Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 1

Бурхны хайр үүрдийнх

Бурхны хайр үүрдийнх

«Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» (1 ЁОХАН 5:3).

1, 2. Та яагаад Ехова Бурхныг хайрладаг вэ?

 ТА Бурханд хайртай юу? Үнэн голоосоо хайртай учраас Ехова Бурханд өөрийгөө зориулсан биз ээ. Бас Бурхныг хамгийн дотнын найзаа гэж боддог байх. Гэхдээ та Еховаг хайрладаг болохоос өмнө Ехова таныг хайрласан шүү дээ. Библид «Эхлээд Бурхан биднийг хайрласан учир бид хайрладаг» гэж байдаг (1 Ёохан 4:19).

2 Ехова биднийг яаж хайрладгийг бодъё. Бурхан үзэсгэлэнт сайхан дэлхийг бидэнд гэр болгож өгсөн. Жаргалтай амьдрахад хэрэгтэй бүхнийг өгдөг (Матай 5:43–48; Илчлэл 4:11). Бидэнтэй дотно харьцаатай байхыг хүсэж, өөртэй нь танилцах боломжийг бүрдүүлсэн. Бид Библийг уншиж Еховагийн үгийг сонсдог. Харин залбирахад маань Ехова бидний үгийг сонсдог (Дуулал 65:2). Ехова биднийг удирдан чиглүүлдэг, агуу хүчээ өгдөг (Лук 11:13). Бас биднийг нүглээс чөлөөлж, үхлээс аврахын тулд хайртай Хүүгээ дэлхий рүү илгээсэн (Ёохан 3:16; Ром 5:8-ыг уншина).

3. Еховатай нөхөрлөхийн тулд яах хэрэгтэй вэ?

3 Жаргал зовлонг тань хуваалцдаг найзынхаа тухай бод доо. Сайхан нөхөрлөлийг зузаатгахын тулд сэтгэл, зүтгэл гаргах хэрэгтэй байдаг. Еховатай нөхөрлөх бас адилхан. Ехова бол хүнд олдож болох хамгийн дотнын Найз бөгөөд Еховатай үүрд нөхөрлөж болдог. Ийм ч учраас Библид «Бурхнаараа хайрлуулж яв» гэж байдаг (Юуда 21). Бурхнаар хайрлуулахын тулд яах хэрэгтэй вэ? «Тушаалыг нь биелүүлдэг бол Бурхнаа хайрладаг гэсэн үг. Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» гэж Библид байдаг (1 Ёохан 5:3).

«БУРХНАА ХАЙРЛАДАГ»

4, 5. Та яаж Еховаг хайрладаг болсон бэ?

4 «Бурхнаа хайрладаг» гэснийг анхааръя. Тийм ээ, бид Бурхнаа чин сэтгэлээсээ хайрладгийг энд онцолжээ. Та Еховаг анх хэрхэн хайрладаг болсноо сана даа.

Та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхдээ түүнд хайртайгаа, үүрд үйлчлэх хүсэлтэйгээ батлан харуулсан

5 Ехова таныг диваажинд мөнх амьдруулахыг хүсдэгийг мэдээд ямар санагдсан бэ? Энэ зорилгодоо хүрэхийн тулд юу хийснийг нь та мэддэг болсон. Тэгээд хайртай Хүүгээ дэлхий рүү илгээсэн нь их үнэтэй бэлэг байсныг ойлгосон (Матай 20:28; Ёохан 8:29; Ром 5:12, 18). Бурхан таныг ингэж их хайрладгийг мэдээд та баярлаж, Бурхныг хайрладаг болсон биз ээ (1 Ёохан 4:9, 10-ыг уншина).

6. Бид хайртай хүндээ яаж ханддаг вэ? Та Бурхныг хайрладаг болоод ямар шийдвэр гаргасан бэ?

6 Гэхдээ тэр хайр бол дөнгөж эхлэл байсан. Ер нь, бид хайртай хүндээ хайртай гэдгээ хэлээд л болчихдоггүй, сэтгэлд нь нийцэх юм хийдэг. Үүнтэй адил, Ехова Бурхныг хайрладаг болоод таалалд нь нийцүүлж амьдрахыг хүссэн. Илүү их хайртай болохын хэрээр Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн. Ийнхүү Еховад үүрд үйлчлэхээ амласан (Ром 14:7, 8-ыг уншина). Энэ амлалтаа яаж биелүүлэх вэ?

«ТУШААЛЫГ НЬ БИЕЛҮҮЛДЭГ»

7. Еховаг хайрладаг хүн яадаг вэ? Ехова юуг буруу гэж үздэг вэ?

7 Бид Еховаг хайрладаг учраас «тушаалыг нь биелүүлж», дуулгавартай байдаг. Ехова биднийг ямар байгаасай гэж хүсдэгийг, юуг буруу гэж үздэгийг Библиэс мэдэж авсан. Жишээ нь, согтох, хулгай хийх, худал хэлэх, гэр бүл болоогүй хүмүүс бэлгийн харьцаанд орох, өөрөөс нь өөр хэн нэгнийг эсвэл эд зүйл шүтэхийг Ехова буруу гэж үздэг (1 Коринт 5:11; 6:18; 10:14; Эфэс 4:28; Колосай 3:9).

8, 9. Библид тодорхой хууль тушаал байхгүй бол яах хэрэгтэй вэ? Жишээ татна уу.

8 Еховагийн таалалд нийцүүлэхийн тулд тушаалыг нь биелүүлэхээс илүү ихийг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл амьдралд тулгардаг бүх асуудлыг шийдэх нарийн хууль тушаал Ехова өгөөгүй. Иймээс яахыг тодорхой заасан тушаал Библиэс олдохгүй үе гарч мэднэ. Ийм үед яаж ухаалаг шийдвэр гаргах вэ? (Эфэс 5:17). Библид олон зарчим байдаг. Зарчим бол хувиршгүй үнэн юм. Зарчмыг ойлговол Еховагийн үзэл бодлыг ойлгоно. Библийг уншаад Еховагийн зан чанар, үйл хэрэг, юунд дуртай, юунд дургүйг мэдэж авдаг (Дуулал 97:10-ыг уншина; Сургаалт үгс 6:16–19; Тайлбар 1-ийг үзнэ үү).

9 Жишээ татъя. Зурагт, интернэтээр юу үзэхээ яаж шийдэх вэ? Ингэ тэг гэж Ехова шууд хэлдэггүй ч ухаалаг шийдэхэд тус болох зарчмыг зааж өгдөг. Орчин үед хүчирхийлэл, садар самууныг их сурталчилдаг болсон. Ехова «хүчирхийлэлд дурлагчийг ... үзэн яддаг» гэдгээ, «садар самуун явдалтай бүх хүнийг ... шүүнэ» гэдгээ Библид бичүүлсэн (Дуулал 11:5; Еврей 13:4). Эдгээр зарчмыг мэддэг бол ухаалаг шийдвэр гаргана. Ехова юуг үзэн яддаг, юуг садар самуун гэж үздэгийг мэддэг болсон хүн ийм юмнаас хол явах ёстой.

10, 11. Бид яагаад Еховад дуулгавартай байдаг вэ?

10 Бид яагаад Еховад дуулгавартай байдаг вэ? Шийтгүүлэхээс айсандаа юм уу буруу шийдвэр гаргаад горыг нь амсахгүй гэсэндээ л дуулгавартай байдаг юм биш (Галат 6:7). Еховадаа хайртай учраас дуулгавартай байдаг. Хүүхэд аавыгаа баярлуулахыг хүсдэг шиг бид тэнгэрийн Эцгээ баярлуулахыг хүсдэг. Еховагийн сэтгэлд нийцдэгээ мэдэх хамгийн сайхан! (Дуулал 5:12; Сургаалт үгс 12:2; Тайлбар 2-ыг үзнэ үү).

11 Бид дуулгавартай байхад амархан үед л дуулгавартай байдаг юм биш ээ. Бас Еховагийн тушаалыг арга буюу биелүүлдэг юм биш. Дуртай тушаалаа биелүүлнэ, дургүйгээ биелүүлэхгүй гэж шилж сонгодоггүй (Дэд хууль 12:32). Харин «Би өөрийн хайрладаг Таны тушаалуудад баясах болно» гэж хэлсэн дуулалч шиг бүх талаар дуулгавартай байдаг (Дуулал 119:47; Ром 6:17). Мөн Еховагийн тушаасан бүхнийг биелүүлж, Еховад хайртайгаа баталсан Ноаг дуурайхыг хүсдэг. Библид Ноаг «тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» гэж бичсэн (Эхлэл 6:22). Ехова таны тухай бас ингэж хэлээсэй гэж та хүсдэг үү?

12. Яавал Еховаг баярлуулах вэ?

12 Биднийг дуулгавартай байвал Ехова «баяр[ладаг]» (Сургаалт үгс 11:20; 27:11). Орчлонт ертөнцийг Бүтээгч дуулгавартай хүнд баярладаг гээд бод доо. Гэхдээ дуулгавартай бай гэж албаддаггүй. Харин ч сонгох эрх чөлөө өгсөн. Тэгэхээр бид зөв буруугийн алийг нь хийхээ шийдэх эрхтэй гэсэн үг. Ехова биднийг хайрандаа хөтлөгдөн аливааг ухаалаг шийдэж, сайн сайхан амьдраасай гэж хүсдэг (Дэд хууль 30:15, 16, 19, 20; Тайлбар 3-ыг үзнэ үү).

«БУРХНЫ ТУШААЛ ХҮНД ДАРАМТ БИШ БИЛЭЭ»

13, 14. Бурхан бидэнд биелүүлэхийн аргагүй тушаал өгдөг үү? Жишээ татна уу.

13 Еховагийн тушаал биелүүлэхэд хэцүү, эрх чөлөөг хааж боодог юм шиг санагддаг бол яах вэ? Библид «Бурхны тушаал хүнд дарамт биш билээ» гэж тодорхой байдаг (1 Ёохан 5:3). Энэ зүйлд «хүнд» гэж орчуулсан грек үгийг Библийн бусад зүйлд хэтэрхий хатуу дүрэм журам эсвэл бусдыг хянаж захирах дуртай, зовлон учруулдаг хүмүүсийн тухай бичихдээ хэрэглэжээ (Матай 23:4; Үйлс 20:29, 30). Библийн өөр нэг орчуулгад «Бурханы үгийг дагахад хэцүү биш» (ШГ) гэж орчуулжээ. Тийм ээ, Еховагийн тушаал «хүнд» буюу биелүүлэхэд дэндүү хэцүү биш ээ. Ехова бидний хэр чадлаас хэтэрсэн юм шаарддаггүй.

14 Жишээ татъя. Танай найзынх нүүх болж бүх юмаа хайрцаг саванд хийжээ. Зарим нь ганц хүн зөөж болмоор хөнгөн, зарим нь хоёр хүн зөөхөөр нэлээд хүнд ачаа байв. Таны найз ганц хүний даахааргүй хүнд ачааг танаар зөөлгөх үү? Яалаа гэж! Таныг гэмтээж бэртээе гэж бодохгүй шүү дээ. Үүнтэй адилаар, Ехова Бурхан биелүүлэхийн аргагүй тушаал өгдөггүй (Дэд хууль 30:11–14). «Бидний хэрхэн бүтсэнийг мэддэг. Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» учраас хэр чадлыг маань сайн мэддэг (Дуулал 103:14).

15. Ехова бидний сайн сайхныг бодож тушаал өгдөг гэдэгт яагаад итгэж болох вэ?

15 Израйлын ард түмэн Еховагийн тушаалыг биелүүлж, дуулгавартай дагавал «үргэлжийн сайн сайхан» явж, «амьд бай[на]» гэж Мосе хэлсэн (Дэд хууль 5:28–33; 6:24). Энэ үг бидэнд ч хамаатай. Еховагийн бүх тушаал бидний сайн сайхны төлөө байдаг (Исаиа 48:17-г уншина). Тэнгэрийн Эцэг Ехова маань хүнд юу хамгийн сайн байдгийг мэддэг (Ром 11:33). Бас «Бурхан бол хайр» гэж Библид бичсэн (1 Ёохан 4:8). Тэгэхээр Ехова хайрандаа хөтлөгдөж бүх юмыг хийдэг.

16. Бузар муу нийгэмд амьдардаг, төгс бус хүн Бурханд дуулгавартай байж чадах уу? Тайлбарлана уу.

16 Бурханд дуулгавартай байхад амаргүй үе гардаг. Яагаад гэвэл бид Диаволын гарт байдаг бузар муу нийгэмд амьдардаг. Диавол хүмүүсээр муу юм хийлгэхийг оролддог (1 Ёохан 5:19). Бас төгс бус хүн Бурханд таалагддаггүй юм боддог, буруу мэдэрдэг учраас дуулгаваргүй загнаж мэднэ. Иймээс тэмцэх хэрэгтэй (Ром 7:21–25). Гэхдээ Еховаг хайрладаг хүн зөв юм хийхээс шантардаггүй. Дуулгавартай байхыг хичээдэг хүнийг Ехова ажиглаж, агуу хүчээ өгч тусалдаг (1 Самуел 15:22, 23; Үйлс 5:32). Дуулгавартай байхад хэрэгтэй зан чанар Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог (Галат 5:22, 23).

17, 18. а) Энэ номоос юу мэдэж авах вэ? б) Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

17 Еховагийн таалалд нийцүүлж амьдрахын тулд яах хэрэгтэйг, тогтоосон зарчим, ёс суртахууны хэм хэмжээг нь хэрхэн баримтлахыг энэ номоос мэдэж авна. Ехова биднийг дуулгавартай бай гэж албаддаггүй шүү дээ. Бид дуулгавартай байдаг бол одоо ч, ирээдүйд ч сайхан амьдарна. Хамгийн гол нь, дуулгавартай байх нь Бурхныг хэр их хайрладгаа баталж байгаа хэрэг юм (Тайлбар 4-ийг үзнэ үү).

18 Биднийг сайн мууг ялгаж сургахын тулд Ехова мөс чанар өгсөн. Мөс чанараа сургах нь Бурхны «тушаалыг биелүүлэхэд» их чухал. Мөс чанар гэж юу вэ? Яаж сургах вэ? Энэ талаар дараагийн бүлгээс үзье.