Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 16

Диаволыг эсэргүүц

Диаволыг эсэргүүц

«Диаволыг эсэргүүц. Тэгвэл Диавол та нараас зайлна» (ЯАКОВ 4:7).

1, 2. Сатан болон чөтгөрүүдийн тухай юу мэдэх хэрэгтэй вэ?

 ЕХОВАГИЙН амласан шинэ ертөнцөд амьдрал сайхан болно. Тэр цагт бид Бурхны анх санаж зорьсны дагуу амьдарна. Харин одоо бид Сатан болон чөтгөрүүдийн гарт байдаг ертөнцөд амьдарч байна (2 Коринт 4:4). Тэд нүдэнд үзэгддэггүй боловч үнэхээр байдаг, бас маш их хүчтэй.

2 Энэ бүлгээр Еховатай яаж дотно харьцаатай байхыг, бас Сатанаас өөрийгөө яаж хамгаалахыг авч үзнэ. Ехова бидэнд тусална гэж амласан. Гэхдээ бид Сатан болон чөтгөрүүд ямар аргаар хуурч мэхэлдэг, дайрч довтолдгийг мэдэх хэрэгтэй.

«АРХИРАХ АРСЛАН»

3. Диавол ямар зорилготой вэ?

3 Хүн ашиг харж Бурхныг шүтдэг, бэрхшээл зовлон үзэхээрээ Бурханд үйлчлэхээ болино гэж Сатан хэлсэн (Иов 2:4, 5-ыг уншина). Сатан болон чөтгөрүүд Еховагийн тухай мэдэх гэсэн хүнийг анзаарч, саад хийхийг оролддог. Хэрэв хүн Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртвэл тэд уурлаж хилэгнэдэг. Библид Диаволыг «хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслантай» зүйрлэсэн байдаг (1 Петр 5:8). Сатан бидний Еховатай тогтоосон харьцааг үгүй хийхийг хүсдэг (Дуулал 7:1, 2; 2 Тимот 3:12).

Еховад өөрийгөө зориулахад Сатан уурлан хилэгнэдэг

4, 5. а) Сатан юу хийж чадахгүй вэ? б) «Диаволыг эсэргүүцэх» гэж яахыг хэлэх вэ?

4 Гэхдээ бид Сатан болон чөтгөрүүдээс айх шаардлагагүй. Ехова тэдний хүчинд хязгаар тогтоосон. Бас Христийн үнэнч дагалдагчдаас бүрдэх «үй олон хүнийг» «агуу их гамшгийг» эсэн мэнд давна гэж батлан хэлсэн (Илчлэл 7:9, 14). Еховаг энэ амлалтаа биелүүлэхэд Сатан саад хийж чадахгүй. Яагаад гэвэл Ехова ард түмнээ хамгаалдаг.

5 Биднийг Еховатай дотно харьцаатай байвал Сатан энэ харьцааг маань үгүй хийж чадахгүй. Бурхны Үгэнд «Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна» гэж бичсэн байдаг (Шастирын дэд 15:2; 1 Коринт 10:13-ыг уншина). Абел, Енох, Ноа, Сара, Мосе нарын эрт цагийн үнэнч хүмүүс Еховатай ойр дотно байж Диаволыг эсэргүүцсэн (Еврей 11:4–40). Бид ч бас эсэргүүцэж чадна. «Диаволыг эсэргүүц. Тэгвэл Диавол та нараас зайлна» гэж Бурхан батлан хэлсэн (Яаков 4:7).

«БИД ... ТЭМЦДЭГ»

6. Сатан яаж довтолдог вэ?

6 Ехова хүчинд нь хязгаар тогтоосныг Сатан мэддэг. Гэхдээ бидний Еховатай тогтоосон харьцааг сулруулахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Өнөө үед Диавол янз янзын аргаар довтолж, олон мянган жил хэрэглэсэн заль мэхээ хэрэглэдэг. Заримыг нь авч үзье.

7. Сатан яагаад Еховагийн ард түмэн рүү дайрдаг вэ?

7 Элч Ёохан: «Бүх ертөнц хорон муу нэгний эрхшээлд байдаг» гэж бичсэн (1 Ёохан 5:19). Сатан энэ ертөнцийг эрхэндээ байлгадаг. Еховагийн ард түмнийг ч эрхшээлдээ оруулахыг санаархдаг (Мика 4:1; Ёохан 15:19; Илчлэл 12:12, 17). Диавол өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэддэг болохоор хүн нэг бүрийг Бурханд үнэнч бус болгох гэж улайран дайрч байна. Заримдаа шууд довтолдог, заримдаа зальжин арга хэрэглэдэг.

8. Христийг дагадаг хүн бүр юуг ухамсарлах хэрэгтэй вэ?

8 Эфэс 6:12-т «Бид ... тэнгэр дэх чөтгөрүүдтэй тэмцдэг [«барилддаг», зүүлт]» гэсэн байдаг. Эндээс харахад Христийг дагадаг хүн бүр Диавол болон чөтгөрүүдтэй тэмцдэг байх нь. Еховад өөрийгөө зориулсан хэн боловч тулааны талбарт байдгаа сайтар ухамсарлах хэрэгтэй. Ийм ч учраас элч Паул Эфэс дэх дагалдагчдад илгээсэн захидалдаа «бат зогс» гэж гурван удаа бичжээ (Эфэс 6:11, 13, 14).

9. Сатан болон чөтгөрүүд биднийг яахыг оролддог вэ?

9 Сатан болон чөтгөрүүд биднийг янз бүрийн аргаар мэхлэхийг оролддог. Сатаны нэг арганд ороогүй бол өөр арганд нь орохгүй гэх баталгаа байхгүй. Сатан хүн бүрд тохирсон урхи тавихын тулд сул талыг нь олж мэдэхийг хичээдэг. Гэхдээ Диаволын хэрэглэдэг урхины талаар Библид бичсэн учраас бид урхидуулахгүй байж чадна (2 Коринт 2:11; Тайлбар 31-ийг үзнэ үү). Сатаны хэрэглэдэг нэг урхи бол биднийг чөтгөрүүдтэй харьцаатай байлгах явдал юм.

ЧӨТГӨРҮҮДЭЭС ХОЛ БАЙГААРАЙ

10. а) Чөтгөрүүдтэй харьцах гэж яахыг хэлдэг вэ? б) Чөтгөрүүдтэй харьцахыг Ехова юу гэж үздэг вэ?

10 Чөтгөрүүдтэй харьцах гэдэг нь мэргэлэх, ид шид үйлдэх, хараал шившлэг хийх, сүнс дуудах гэх зэргийн далдын хүчтэй холбоотой үйлдэл хийхийг хэлдэг. Чөтгөрүүдтэй харьцах нь «жигшүүртэй» бөгөөд Еховаг шүтдэг хүн чөтгөрүүдтэй холбоо тогтоож болохгүй гэж Библид бичсэн байдаг (Дэд хууль 18:10–12; Илчлэл 21:8). Бурхны үйлчлэгчид чөтгөрүүдтэй холбоотой бүх юмнаас хол байх ёстой (Ром 12:9).

11. Далдын хүчийг сонирхох нь ямар аюултай вэ?

11 Хэрэв бид далдын хүчийг сонирхож эхэлбэл урхинд нь амархан орж чөтгөрүүдтэй харьцана гэдгийг Сатан мэддэг. Чөтгөрүүдтэй ямар нэг байдлаар харьцвал Еховатай тогтоосон харьцаагаа эвдэн бусниулна.

САТАНЫ ЗАЛЬ МЭХ

12. Сатан хүний үзэл бодлыг яаж өөрчилдөг вэ?

12 Сатан хүний үзэл бодлыг гажуудуулахын тулд эргэлзээ төрүүлдэг. Үзэл бодол нь гажуудсан хүн «мууг сайн, сайныг муу» гэж бодоход хүрдэг (Исаиа 5:20). Библийн зөвлөгөө хоцрогдсон, Бурхны хэм хэмжээг баримтлахгүй бол харин ч жаргалтай амьдарна гэсэн үзлийг Диавол тараадаг.

13. Сатан эргэлзээ төрүүлэх аргыг яаж хэрэглэж ирсэн бэ?

13 Эргэлзээ төрүүлэх нь Сатаны хэрэглэдэг хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Энэ аргаа олон мянган жил хэрэглэж байна. Жишээ нь, Еден цэцэрлэгт байсан Евад эргэлзээ төрүүлэхийн тулд Сатан: «Энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуудаг (Эхлэл 3:1). Хожим нь Иовын үед тэнгэрийн элчүүдийн өмнө «Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?» гэж Еховагаас асуусан (Иов 1:9). Есүсийг баптисм хүртсэний дараа түүнийг сорьж «Хэрэв чи Бурхны хүү юм бол энэ чулуунуудад “Талх бол” гэж хэл л дээ» гэж хэлсэн (Матай 4:3).

14. Хүмүүс чөтгөрүүдтэй харьцахыг аюулгүй гэж яагаад боддог вэ?

14 Одоо ч Диавол эргэлзээ төрүүлэхийг оролддог. Чөтгөрүүдтэй харьцах зарим хэлбэрийг гэм хоргүй юм мэтээр ойлгуулдаг. Үүнээс болоод хүмүүс чөтгөрүүдтэй харьцахыг буруу гэж бодохоо больдог. Бурханд үйлчилдэг хүн ч ийм урхинд оржээ (2 Коринт 11:3). Тэгвэл өөрийгөө яаж хамгаалах вэ? Сатанд хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Сатаны урхи байж мэдэх хоёр зүйлийг ярилцъя. Тодруулбал, үзэж харах, уншиж сонсох зүйл болон эмчилгээний талаар авч үзье.

САТАН БИДНИЙ ХҮСЛЭЭР ДАЛИМДУУЛДАГ

15. Юунаас болоод чөтгөрүүдийн нөлөөнд автаж мэдэх вэ?

15 Өнөө үед кино, видео, телевизийн нэвтрүүлэг, компьютерийн тоглоом, интернэтийн саитуудад чөтгөрүүд, ид шид, далдын хүчний тухай их гардаг болжээ. Хүмүүс ийм юмыг үзэж харахад буруудахгүй гэж боддог, чөтгөрүүдийн нөлөөнд автахын аюулыг ойлгодоггүй. Түүнээс гадна, зурхай сонирхох, алганы хээ, хөзөр, шагайгаар мэргэлэх, чулуу болон эрх татах, зоос гүйлгэх, дал түлэх гэх зэргээр чөтгөрүүдтэй харьцаж мэдэх юм. Сатан, чөтгөрүүдтэй харьцахын аюулыг нууж, ер бусын, сонирхолтой, зугаатай юм мэтээр ойлгуулдаг. Чөтгөрүүдтэй шууд харьцах нь л аюултай болохоос, чөтгөрүүд юм уу далдын хүчийг үзүүлж харуулдаг юмыг сонирхох нь буруу биш гэж хүмүүс бодож мэднэ. Ингэж бодох нь яагаад аюултай вэ? (1 Коринт 10:12).

16. Яагаад далдын хүчийг харуулсан юмыг үзэж харах, уншиж сонсох ёсгүй вэ?

16 Сатан болон чөтгөрүүд хүний бодлыг уншиж чадахгүй. Гэхдээ биднийг дор бүрнээ болон гэр бүлээрээ юу үзэж хардаг, уншиж сонсдогийг ажиглаж байгаад хүсэл эрмэлзэл, үзэл бодлыг маань мэдэж авдаг. Хэрэв бид ид шид, хараал шившлэг, чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс, шулам, цус сорогч гэх мэтийн тухай кино, дуу хөгжим, номыг сонговол Сатан болон чөтгөрүүд өөрсдийг нь сонирхож байгааг мэдчихнэ. Тэгээд биднийг чөтгөрүүдтэй харьцдаг болгох гэж улам бүр улайрна (Галат 6:7-г уншина).

17. Сатан эрүүл саруул байх гэсэн хүслээр маань далимдуулан яаж мэдэх вэ?

17 Сатан эрүүл саруул байх гэсэн хүслээр маань далимдуулан биднийг мэхэлж мэднэ. Одоо өвдөж зовдог хүн олон болсон. Ямар ч эмчилгээ хийлгээд үр дүнгүй байж болох юм (Марк 5:25, 26). Аргаа барсан хүн юу ч хийхээс буцахгүй болж мэднэ. Гэхдээ Бурхны үйлчлэгч хүн «бузар гэм» буюу ид шид, далдын хүчтэй холбоотой эмчилгээ сонгохгүйн тулд няхуур хандах хэрэгтэй (Исаиа 1:13).

Өвдөж зовсон үедээ Еховад найдаарай

18. Бурхны үйлчлэгч ямар эмчилгээ хийлгэдэггүй вэ?

18 Эртний Израйлд ид шид үйлддэг, далдын хүч ашигладаг хүмүүс байжээ. Тиймээс Ехова тэдэнд «Та нар гараа өргөх үед, Би та нараас мэлмийгээ нууна. Тийм ээ, та нар олонтаа залбирсан ч Би сонсохгүй» гэж хэлсэн (Исаиа 1:15). Ехова тэдний залбирлыг сонсохыг ч хүсээгүй гээд бод доо. Бид Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахыг огт хүсдэггүй. Ялангуяа, өвдөж зовоод Еховагийн тус дэм юу юунаас илүү хэрэгтэй үед тийм юм хийхийг бүр ч хүсдэггүй (Дуулал 41:3). Иймээс хийлгэх гэж байгаа эмчилгээ маань далдын хүч юм уу чөтгөрүүдтэй холбоотой эсэхийг магадлах ёстой (Матай 6:13). Холбоотой байж болзошгүй бол хийлгэхгүй байх хэрэгтэй (Тайлбар 32-ыг үзнэ үү).

ЧӨТГӨРҮҮДИЙН ТУХАЙ ЯРИА

19. Хүмүүс юунаас болоод Диаволаас айдаг вэ?

19 Зарим хүн Диавол болон чөтгөрүүдийг үлгэр домгийн баатар төдийхнөөр ойлгодог. Харин зарим нь Диавол болон чөтгөрүүд үнэхээр байдгийг туршлагаасаа мэддэг. Бас олон хүн чөтгөрүүдээс айж явдаг, мухар сүсэгт итгэдэг. Чөтгөрүүд хүмүүст ямар хор учруулсныг ярьж бусдыг айлгадаг хүн ч бий. Ер нь, хүмүүс чөтгөрүүдийн тухай яриаг их сонирхдог, бусдад ярих дуртай байдаг. Иймэрхүү ярианаас болоод хүмүүс Диаволаас айдаг.

20. Яавал Сатаны худал хуурмагийг тараасан болох вэ?

20 Хүмүүс өөрөөс нь айж явбал Сатан баярладаг (2 Тесалоник 2:9, 10). Сатан бол худалч. Чөтгөрүүдтэй харьцахыг сонирхдог хүмүүсийг яаж татахаа, тэднийг үнэнд нийцэхгүй юманд яаж итгүүлэхээ мэддэг. Чөтгөрүүдийг сонирхдог хүмүүс өөрсдөө үзсэн, сонссон гэж итгэдэг юмаа бусдад ярьдаг байж болох юм. Тэр яриа нь олны ам дамжсаар, нэмэр хачиртай болдог. Харин бид иймэрхүү юм ярьж хүмүүсийг айлгаж Сатаныг баярлуулахыг хүсдэггүй (Ёохан 8:44; 2 Тимот 2:16).

21. Чөтгөрүүдийн тухай ярихын оронд юу ярих хэрэгтэй вэ?

21 Бурхны үйлчлэгч хүн өмнө нь чөтгөрүүдтэй харьцаж үзсэн байлаа ч энэ тухайгаа сонин болгож ярьдаггүй. Еховагийн ард түмэн Сатан болон чөтгөрүүдийг юу ч хийсэн, айх хэрэггүй. Харин ч Есүсийг анхаарч, Ехова түүнд хүч чадал, эрх мэдэл өгснийг бодох хэрэгтэй (Еврей 12:2). Есүс шавь нартаа чөтгөрүүдийн тухай сонин болгож ярьдаггүй байсан. Гол нь, Хаант төрийн тухай мэдээ болон «Бурхны хүчирхэг үйлсийн» талаар ярьдаг байсан (Үйлс 2:11; Лук 8:1; Ром 1:11, 12).

22. Та яахаар шийдсэн бэ?

22 Сатан Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулах зорилготойг мартахгүй байцгаая. Сатан зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Гэхдээ бид Диаволын арга залийг мэддэг. Бас чөтгөрүүдтэй ямар ч байдлаар харьцахгүй гэж бат шийдсэн. Энэ шийдвэрээсээ няцахгүйн тулд «Диаволд боломж ... өгөхгүй» байцгаая (Эфэс 4:27-г уншина). Диаволыг эсэргүүцвэл түүнд хууртахгүй, Еховагаар хамгаалуулж аюулгүй байна (Эфэс 6:11).