Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 6

Үзэж харах зүйлээ зөв сонгоё

Үзэж харах зүйлээ зөв сонгоё

«Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий» (1 КОРИНТ 10:31).

1, 2. Үзэж харах, уншиж сонсох юмаа яагаад ухаалаг сонгох хэрэгтэй вэ?

 ЖИМС идэх гэтэл хажуугаасаа муудчихжээ. Та яах вэ? Тоохгүй идэх үү? Шууд хаях уу? Эсвэл муудсан хэсгийг нь авч хаяад үлдсэнийг нь идэх үү?

2 Үзэж харах, уншиж сонсох юм, зарим талаараа, тэр жимстэй адилхан. Зарим нь сэтгэл сэргээдэг. Гэхдээ ихэнх нь садар самуун, хүчирхийллийн шинжтэй эсвэл чөтгөртэй холбоотой юмыг үзүүлдэг учраас «муудчихсан» байдаг. Та: «Би хүссэн юмаа үзэх эрхтэй» гэж боддог уу? Эсвэл «Үзэж харж, уншиж сонсчихоор сайн юм огт байхгүй» гэж боддог уу? Аль эсвэл үзэж харах, уншиж сонсох зүйлийн сайныг нь сонгоод муугаас нь хол явдаг уу?

3. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо юуны тухай бодох хэрэгтэй вэ?

3 Хүн бүрд амралт, чөлөөт цаг хэрэгтэй нь үнэн. Бид үзэж харах, уншиж сонсох юмаа зөв сонгохыг хүсдэг. Тиймээс миний үзэж харах, уншиж сонсох зүйл Еховатай тогтоосон харьцаанд минь хэрхэн нөлөөлөх вэ гэж бодож байх хэрэгтэй.

«БУРХНЫГ АЛДАРШУУЛАХЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙ»

4. Үзэж харах, уншиж сонсох юмаа сонгоход Библийн ямар зарчим тус болох вэ?

4 Бид Еховад өөрийгөө зориулахдаа насан туршдаа үйлчилж, амьдралаа зориулна гэж амласан (Номлогчийн үгс 5:4-ийг уншина). «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хийнэ» гэж амласан (1 Коринт 10:31). Энэ нь цуглаанд явах, сайн мэдээ тунхаглахаас гадна амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч, үзэж харах, уншиж сонсох юмаа сонгохдоо ч Бурханд өөрийгөө зориулсан хүн гэдгээ бодно гэсэн үг.

5. Бид Еховаг яаж шүтэх ёстой вэ?

5 Бидний хийдэг бүх юм Еховатай тогтоосон харьцаанд нөлөөлдөг. Ингэж хэлэхийн учрыг Паулын үгнээс мэдэж болно. Паул: «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргө» гэж хэлсэн (Ром 12:1). Есүс: «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаан, бүхий л хүчээрээ Ехова Бурхнаа хайрла» гэж захисан (Марк 12:30). Бид Еховаг шүтэхдээ хамгийн сайнаа өгдөг. Эрт цагт израйл хүмүүс Еховад амьтнаар тахил өргөдөг байсан. Гэхдээ согогтой малаар тахил өргөх ёсгүй байв. Хэрэв согогтой бол Ехова хүлээж авдаггүй байсан (Левит 22:18–20). Үүнтэй адилаар, бидний шүтлэгийг Ехова хүлээж авахгүй байж мэднэ. Яагаад?

6, 7. Үзэж харах, уншиж сонсох зүйл Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлөх вэ?

6 «Би ариун учир та нар ариун байх ёстой» гэж Ехова захисан (1 Петр 1:14–16; 2 Петр 3:11). Ариун буюу цэвэр шүтлэгийг л Ехова хүлээж авдаг (Дэд хууль 15:21). Ехова садар самуун, хүчирхийлэл, чөтгөртэй холбоотой юмыг үзэн яддаг. Хэрэв бид үзэн яддаг юмыг нь хийдэг бол Ехова бидний шүтлэгийг ариун гэж үзэхгүй (Ром 6:12–14; 8:13). Бас бид ийм юм үзэж хардаг, уншиж сонсдог бол шүтлэг маань Еховад таалагдахгүй. Өөрөөр хэлбэл, Ехова бидний шүтлэгийг бузар гэж үзээд хүлээж авахгүй. Улмаар Бурхантай тогтоосон харьцаанд маань сэв сууна.

7 Тэгвэл үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж зөв сонгох вэ? Зохистой, зохисгүй юмыг ялгаж салгахад Библийн ямар зарчмууд тус болох вэ?

МУУГ ЖИГШ

8, 9. Бид юунаас хол байдаг вэ? Яагаад?

8 Өнөөдөр хүмүүс янз бүрийн юмыг үзэж харж, уншиж сонсдог болсон. Эдгээрийн зарим нь Бурхны үйлчлэгчид зохистой, ихэнх нь зохисгүй байдаг. Эхлээд, Бурхны үйлчлэгч хүн юунаас хол байх хэрэгтэйг мэдэж авъя.

9 Кино, вэб саит, телевизийн нэвтрүүлэг, видео тоглоом, дуу хөгжимд садар самуун, хүчирхийлэл, чөтгөртэй холбоотой юмыг үзүүлж харуулах нь их болжээ. Муу юмыг гэм хоргүй, бүр хошин юм мэтээр үзүүлэх нь ч бий. Харин бид цэвэр ариун Ехова Бурхны хэм хэмжээнд нийцдэггүй юмнаас хол байдаг (Үйлс 15:28, 29; 1 Коринт 6:9, 10). Ингэж мууг жигшдэгээ Еховад батлан харуулдаг (Дуулал 34:14; Ром 12:9).

10. Үзэж харж, уншиж сонсох юмаа буруу сонгох нь ямар үр дагавартай вэ?

10 Гэхдээ зарим хүн садар самуун, хүчирхийлэл, чөтгөртэй холбоотой юмыг үзэж харж, уншиж сонсохыг буруу гэж боддоггүй. Тийм хүмүүс: «Юу нь буруу гэж! Би хэзээ ч ийм юм хийхгүй шүү дээ» гэж боддог. Ингэж бодох нь өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Библид «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» гэж байдаг (Иеремиа 17:9). Бид Еховагийн зохисгүйд тооцдог юмыг үзэж харж, уншиж сонсдог бол жигшдэг гэж яаж хэлэх юм бэ! Иймэрхүү юмыг үзэж харж, уншиж сонсох тусам жирийн юм шиг санагддаг болно. Яваандаа, мөс чанар мэдрэмжээ алдаж, буруу юм хийхийн өмнө сэрэмжлүүлэхээ болино (Дуулал 119:70; 1 Тимот 4:1, 2).

11. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгоход Галат 6:7 ямар хамаатай вэ?

11 Бурхны Үгэнд «Хүн юу тарьснаа хурааж авдаг» гэж байдаг (Галат 6:7). Муу юм үзэж хараад, уншиж сонсоод байдаг бол аажимдаа өөрөө тийм юм хийдэг болж мэднэ. Жишээ нь, зарим хүн садар самуун юм үзэж харж, уншиж сонссоор байгаад эцэст нь садар самуун явдалд орооцолджээ. Ехова бидэнд үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгоход тусалдаг.

БИБЛИЙН ЗАРЧМЫГ БОДОЖ ШИЙДЭХ

12. Яавал үзэж харж, уншиж сонсох зүйлээ зөв сонгох вэ?

12 Үзэж харж, уншиж сонсох зүйлийн зарим нь Еховад таалагддаггүй нь тодорхой байна. Бид ийм юмнаас хол явах ёстойгоо мэддэг. Тэгвэл Еховад таалагдах эсэх нь тодорхой бус юмыг яах вэ? Үзэж харж, уншиж сонсож болох, болохгүй юмны жагсаалтыг Ехова гаргадаггүй. Гэхдээ биднийг Библийн зарчмын дагуу сургасан мөс чанараараа удирдуулан шийдэж байгаасай гэж хүсдэг (Галат 6:5-ыг уншина). Ехова бидэнд олон зарчим зааж өгдөг. Зарчмыг ойлговол Бурхан аливаа асуудалд хэрхэн ханддагийг мэдэж авна. Мөс чанараа ч сургана. Бас «Ехова юу хүсдэгийг ухаарч» сэтгэлд нь нийцүүлж шийдвэр гаргана (Эфэс 5:17).

Библийн зарчмыг ойлгох нь үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгоход тустай

13. Бурхны үйлчлэгчид үзэж харах, уншиж сонсох зүйлийн тухайд яагаад өөр өөр шийдвэр гаргадаг вэ? Гэхдээ бүгдээрээ юуг удирдлага болгодог вэ?

13 Бурхны үйлчлэгчид бүгдээрээ яг адилхан юм үзэж хардаг, уншиж сонсдог юм биш ээ. Яагаад гэвэл хүн бүр адилгүй. Бас нэг хүний сэтгэлд нийцдэг юм нөгөө хүний сэтгэлд нийцдэггүй байж болох юм. Юутай ч, Бурхны үйлчлэгч бүр зөв шийдвэр гаргахын тулд Библийн зарчмыг удирдлага болгодог байх ёстой (Филиппой 1:9). Ингэвэл Бурхны сэтгэлд нийцдэг юмыг л үзэж харж, уншиж сонсохоор шийднэ (Дуулал 119:11, 129; 1 Петр 2:16).

14. а) Цагаа юунд зарцуулдгаа бодож үзэх нь яагаад чухал бэ? б) Паул юу гэж зөвлөсөн бэ?

14 Бас үзэж харах, уншиж сонсох юманд хэр их цаг зарцуулдгаа анхаарах хэрэгтэй. Хэр их цаг зарцуулдгаас юуг хамгийн чухалд үздэг маань харагдана. Бид Еховад үйлчлэхийг хамгийн чухалд үздэг (Матай 6:33-ыг уншина). Гэхдээ үзэж харах, уншиж сонсох юманд өөрийн мэдэлгүй их цаг үрдэг болж мэднэ. Паул: «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» гэж зөвлөсөн (Эфэс 5:15, 16). Ийм учраас үзэж харах, уншиж сонсох юманд зориулдаг цагаа хэмжээ хязгаартай байлгаж, Бурханд үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг үгүйгээ шалгаж байх хэрэгтэй (Филиппой 1:10).

15. Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

15 Еховагийн зохисгүйд тооцдог юмыг үзэж харж, уншиж сонсох ёсгүй нь тодорхой байна. Харин үзэж харж, уншиж сонсож болох эсэх нь эргэлзээтэй юмыг яах вэ? Болгоомжлох хэрэгтэй юү? Жишээ татъя. Та өндөр ууланд явж байтал хавцал таарчээ. Хавцал руу унахгүйн тулд аль болох холуур явна биз дээ? Амь насаа хайрладаг хүн аюулаас хол явдаг. Үзэж харж, уншиж сонсох юмаа сонгох нь үүнтэй адил юм. Бурхны Үг «Хөлөө хорон муугаас зайлуулж яв» гэж зөвлөдөг (Сургаалт үгс 4:25–27). Иймээс бид буруу гэдэг нь тодорхой юмыг үзэж хардаггүй, уншиж сонсдоггүй. Бас муугаар нөлөөлж болзошгүй, Еховатай тогтоосон харьцаанд маань сэв суулгаж мэдэхээр сэжигтэй юмыг ч үзэж хардаггүй, уншиж сонсдоггүй.

ЕХОВАГИЙНХ ШИГ ҮЗЭЛ БОДОЛТОЙ БОЛОХ

16. а) Ехова юуг үзэн яддаг вэ? б) Еховагийн үзэн яддаг юмыг үзэн яддаг хүн яадаг вэ?

16 Дуулалч: «ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд» гэж бичжээ (Дуулал 97:10). Еховагийн үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг Библиэс мэдэж болдог. Библи судлахын хэрээр Еховагийнх шиг үзэл бодолтой болж байгаа эсэхээ магадлах хэрэгтэй. Жишээ нь, Ехова «худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу уруу түргэн гүйгч хөлийг» үзэн яддагийг бид мэдэж авсан (Сургаалт үгс 6:16–19). Бас «садар самуун явдалд орооцолдох, ... шүтээн шүтэх, ид шидээр хөөцөлдөх, ... хар буруу санах, уурлан хилэгнэх, ... атаархах, архидан согтуурах, ёс журамгүй найрлан цэнгэх зэргээс» хол байх ёстойгоо мэддэг болсон (Галат 5:19–21). Үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгоход Библийн эдгээр зарчим ямар ач холбогдолтойг та ойлгодог уу? Бид хэзээ ч, хаана ч, хүний дэргэд байхдаа ч, ганцаараа байхдаа ч Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахихыг хүсдэг (2 Коринт 3:18). Ямар шийдвэр гаргаж байгаагаас чухам ямар хүн бэ гэдэг маань харагддаг (Дуулал 11:4; 16:8).

17. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо юуны тухай бодох хэрэгтэй вэ?

17 Ийм учраас үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо «Еховатай тогтоосон харьцаанд минь яаж нөлөөлөх вэ? Мөс чанар минь яах вэ?» гэж бодож байгаарай. Үзэж харах, уншиж сонсох юмаа зөв сонгоход хэрэг болох бусад зарчмыг авч үзье.

18, 19. а) Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Үзэж харах, уншиж сонсох юмаа сонгоход тустай Библийн ямар ямар зарчим байдаг вэ?

18 Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгоно гэдэг бол оюун ухаанаа юугаар дүүргэхээ шийднэ гэсэн үг. Паул: «Үнэн, чухал, зөв, цэвэр ариун, хайр татам, сайшаамаар, сайн, магтууштай юм байгаа бол эдгээрийг бодож бай» гэж бичжээ (Филиппой 4:8). Оюун ухаанаа ийм сайн юмаар дүүргэвэл «ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» гэж итгэл төгс хэлнэ (Дуулал 19:14).

19 Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би юу үзэж харж, уншиж сонсдог билээ? Ямар нэг кино, нэвтрүүлэг үзсэний дараа таатай санагдаж, сэтгэл сэргэдэг үү? Сэтгэл өвдөх юмгүй, тайван байдаг уу? (Эфэс 5:5; 1 Тимот 1:5, 19). Ичиж зовох юмгүй Еховад залбирдаг уу? Эсвэл өөрийгөө буруутгадаг уу? Үзэж хардаг, уншиж сонсдог зүйлээсээ болоод хүчирхийлэлтэй холбоотой эсвэл садар самуун юм бодож байсан уу? (Матай 12:33; Марк 7:20–23). “Өнөө үеийн хэвэнд цутгуулж” байгаа юм биш биз?» (Ром 12:2). Эдгээр асуултад шударгаар хариулбал Еховатай сайн харьцаатай байхын тулд яах хэрэгтэйгээ ухаарна. «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүл[ээч]» гэж залбирсан дуулалч бидэнд сайхан үлгэр дуурайл болдог * (Дуулал 119:37).

БИДНИЙ ШИЙДВЭР БА БУСАД ХҮН

20, 21. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо итгэл нэгтнүүдэд маань ямар санагдахыг яагаад бодох хэрэгтэй вэ?

20 Санаж явах хэрэгтэй бас нэг чухал зарчим бол «Би бүх юмыг хийж болох ч бүх юм Бурхантай дотносоход тус болохгүй. Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» гэсэн зарчим юм (1 Коринт 10:23, 24). Ямар нэг юмыг хийх эрхтэй байх нь заавал хийх ёстой гэсэн үг биш. Бидний гаргах шийдвэр итгэл нэгтнүүдэд маань ямар санагдахыг нухацтай бодох ёстой.

21 Хүн бүрийн мөс чанар адилгүй. Жишээ нь, та телевизийн нэг нэвтрүүлгийг сэтгэл өвдөхгүйгээр үздэг байлаа. Гэтэл яг тэр нэвтрүүлгийг итгэл нэгтэн тань мөс чанарынхаа улмаас үздэггүй юм байна гэдгийг та мэджээ. Одоо яах вэ? Үзэх эрхтэй ч, үзэхгүй байхаар шийдэж болох юм. Яагаад гэвэл та «ах дүүгийнхээ эсрэг нүгэл үйлдэхийг», цаашлаад «Христийн эсрэг нүгэл үйлдэхийг» хүсэхгүй шүү дээ (1 Коринт 8:12). Бид итгэл нэгтнийхээ хэнийг ч бүдрүүлэх юм хийхийг хүсдэггүй (Ром 14:1; 15:1; 1 Коринт 10:32).

22. Итгэл нэгтэн нь өөр шийдвэр гаргалаа гэхэд ухаалаг хүн яадаг вэ?

22 Нөгөөтээгүүр, мөс чанарынхаа улмаас таны үзэж хардаггүй, уншдаггүй юмыг итгэл нэгтэн тань үздэг, уншдаг бол яах вэ? Итгэл нэгтнээ хайрлаж, хүндэлдэг учраас өөрийнхөө үзлийг тулгахгүй биз ээ. Машин барьж яваа хүн бусад жолоочийг өөрөөс нь хурдан юм уу удаан явж байлаа гээд жолоо муу барьдаг гэж боддоггүй шүү дээ. Үүнтэй адилаар, итгэл нэгтэн тань үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгох тухайд танаас өөр бодолтой байж болох ч та хоёрын хэн хэн нь Библийн зарчмыг баримтлахыг хичээдэг биз ээ (Номлогчийн үгс 7:16; Филиппой 4:5).

23. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ яавал зөв сонгох вэ?

23 Тэгэхээр, үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж зөв сонгох вэ? Библийн зарчмын дагуу сургасан мөс чанар, ах дүүгээ гэсэн чин сэтгэлдээ хөтлөгдвөл зөв сонгоно. «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хийдэгтээ» сэтгэл хангалуун явна.

^ Үзэж харах, уншиж сонсох юмаа сонгоход тустай өөр зарчим Сургаалт үгс 3:31; 13:20; Эфэс 5:3, 4; Колосай 3:5, 8, 20-д байдаг.