Skip to content

Гарчиг руу орох

Тайлбар

Тайлбар

 1. ЗАРЧИМ

Бурхны хууль нь зарчимд үндэслэдэг. Зарчим буюу хувиршгүй үнэнийг Библиэс мэдэж болдог. Зарчмыг мэддэг болбол Бурхны үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгоно. Зөв шийдвэр гаргахад, зөв юм хийхэд зарчим тусалдаг. Ялангуяа, Бурхны хуульд тодорхой заагаагүй асуудлыг шийдэхэд тустай.

Бүлэг 1, догол мөр 8

 2. ДУУЛГАВАРТАЙ БАЙХ

Еховад дуулгавартай байх гэдэг хэлснийг нь дуртайяа хийх гэсэн үг юм. Бурхан биднийг хайрандаа хөтлөгдөн дуулгавартай байгаасай гэж хүсдэг (1 Ёохан 5:3). Бурханд хайртай, итгэж найддаг хүн ямар ч үед зөвлөгөөг нь дагадаг. Дуулгавартай байхад амаргүй үед ч дуулгавартай байдаг. Еховад дуулгавартай байх нь бидэнд л сайн. Яагаад гэвэл одоо яаж сайхан амьдрахыг Ехова зааж өгдөг. Бас ирээдүйд их ивээл хүртээхээ амладаг (Исаиа 48:17).

Бүлэг 1, догол мөр 10

 3. СОНГОХ ЭРХ ЧӨЛӨӨ

Ехова хүн бүрд сонгох эрх чөлөө буюу шийдвэр гаргах чадвар өгсөн. Бурхан хүнийг робот шиг байхаар бүтээгээгүй (Дэд хууль 30:19; Иошуа 24:15). Бид сонгох эрх чөлөөгөө эдэлж зөв шийдвэр гаргах чадвартай. Гэхдээ ухаалаг байхгүй бол буруу шийдвэр гаргах аюултай. Хүн сонгох эрх чөлөөтэй учраас Еховад үнэнч байх эсэхээ, хайртай гэдгээ батлан харуулах уу үгүй юү гэдгээ өөрөө шийдэх ёстой.

Бүлэг 1, догол мөр 12

 4. ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ

Ехова ёс суртахууны хэм хэмжээ тогтоосон. Өөрөөр хэлбэл, биеэ хэрхэн авч явах талаар заавар зөвлөгөө өгсөн. Бид Библийг судлаад энэ хэм хэмжээг нь мэдэж авч, яавал амьдралаа сайн сайхан авч явахыг ойлгодог (Сургаалт үгс 6:16–19; 1 Коринт 6:9–11). Тогтоосон хэм хэмжээг нь мэддэг бол Бурхан юуг зөв, юуг буруу гэж үздэгийг ялгаж салгадаг болно. Бас зөв шийдвэр гаргадаг, хүнийг хайрладаг, сайн сайхныг нь боддог хүн болно. Одоо хүмүүсийн ёс суртахуун улам бүр доройтож байгаа ч Еховагийн хэм хэмжээ өөрчлөгдөөгүй (Дэд хууль 32:4–6; Малахи 3:6). Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримталбал бие, сэтгэлийн зовлон үзэхгүй.

Бүлэг 1, догол мөр 17

 5. МӨС ЧАНАР

Мөс чанар гэдэг бол Бурхнаас хүн бүрд өгсөн зөв бурууг ялгах төрөлхийн мэдрэмж юм (Ром 2:14, 15). Бид мөс чанараа мэдрэг байлгахын тулд Еховагийн хэм хэмжээний дагуу сургах ёстой. Ингэвэл Бурхны таалалд нийцэх шийдвэр гаргаж чадна (1 Петр 3:16). Мөс чанар буруу шийдвэр гаргахаас сэрэмжлүүлдэг, буруу юм хийвэл өвдөж шаналдаг. Мөс чанарын мэдрэмж суларч болох юм. Харин Еховагийн тусламжтайгаар урьдынх шигээ мөс сайтай болж болно. Мөс сайтай бол амар тайван байж, өөрийгөө хүндэлдэг.

Бүлэг 2, догол мөр 3

 6. БУРХНААС ЭМЭЭХ

Бурхнаас эмээх гэдэг нь Бурхныг үнэн голоосоо хайрлаж хүндлэн, сэтгэлд нь нийцдэггүй юм огт хийхгүй байх гэсэн үг юм. Ехова Бурхнаас эмээдэг хүн сайн юм хийдэг, муу юм хийдэггүй (Дуулал 111:10). Еховагийн үг сургаалд нухацтай ханддаг. Бас Бурхныг гүнээ хүндэлдэг учраас түүнд өгсөн амлалтаа биелүүлдэг. Бурхнаас эмээдэг эсэх маань бидний юу боддог, хүнтэй яаж харьцдаг, өдөр бүр ямар шийдвэр гаргадгаас харагддаг.

Бүлэг 2, догол мөр 9

 7. ГЭМШИХ

Гэмших нь буруу юм хийсэндээ ихэд харамсах гэсэн үг. Бурхныг хайрладаг хүн тогтоосон хэм хэмжээг нь зөрчсөнөө ухаарахаараа маш их шаналдаг. Буруу юм хийсэн бол Есүсийн золиосонд үндэслэн Еховагаас уучлал гуйх ёстой (Матай 26:28; 1 Ёохан 2:1, 2). Үнэн голоосоо гэмшиж, буруу юм хийхээ боливол Ехова уучилна гэдэгт итгэлтэй байж болно. Өмнөх алдаанаасаа болж өөрийгөө буруутгах шаардлагагүй (Дуулал 103:10–14; 1 Ёохан 1:9; 3:19–22). Алдаанаасаа сургамж авч, буруу бодлоо засаж, Еховагийн хэм хэмжээнд нийцүүлж амьдрахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

Бүлэг 2, догол мөр 18

 8. ХУРЛААС ХАСАХ

Ноцтой нүгэл үйлдсэн боловч гэмшээгүй, Еховагийн хэм хэмжээг баримтлахаас татгалзсан хүн хурлын гишүүн байх эрхгүй болдог. Ийм хүнийг хурлаас хасдаг. Бид хурлаас хасагдсан хүнтэй ямар ч байдлаар харьцдаггүй, үг сольдоггүй (1 Коринт 5:11; 2 Ёохан 9–11). Хурлаас хасах нь Еховагийн болон хурлын нэр хүндэд сэв суулгахаас сэргийлж байгаа хэрэг (1 Коринт 5:6). Бас буруу юм хийсэн хүнийг гэмшээд Ехова руу буцаж ирэхэд нь туслах зорилготой сахилгын арга хэмжээ юм (Лук 15:17).

Бүлэг 3, догол мөр 19

 9. ЗААВАР, УДИРДАМЖ, ЗӨВЛӨГӨӨ

Ехова биднийг хайрладаг, туслахыг хүсдэг. Ийм учраас бидэнд Библиэр, өөрийг нь хайрладаг хүмүүсээр дамжуулж заадаг, зөвлөдөг, биднийг удирддаг. Төгс бус хүнд ийм тусламж зайлшгүй хэрэгтэй (Иеремиа 17:9). Удирдамж заавар өгдөг хүмүүсийг хүндэлдэг бол Еховаг хүндэлж, дуулгавартай байгаа хэрэг (Еврей 13:7).

Бүлэг 4, догол мөр 2

 10. БАРДАМ ЗАН, ДАРУУ ЗАН

Төгс бус хүн аминч, бардам болохдоо амархан. Гэхдээ Ехова биднийг даруу байгаасай гэж хүсдэг. Ер нь, хүн өөрийгөө Еховагийн дэргэд хэчнээн өчүүхэн гэдгийг ойлгохоороо даруу байх хэрэгтэйгээ ухаардаг (Иов 38:1–4). Даруу байж сурах өөр нэг чухал арга бол өөрийнхөөсөө илүү өрөөлийн сайн сайхныг бодох юм. Бардам хүн өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Харин даруу хүн өөрийгөө байгаагаар нь дүгнэж, сайн талаа ч, дутагдлаа ч мэддэг. Бас алдаагаа хүлээн зөвшөөрдөг, уучлал гуйдаг, зөвлөгөө хүлээн авч чаддаг. Даруу хүн Еховад найддаг, зааврыг нь дагадаг (1 Петр 5:5).

Бүлэг 4, догол мөр 4

 11. ЭРХ МЭДЭЛ

Эрх мэдэлтэй нэгэн тушаал өгөх, шийдвэр гаргах эрх эдэлдэг. Ехова тэнгэр, газар дээрх хамгийн дээд эрх мэдэлтэй. Бүх юмыг бүтээсэн учир орчлонт ертөнц дэх хамгийн хүчирхэг Нэгэн юм. Бурхан эрх мэдлээ бусдын сайн сайхныг бодож хэрэгжүүлдэг. Бидний тусын тулд зарим хүнд эрх мэдэл олгодог. Жишээ нь, эцэг эхчүүд, хурлын ахлагчид, төр засгийн эрх мэдэлтнүүдийг дурдаж болно. Ехова биднээс тэднийг хүндлээсэй, тэдэнд захирагдаасай гэж хүсдэг (Ром 13:1–5; 1 Тимот 5:17). Гэхдээ хүний гаргасан хууль тушаал Бурхныхтай зөрчилдвөл бид Бурхны хуулийг сахидаг (Үйлс 5:29). Еховагийн томилсон хүмүүст захирагдвал Еховагийн шийдвэрийг хүндэлж байгаа хэрэг юм.

Бүлэг 4, догол мөр 7

 12. АХЛАГЧ

Ехова туршлагатай эрчүүдийг ахлагчаар томилж, хурлын гишүүдэд санаа тавих үүрэг оноодог (Дэд хууль 1:13; Үйлс 20:28). Ахлагчид биднийг Ехова Бурхантай дотно байж, Бурхнаа эв нэгдэлтэй, зохион байгуулалттай шүтэхэд тус дэм болдог (1 Коринт 14:33, 40). Ахлагчийг Бурхан агуу хүчээрээ томилдог гэж үзэж болно. Яагаад гэвэл Бурхны агуу хүчээрээ удирдаж бичүүлсэн Библид байдаг тодорхой шаардлагыг хангасан хүнийг ахлагчаар томилдог (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9; 1 Петр 5:2, 3). Бид Бурхныхаа байгууллагад итгэж найддаг, дэмждэг учраас ахлагчдад дуулгавартай байдаг (Дуулал 138:6; Еврей 13:17).

Бүлэг 4, догол мөр 8

 13. ӨРХИЙН ТЭРГҮҮН

Ехова эцэг эхчүүдэд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг оноосон. Гэхдээ Библид бичсэнээр нөхөр хүн өрхийн тэргүүн юм. Хэрэв эмэгтэй хүн өрх толгойлж байгаа бол өрхийн тэргүүн болдог. Гэр бүлээ тэжээх, хувцаслах, гэр оронтой байлгах нь өрхийн тэргүүний үүрэг юм. Хамгийн гол үүрэг нь гэр бүлээ удирдан Еховаг шүтэхийг анхаарах юм. Жишээлбэл, гэр бүлээрээ цуглаанд тогтмол явах, дэлгэрүүлэх, Библи судлахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Бас өрхийн тэргүүн гэр бүлээ төлөөлөн шийдвэр гаргах ёстой. Есүсийг дуурайж сайхан сэтгэл гаргадаг, аливаад наанатай цаанатай ханддаг, энэрэнгүй зөөлөн байхыг хичээх хэрэгтэй. Ийм байвал гэр бүлд сайхан орчин бүрдэж, гэр бүлийн бүх гишүүн айж түгших юмгүй, бас Еховатай илүү дотно байна.

Бүлэг 4, догол мөр 12

 14. УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдах Зөвлөл бол тэнгэрт амьдрах найдвартай бүлэг хүн юм. Бурхан тэднээр ард түмнээ удирдуулдаг. Нэгдүгээр зуунд Ехова удирдах зөвлөлөөр Христийн дагалдагчдын шашин шүтлэгийн асуудлыг шийдүүлж, сайн мэдээ тунхаглах ажлыг удирдуулдаг байсан (Үйлс 15:2). Орчин үед Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг эрчүүд Бурхны ард түмнийг удирддаг, чиглүүлдэг, хамгаалдаг. Удирдах Зөвлөл Бурхны Үг болон агуу хүчээр удирдуулж шийдвэр гаргадаг. Бурхны агуу хүчээр тослогдсон энэ бүлэг хүнийг Есүс «итгэмжит, ухаалаг боол» гэж хэлсэн (Матай 24:45–47).

Бүлэг 4, догол мөр 15

 15. ТОЛГОЙДОО ЮМ ӨМСӨХ

Гэрч эмэгтэй баптисм хүртсэн эрэгтэй хүний хуралд хийдэг ажлыг хийх хэрэг гарч болох юм. Ийм үед толгойдоо юм өмсөх хэрэгтэй. Энэ нь тэргүүллийн зарчим тогтоосон Еховаг хүндэлж байгаа хэрэг. Гэхдээ цөөн хэдэн нөхцөлд л толгойдоо юм өмсдөг. Жишээ нь, нөхрийнхөө байгаа газар эсвэл Гэрч эрэгтэйн дэргэд Библийн хичээл заахаар бол толгойдоо юм өмсөх ёстой (1 Коринт 11:11–15).

Бүлэг 4, догол мөр 17

 16. ТӨВИЙГ САХИХ

Төвийг сахих гэж улс төрийн асуудлаар аль нэг талыг дэмжихгүй байхыг хэлдэг (Ёохан 17:16). Еховагийн ард түмэн Хаант төрийг нь дэмждэг. Есүсийг дуурайж ертөнцийн улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй.

Ехова бидэнд «төр засаг болон эрх баригчдад ... дуулгавартай байхыг» тушаадаг (Тит 3:1, 2; Ром 13:1–7). Бурхны хуульд хүний амь хөнөөж болохгүй гэж бас байдаг. Иймд Бурханд үйлчилдэг хүн мөс чанарынхаа улмаас цэргийн алба хаадаггүй, дайнд явдаггүй. Хэрэв цэргийн албыг олон нийтийн ажил хийн дүйцүүлэн хаах боломж байвал ийм ажлыг мөс чанар өвдөхгүйгээр хийж чадах эсэхээ бодох ёстой.

Ехова бүхнийг бүтээсэн учраас бид ганцхан түүнийг шүтдэг. Бид туг далбаанд мөргөж, төрийн дуулал дуулдаггүй боловч төрийн бэлгэ тэмдгийг хүндэтгэдэг (Исаиа 43:11; Даниел 3:1–30; 1 Коринт 10:14). Бас сонгуульд нэр дэвшсэн хүн юм уу намын төлөө санал өгөхгүй байхаар дор бүрнээ шийддэг. Яагаад гэвэл Бурхны Хаант төрийг дэмждэг (Матай 22:21; Ёохан 15:19; 18:36).

Бүлэг 5, догол мөр 2

 17. ЕРТӨНЦИЙН ХАНДЛАГА

Энэ ертөнц Сатаны үзэл бодлыг дэвэргэдэг. Ехова Бурхныг хайрладаггүй, дуурайдаггүй, хэм хэмжээг нь тоодоггүй ихэнх хүн Сатаныхтай адилхан үзэл бодолтой байдаг (1 Ёохан 5:19). Ийм үзэл бодол, үүнээс үүддэг үйлдлийг ертөнцийн хандлага гэдэг (Эфэс 2:2). Еховагийн ард түмэн энэ хандлагад автахгүйн тулд чадах бүхнээ хийдэг (Эфэс 6:10–18). Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болж, хэм хэмжээг нь эрхэмлэн баримтлахыг хичээдэг.

Бүлэг 5, догол мөр 7

 18. ТЭРСЛЭХ

Тэрслэх нь Библийн үнэнийг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Тэрслэгчид Ехова болон Еховагийн томилсон, Хаант төрийн Хаан Есүст тэрсэлж, хүмүүсийг талдаа оруулахыг оролддог (Ром 1:25). Мөн Еховаг шүтдэг хүмүүст эргэлзээ төрүүлэхийг хүсдэг. Нэгдүгээр зууны зарим дагалдагч тэрсэлсэн. Одоо ч зарим хүн тэрсэлдэг (2 Тесалоник 2:3). Еховад чин үнэнч хүн тэрслэгчидтэй ямар ч байдлаар харьцдаггүй. Сониуч зандаа хөтлөгдөж эсвэл хүмүүсийн дарамт шахалтаас болж тэрслэгчдийн суртал ухуулгыг унших, сонсох ёсгүй. Бид Еховад үнэнч байж, ганцхан түүнийг шүтдэг.

Бүлэг 5, догол мөр 9

 19. НҮГЛЭЭ ЦАЙРУУЛАХ БУЮУ УУЧЛУУЛАХ

Израйлчууд Еховагаар нүглээ уучлуулахын тулд Мосегийн хуулийн дагуу үр тариа, тос, малыг сүмд авчирч тахил өргөдөг байжээ. Тахил өргөх нь Ехова ард түмнийхээ ч, хувь хүний ч нүглийг уучлахад бэлэн байдгийг сануулдаг байв. Хожим нь Есүс бидний нүглийг уучлуулахын тулд амиа өгсөн. Ийм учраас нүглээ уучлуулах гэж тахил өргөх шаардлагагүй болсон. Есүс төгс тахилыг «нэг удаа» өргөсөн (Еврей 10:1, 4, 10).

Бүлэг 7, догол мөр 6

 20. АМЬТНЫГ ХАЙРЛАХ

Мал амьтныг хүнсэнд хэрэглэхийг Мосегийн хуулиар зөвшөөрдөг байсан. Бас мал амьтнаар тахил өргөх тушаалтай байв (Левит 1:5, 6). Гэхдээ мал амьтантай зэрлэг харьцахыг Ехова огт зөвшөөрөөгүй (Сургаалт үгс 12:10). Харин ч хайрлан хамгаалахыг Хуульдаа заажээ. Иймээс израйлчууд мал амьтныг хайрлах ёстой байсан (Дэд хууль 22:6, 7).

Бүлэг 7, догол мөр 6

 21. ЦУСНЫ ЖИЖИГ ХЭСГҮҮД БА ЦУС ХЭРЭГЛЭДЭГ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД

Цусны жижиг хэсгүүд. Цус үндсэн дөрвөн хэсэгтэй. Эдгээр нь улаан эс, цагаан эс, ялтас, сийвэн юм. Үндсэн дөрвөн хэсгийг жижиг хэсгүүдэд хуваадаг *.

Христийн дагалдагчид бүхэл цус болон үндсэн дөрвөн хэсгийг эмчилгээнд хэрэглэдэггүй. Тэгвэл цусны жижиг хэсгүүдийг хэрэглэж болох уу? Энэ талаар Библид нарийн тайлбарлаагүй. Иймд Библийн зарчмыг бодож байгаад мөс чанарынхаа дагуу дор бүрнээ шийдэх ёстой.

Зарим Гэрч цусны ямар ч жижиг хэсгийг эмчилгээнд хэрэглэхгүй гэж шийддэг. Тэд израйлчуудад өгсөн Бурхны хуульд амьтны цусыг «газарт ... асга» гэж заасныг боддог байж болох юм (Дэд хууль 12:22–24).

Гэхдээ өөр шийдвэр гаргадаг хүмүүс бас бий. Тэд цусны зарим жижиг хэсгийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Яагаад гэвэл тэд цусны жижиг хэсгүүд цусны мөн чанараа алдаж, амийг бэлгэдэхээ больсон гэж үздэг.

Цусны жижиг хэсгийг хэрэглэх эсэхээ шийдэхдээ дараах асуултуудыг бодож үзээрэй.

  • Цусны жижиг хэсгээс алийг нь ч хэрэглэхгүй гэж шийдвэл зарим өвчнийг эмчлэх, цус тогтоох зорилгоор хэрэглэдэг зарим эм бэлдмэлийг хэрэглэхгүй гэсэн үг гэдгийг би ойлгож байна уу?

  • Цусны зарим жижиг хэсгийг хэрэглэх юм уу хэрэглэхээс татгалзаж байгаагийнхаа учрыг эмчдээ яаж тайлбарлах вэ?

Эмчилгээний аргууд. Еховагийн Гэрчүүд цусаа өгч донор болдоггүй, мэс засал хийлгэхээсээ өмнө цусаа урьдчилж хадгалуулдаггүй. Гэхдээ өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээний хэдэн арга бий. Мэс засал, шинжилгээ эсвэл тухайн үед хийлгэж байгаа эмчилгээний явцад өөрийнх нь цусыг яаж хэрэглэхийг Гэрч бүр дор бүрнээ шийдэх ёстой. Иймэрхүү аргыг хэрэглэх явцад өвчтөний өөрийнх нь цуснаас авч хэсэг хугацаанд биеэс нь бүрмөсөн гадагшлуулж болох юм («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 10-р сарын 15-ны дугаарын 30, 31-р хуудас; «Христиан үйлчлэл»-ийн 2006 оны 11-р сарын дугаарын 3–6-р хуудсыг үзнэ үү).

Жишээ нь, гемодилюцийн арга гэж бий. Мэс заслын яг өмнө өвчтөний биеэс тодорхой хэмжээний цусыг гадагшлуулж оронд нь цусны эзлэхүүнийг ихэсгэх шингэн сэлбэдэг. Гадагшлуулсан цусыг мэс заслын үеэр юм уу мэс заслын дараахан өвчтөнд буцааж хийдэг арга юм.

Цус хэмнэх буюу алдсан эсийг дахин ашиглах гэдэг өөр арга бий. Энэ нь мэс заслын үед өвчтөний алдсан цусыг соруулан авч цэвэрлээд мэс заслын үеэр юм уу дараахан нь өвчтөнд буцааж хийдэг арга юм.

Эдгээр аргыг эмч нар өөр өөрөөр хэрэглэдэг байж болох юм. Иймээс Гэрч хүн мэс засал, шинжилгээ хийлгэхээсээ өмнө эсвэл тухайн үед хийлгэж байгаа эмчилгээний явцад өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээг чухам яаж хийхийг асууж лавлах хэрэгтэй.

Өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэхдээ дараах асуултыг бодож үзээрэй.

  • Тодорхой хэмжээний цусыг биеэс минь түр гадагшлуулж, эргэлтэд оруулж, тэр явцад түр саатуулсан цусыг биеийнхээ хэсэг гэж тооцоод «газарт ... асгах» шаардлагагүй гэж үзвэл мөс чанар минь өвдөх үү? (Дэд хууль 12:23, 24).

  • Эмчилгээний явцад өөрөөс минь авсан цусны бүтэц найрлагыг өөрчлөөд, эргүүлээд биед минь хийвэл (эсвэл түрхэж хэрэглэвэл) Библиэр сургасан мөс чанар минь өвдөх үү?

  • Өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээний бүх аргаас татгалзвал цусны шинжилгээ, гемодиализ, цусны зохиомол эргэлтийн аппаратын тусламжтай хийдэг эмчилгээг хийлгэхгүй гэсэн үг гэдгийг би ойлгож байна уу?

Цусны жижиг хэсгүүдийг хэрэглэх, өвчтөний цусыг өөрт нь хэрэглэдэг эмчилгээ хийлгэх эсэхээ шийдэхээсээ өмнө Еховагаас удирдлага заавар гуйж залбираарай. Дараа нь судалгаа хийгээрэй (Яаков 1:5, 6). Үүний дараа Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу шийдвэр гаргах нь зүйтэй. «Та миний оронд байсан бол яах вэ?» гэж хүнээс асуух хэрэггүй. Бас биднийг шийдвэр гаргахад бусад хүн нөлөөлөх учиргүй (Ром 14:12; Галат 6:5).

Бүлэг 7, догол мөр 11

 22. ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ЦЭВЭР АРИУН БАЙХ

Ёс суртахууны хувьд цэвэр ариун байх гэдэг нь Бурхны хэм хэмжээнд нийцүүлж биеэ авч явахыг хэлдэг. Бодол санаа, үг яриа, үйл хэргээ цэвэр ариун байлгах хэрэгтэй. Ехова бидэнд садар самуун, завхай явдлаас хол байхыг тушаадаг (Сургаалт үгс 1:10; 3:1). Хорхой хүргэм зүйл тулгарсан ч Еховагийн хэм хэмжээг зөрчихгүй гээд урьдаас шийдчихсэн байх ёстой. Цэвэр ариун юм боддог байхын тулд Бурхнаас тусламж гуйж тогтмол залбирах хэрэгтэй. Садар самуун явдалд орооцолдуулах юмнаас хол явъя гэж бат шийдэх ёстой (1 Коринт 6:9, 10, 18; Эфэс 5:5).

Бүлэг 8, догол мөр 11

 23. ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХЭРЭГ, БУЗАР БАЙДАЛ

Эрээ цээргүй хэрэг гэдгээр огт ичиж зовохгүй, ямар ч хүндэтгэлгүй сэдэл хандлагаар Бурхны хуулийг ноцтой зөрчсөн үг яриа, үйлдлийг хэлдэг. Эрээ цээргүй хэрэг хийх нь Бурхны хуулийг хүндэлдэггүй хүний шинж юм. Ийм хэрэг хийсэн нь тодорхой бол эрх зүйн хороогоор авч хэлэлцдэг. Бузар байдал гэдэгт янз бүрийн нүглийг хамруулдаг. Хэр зэрэг ноцтойгоос нь шалтгаалж хурлын эрх зүйн хороо хэлэлцдэг (Галат 5:19–21; Эфэс 4:19; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 7-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» булангаас нэмэлт мэдээлэл үзнэ үү (англи)).

Бүлэг 9, догол мөр 7; Бүлэг 12, догол мөр 10

 24. ГАР ХАНГАЛГА

Бэлгийн харьцаа бол эхнэр нөхрийн хайр сэтгэлээ илэрхийлэх арга, ариун нандин харьцаа гэж Ехова үздэг. Гар хангалга хийдэг буюу бэлгэ эрхтнээ гар, хуруугаар оролдох зэргээр таашаал авдаг хүн дур хүслээ буруу хангаж байгаа хэрэг. Ийм зуршилтай хүн Еховатай тогтоосон харьцаагаа алдах аюултай. Бас гаж донтой, бэлгийн амьдралын талаар буруу үзэлтэй болдог (Колосай 3:5). Ийм муухай зуршлаа хаяж чадахгүй байгаа хүн бууж өгч болохгүй (Дуулал 86:5; 1 Ёохан 3:20). Ийм зуршилтай бол Еховад шаргуу залбирч, туслахыг гуйгаарай. Зохисгүй юм бодуулдаг порно гэх мэтийн юмыг үзэхгүй байгаарай. Гэрч эцэг эхтэйгээ эсвэл Еховагийн хуулийг эрхэмлэдэг төлөвшсөн Гэрчтэй яриарай (Сургаалт үгс 1:8, 9; 1 Тесалоник 5:14; Тит 2:3–5). Цэвэр ариун байхыг хичээж байгаа хүнийг Ехова хардаг, хичээл зүтгэлийг нь үнэлдэг (Дуулал 51:17; Исаиа 1:18).

Бүлэг 9, догол мөр 9

 25. ОЛОН ЭХНЭР, НӨХӨРТЭЙ БАЙХ

Ехова анх нэг эрэгтэйг нэг эмэгтэйтэй гэр бүл болгосон. Эртний Израйлд Бурхан олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг байжээ. Гэхдээ энэ бол анхны санаа зорилго нь биш байсан. Орчин үед Ехова үйлчлэгчдээ олон эхнэр, нөхөртэй байхыг зөвшөөрдөггүй. Эр хүн нэг л эхнэртэй, эмэгтэй хүн нэг л нөхөртэй байдаг (Матай 19:9; 1 Тимот 3:2).

Бүлэг 10, догол мөр 12

 26. ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛАХ, ТУСДАА АМЬДРАХ

Ехова эхнэр нөхрийг насан туршдаа хамт амьдраасай гэж хүсдэг (Эхлэл 2:24; Малахи 2:15, 16; Матай 19:3–6; 1 Коринт 7:39). Эхнэр нөхрийн хэн нэг нь завхайрсан бол гэрлэлтээ цуцлуулахыг Ехова зөвшөөрдөг. Гэрлэлтээ цуцлуулах эсэхээ шийдэх эрхийг гэм буруугүй хүнд олгодог (Матай 19:9).

Бурхны зарим үйлчлэгч, хань нь завхайраагүй боловч тусдаа амьдрахаар шийдэх нь бий (1 Коринт 7:11). Дараах нөхцөлд тусдаа амьдрах эсэхээ шийдэж болох юм.

  • Тэжээн тэтгэх үүргээ зориуд биелүүлдэггүй бол. Нөхөр хүн гэр бүлээ зориуд тэжээж тэтгээгүй учраас гэрийнхэн нь хоол унд, мөнгө төгрөгөөр гачигддаг (1 Тимот 5:8).

  • Эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулахаар харгис ханддаг бол. Зарим хүн ханьдаа туйлын харгис хандаж, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулдаг (Галат 5:19–21).

  • Еховаг шүтэхэд нь саад хийж, харгисаар эсэргүүцдэг бол. Еховад үйлчилдэггүй хань нь Еховаг шүтэхэд нь тэсэж тэвчихийн аргагүй саад учруулдаг (Үйлс 5:29).

Бүлэг 11, догол мөр 19

 27. МАГТААЛ, УРМЫН ҮГ

Хүн бүрд магтаал, урмын үг хэрэгтэй (Сургаалт үгс 12:25; 16:24). Чин сэтгэлийн аядуу зөөлөн үг хэлдэг бол бие биедээ сэтгэлийн дэм өгч, тайвшруулна. Ингэвэл хэчнээн амаргүй үед ч итгэл нэгтнүүд маань тэвчээр алдахгүй, Еховад үйлчилсээр байна (Сургаалт үгс 12:18; Филиппой 2:1–4). Сэтгэлээр унасан хүнийг анхааралтай сонсоод сэтгэл санааг нь ойлгохыг хичээгээрэй. Тэгвэл тус дэм болохын тулд юу хэлэх, яах хэрэгтэйгээ мэдэж авна (Яаков 1:19). Итгэл нэгтнүүдэд маань яг юу хэрэгтэй байдгийг мэдэхийн тулд тэдэнтэйгээ сайн танилцаарай. Тэгвэл ямар ч үед тайвшруулдаг, урам зориг бадраадаг Бурханд анхаарлыг нь хандуулж, сэтгэлийг нь жинхэнэ ёсоор сэргээнэ (2 Коринт 1:3, 4; 1 Тесалоник 5:11).

Бүлэг 12, догол мөр 16

 28. ХУРИМ

Хуримын ёслолыг яаж хийх талаар Библид нарийн заавар байдаггүй. Газар газрын ёс заншил, хууль журам өөр өөр байдаг (Эхлэл 24:67; Матай 1:24; 25:10; Лук 14:8). Хуримын ёслолын хамгийн чухал хэсэг бол гэрлэж байгаа хоёр Еховад тангараг өргөх юм. Олон хос гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө өмнө тангараг өргөж, Библид үндэслэсэн илтгэл сонсдог. Хэрэв хуримынхаа дараа найр хийхээр болбол чухам яаж хийхээ өөрсдөө шийднэ (Лук 14:28; Ёохан 2:1–11). Хурим найраа яаж ч хийсэн, Еховаг алдаршуулах нь хамгийн чухал (Эхлэл 2:18–24; Матай 19:5, 6). Библийн зарчмыг баримталбал зөв шийдвэр гаргана (1 Ёохан 2:16, 17). Зочдоо согтууруулах ундаагаар дайлах бол эмх журамтай байх нь чухал (Сургаалт үгс 20:1; Эфэс 5:18). Бас дуу хөгжим тавьж, зочдыг хөгжөөх хөтөлбөр бэлдэхээр бол Еховаг алдаршуулах ёстойгоо мартах учиргүй. Гэр бүл болж байгаа хүмүүс дан ганц хуримын өдрийг биш, Бурхантай тогтоосон харьцаа болон гэр бүлийн амьдралаа сайн сайхан авч явахыг анхаарах учиртай (Сургаалт үгс 18:22; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 10-р сарын 1-ний дугаарын 15–18; 19–22-р хуудаснаас нэмэлт мэдээлэл үзнэ үү).

Бүлэг 13, догол мөр 18

 29. УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАХ

Бид Бурхны Үгэнд байдаг зарчимд үндэслэн ухаалаг шийдвэр гаргахыг хүсдэг. Жишээлбэл, Гэрч бус хань тань баяраар хамаатнуудтайгаа хоол идье гэвэл яах вэ? Таны мөс чанар өвдөхгүй байгаад хамт хоол идэхээр боллоо гэж бодъё. Гэхдээ шашны ямар нэг зан үйл сахихгүй гэдгээ нөхөртөө тайлбарлах хэрэгтэй. Бас баяраар хоол идэхээр явбал бусад хүн бүдэрч болзошгүйг тооцох хэрэгтэй (1 Коринт 8:9; 10:23, 24).

Танай ажлын газраас баярын үеэр шагнал урамшуулал өгөхөөр боллоо гэж бодъё. Авч ерөөсөө болохгүй юу? Болохгүй гэсэн үг биш. Яагаад шагнаж урамшуулж байгааг бодож байгаад авах үгүйгээ шийдэж болох юм. Баярын бэлэг болгож өгч байна уу? Эсвэл ажил хөдөлмөрийг тань үнэлээд өгч байна уу? Эдгээр болон бусад зүйлийг бодож үзээд шагнал урамшуулал авах эсэхээ шийдээрэй.

Баярын үеэр хүн танд бэлэг өгөөд «Би таныг баяр тэмдэглэдэггүйг мэднэ л дээ. Тэглээ ч гэсэн бэлэг өгмөөр байна» гэж хэллээ гэж бодъё. Тэр хүн танд үнэхээр өгье гээд өгч байж болох юм. Эсвэл таныг итгэл үнэмшлээсээ няцаж, баяр тэмдэглэх нь үү, үгүй юү гэдгийг сорих гээд өгч байж мэднэ. Эдгээрийг бодож үзээд бэлэг авах эсэхээ өөрөө шийдээрэй. Бид ямар ч шийдвэр гаргасан, Еховадаа үнэнч, мөс чанар цэвэр явахыг хүсдэг (Үйлс 23:1).

Бүлэг 13, догол мөр 22

 30. АЖИЛ ХЭРГИЙН БОЛОН ХУУЛИАР ШИЙДЭХ АСУУДАЛ

Ер нь санал зөрөлдөөнийг тэр дор нь, эвтэй шийдвэл асуудлыг даамжрахаас сэргийлж болдог (Матай 5:23–26). Христийн дагалдагч бүр Еховаг алдаршуулж, хурлын эв нэгдлийг хадгалахыг хамгийн чухалд үзэж байх хэрэгтэй (Ёохан 13:34, 35; 1 Коринт 13:4, 5).

Итгэл нэгтнүүд ажил хэргийн асуудлаар санал зөрөлдвөл шүүхэд хандахгүйгээр шийдэхийг хичээх хэрэгтэй. 1 Коринт 6:1–8-д бие биеэ шүүхэд өгсөн дагалдагчдад хандаж бичсэн элч Паулын үг байдаг. Итгэл нэгтнээ шүүхэд өгвөл Еховагийн болон хурлын нэр хүндэд сэв суулгана. Матай 18:15–17-д залилан, гүтгэлэг гэх мэтийн ноцтой асуудлыг шийдэх гурван алхмыг бичсэн байдаг. 1) Эхлээд асуудлыг өөрсдөө шийдэхийг оролдох ёстой. 2) Өөрсдөө шийдэж чадахгүй бол хурлынхаа нэг юм уу хоёр төлөвшсөн Гэрчээс тусламж хүсэж болно. 3) Тэгээд ч бүтээгүй бол хурлынхаа ахлагчдын зөвлөлд хандаж болно. Ахлагчид оролцох болбол санал зөрөлдсөн хүмүүст Библийн зарчмуудыг баримталж эв зүйгээ олоход нь туслах хэрэгтэй. Библийн хэм хэмжээг сахихыг хүсэхгүй хүн гарвал ахлагчид эрх зүйн хороо байгуулах шаардлага гарч мэднэ.

Заримдаа, шүүхээр шийдүүлэх шаардлагатай хэрэг гарч болох юм. Жишээ нь, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асран халамжлагчийг шийдэх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, даатгалын нөхөн төлбөр гаргуулах, дампуурал, гэрээслэлтэй холбоотой маргаан гэх зэргийг дурдаж болно. Бурхны үйлчлэгч иймэрхүү маргааныг тайван замаар шүүхээр шийдүүлэх нь Паулын үгийг зөрчсөн хэрэг биш.

Хэрэв хүчин, хүүхэдтэй зүй бус харьцсан, бусдын биед халдсан, хүн амины болон томоохон хэмжээний хулгай зэрэг ноцтой хэрэг гарахад хууль хяналтын байгууллагад хандвал Паулын үгийг зөрчсөн болохгүй.

Бүлэг 14, догол мөр 14

 31. САТАНЫ ЗАЛЬ МЭХ

Сатан Еден цэцэрлэгт анхны хүмүүсийг мэхэлснээсээ хойш бүх хүнийг мэхлэхийг оролдож ирсэн (Эхлэл 3:1–6; Илчлэл 12:9). Хүний үзэл бодлыг гажуудуулбал муу юм хийлгэж дөнгөнө гэдгээ Сатан мэддэг (2 Коринт 4:4; Яаков 1:14, 15). Суртал ухуулгаа тарааж, хүмүүсийг өөрийнхтэйгөө адилхан үзэл бодолтой болгохын тулд улс төр, шашин, бизнес, үзэж харах юм, боловсрол гэх мэтийн олон юмыг ашигладаг (Ёохан 14:30; 1 Ёохан 5:19).

Хүмүүсийг хуурч мэхлэх цаг тун бага үлдсэнийг Сатан мэддэг. Аль болох олон хүнийг мэхлэхийн тулд бүх аргаа хэрэглэдэг. Еховагийн үйлчлэгчдийг онцолж байгаа болгодог (Илчлэл 12:12). Бид сэрэмжтэй байхгүй бол Диавол аажмаар бидний бодол санааг гажуудуулж мэднэ (1 Коринт 10:12). Жишээлбэл, Ехова гэрлэлтийг насан туршийн холбоо гэж үздэг (Матай 19:5, 6, 9). Гэвч өнөөдөр олон хүн гэрлэлтийг хүссэн үедээ цуцалж болдог түр зуурын холбоо гэж үздэг болжээ. Ийм үзлийг кино, зурагтын нэвтрүүлгүүдээр ч сурталчилдаг болсон. Бид гэрлэлтийн талаар Бурхныг мэддэггүй хүмүүсийнхтэй адилхан үзэлтэй болохоос зайлсхийх ёстой.

Хүмүүсийг мэхлэхдээ хэрэглэдэг Сатаны өөр нэг арга бол хараат бус байх үзлийг дэвэргэх явдал юм (2 Тимот 3:4). Бид анхааралтай байхгүй бол Еховагийн томилсон хүмүүсийг хүндэлдэггүй болж мэднэ. Жишээ нь, Гэрч эрэгтэй ахлагчдын өгсөн удирдамж зааврыг дагадаггүй болж мэдэх юм (Еврей 12:5). Эсвэл Гэрч эмэгтэй Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчмыг баримталж нөхөртөө захирагдах ёстой эсэхэд эргэлздэг болж магадгүй (1 Коринт 11:3).

Бид Диаволд мэхлүүлж, үзэл бодлоо гажуудуулахгүйн тулд чадах бүхнээ хийх ёстой. Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болж, «дээгүүрх зүйлсийг анхаарч байх» хэрэгтэй (Колосай 3:2; 2 Коринт 2:11).

Бүлэг 16, догол мөр 9

 32. ЭМ, ЭМЧИЛГЭЭ

Хүн бүр эрүүл саруул байхыг хүсдэг. Бас өвдөж зовсон үедээ хамгийн сайн эмчилгээ хийлгэхийг боддог (Исаиа 38:21; Марк 5:25, 26; Лук 10:34). Өнөө үед эмч мэргэжилтнүүд болон бусад хүн олон янзын эмчилгээ, эмчилгээний арга санал болгодог болжээ. Ямар эмчилгээ хийлгэхээ Библийн зарчмыг баримталж шийдэх нь маш чухал. Бурхны Хаант төр дэлхийг захирах цагт л хүмүүс өвчин эмгэгээс бүрмөсөн ангижирна гэдгийг бид мэддэг. Иймээс эрүүл мэндээ хэт их анхаарч Еховаг шүтэхээ хойш тавихыг хүсдэггүй (Исаиа 33:24; 1 Тимот 4:16).

Бид чөтгөрүүдтэй ямар нэг байдлаар холбоотой эмчилгээ хийлгэхгүйн тулд сэрэмжтэй байх ёстой (Дэд хууль 18:10–12; Исаиа 1:13). Эм уухаасаа өмнө гарал үүслийг нь судалж мэдэх хэрэгтэй. Эмчилгээ хийлгэхээсээ өмнө ямар учиртай, ямар аргаар хийдгийг нь эсвэл чөтгөрүүдтэй холбоотой эсэхийг магадлах шаардлагатай (Сургаалт үгс 14:15). Сатан биднийг мэхэлж чөтгөрүүдтэй холбоотой юм хийлгэх гэж оролддогийг хэзээ ч мартаж болохгүй. Тухайн эмчилгээ чөтгөрүүдтэй холбоотой байж болзошгүй бол хийлгэхгүй байх хэрэгтэй (1 Петр 5:8).

Бүлэг 16, догол мөр 18

^ Зарим эмч мэргэжилтэн цусны үндсэн дөрвөн хэсгийг ч жижиг хэсэг гэж үзэж болох юм. Иймээс та бүхэл цус болон үндсэн дөрвөн хэсгийг, тодруулбал, улаан эс, цагаан эс, ялтас, сийвэнг хэрэглэдэггүйнхээ учрыг тайлбарлах хэрэг гарч мэднэ.