Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 12

Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ?

Бурхантай хэрхэн дотно харьцаа тогтоох вэ?

1. Бурхан бүх залбирлыг сонсдог уу?

Бурхан бүх үндэстний хүнийг өөрт нь залбирч дотно байгаасай гэж хүсдэг (Дуулал 65:2). Гэхдээ бүх залбирлыг сонсдог гэсэн үг биш. Жишээлбэл, эхнэртэйгээ зүй бус харьцдаг хүний залбирлыг сонсдоггүй (1 Петр 3:7). Бас муу явдлаа засаагүй зөрүүд израильчуудын залбирлыг сонсохоо больсон. Тэгэхлээр Бурханд залбирна гэдэг завшаан юм. Нөгөө талаас, ноцтой нүгэл үйлдсэн хүнийг гэмшвэл залбирлыг нь сонсдог. Исаиа 1:15; 55:7-г уншина уу.

«Бурхан бүх залбирлыг сонсдог уу?» видеог үзээрэй

2. Яаж залбирах вэ?

Залбирал бол шүтлэгийн нэг хэсэг учир бид Бүтээгч Еховад л залбирах ёстой (Матай 4:10; 6:9). Бид төгс бус учир нүглийн маань төлөө амиа өгсөн Есүсийн нэрээр залбирах хэрэгтэй (Иохан 14:6). Ехова биднийг чин сэтгэлээсээ залбираасай гэж хүсдэг. Иймээс цээжилсэн үг, бичсэн юм давтан хэлж залбирахыг таашаадаггүй. Матай 6:7; Филиппой 4:6, 7-г уншина уу.

Дотроо залбирахад ч Бурхан сонсдог (1 Самуел 1:12, 13). Биднийг цаг үргэлж, тухайлбал, өглөө босоод, орой унтахдаа, хоол идэхдээ, бас бэрхшээл тулгарсан үед ч залбирч байхыг уриалдаг. Дуулал 55:22; Матай 15:36-г уншина уу.

3. Христианууд ямар учраас цуглаанд явдаг вэ?

Бурханд итгэдэггүй, дэлхий дээр амар тайвныг тогтооно гэсэн амлалтыг нь доог тохуу хийдэг хүмүүс бидний эргэн тойронд амьдардаг учир Бурхантай дотно харьцаа тогтооход амаргүй байдаг (2 Тимот 3:1, 4; 2 Петр 3:3, 13). Тийм учраас итгэл нэгтнүүдтэйгээ цуглан харилцан бие биеэ урамшуулан зоригжуулж байх хэрэгтэй. Еврей 10:24, 25-ыг уншина уу.

Бурхныг хайрладаг хүмүүстэй нөхөрлөх нь Бурхантай дотно харьцаа тогтооход тусалдаг. Еховагийн Гэрчүүдийн цуглаан бусдаасаа суралцан итгэлээ бэхжүүлэх сайхан боломж олгодог. Ром 1:11, 12-ыг уншина уу.

4. Бурхантай дотносохын тулд яах хэрэгтэй вэ?

Еховатай дотно болохын тулд Библиэс сурч мэдсэнээ эргэцүүлэн бодож байгаарай. Тухайлбал, Еховагийн үйл хэрэг, заавар зөвлөгөө, амлалтынх нь талаар бодох нь сайн. Залбирч байгаад эргэцүүлэн бодвол Бурхны хайр, мэргэн ухааныг үнэлэх сэтгэл төрдөг. Иошуа 1:8; Дуулал 1:1–3-ыг уншина уу.

Бурханд итгэж найдаж байж л дотно харьцаа тогтоодог. Итгэлийг ургамалтай зүйрлэж болох юм. Ургамлыг байнга арчилж торддог шиг итгэлийг ч бас «арчилж тордох» буюу бэхжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, юунд, ямар учраас итгэдэг болсноо магадалж байх учиртай. Матай 4:4; Еврей 11:1, 6-г уншина уу.

5. Бурхантай дотно байх нь ямар ач тустай вэ?

Ехова өөрийг нь хайрладаг хүнд санаа тавьдаг. Итгэлийг нь бэхжүүлж, ирээдүйд мөнх амьдарна гэсэн найдвараа алдахгүй байхад нь тусалдаг (Дуулал 91:1, 2, 7–10). Эрүүл мэнд, сайн сайхандаа аюул учруулахаас сэрэмжлүүлдэг. Ехова амьдралын хамгийн зөв замыг зааж өгдөг. Дуулал 73:27, 28; Иаков 4:4, 8-ыг уншина уу.