Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 4

Эрх мэдэлд яагаад захирагдах хэрэгтэй вэ?

Эрх мэдэлд яагаад захирагдах хэрэгтэй вэ?

«Ямар ч хүнийг хүндэл. Ах дүүгийн барилдлагыг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл» (1 ПЕТР 2:17).

1, 2. а) Хэний удирдлага зааврыг дагах хэрэгтэй вэ? б) Энэ бүлгээр ямар ямар асуултыг авч үзэх вэ?

 БАГА байхад аав ээжийнхээ үгэнд заримдаа ормооргүй санагддаг. Танд бас тэгж санагддаг байсан биз ээ. Аав ээждээ хайртай, үгэнд нь орох ёстойгоо мэддэг хүүхэд ч үгэнд нь оръё гэж хүсэхгүй байх нь бий.

2 Тэнгэрийн Эцэг Ехова биднийг хайрладгийг бид мэддэг. Бидэнд анхаарал халамж тавьж, сайхан амьдрахад хэрэгтэй бүхнийг өгдөг. Бас биднийг сайн сайхан яваасай гэсэндээ зааж зөвлөдөг. Заримдаа хүнээр заавар зөвлөгөө өгүүлдэг. Бид Еховагийн эрх мэдлийг хүндлэх хэрэгтэй (Сургаалт үгс 24:21). Гэхдээ удирдлага зааврыг дагахад заримдаа яагаад хэцүү байдаг вэ? Ехова биднээс удирдлага зааврыг дага гэж яагаад шаарддаг вэ? Еховагийн эрх мэдлийг хүндэлдгээ яаж батлан харуулах вэ? (Тайлбар 9-ийг үзнэ үү).

ЯАГААД АМАРГҮЙ БАЙДАГ ВЭ?

3, 4. Хүн яагаад төгс бус болсон бэ? Удирдлага зааврыг хүлээж авахад яагаад амаргүй байдаг вэ?

3 Ер нь, хүн тэрслэх хандлагатай. Энэ үгийн үнэн анхны эрэгтэй эмэгтэй Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнээс хойш батлагдаж байна. Бурхан тэднийг төгс бүтээсэн ч тэд Бурхны эрх мэдлийг үл хүндэлж, тэрсэлжээ. Тэр үеэс хүн төрөлхтөн төгс бус болсон. Еховагаас, хүнээс удирдлага заавар авахад амаргүй байдгийн нэг шалтгаан бол бид өөрсдөө төгс бус юм. Өөр нэг шалтгаан нь Еховагийн удирдлага заавар өгүүлдэг хүмүүс бас төгс бус юм (Эхлэл 2:15–17; 3:1–7; Дуулал 51:5; Ром 5:12).

4 Төгс бус хүн бардам болохдоо амархан. Удирдлага зааврыг дагах нь бардам хүнд амаргүй байдаг. Жишээ татъя. Ехова эртний Израйлын ард түмнийг удирдуулахаар Мосег томилжээ. Кора гэдэг хүн Еховад олон жил үйлчилсэн боловч бардам болж Мосед туйлын хүндэтгэлгүй ханддаг. Харин Мосе Бурхны ард түмнийг удирддаг ч даруу хүн байв. Тэр үеийн хүмүүсийн дунд хамгийн даруу нь байжээ. Гэтэл Кора Мосегоор удирдуулахыг хүсээгүй. Олон хүнийг ятгаж, талдаа оруулаад Мосегийн эсрэг тэрсэлсэн. Кора болон тэрсэлсэн хүмүүс яасан бол? Амиа алдсан (Тооллого 12:3; 16:1–3, 31–35). Бардам байх аюултайг ухааруулах олон жишээ Библид байдаг (Шастирын дэд 26:16–21; Тайлбар 10-ыг үзнэ үү).

5. Зарим хүн эрх мэдлээ хэрхэн буруу ашигласан бэ?

5 «Эрх мэдэл хүнийг эвддэг» гэдэг үгийг та сонссон байх. Хүн төрөлхтний түүхийг үзвэл эрх мэдлээ урвуулан ашигласан хүн олон (Номлогчийн үгс 8:9-ийг уншина). Жишээ нь, Саул сайхан сэтгэлтэй, даруу хүн байсан учраас Ехова түүнийг Израйлын хаан болгохоор сонгодог. Гэвч Саул бардам, атаархуу занд дийлдэж, гэм буруугүй Давидыг хавчиж мөрдөж байсан (1 Самуел 9:20, 21; 10:20–22; 18:7–11). Хожим нь Давид хаан болдог. Израйлын хамгийн сайн хаадын нэг байсан. Гэхдээ Давид ч эрх мэдлээ буруу ашиглаж байсан. Уриа гэдэг хүний эхнэр Батшебатай завхайрч энэ хэргээ нуун дарагдуулах гэж Уриаг тулалдааны талбар луу явуулж хөнөөлгөсөн (2 Самуел 11:1–17).

ЕХОВАГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХҮНДЛЭХ

6, 7. а) Еховаг хайрладаг хүн яадаг вэ? б) Дуулгавартай байхад амаргүй үед ч дуулгавартай байхад юу тус болдог вэ?

6 Бид Еховаг хайрладаг учраас заавар зөвлөгөө өгөхөд нь ч хүндэлдэг. Еховаг хэнээс ч, юунаас ч илүү хайрладаг учраас бас баярлуулахыг хүсдэг (Сургаалт үгс 27:11; Марк 12:29, 30-ийг уншина). Бурхан хүнийг захирч, юу хийхийг нь заах эрхгүй гэж бодуулахыг Сатан хүсдэг. Ингэж бодуулахын тулд анхны хүмүүсийг Еден цэцэрлэгт амьдарч байх үеэс чадах бүхнээ хийж ирсэн. Гэхдээ Сатаныг худалч гэдгийг бид сайн мэддэг. Иймээс дараах үгийг хүлээн зөвшөөрдөг. «Ехова Бурхан минь ээ, алдар, хүндэтгэл, хүч нь таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн» (Илчлэл 4:11).

7 Таныг бага байхад, аав ээжийнхээ үгэнд ормооргүй байсан ч орох хэрэгтэй гэж захидаг байсан биз ээ. Үүнтэй адилаар, Еховад дуулгавартай байхад амаргүй үе бидэнд тохиолддог. Гэхдээ бид Еховаг хайрлаж, хүндэлдэг учраас дуулгавартай байхын тулд чадах бүхнээ хийдэг. Есүс бидний үлгэр дуурайл юм. Еховад дуулгавартай байхад амаргүй үед ч Есүс дуулгавартай байсан. Тийм учраас «Миний биш, таны хүсэл биелэг» гэж Эцэгтээ хэлсэн (Лук 22:42; Тайлбар 11-ийг үзнэ үү).

8. Ехова ямар аргаар удирдлага заавар өгдөг вэ? ( «Зөвлөгөөг сонс» гэсэн хавсралтыг үзнэ үү).

8 Орчин үед Ехова бидэнд олон аргаар удирдлага заавар өгдөг. Жишээ нь, Библиэр, хурлын ахлагчдаар дамжуулж заавар зөвлөгөө өгдөг. Заавар зөвлөгөө өгдөг хүмүүсийг хүндэлдэг бол Еховаг хүндэлдэг гэсэн үг. Тэдний тусламжийг үл тоовол Еховаг үл тоосонтой адил юм. Израйлчууд Мосег голоход Ехова өөрийг нь голсон гэж үзсэн. Энэ нь Еховагийн хувьд ноцтой хэрэг байв (Тооллого 14:26, 27; Тайлбар 12-ыг үзнэ үү).

9. Бусдыг хайрлах, зааврыг дагах хоёр ямар холбоотой вэ?

9 Эрх мэдэлд захирагдах нь итгэл нэгтнүүдээ хайрлаж байгаа хэрэг юм. Жишээ татъя. Байгалийн гамшиг болоход аврах багийнхан аль болох олон хүнийг аврах гэж мэрийдэг. Зорилгодоо хүрэхийн тулд нэг нь багаа удирдаж, бусад нь зааврын дагуу ажиллах хэрэгтэй болдог. Гэтэл нэг хүн зааврыг дагахгүй, дураараа загнавал яах вэ? Уг нь муу санаагүй боловч дуулгаваргүй зангаас нь болж багийн гишүүдэд төвөг учирч, бүр гэмтэж бэртэж ч мэднэ. Үүнтэй адилаар, бид Ехова болон Еховагаас эрх мэдэл авсан хүмүүсийн заавар зөвлөгөөг дагахгүй бол бусад маань зовж мэднэ. Харин Еховад дуулгавартай байвал итгэл нэгтнүүдээ хайрлаж, Еховагийн зохион байгуулсан арга хэмжээг хүндэлдгээ батална (1 Коринт 12:14, 25, 26).

10, 11. Одоо юуны тухай үзэх вэ?

10 Еховагийн бүх тушаал заавар бидний сайн сайхны төлөө байдаг. Гэр бүлдээ, хуралдаа, төр засгийн хүмүүстэй харьцахдаа эрх мэдлийг хүндэлдэг бол бүх хүнд тустай (Дэд хууль 5:16; Ром 13:4; Эфэс 6:2, 3; Еврей 13:17).

11 Ехова яагаад бусдыг хүндэл гэж зааж сургадгийг ойлговол бусдыг хүндлэхэд амар байна. Одоо, гэр бүл болон хурал дотор, төр засгийн хүмүүстэй харьцахдаа эрх мэдлийг яаж хүндлэхийг тус бүрд нь авч үзье.

ГЭР БҮЛ БА ЭРХ МЭДЭЛ

12. Еховагийн эрх мэдлийг хүндэлдэг нөхөр хүн ямар байдаг вэ?

12 Ехова Бурхан гэр бүлийг санаачилж, гишүүн бүрд үүрэг оноожээ. Гишүүн бүр үүргээ ухамсарладаг бол гэр бүлээрээ жаргалтай, сайхан амьдарна (1 Коринт 14:33). Ехова нөхөр хүнийг өрхийн тэргүүн гэж үздэг. Эхнэр хүүхдэдээ санаа тавьдаг, хайр халамжтай сайн тэргүүн байгаасай гэж нөхөр хүнээс хүсдэг. Тиймээс нөхөр хүн эхнэр хүүхдээ хэр зэрэг халамжлан анхаардгаа Еховад тайлагнана. Есүс дагалдагчдадаа хэрхэн ханддагийг дуурайж, гэрийнхэндээ сайхан сэтгэлээр хандаж, хайрлах ёстой. Ийм байвал Еховаг хүндэлдэг гэсэн үг (Эфэс 5:23; Тайлбар 13-ыг үзнэ үү).

Христийг дуурайдаг эцэг хүн гэр бүлдээ санаа тавьдаг

13. Еховагийн эрх мэдлийг хүндэлдэг эхнэр хүн ямар байдаг вэ?

13 Еховаг шүтдэг эхнэр хүн гэр бүлдээ чухал, хүндтэй үүрэг биелүүлдэг. Өрхийн тэргүүний үүргээ биелүүлэхэд нь нөхөртөө тус дэм болдог. Нөхөртэйгөө хамт үр хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй. Хүүхдээ хүнийг хүндэлдэг хүн болгож хүмүүжүүлэхийн тулд өөрөө үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй (Сургаалт үгс 1:8). Бас нөхрөө хүндэлдэг, гаргасан шийдвэрийг нь биелүүлдэг. Нөхрийнхөөсөө өөр саналтай байлаа гэхэд ямар санагдаж байгаагаа эелдэг, хүндэтгэлтэй хэлдэг. Гэрч биш нөхөртэй эмэгтэйд яггүй хүнд бэрхшээл тулгардаг. Гэхдээ нөхрөө хайрлаж, хүндлээд байвал нөхөр нь Еховатай танилцаж, Еховаг шүтдэг болж болох юм (1 Петр 3:1-ийг уншина).

14. Еховагийн эрх мэдлийг хүндэлдэг хүүхэд ямар байдаг вэ?

14 Ехова Бурхан хүүхдэд хайртай. Хүүхдийг хүмүүжүүлэх, хамгаалах тун чухал байдаг. Дуулгавартай хүүхэд эцэг эхээ баярлуулдаг. Хамгийн гол нь, дуулгавартай байдаг бол Еховаг хүндэлдгээ баталж, түүнийг баярлуулна (Сургаалт үгс 10:1). Үр хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлдэг хүн олон болжээ. Энэ нь хүүхдэд ч, өсгөж байгаа хүнд ч амаргүй байдаг. Гэхдээ хүүхэд ганц бие эцэг, эхдээ дуулгавартай байж, тус дэм болдог бол гэр бүлээрээ илүү сайхан амьдарна. Төгс гэр бүл гэж байдаггүй. Харин гэр бүлийн бүх гишүүн Еховагийн заавар зөвлөгөөг дагадаг бол илүү жаргалтай амьдарна. Бас гэр бүлийг санаачилсан Еховаг алдаршуулна (Эфэс 3:14, 15).

ХУРАЛ БА ЭРХ МЭДЭЛ

15. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүсийг хүндэлдэг хүн ямар байдаг вэ?

15 Ехова хурлаар дамжуулж биднийг удирддаг. Бас Есүст хурлыг удирдах бүрэн эрх олгосон (Колосай 1:18). Ийм эрхтэй Есүс, Бурхны дэлхий дэх ард түмнийг анхаарч халамжлах үүргийг «итгэмжит, ухаалаг боолд» оноосон (Матай 24:45–47). Өнөө үед «итгэмжит, ухаалаг боол» бол Удирдах Зөвлөл юм. Бат итгэлтэй байхад хэрэгтэй бүхнийг Удирдах Зөвлөл цагт нь өгдөг. Ахлагчид, туслах үйлчлэгчид, дүүрэг хариуцагчид Удирдах Зөвлөлөөс заавар авч, хурлуудыг дэмждэг. Энэ хүмүүс бидэнд санаа тавих үүрэгтэй. Үүргээ хэрхэн биелүүлж байснаа Еховад тайлагнана. Иймээс бид тэднийг хүндэлдэг бол Еховаг хүндэлдэг гэсэн үг (1 Тесалоник 5:12; Еврей 13:17-г уншина; Тайлбар 14-ийг үзнэ үү).

16. Ахлагч, туслах үйлчлэгчийг Бурхны агуу хүчээр томилдог гэж яагаад хэлж болох вэ?

16 Ахлагчид, туслах үйлчлэгчид хурлын гишүүдийг үнэнч, эв нэгдэлтэй байхад тусалдаг. Тэд бидэнтэй л адил төгс бус хүмүүс. Тэднийг яаж томилдог вэ? Тэд Библид бичсэн шаардлагыг хангах ёстой байдаг (1 Тимот 3:1–7, 12; Тит 1:5–9). Ехова хүмүүсийг агуу хүчээрээ удирдаж, эдгээр шаардлагыг Библид бичүүлжээ. Гэрч эрэгтэйг ахлагч юм уу туслах үйлчлэгч болох шаардлага хангаж байгаа эсэхийг ахлагчид ярилцаж тодорхойлохдоо Еховагаас агуу хүч гуйж залбирдаг (Үйлс 20:28). Тэгэхээр, Ехова Есүс хоёр хурлыг удирддаг нь тодорхой байна. Бидэнд тус дэм болж, санаа тавихаар томилогдсон эрчүүд бол Бурхны өгсөн бэлэг юм (Эфэс 4:8).

17. Гэрч эмэгтэй Еховагийн эрх мэдлийг хүндэлж яах хэрэгтэй вэ?

17 Хурлын ажлыг хийж гүйцэтгэх ахлагч, туслах үйлчлэгч байхгүй бол баптисм хүртсэн Гэрч эрэгтэй хурлын ажлыг хийж болох юм. Гэтэл баптисм хүртсэн эрэгтэй байхгүй бол Гэрч эмэгтэй хурлын ажлыг хийх хэрэг гарч мэднэ. Ингэхдээ алчуур зүүх, малгай өмсөх зэргээр толгойгоо бүтээх хэрэгтэй (1 Коринт 11:3–10). Ингэвэл Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчмыг гэр бүлдээ ч, хуралдаа ч баримталдгаа батлан харуулна (Тайлбар 15-ыг үзнэ үү).

ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ ХҮНДЛЭХ

18, 19. а) Ром 13:1–7-д ямар заавар байдаг вэ? б) Төр засаг, эрх мэдэлтнүүдийг хүндэлдэг хүн ямар байдаг вэ?

18 Ехова төр засгийг тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байхыг зөвшөөрдөг учраас бид хүндлэх ёстой. Төр засаг нийгмийг эмх журамтай байлгаж олон нийтэд шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг. Бурхны үйлчлэгчид Ром 13:1–7-д бичсэн зааврыг дагадаг (Уншина). Бид «дээд эрх мэдлүүдийг» хүндэлж, амьдарч байгаа улс орныхоо хууль журмыг мөрддөг. Гэр бүл, ажил алба, эд хөрөнгө эзэмшихтэй холбоотой хууль журам байж болох юм. Бид татвар төлдөг, төр засагт хэрэгтэй мэдээллийг үнэн зөв өгдөг. Гэхдээ Бурхны хуулийг зөрчүүлэх юм хийхийг төр засаг биднээс шаардвал яах вэ? Элч Петр: «Бид хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэж хэлсэн (Үйлс 5:28, 29).

19 Бид шүүгч, цагдаа гэх зэргийн албаны хүмүүсийг хүндэлж харьцах ёстой. Гэрч хүүхэд залуус багш нар, сургуулийн ажилтнуудыг хүндэлдэг. Хамт олон маань удирдах ажилтнаа хүндлэхгүй байсан ч, бид хүндэлдэг. Энэ нь элч Паулыг дуурайж байгаа хэрэг. Тэрээр эрх мэдэлтнүүдийг хүндлэхэд амаргүй үед ч хүндэлж байсан (Үйлс 26:2, 25). Бидэнд таагүй ханддаг хүмүүсийг ч бид хүндэлдэг (Ром 12:17, 18-ыг уншина; 1 Петр 3:15).

20, 21. Бусад хүнийг хүндэлдэг бол ямар сайн үр дүнд хүрэх вэ?

20 Одоо хаа сайгүй хүмүүс бие биеэ хүндлэхээ больж байна. Гэхдээ Еховагийн ард түмэн тийм хүмүүсээс өөр байдаг. Бид «Ямар ч хүнийг хүндэл. Ах дүүгийн барилдлагыг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл» гэсэн элч Петрийн зөвлөгөөг дагаж бүх хүнийг хүндлэхийг зорьдог (1 Петр 2:17). Өөрсдийг нь хүндэлдгийг хүмүүс ч анзаардаг. Есүс: «Хүмүүсийн өмнө та нар гэрэлт. Тэгвэл хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэрийн Эцгийг тань магтан алдаршуулна» гэж захисан (Матай 5:16).

21 Бид гэр бүлийнхэн, хурлын гишүүд болон бусад хүнийг хүндэлдэг бол энэ сайхан жишээг маань хүмүүс ажиглаад Ехова Бурхны тухай илүү ихийг мэдье гэж хүсэж болох юм. Бусдыг хүндэлдэг бол Еховаг хүндэлдэг гэсэн үг. Ийм хүн Еховаг баярлуулдаг, хайртайгаа баталдаг.