Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 2

Мөс сайтай байж Бурхнаараа хайрлуулъя

Мөс сайтай байж Бурхнаараа хайрлуулъя

«Хүний мөсөөр сайн бай» (1 ПЕТР 3:16).

1, 2. Газар мэдэхгүй хүнд зүг чиг заагч яагаад хэрэгтэй вэ? Ехова бидэнд юу өгсөн бэ?

 ТА ӨРГӨН уудам элсэн цөлд аялж явна. Хүчтэй салхины улмаас газрын байдал байнга өөрчлөгдөнө. Ийм газар төөрөх их амархан. Тэгвэл зүг чигээ яаж олох вэ? Сайн газарчин юм уу луужин, нар, од, газрын зураг, байршил тогтоогч (GPS) гэх мэтийн зүг чиг заах ямар нэг юм заавал хэрэгтэй. Зүг чиг заагчтай бол төөрөхгүй, амиа алдахгүй.

2 Бид бас амьдралд тулгардаг олон саад бэрхшээлийн дунд төөрөх нь бий. Гэхдээ Ехова бидэнд саад бэрхшээлийг давахад туслах гэж мөс чанар өгсөн (Яаков 1:17). Мөс чанар гэж юу вэ? Хүнийг яаж удирдаж чиглүүлдэг вэ? Мөс чанараа яаж сургах вэ? Бас бусдын мөс чанарыг яагаад бодож үзэх хэрэгтэй вэ? Мөс чанараа цэвэр байлгах нь амьдралд ямар тустай вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.

МӨС ЧАНАР ГЭЖ ЮУ ВЭ? ХҮНИЙГ ЯАЖ УДИРДАЖ ЧИГЛҮҮЛДЭГ ВЭ?

3. Мөс чанар гэж юу вэ?

3 Мөс чанар бол зөв бурууг ялгах мэдрэмж юм. Ехова мөс чанарыг хүнд бэлэг болгож өгсөн. Энэ мэдрэмжийг Библид «хүн чанар», «хүний мөс», «сайн мууг ялгах төрөлхийн чадвар» гэх зэргээр бас бичдэг. Сайн мөс чанартай бол сэтгэл мэдрэмжээ шударгаар шалгаж, өөрийгөө зөв дүгнэж чаддаг. Сайн мөс чанар сайн үйл хэрэгт хөтөлдөг, муу юм хийхээс сэрэмжлүүлдэг. Зөв шийдвэр гаргахад мөс чанар тайван байдаг бол буруу шийдвэр гаргахад шаналж өвддөг (Тайлбар 5-ыг үзнэ үү).

4, 5. а) Адам Ева хоёр мөс чанараа тоогоогүй учраас яасан бэ? б) Мөс чанар яаж ажилладаг вэ? Жишээ татна уу.

4 Мөс чанараараа удирдуулах эсэхээ хүн бүр шийдэх эрхтэй. Адам Ева хоёр мөс чанараа тоогоогүй учраас нүгэл үйлдсэн. Дараа нь тэд буруугаа ойлгосон ч дэндүү оройтсон байлаа. Бурхны үгийг аль хэдийн зөрччихсөн байв (Эхлэл 3:7, 8). Тэд Бурханд дуулгаваргүй байх нь буруу гэдгийг мэддэг, бас төгс мөс чанартай хүмүүс байсан ч мөс чанараа тоогоогүй юм.

5 Харин төгс бус ч гэлээ мөс чанартаа захирагдаж чадсан хүмүүс байдаг. Тэдний нэг нь Иов юм. Иов зөв шийдвэр гаргадаг байсан учир «Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй» гэж хэлжээ (Иов 27:6). «Зүрх» гэдгээр мөс чанар буюу сайн мууг ялгах төрөлхийн чадвараа хэлсэн. Харин Давид мөс чанараа тоолгүй Еховад дуулгаваргүй загнасан. Гэхдээ дараа нь «сэтгэл нь ихэд зовов» гэж Библид байдаг. Өөрөөр хэлбэл, Давид их шаналсан (1 Самуел 24:5). Энэ бол буруу юм хийснийг нь мөс чанар нь хэлсэн хэрэг юм. Давид мөс чанартаа захирагдсан учир алдаагаа давтаагүй.

6. Мөс чанар бол бүх хүнд Бурхны өгсөн бэлэг гэж яагаад хэлж болох вэ?

6 Ехова Бурхныг мэддэггүй хүмүүс ч сайн мууг ялгаж мэддэг. Библид «Тэд оюун ухаанаараа өөрсдийгөө буруутгадаг эсвэл зөвтгөдөг нь сайн мууг ялгах төрөлхийн чадвартай гэсэн үг» гэж бичсэн байдаг (Ром 2:14, 15). Жишээ нь, хүний амь хөнөөх, хулгай хийхийг буруу гэж ихэнх хүн мэддэг. Энэ нь Ехова Бурхны өгсөн, сайн мууг ялгах төрөлхийн чадвартаа өөрийн мэдэлгүй захирагдаж байгаа хэрэг. Бас зөв шийдвэр гаргахад туслах зорилгоор Еховагийн тогтоосон зарчмыг баримталж байгаа хэрэг.

7. Мөс чанар яагаад заримдаа буруу зүг рүү залдаг вэ?

7 Гэхдээ мөс чанар заримдаа буруу зүг рүү залдаг. Яагаад гэвэл төгс бус хүн Бурханд таалагддаггүй юмыг боддог, буруу мэдэрдэг талтай. Үүнээс болоод буруу шийдвэр гаргаж мэднэ. Хүн хар аяндаа сайн мөс чанартай болдоггүй (Эхлэл 39:1, 2, 7–12). Иймээс сургах хэрэгтэй. Ехова мөс чанараа сургахад маань тусалж агуу хүчээ өгдөг. Бас Библийн зарчмыг заадаг (Ром 9:1). Тэгвэл мөс чанараа яаж сургахыг мэдэж авъя.

МӨС ЧАНАРАА СУРГАХ

8. а) Сэтгэл мэдрэмж мөс чанарт яаж нөлөөлж болзошгүй вэ? б) Шийдвэр гаргахаасаа өмнө юуны тухай бодох нь зөв бэ?

8 Мөс чанараараа удирдуулах гэдгийг зарим хүн сэтгэл зүрхээ дагах гэж ойлгодог. Зөв гэж бодож байгаа бол хүссэнээ хийж болно гэдэг. Гэхдээ төгс бус хүн заримдаа буруу мэдэрч үүнээсээ болж алддаг. Хүний сэтгэл мэдрэмж их хүчтэй байдаг учир мөс чанарыг буруу ажиллуулах нь бий. «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» гэж Библид бичсэн байдаг (Иеремиа 17:9). Иймээс буруу юмыг ч зөв гэж боддог болж мэднэ. Жишээ нь, Паул Христийн дагалдагч болохоосоо өмнө Христийн дагалдагчдыг харгисаар хавчдаг, үүнийгээ ч зөв гэж үздэг байв. Өөрийгөө сайн мөс чанартай гэж бодож байжээ. Гэхдээ хожим нь «Намайг шүүдэг нэгэн бол Ехова» гэж хэлсэн (1 Коринт 4:4; Үйлс 23:1; 2 Тимот 1:3). Хийсэн хэргийг нь Ехова юу гэж үздэгийг мэдээд өөрчлөгдөх хэрэгтэйгээ ухаарсан. Тэгэхээр бид ямар нэг юм хийхээсээ өмнө «Ехова намайг юу хийгээсэй гэж хүсдэг бол?» гэж бодож байх хэрэгтэй.

9. Бурхнаас эмээх гэж яахыг хэлдэг вэ?

9 Хүн хайртай хүнийхээ дургүйг хүргэхгүй байхыг хичээдэг. Бид Еховаг хайрладаг учраас таалалд нь нийцдэггүй юм хийхгүйг хичээдэг. Ингэж Еховагаас эмээх нь их чухал. Нехемиагаас ихийг сурч болно. Нехемиа амбан захирагчийн эрх мэдлээ урвуулан ашиглаж эд хөрөнгөтөй болъё гэж бодоогүй. Үүнийхээ учрыг тайлбарлаж «Би Бурханаас эмээсэн» гэж хэлжээ (Нехемиа 5:15). Нехемиа Еховад таалагдахгүй юм хийхийг огт хүсээгүй. Бид Нехемиаг дуурайж, Еховагаас эмээж сэтгэлд нь нийцэхгүй юм хийх вий гэж болгоомжлох ёстой. Еховад юу таалагддагийг мэдэхийн тулд Библийг унших хэрэгтэй (Тайлбар 6-г үзнэ үү).

10, 11. Согтууруулах ундаа уух эсэхээ шийдэхэд тус болох ямар ямар зарчим Библид байдаг вэ?

10 Жишээ татъя. Ехова Бурхныг шүтдэг хүн согтууруулах ундаа уух эсэхээ шийдэх гэж байна. Зөв шийдвэр гаргахад ямар зарчим хэрэг болох вэ? Цөөн хэдийг дурдъя. Согтууруулах ундаа уухыг Библид буруушаадаггүй. Дарс бол Бурхны өгсөн бэлэг гэж Библид байдаг (Дуулал 104:14, 15). Гэхдээ «хэтрүүлэн уухгүй» байхыг Есүс дагалдагчдадаа захисан (Лук 21:34). Бас Паул «эмх замбараагүй найрлан цэнгэх, архидан согтуурах» явдлаас хол байхыг зөвлөсөн (Ром 13:13). Архичин хүнийг Бурхны «Хаант төрд багтахгүй» гэж хэлсэн (1 Коринт 6:9, 10).

11 Тэгэхээр «Архи дарс миний хувьд хэр зэрэг чухал бэ? Заавал ууж байж амарч тайвширдаг уу? Зоригоо чангалах гэж уудаг уу? Хэзээ, хэр зэрэг уухаа хянаж чаддаг бил үү? * Архи дарсгүйгээр найз нөхөдтэйгөө сайхан хөгжилдөж чаддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Зөв шийдвэр гаргахад туслахыг Еховагаас гуйгаарай (Дуулал 139:23, 24-ийг уншина). Ингэвэл сайн мууг ялгах чадвараа Библийн зарчмын дагуу илүү сайн хөгжүүлнэ. Гэхдээ ингээд л бүх юм болчихгүй.

БУСДЫН МӨС ЧАНАРЫГ ХҮНДЭТГЭХ

12, 13. Хүн бүрийн мөс чанар яагаад өөр байдаг вэ? Өөр мөс чанартай хүнд яаж хандах хэрэгтэй вэ?

12 Хүн бүрийн мөс чанар адилгүй. Нэг хүний хийж болно гэж боддог юмыг нөгөө нь болохгүй гэж боддог байж мэднэ. Жишээ нь, согтууруулах ундаа уудаг хүн байхад ууж болохгүй гэж үздэг хүн байдаг. Энэ хоёр хүн яагаад өөр өөр үзэл бодолтой байдаг юм бол?

Мөс чанараа сайн сургавал согтууруулах ундаа уух эсэхээ зөв шийднэ

13 Ер нь хүний үзэл бодолд өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, үзэж туулсан амьдрал гэх мэтийн олон зүйл нөлөөлдөг. Өмнө нь архи дарс уудаг байсан хүн дахиж уухгүй байхаар шийдсэн байж болох юм (Хаадын дээд 8:38, 39). Та нэг хүнд согтууруулах ундаа өгчээ гэж бодъё. Тэр хүн уухгүй гэвэл та яах вэ? Гомдох уу? Шахах уу? Эсвэл уухгүй байгаагийнх нь учрыг мэдэх гэж шалах уу? Нөгөө хүний мөс чанарыг хүндэтгэдэг бол тэгэхгүй.

14, 15. Паулын үед ямар асуудал гарсан бэ? Паул ямар зөвлөгөө өгсөн бэ?

14 Хүн хүний мөс чанар өөр байдгийг элч Паулын үед болсон нэг явдал харуулдаг. Тэр үед шүтээнд тахил болгон өргөсөн махыг дараа нь зах дээр зардаг байжээ (1 Коринт 10:25). Паул ийм махыг захаас худалдаж аваад хүнсэнд хэрэглэхийг буруу биш, бүх хоол хүнсийг Еховагийн бүтээл гэж үздэг байв. Харин Христийн дагалдагч болохоосоо өмнө шүтээн шүтдэг байсан хүмүүс үүнд өөрөөр хандаж, ийм мах идэхийг буруу гэж бодож байлаа. Тэгвэл Паул: «Миний мөс чанар өвдөхгүй юм чинь би хүссэнээ иднэ» гэж бодсон уу?

15 Үгүй ээ, тэгж бодоогүй. Итгэл нэгтнүүдийнхээ сэтгэлд сэв суулгахыг хүсээгүй учир эрх ашгаа хойш нь тавьжээ. Паул: «Өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэх учиргүй» гэж бидэнд захиад «Яагаад гэвэл Христ ч өөрийнхөө таалалд нийцүүлээгүй юм» гэж тайлбарласан (Ром 15:1, 3). Паул хар амиа бодохын оронд Есүсийг дуурайн бусдыг боддог байсан (1 Коринт 8:13; 10:23, 24, 31–33-ыг уншина).

16. Итгэл нэгтнээ мөс чанараас нь болж яагаад буруутгаж болохгүй вэ?

16 Тэгвэл бидэнд буруу гэж санагддаг юмыг өөр хүн буруу гэж боддоггүй бол яах вэ? Тэр хүнийг шүүмжилж, өөрийнхөө бодлыг тулгахаас тун их болгоомжлох хэрэгтэй (Ром 14:10-ыг уншина). Ехова биднийг бусдыг буруутгаж шүүмжлээсэй гэж биш, харин өөрийнхөө үйлдлийг хянаж цэнээсэй гэж мөс чанар өгсөн шүү дээ (Матай 7:1). Бид хувийн үзлээсээ болж хуралдаа хагарал гаргахыг хүсдэггүй. Бие биеэ хайрлаж, эв нэгдлээ зузаатгахыг чармайдаг (Ром 14:19).

МӨС САЙТАЙ БАЙХЫН АЧ ТУС

17. Зарим хүний мөс чанар ямар болдог вэ?

17 Элч Петр: «Хүний мөсөөр сайн бай» гэж бичсэн (1 Петр 3:16). Еховагийн зааж өгсөн зарчмуудыг санаатай үл тоомсорлоод байвал мөс чанар мэдрэмжгүй болдог. Тийм мөс чанар «халуун төмөрт түлэгдсэн» арьс шиг болдог гэж Паул хэлсэн (1 Тимот 4:2). Та гараа түлж үзсэн үү? Түлэнхийнээс болоод гүн сорви үлдсэн бол тэр хэсгийн арьс мэдрэмжгүй болдог. Үүнтэй адилаар, хүн буруу юм хийхээ болихгүй бол мөс чанар нь «түлэгдэж», яваандаа мэдрэмжгүй болдог.

Сайн сургасан мөс чанар хүнийг удирдаж чиглүүлдэг, амар амгалан байлгаж, баяр баясгалан эдлүүлдэг

18, 19. а) Өөрийгөө буруутгах юм уу ичиж зовох сэтгэл яагаад төрдөг вэ? б) Гэмшсэн ч өөрийгөө буруутгаад байвал юуг санах хэрэгтэй вэ?

18 Өөрийгөө буруутгах бодол төрвөл буруу хэрэг хийснийг мөс чанар маань хэлж байж болох юм. Энэ нь хийсэн хэргээ ухаарч, дахиж хийхгүй байхад тустай. Бид сургамж авч, алдаагаа давтахгүй байхыг хүсдэг. Давид хааныг нүгэл үйлдэхэд мөс чанар нь буруу юм хийснийг нь хэлж байсан. Ийм учраас тэрээр гэмшиж, хийсэн хэргээ жигшиж, хойшдоо Еховад дуулгавартай байхаар шийдсэн. Ехова «сайн бөгөөд уучлахад бэлэн» гэдгийг Давид өөрийн биеэр үзсэн (Дуулал 51:1–19; 86:5; Тайлбар 7-г үзнэ үү).

19 Гэхдээ гэмшсэн хүн ч өөрийгөө буруутгасаар байж болох юм. Ийм хүн дотроо шаналж явдаг, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог. Танд бас үе үе тэгж санагддаг байж болох юм. Гэхдээ өнгөрснийг өөрчлөх аргагүй шүү дээ. Тухайн үед та юу нь зөв, юу нь бурууг мэдэж байсан ч бай, үгүй ч бай, Ехова таныг бүрмөсөн уучилж, тэр нүглийг мартсан. Тэгэхээр одоо таныг Ехова буруутайд тооцохгүй, тэгээд ч та буруу юм хийхгүй байгаа шүү дээ. Та өөрийгөө буруутгаж байж болох ч «Бурхан бидний зүрхнээс агуу» гэж Библид бичсэн байдаг (1 Ёохан 3:19, 20-ийг уншина). Энэ нь Бурхны хайр, өршөөл бидний өөрийгөө буруутгах юм уу ичиж зовох сэтгэлээс илүү хүчтэй гэсэн үг. Ехова таныг уучилсан гэдэгт итгэлтэй байгаарай. Ингэсэн цагт л сэтгэл амарч, баяр баясгалантай үйлчилдэг (1 Коринт 6:11; Еврей 10:22).

20, 21. а) Энэ ном ямар зорилготой вэ? б) Еховагийн өгсөн эрх чөлөөг яаж эдлэх вэ?

20 Мөс чанараа сургахад тань энэ ном тус болно. Сайн сургасан мөс чанар эцсийн энэ өдрүүдэд таныг буруу юмнаас сэрэмжлүүлж, хамгаална. Бас янз бүрийн нөхцөлд Библийн зарчмыг ажил хэрэг болгоход тус болно. Мэдээж, амьдралд тулгарах бүх асуудлыг жагсааж бичээд яах хэрэгтэйг энэ номд тайлбарлаагүй. Бид Бурхны тогтоосон зарчимд үндэслэдэг «Христийн хуулийг» сахиж амьдардаг (Галат 6:2). Иймд зарим асуудлаар Библид тодорхой хууль байдаггүй гэдгээр далимдуулж буруу юм хийдэггүй (2 Коринт 4:1, 2; Еврей 4:13; 1 Петр 2:16). Харин бид Еховад хайртайгаа батлахын тулд эрх чөлөөгөө эдэлдэг.

21 Библийн зарчмыг эргэцүүлж бодоод баримталбал «оюун ухаанаа дайчлан» Еховатай адилхан бодож сурна (Еврей 5:14). Үүний дүнд саад бэрхшээлийг давахад сайн удирдлага болох мөс чанартай болж, Бурхнаараа хайрлуулж явна.

^ Архинд донтсон хүмүүс тохируулж ууж чаддаггүй учир огт уухгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг.