгааныг 2 Коринт 6:17, 18-д тайлбарлажээ. Ехова: «Бузар юманд хүрэхээ боль» гэж хэлснийг тэнд бичсэн байдаг. Цааш нь Ехова: «Би та нарыг хүлээж авна. Тийнхүү Би та нарын эцэг, та нар миний хөвгүүд охид болно» гэж амласан. Тийм ээ, хэрэв бид Еховагийн бузар гэж үздэг аливаа бүхнээс хол байдаг бол Ехова үр хүүхдээ хайрладаг эцэг хүний ёсоор биднийг хайрлана.

22–25. Муу зуршлаа хаяхад Библийн ямар зарчмууд тус болох вэ?

22 «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» (Матай 22:37). Энэ бол хамгийн чухал тушаал юм (Матай 22:38). Ехова бол тэгж хайрлуулах хүндтэй Бурхан. Еховагийн өгсөн амь насыг богиносгох эсвэл ухаан санааг самууруулах юм хийдэг бол Еховаг байгаа бүхнээрээ хайрладаг гэж яаж хэлэх юм бэ! Үүний оронд амь гэдэг бэлгийг үнэлж эрхэмлэдгээ баталж чадах бүхнээ хийх хэрэгтэй.

23 «[Ехова] бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдөг» (Үйлс 17:24, 25). Найз тань онцгой бэлэг өгвөл та хаях уу, эвдэж сүйтгэх үү? Амь бол Еховагийн өгсөн хосгүй бэлэг билээ. Бид энэ бэлгийг нь их эрхэмлэдэг. Амь амьдралаараа Бурхнаа алдаршуулахыг хүсдэг (Дуулал 36:9).

24 «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» (Матай 22:39). Муу зуршил ганц бидэнд биш, эргэн тойрны хүмүүст, ялангуяа хайртай хүмүүст маань ч хор уршиг тарьдаг. Тамхи татдаг хүн гэрийнхнийхээ эрүүл мэндийг ноцтой хохироодог. Муу зуршлаа хаях нь хүмүүсийг хайрладгийн шинж юм (1 Ёохан 4:20, 21).

25 «Төр засаг болон эрх баригчдад захирагдан дуулгавартай байхыг ... сануулж бай» (Тит 3:1, 2). Мансууруулах бодис хадгалах, эзэмших, хэрэглэхийг олон оронд хуулиар хориглодог. Төр засгаа хүндэл гэж Ехова тушаадаг учраас бид ийм хуулийг мөрддөг (Ром 13:1).

Цэвэр ариун байвал Еховаг алдаршуулна

26. а) Еховагийн сэтгэлд нийцдэг үйлчлэгч нь байя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Бид цэвэр ариун байхын тулд яагаад чадах бүхнээ хийдэг вэ?

26 Еховагийн анд нөхөр байхыг хүсдэг хүн дутагдлаа олж хараад засах хэрэгтэйгээ ойлгож болох юм. Хэрэв тийм бол, яг одоо эхлээрэй. Муу зуршлаа хаях амаргүй ч хаяж болдог! Ехова ч туслахаа амлаж «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж хэлсэн (Исаиа 48:17). Цэвэр ариун байхын тулд чадах бүхнээ хийвэл Бурхнаа алдаршуулна.