Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 9

«Садар самуун явдлаас зугтагтун!»

«Садар самуун явдлаас зугтагтун!»

«Садар самуун, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» (КОЛОСАЙ 3:5).

1, 2. Балаам Еховагийн ард түмэнд яаж гай тарьсан бэ?

 ЗАГАСЧИН ямар загас барихаа шийдээд тэр загас байдаг газар луу явлаа. Тохирох өгөөшийг дэгээндээ хатгаад усанд хаяв. Тэгээд тэвчээртэй хүлээнэ. Загас өгөөшийг үмхмэгц загасчин уурганыхаа утсыг хураана.

2 Хүнийг бас загас барих мэт барьж болдог. Жишээ болгож нэг явдлыг үзье. Эртний израйлчууд Амласан газарт тулж очоод Моабын талд буудаллаад байлаа. Моабын хаан израйлчуудыг хараалгахаар Балаам гэдэг хүнд их мөнгө амлав. Балаам израйлчуудаар өөрсдөөр нь муу юм хийлгэж Бурхнаар нь хараалгах арга олжээ. Өгөөшөө их бодож байж сонгожээ. Израйл эрчүүдийг уруу татуулахаар моаб бүсгүйчүүдийг хуаран руу нь явуулав (Тооллого 22:1–7; 31:15, 16; Илчлэл 2:14).

3. Израйлчууд Балаамын өгөөшинд яаж хууртсан бэ?

3 Балаам ийм өгөөш тавиад зорилгодоо хүрсэн үү? Хүрсэн. Олон мянган израйл эр «Моабын охидтой завхайрсан». Бас олон хуурамч бурхныг, тэр дундаа Пеорын Баал гэдэг жигшүүртэй, сексийн бурхныг шүтэх болжээ. Үүний гайгаар, Амласан газар луу ордгийн даваан дээр 24 000 израйл хүн амиа алдсан юм (Тооллого 25:1–9).

4. Олон мянган израйл хүн яагаад садар самуун явдалд орооцолдсон бэ?

4 Яагаад ийм олон хүн Балаамын өгөөшинд хууртав аа? Тэд дур хүслээ л хангахыг бодсоор Еховагийн хийсэн бүхнийг мартжээ. Уг нь, Бурханд үнэнч байх их олон шалтгаан байсан. Бурхан тэднийг Египетийн боолчлолоос чөлөөлж, цөлд байхад нь тэжээж, Амласан газрын хилийг хүртэл аюулгүй явуулж ирсэн (Еврей 3:12). Гэсэн ч тэд уруу татагдаж садар самуун явдалд орооцолдов. Элч Паул: «Садар самуун явдалд орооцолдохгүй байцгаая. Тэдний зарим нь садар самуун явдалд орооцолдоод ... үхсэн» гэж бичжээ (1 Коринт 10:8).

5, 6. Моабын талд болсон явдал ямар сургамжтай вэ?

5 Шинэ ертөнц хаяанд тулж ирчихээд байна. Тэгэхээр биднийг Амласан газрын хил дээр ирчихээд байсан израйлчуудтай адилтгаж болно (1 Коринт 10:11). Өнөөгийн хүмүүс моабчуудаас ч илүү хормойн донтой болжээ. Энэ байдал Еховагийн ард түмэнд ч нөлөөлөх аюултай. Үнэндээ, Диаволын хэрэглэдэг хамгийн үр дүнтэй өгөөш бол садар самуун явдал юм (Тооллого 25:6, 14; 2 Коринт 2:11; Юуда 4).

6 Та өөрөөсөө «Дур хүслээ хангаж хоромхон зуурын таашаал эдлэх нь дээр үү? Эсвэл шинэ ертөнцөд үүрд мөнх жаргалтай амьдрах нь дээр үү?» гэж асуугаарай. «Садар самуун явдлаас зугтагтун!» гэж тушаасан Еховад дуулгавартай байх нь дээр биш гэж үү? (1 Коринт 6:18).

САДАР САМУУН ЯВДАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

7, 8. Садар самуун явдал гэж юу вэ? Яагаад ноцтой хэрэг вэ?

7 Өнөөдөр олон хүн эрээ цээрээ алдаж, бэлгийн амьдралын талаарх Бурхны хуулийг илт зөрчдөг болсон. Библид садар самуун явдал гэдгээр хууль ёсоор гэрлээгүй хүмүүсийн бэлгийн дур хүслээ хангах үйлдлийг хэлдэг. Бас ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаа, малтай хурьцах ч садар самуун явдал юм. Бэлгийн харьцаанд орох, ам болон хошногоор секс хийх, өөр хүний бэлэг эрхтнийг илж таалах зэрэг нь бэлгийн дур хүслээ хангах үйлдэл юм (Тайлбар 23-ыг үзнэ үү).

8 Садар самуун явдалтай хүн хурлын гишүүн байх эрхгүй гэдгийг Библи тодорхой хэлдэг (1 Коринт 6:9; Илчлэл 22:15). Ийм хүн өөрийгөө хүндлэхээ больдог, бусдын итгэлийг алддаг. Садар самуун явдал дандаа балаг дагуулдаг. Ийм юм хийсэн хүн өөрийгөө буруутгаж шаналдаг. Бас хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн харьцаандаа ан цав суулгах, өвчлөх, бүр амь насаа алдах гэх мэтийн үр дагавар амсдаг (Галат 6:7, 8-ыг уншина). Хэрэв хүн үр дагаврыг нь нухацтай бодвол садар самуун явдалд орооцолдохыг хүсэхгүй байх. Гэвч ихэнхдээ хүн дур хүслээ хангахыг л бодож явсаар садар самуунд орооцолдох анхны алхмыг хийчихдэг. Энэ алхам нь ихэвчлэн порно үзэхээс эхэлдэг.

АНХНЫ АЛХАМ БУЮУ ПОРНО ҮЗЭХ

9. Порно материал ямар аюултай вэ?

9 Порно материал нь хуял тачаал хөдөлгөх зорилготой. Орчин үед порно материалыг сэтгүүл, ном, дуу хөгжим, телевизийн нэвтрүүлэг, интернет гээд хаанаас л бол хаанаас үзэж болдог болжээ. Зарим хүн порно материалыг гэм хоргүй гэж боддог ч үнэндээ их аюултай. Порно үздэг хүн хормойн донтой, гаж хүсэлтэй болдог. Порно үздэг болбол яваандаа гар хангалга хийж зурших, гэр бүлийн харьцаандаа ан цав суулгах, бүр салж сарних аюултай (Ром 1:24–27; Эфэс 4:19; Тайлбар 24-ийг үзнэ үү).

Интернэт хэрэглэхдээ сэрэмжтэй, ухаалаг байгаарай

10. Яаков 1:14, 15-ын зарчим садар самуунаас хол явахад хэрхэн тус болох вэ?

10 Садар самуун явдалд хүн яаж татагддагийг ойлгох нь их чухал. Яаков 1:14, 15-д «Хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог. Тэгээд хүсэл нь үр тогтоож, нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэл болохоороо үхлийг төрүүлдэг» гэсэн сэрэмжлүүлэг байдаг. Ийм учраас буруу бодол толгойд орж ирмэгц тэр даруй авч хаях хэрэгтэй. Хуял тачаал хөдөлгөх юмыг санамсаргүй харчихвал шууд харц буруулаарай! Компьютероо унтраагаарай эсвэл зурагтынхаа сувгийг солиорой. Буруу хүсэлтэйгээ шийдэмгий тэмцээрэй. Хазаарлахгүй бол дийлдэхгүй шүү (Матай 5:29, 30-ийг уншина).

11. Буруу бодолтойгоо тэмцэхэд Ехова яаж тусалдаг вэ?

11 Ехова биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг. Иймээс бидний төгс бусыг ойлгодог. Бас биднийг буруу хүслээ ялж чадахыг мэддэг. Ехова: «Садар самуун, бузар булай явдал, тачаал, муу хүсэл, шүтээн шүтэхтэй зүйрлэм шуналаас хол байхын тулд биеийнхээ эрхтнүүдийг үхүүл» гэж хэлсэн (Колосай 3:5). Хэлснийг нь хийхэд амаргүй ч Ехова бидэнд тэвчээртэй хандаж, тусалдаг (Дуулал 68:19). Нэг Гэрч залуу порно үздэг, гар хангалга хийдэг болжээ. Сургуулийнх нь хүүхдүүд үүнийг шилжилтийн насныханд байх л зүйл гэж үздэг байжээ. Гэвч тэр залуу: «Ийм зуршлаас болж мөс чанар минь мэдрэмжээ алдаж, би садар самуун амьдрал руу халтиран орсон юм» гэж ярьсан. Тэгээд хүслээ захирч байх хэрэгтэйг ойлгоод Еховагаар туслуулж, муу зуршлаа хаяж чаджээ. Хэрэв танд ёс журамгүй юм бодогддог бол цэвэр ариун юм боддог болохын тулд Еховад залбирч «хэрээс хэтэрсэн хүч өгөхийг» гуйгаарай (2 Коринт 4:7; 1 Коринт 9:27).

12. Яагаад «зүрхээ хамгаалах» хэрэгтэй вэ?

12 Соломон: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэж захисан (Сургаалт үгс 4:23). «Зүрх» гэдгээр дотор хүнийг хэлжээ. Ехова дотор хүнийг их анхаардаг. Үзэж хардаг юм хүнд их хүчтэй нөлөөлдөг. Бурханд үнэнч Иов: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» гэж хэлсэн (Иов 31:1). Иовыг дуурайн юу үзэж хардгаа, юу боддогоо анхаарч хянаж байх хэрэгтэй. Бас «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» гэсэн дуулалчийг дуурайж залбирах хэрэгтэй (Дуулал 119:37).

ДИНА НАЙЗ НӨХРӨӨ БУРУУ СОНГОСОН

13. Дина ямар хүмүүстэй найзалсан бэ?

13 Найз нөхөд нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг. Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталдаг хүмүүстэй нөхөрлөвөл Бурхны хэм хэмжээг сахихад тань тус дэм болно (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33-ыг уншина). Найз нөхрөө зөв сонгох хэчнээн чухал байдгийг Динад тохиолдсон явдал харуулдаг. Дина бол Иаковын охин, Еховаг шүтдэг айлын хүүхэд юм. Өөрөө садар самуун явдалтай хүн биш боловч Еховаг шүтдэггүй канаан нутгийн охидтой дотносон найзлах болжээ. Канаанчууд бэлгийн амьдралын талаар Бурхны ард түмнийхээс огт өөр бодолтой, садар самуун явдлаараа зартай хүмүүс байв (Левит 18:6–25). Нэг удаа Дина найзуудтайгаа явж байгаад канаан нутгийн Шехем гэдэг залуутай танилцжээ. Тэр залууд Дина их таалагджээ. Шехем «эцгийнхээ гэрт хамгийн хүндтэй нь» гэгдэж байсан ч Еховаг хайрладаггүй хүн байв (Эхлэл 34:18, 19).

14. Динад юу тохиолдсон бэ?

14 Тэгээд Шехем жам ёсны, зөв гэж боддог юмаа хийжээ. Динад хүчтэй татагдсан учир түүнийг «авчирж ... бузарлав» (Эхлэл 34:1–4-ийг уншина). Энэ явдлаас болж Динад ч, гэрийнхэнд нь ч олон зовлон ар араасаа тохиолдсон юм (Эхлэл 34:7, 25–31; Галат 6:7, 8).

15, 16. Яавал мэргэн ухаантай болох вэ?

15 Ехова бидний л сайн сайхны төлөө ёс суртахууны хэм хэмжээ тогтоосон. Дина шиг алдаж байж үүнийг ойлгох хэрэгтэй гэж үү? «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» (Сургаалт үгс 13:20). Библийг судалж «сайн сайхан зам болгоныг ... ухаарах» зорилго тавиарай. Ингэвэл өөртөө гай тарихгүй, зовлон үзэхгүй (Сургаалт үгс 2:6–9; Дуулал 1:1–3).

16 Шийдвэр гаргахаасаа өмнө Бурхны Үгийг судалдаг, залбирдаг, бас итгэмжит ухаалаг боолын зөвлөгөөг дагадаг бол мэргэн ухаантай болно (Матай 24:45; Яаков 1:5). Бид бүгдээрээ төгс бус, алдаа дутагдалтай хүмүүс (Иеремиа 17:9). Тэгвэл таныг садар самуун явдалд орооцолдох аюулаас сэрэмжлүүлбэл яах вэ? Уурлаж гомдох уу, сануулгыг даруухнаар хүлээж авах уу? (Хаадын дэд 22:18, 19).

17. Итгэл нэгтний зөвлөгөө тус болдгийг жишээгээр хэлнэ үү.

17 Жишээ татъя. Гэрч эмэгтэйд хамт ажилладаг эрэгтэй нь анхаарал тавин, сайн ханддаг болж болзоонд урьжээ. Тэр эрэгтэй Еховаг шүтдэггүй боловч хүмүүжилтэй, сайн хүн шиг санагдана. Гэтэл тэдний болзоонд явж байгааг өөр нэг Гэрч эмэгтэй харжээ. Тэгээд нөгөө эмэгтэйг аюулаас сэрэмжлүүлжээ. Болзоонд явсан эмэгтэй яах бол? Өөрийгөө өмөөрөх болов уу, эсвэл цаад учрыг нь ойлгох болов уу? Уг нь, Еховаг хайрладаг, зөв юм хийхийг хүсдэг байх. Гэхдээ тэр залуутай уулзаад байвал «садар самуун явдлаас зугтаж байна» гэх үү? Эсвэл «зүрхэндээ итгэ[ж]» байгаа хэрэг болох уу? (Сургаалт үгс 22:3; 28:26; Матай 6:13; 26:41).

ИОСЕФЫГ ДУУРАЙЦГААЯ

18, 19. Иосеф яагаад садар самуунаас зугтаж чадсан бэ?

18 Иосеф гэдэг залуу Египетэд боол байв. Эзнийх нь эхнэр түүнийг өөртэй нь унтаач гэж өдөр бүр гуйдаг байжээ. Харин Иосеф ийм юм хийхийг буруу гэж мэддэг байсан. Иосеф Еховаг хайрладаг, сэтгэлд нь нийцүүлэхийг хүсдэг байв. Иймээс гуйх бүрд нь татгалзаж байлаа. Боол учраас эзнээ орхиж явах эрхгүй байсан. Нэг өдөр эзнийх нь эхнэр түүнтэй хүчээр унтах гэхэд Иосеф «гадагш зугтан гарав» (Эхлэл 39:7–12-ыг уншина).

19 Хэрэв Иосеф зохисгүй юмны тухай эсвэл тэр эмэгтэйн тухай бодолд автдаг байсан бол үйл явдал огт өөрөөр төгсөх байсан биз ээ. Харин Иосеф Еховатай тогтоосон харьцаагаа хамгийн чухалд үзэж байсан. Ийм ч учраас «Миний эзэн ... танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлдэг (Эхлэл 39:8, 9).

20. Ехова Иосефт баярласныг хаанаас мэдэх вэ?

20 Иосеф хайртай хүмүүс, гэр орноосоо хол байсан ч Еховад үргэлж үнэнч байжээ. Ехова ч түүнийг ивээсэн (Эхлэл 41:39–49). Үнэнч байсан Иосефт Ехова их баярласан (Сургаалт үгс 27:11). Садар самуун явдалд орооцолдохгүйн тулд тэмцэх хэрэгтэй. Тэмцэх амаргүй байдаг ч «Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг [«Үнэнч хүмүүсээ», ШЕ] хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг» гэдгийг санаж яваарай (Дуулал 97:10).

21. Гэрч залуу Иосефыг хэрхэн дуурайсан бэ?

21 Еховагийн ард түмэн «мууг үзэн яд[аж], сайныг хайрла[дгаа]» өдөр бүр баталдаг (Амос 5:15). Та хэдэн ч настай бай, Еховад үнэнч байж чадна. Нэг Гэрч залуугийн үнэнч эсэх нь соригджээ. Ангийнх нь охин тэр залууг математикийн шалгалтан дээр тусалбал өөртэй нь унтана гэжээ. Гэрч залуу яасан бол? Иосефынхтой адилхан шийдвэр гаргажээ. «Би тэр саналыг огт хүлээж аваагүй. Би Бурхандаа үнэнч байсны ачаар нэр хүндээ хугалалгүй, өөрийгөө хүндлэх сэтгэлээ гээгээгүй» гэж хэлсэн юм. Садар самуун үйлдээд «түр зуурын жаргал» эдэлж болох ч дараа нь сэтгэлийн шарх, зовлонтой хоцордог (Еврей 11:25). Харин Еховад дуулгавартай хүн үргэлж жаргалтай амьдардаг (Сургаалт үгс 10:22).

ЕХОВА ТАНД ТУСАЛНА

22, 23. Ноцтой нүгэл үйлдсэн хүнд Ехова хэрхэн тусалдаг вэ?

22 Сатан биднийг барих гэж садар самуун явдлыг өгөөш болгодог. Энэ өгөөшинд хууртахгүй байх амаргүй байж мэднэ. Буруу юм бодох үе хүн бүрд байдаг байх (Ром 7:21–25). Ехова үүнийг ойлгож, «тоос шороо» гэдгийг маань санаж байдаг (Дуулал 103:14). Гэхдээ Бурхны үйлчлэгч садар самуун явдалд орооцолдож, ноцтой нүгэл үйлдсэн бол яах вэ? Үнэн голоосоо гэмшвэл Ехова тусалдаг, «уучлахад бэлэн» байдаг (Дуулал 86:5; Яаков 5:16; Сургаалт үгс 28:13-ыг уншина).

23 Ехова бас «хүмүүсийг бэлэг болгон өгсөн». Бэлэг болгож өгсөн энэ хүмүүс бол биднийг хайрлан халамжилдаг ахлагчид юм (Эфэс 4:8, 12; Яаков 5:14, 15). Ахлагчдын тус дэмээр Еховатай эргээд дотно харьцаатай болдог (Сургаалт үгс 15:32).

«МЭРГЭН УХААНТАЙ» БАЙ

24, 25. «Мэргэн ухаантай» байх нь садар самуун явдлаас зугтахад ямар тустай вэ?

24 Зөв шийдвэр гаргахын тулд Еховагийн хууль ямар тустайг ойлгох хэрэгтэй. Бид Сургаалт үгс 7:6–23-т гардаг залуутай адил байхыг хүсэхгүй. Тэр залуу «ухаан муутай» учир садар самуун явдал гэдэг өгөөшинд хууртсан. Гэхдээ ухаантай байна гэдэг толгой сайтай байх гэсэн үг биш ээ. Мэргэн ухаантай хүн Бурхны үзэл бодлыг ойлгож, мэдсэн зүйлээ амьдралдаа мөрдлөгө болгохыг чармайдаг. «Мэргэн ухааныг олж авдаг нэгэн сэтгэлээ [«өөрийгөө», ШЕ] хайрлана. Ухааныг дээдэлдэг нэгэн сайныг олно» гэж байдгийг санаж яваарай (Сургаалт үгс 19:8).

25 Бурхны тогтоосон хэм хэмжээ зөв гэдэгт, тэр хэм хэмжээг баримталбал жаргалтай амьдарна гэдэгт та бат итгэдэг үү? (Дуулал 19:7–10; Исаиа 48:17, 18). Бат итгэдэггүй бол Ехова таны төлөө ямар сайн юм хийснийг эргэцүүлж бодоорой. «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз» (Дуулал 34:8). Сайн гэдгийг нь биеэрээ үзэхийн хэрээр Бурхныг улам их хайрладаг болно. Бурхны хайрладгийг хайрлаж, үзэн яддагийг үзэн ядаарай. Үнэн, зөв, цэвэр ариун, хайр татам, сайн юмыг бодож яваарай (Филиппой 4:8, 9). Ингэдэг бол мэргэн ухаант Еховагаар удирдуулахын үр шимийг үзсэн Иосеф шиг байна (Исаиа 64:8).

26. Дараагийн бүлгээс юуны тухай үзэх вэ?

26 Ехова таныг гэрлэсэн ч бай, ганц бие ч бай, жаргалтай сайхан амьдраасай гэж хүсдэг. Дараагийн хоёр бүлгээс гэр бүлээрээ жаргалтай амьдрахад юу тус болохыг мэдэж авъя.