Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 12

«Дэм болох сайн юмыг л» ярьж бай

«Дэм болох сайн юмыг л» ярьж бай

«Ялзарсан үг бүү хэл. ... Дэм болох сайн юмыг л ... ярьж бай» (ЭФЭС 4:29).

1–3. а) Ехова бидэнд ямар бэлэг өгсөн бэ? Яавал энэ бэлгийг буруу хэрэглэсэн болох вэ? б) Ярих чадвар гэдэг бэлгийг яаж хэрэглэх хэрэгтэй вэ?

 ААВ НЬ өсвөр насны хүүдээ дугуй бэлэглэжээ. Ийм гоё бэлэг өгсөндөө их баяртай байв. Гэтэл хүү дугуйгаараа хүн мөргөн гэмтээж хэнэггүй зан гаргажээ. Аавд нь ямар санагдах бол?

2 Ехова «сайн, төгс бэлэг бүхнийг» өгдөг (Яаков 1:17). Еховагийн өгсөн нэг сайн бэлэг бол ярих чадвар юм. Хүн ийм бэлэг авсан учраас л санасан бодсоноо илэрхийлж чаддаг. Бидний үг яриа бусдад урам хайрлаж, тус болох нь ч бий. Сэтгэлийг нь шархлуулж ус болох нь ч бий.

3 Үг яриа их хүчтэй. Ийм учраас Ехова энэ бэлгийг яаж зөв хэрэглэхийг зааж өгдөг. Ехова: «Ялзарсан үг бүү хэл. Харин сонсогчид тустай үг хэлэхийн тулд дэм болох сайн юмыг л хэрэгтэй үед ярьж бай» гэж захидаг (Эфэс 4:29). Энэ бэлгийг яаж хэрэглэвэл Бурхны сэтгэлд нийцдэгийг, бусдад урам хайрладгийг авч үзье.

ҮГЭЭ ЦЭНЭ

4, 5. Библид бичсэнээр үг яриа хэр их хүчтэй вэ?

4 Үг хүчтэй. Иймд юуг, яаж хэлэхээ боддог байх хэрэгтэй. Сургаалт үгс 15:4-т «Анагаадаг хэл амийн мод юм. Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг» гэж байдаг. Аагим халуунд саглагар модны сүүдэрт сэрүүцэх сайхан байдаг. Үүн шиг, таатай сайхан үг сонсоход сэтгэл сэргэдэг. Харин хүйтэн цэвдэг үг сонсоход гомдож, сэтгэл шархалдаг (Сургаалт үгс 18:21).

Сайхан үг сэтгэл сэргээдэг

5 «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» гэж Сургаалт үгс 12:18-д бичжээ. Бодлогогүй хэлсэн үг сэтгэл шархлуулж, сайхан харьцаанд сэв суулгадаг. Хүн танд эвгүй үг хэлэхэд та гомдсон байх. Харин «мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж дээрх сургаалт үгэнд бас байдаг. Бодож хэлсэн үг сэтгэлийн шархыг эдгээж, бие биеэ буруу ойлгосон хүмүүсийг эвлэрүүлдэг (Сургаалт үгс 16:24-ийг уншина). Бидний яриа хүмүүст нөлөөлдөг гэдгийг санаж явбал үгээ цэнэнэ.

6. Үг хэлээ захирах яагаад амаргүй вэ?

6 Үгээ цэнэх бас нэг шалтгаан бол бүх хүн төгс бус юм. «Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг» бөгөөд зүрхний хандлага буюу дотроо юу бодож явдгийг нь үг яриа илчилдэг (Эхлэл 8:21; Лук 6:45). Үг хэлээ захирах их амаргүй (Яаков 3:2–4-ийг уншина). Иймээс юуг, яаж хэлэхээ илүү их боддог болох хэрэгтэй.

7, 8. Үг яриа Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлдөг вэ?

7 Бид юуг, яаж хэлснээ Еховад тайлагнана. Энэ бол үг хэлээ захирах өөр нэг шалтгаан юм. Яаков 1:26-д «Хэрэв хүн өөрийгөө Бурхан шүтдэг гэж боддог ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийгөө хуурч, дэмий хоосон шүтэж байгаа хэрэг» гэж байдаг. Тэгэхээр бодлогогүй ярьдаг бол Еховатай тогтоосон харьцаагаа сэвтүүлэх, бүр алдах аюултай (Яаков 3:8–10).

8 Юуг, яаж хэлэхээ яагаад бодож байх хэрэгтэйг мэдэж авлаа. Ярих чадвар гэдэг бэлгээ Еховагийн сэтгэлд нийцүүлж хэрэглэхийн тулд юу ярих ёсгүйгээ мэдэж авъя.

ДЭМ БОЛОХГҮЙ ҮГ

9, 10. а) Хүмүүс юу ярих нь их болсон бэ? б) Бид яагаад шалиг завхай юм ярьдаггүй вэ?

9 Хүмүүс шалиг завхай эсвэл бузар булай юм ярих нь их болжээ. Олон хүн үгээ жинтэй болгох гэж хараал, зохисгүй үг хэлдэг. Хошин шогийн жүжигчид хүмүүсийг инээлгэх гэж голдуу шалиг завхай, бүдүүлэг үг хэрэглэдэг. Гэхдээ элч Паул: «Уурлан хилэгнэх, хор хүргэх, доромжлон гутаах, шалиг завхай юм ярихаа боль» гэж зөвлөсөн (Колосай 3:8). Бас Паулын бичсэнээр, Бурханд үйлчилдэг хүн «шалиг завхай юм ярьж хошигнох», «дурсах ч учиргүй» (Эфэс 5:3, 4).

10 Шалиг завхай юм ярихыг Ехова ч, Еховаг шүтдэг хүмүүс ч жигшдэг. Ийм юм ярьдаг бол бузар байна гэсэн үг. Библид бичсэнээр, «бузар байх» нь «нүгэлт хандлагыг» илчилдэг «үйлсийн» нэг юм (Галат 5:19–21). Бузар байдал гэдэг нь махан биеийнхээ хүсэлд автаж хийдэг янз бүрийн нүглийг багтаадаг өргөн хүрээтэй ойлголт юм. Бузар булай нэг зуршил бузар булай өөр олон зуршлын үндэс болдог. Туйлын бузар булай, шалиг завхай юмыг ярьж зуршсан, энэ зуршлаа засдаггүй хүн хурлын гишүүн байх эрхгүй (2 Коринт 12:21; Эфэс 4:19; Тайлбар 23-ыг үзнэ үү).

11, 12. а) Яавал хов жив ярих аюултай вэ? б) Яагаад хүн гүтгэж болохгүй вэ?

11 Бид хов жив ярих ёсгүй. Ер нь, хүн бусдынхаа ямар байгааг мэдэхийг хүсдэг, ар гэр, найз нөхдийнхөө сонин сайхныг ярьдаг. Нэгдүгээр зууны Христийн дагалдагчид итгэл нэгтнүүдийнхээ ямар байгааг мэдэж, тус дэм болохыг хичээдэг байсан (Эфэс 6:21, 22; Колосай 4:8, 9). Гэхдээ бусдын тухай яриа хов жив болох нь амархан. Хэрэв сонссон мэдсэн юмаа яриад явбал үнэнээс зөрсөн юм ярих юм уу хүний хувийн хэргийг олонд зарлаж мэдэх юм. Ийм таагүй яриа цаашлаад гүтгэлэг болдог. Иймээс үгээ цэнэх хэрэгтэй. Фарисайчууд Есүсийг гүтгэн хийгээгүй юмыг нь хийсэн болгож ярьдаг байсан (Матай 9:32–34; 12:22–24). Гүтгэлгээс болж хүний нэр хүнд унадаг, хэрүүл маргаан гардаг, сэтгэл шархалдаг, найз нөхөд хөндийрдөг (Сургаалт үгс 26:20).

12 Ехова биднийг хүнд тустай, урам бадраах юм яриасай, найзуудыг эвдрэлцүүлэх юм бүү яриасай гэж хүсдэг. «Ах дүүсийн дунд эвдрэлцлийг тараагч» хүнийг Ехова үзэн яддаг (Сургаалт үгс 6:16–19). Хамгийн анхны гүтгэгч бол Бурхныг гүтгэсэн Сатан Диавол юм (Илчлэл 12:9, 10). Орчин үед хүмүүс бусдын тухай худал ярих нь жирийн явдал болжээ. Харин Бурхны ард түмний дунд ийм явдал гарах ёсгүй (Галат 5:19–21). Иймд үгээ цэнэж, ярихаасаа өмнө боддог байх хэрэгтэй. Хүний тухай ярихаасаа өмнө «Миний ярих гэж байгаа юм үнэн үү? Яриад байхаар сайхан юм мөн үү? Хүнд хэрэг болох уу? Би өөрт нь ингэж хэлж чадах уу? Миний тухай ингэж яривал надад ямар санагдах вэ?» гэж өөрөөсөө асуугаарай (1 Тесалоник 4:11-ийг уншина).

13, 14. а) Доромжилж гутаах нь ямар аюултай вэ? б) Гэрч хүн яагаад бусдыг харааж зүхэх ёсгүй вэ?

13 Заримдаа бид амаа барих юм хэлчихдэг. Гэхдээ бид хүн шүүмжилдэг, зэвүү хүргэм үг хэлдэг байж болохгүй. Хэнийг ч доромжлон гутаах ёсгүй. Паул: «Өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа боль» гэж хэлсэн (Эфэс 4:31). «Доромжлон гутаах» гэдгийг Библийн өөр орчуулгуудад «хараах», «хортой муу үг» гэх мэтээр орчуулжээ. Доромжлуулсан хүн өөрийгөө үнэлж хүндлэхээ больдог. Ялангуяа, хүүхэд их эмзэг байдаг учраас хүүхэдтэй харьцахдаа үгээ бодох хэрэгтэй (Колосай 3:21).

14 Хүнийг харааж зүхэх нь доромжлон гутааж байгаа их ноцтой хэрэг. Харааж зүхэхийг Библи буруушаадаг. Хань ижил, үр хүүхдээ харааж зүхдэг бол ямар харамсалтай вэ! Энэ зангаа засдаггүй хүн хурлын гишүүн байх эрхгүй (1 Коринт 5:11–13; 6:9, 10). Дүгнэж хэлэхэд, бид шалиг завхай, худал ташаа юм ярьдаг, хүйтэн цэвдэг үг хэлдэг бол Еховатай тогтоосон харьцаагаа сэвтүүлнэ, бусадтай эвтэй байж чадахгүй.

ДЭМ БОЛОХ ҮГ

15. Ямар үг хэлэх нь сайн бэ?

15 Яавал ярих чадвар гэдэг бэлгийг Еховагийн сэтгэлд нийцүүлж хэрэглэх вэ? Чухам ямар үг хэлж болох, болохгүйг Библид бичээгүй ч «дэм болох сайн юмыг л» ярьж бай гэсэн зөвлөгөө байдаг (Эфэс 4:29). Дэм болох үг цэвэр ариун, үнэн зөв, таатай байдаг. Ехова биднийг хүнд тустай, урам бадраах юм яриасай гэж хүсдэг. Энэ нь амаргүй байж болох юм. Хүйтэн цэвдэг, бодлогогүй үг хэлэх амархан байдаг бол зөв сайхан үг хэлэхийн тулд бодох хэрэг гардаг (Тит 2:8). Дэм болох үг хэлэх хэдэн аргыг авч үзье.

16, 17. а) Яагаад хүнийг магтах хэрэгтэй вэ? б) Ямар хүнийг магтах хэрэгтэй вэ?

16 Ехова Есүс хоёр бусдыг харамгүй магтдаг. Бид тэднийг дуурайх нь зүйтэй (Матай 3:17; 25:19–23; Ёохан 1:47). Чин сэтгэлээсээ магтаж урамшуулахын тулд тухайн хүнийг боддог, санаа тавьдаг байх хэрэгтэй. «Цагаа олсон үг юутай сайхан бэ!» гэж Сургаалт үгс 15:23-т бичсэн байдаг. Хичээл зүтгэл гаргадгийг маань эсвэл хийсэн ажлыг маань үнэлж магтахад урам зориг бадардаг (Матай 7:12-ыг уншина; Тайлбар 27-г үзнэ үү).

17 Бусдын сайхан зан чанарыг хардаг болбол чин сэтгэлээсээ магтахад илүү амар байдаг. Жишээ нь, илтгэлээ сайн бэлдэж тавьдаг эсвэл цуглаан дээр хариулахыг чармайдаг хүнийг, сургууль дээрээ итгэл үнэмшлээ зоригтой хамгаалдаг хүүхдийг, өндөр настай ч сайн мэдээ тогтмол тунхагладаг хүнийг та анзаарчээ. Тэдэнд урмын үг хэрэгтэй байж болох шүү дээ. Бас нөхөр хүн эхнэртээ хайртайгаа, хөдөлмөрийг нь үнэлдгээ хэлдэг байх нь их чухал (Сургаалт үгс 31:10, 28). Ургамалд гэрэл, ус хэрэгтэй байдаг шиг хүнд урмын үг хэрэгтэй. Ялангуяа, хүүхдэд урам хайрлаж байх нь зүйтэй. Сайхан зан чанар, хичээл зүтгэлийг нь магтах боломж хайж байгаарай. Хүүхдийг магтвал зоригтой, өөртөө итгэлтэй болж, зөв юм хийхийг илүү их хичээдэг.

Юуг, яаж хэлэхээ боддог бол бусдадаа урам хайрлана, тайвшруулна

18, 19. Яагаад бусдад урмын үг хэлэх, бусдыг тайвшруулах хэрэгтэй вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?

18 Бусдад урмын үг хэлдэг, тайвшруулдаг бол Еховаг дуурайж байгаа хэрэг. Ехова «дорд», «гэмшсэн» хүнд санаа тавьдаг (Исаиа 57:15). «Бие биеийнхээ урам зоригийг бадрааж», «гутарсан хүмүүсийг тайвшруулж» байгаасай гэж биднээс хүсдэг (1 Тесалоник 5:11, 14). Ийм байх гэж хичээж байгаа биднийг Ехова хараад их баярладаг.

19 Танай хуралд урам хугарсан, гутарсан хүн байгааг та анзаарч болох юм. Урам хайрлах юу хэлж болох бол? Бэрхшээлийг нь арилгаж чадахгүй ч санаа тавьдгаа үг яриа, үйл хэргээрээ мэдрүүлээрэй. Жишээ нь, цаг гаргаж, хамт байгаарай. Библиэс сэтгэл сэргээм зүйл уншиж, хамт залбирсан ч болно (Дуулал 34:18; Матай 10:29–31). Хурлынхныхаа хайр хүндлэлийг хүлээдэг хүн гэдгийг нь хэлээрэй (1 Коринт 12:12–26; Яаков 5:14, 15). Гэхдээ зүгээр хэлээд л болчихгүй, итгэл нэгтнээ үнэн голоосоо хайрладаг байх хэрэгтэй (Сургаалт үгс 12:25-ыг уншина).

20, 21. Ямар зөвлөгөөг хүлээж авахад амар байдаг вэ?

20 Зөвлөгөө өгөх нь дэм болох сайн юм ярьж байгаа хэрэг. Төгс бус хүнд хааяа зөвлөгөө хэрэг болдог. Сургаалт үгс 19:20-д «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» гэж байдаг. Ахлагчид ч, бусад хүн ч зөвлөгөө өгч болох юм. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй (Эфэс 6:4). Гэрч эмэгтэйчүүд бие биедээ зөвлөж болно (Тит 2:3–5). Бид итгэл нэгтнүүдээ хайрладаг учраас таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр зөвлөгөө өгөх нь зүйтэй. Үүний тулд яах хэрэгтэй вэ?

21 Бусдын өгсөн зөвлөгөөг та амархан хүлээж авч байсан уу? Яагаад амархан хүлээж авсан юм бол? Тэр хүний чин сэтгэлийн хайрыг мэдэрснийх байх. Эсвэл тэр хүн сэтгэлээсээ хандаж, эелдэг байсан байх (Колосай 4:6). Зөвлөгөө нь Библийн үндэстэй байсан байж таарна (2 Тимот 3:16). Библиэс эш татах ч бай, үгүй ч бай, бид заавал Библид үндэслэсэн зөвлөгөө өгөх учиртай. Хэн ч өөрийнхөө бодлыг бусдад тулгах юм уу хувийн үзлээ зөвтгөх гэж Библийн зүйлийн утга санааг гажуудуулах ёсгүй. Ямар зөвлөгөөг хүлээж авахад амар байсныг санаж байх нь бусдад зөвлөгөө өгөхөд хэрэг болно.

22. Та ярих чадвар гэдэг бэлгээ яаж хэрэглэх вэ?

22 Ярих чадвар бол Бурхны өгсөн бэлэг билээ. Бурхныг хайрладаг хүн энэ бэлгийг зөв хэрэглэхийг хүсдэг. Үг яриа хүний сэтгэлийг шархлуулах ч хүчтэй, дэм болох ч тустай гэдгийг бүү мартаарай. Бусдад сэтгэлийн дэм болох, урмын үг хэлж байхыг ямагт хичээцгээе.