Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 5

«Сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид» эргээд ир

«Сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид» эргээд ир

Энэ товхимолд тоочиж бичсэн бэрхшээл танд тулгардаг уу? Тийм бол, та ганцаараа биш ээ. Эрт эдүгээгийн үнэнч олон хүн таныхтай адил бэрхшээлийг давж гарч байсан. Бэрхшээлийн ард гарахад нь Ехова тусалсан. Танд ч тусална.

Эргээд ирэхэд тань Ехова тусална

ЭРГЭЭД ирэхэд тань Ехова тусална гэдэгт битгий эргэлзээрэй. Түүний тусламжтайгаар та санаа зовохоо больж, хүнд гомдсон бол уучилж, өөрийгөө буруутгахаа больж сэтгэл амар явна. Тэгээд итгэл нэгтнүүдийнхээ дунд орж, Еховадаа эргээд үйлчлэхийг хүсэх биз ээ. Нэгдүгээр зууны зарим христианд бас ийм явдал тохиолдож байжээ. Тэдний тухай элч Петр: «Та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ сэтгэлийн чинь Хоньчин болон Харгалзагчид буцаж ирэв» гэж бичсэн (1 Петр 2:25).

Еховад эргээд ирнэ гэдэг нь таны хувьд хамгийн зөв алхам. Яагаад? Ингэснээрээ та Еховаг баярлуулна (Сургаалт үгс 27:11). Ехова сэтгэл мэдрэмжтэй учраас бид түүнийг үйл хэргээрээ нэг бол гомдооно, нэг бол баярлуулна. Намайг хайрла, намайг шүт гэж Ехова хэнийг ч албаддаггүй (Дэд хууль 30:19, 20). Библи судлаач нэгэн эрдэмтэн үүнийг дараах жишээгээр тайлбарлажээ. «Хүний зүрх сэтгэлийн үүд гаднаа биш, дотроо бариултай. Дотроосоо л онгойно». Хайраар дүүрэн зүрх сэтгэлээр үйлчлэх буюу зүрхнийхээ үүдийг нээвэл чин үнэнч сэтгэлээ Бурханд зориулж байна гэсэн үг. Ингэвэл Бурхан танд хэмжээлшгүй ихээр баярлана. Еховаг шүтэхийн баяр жаргалыг юутай ч харьцуулшгүй. Зөвхөн Ехова биднээр шүтүүлэх эрхтэй билээ (Үйлс 20:35; Илчлэлт 4:11).

Түүнчлэн, эргээд Еховаг шүтдэг болбол чухал хэрэгцээгээ хангана (Матай 5:3). Олон хүн «Би юуны төлөө амьдарч байгаа юм бэ?» гэж боддог. Амьдралын утга учрыг олохсон гэж их хүсдэг. Ехова хүнийг тийм хэрэгцээтэйгээр бүтээсэн. Бид Еховад үйлчилсэн цагт л сэтгэл хангалуун байна. Еховаг хайрын үүднээс шүтэх шиг жаргал хаа ч байхгүй (Дуулал 63:1–5).

Таныг өөрт нь эргээд ирээсэй гэж Ехова хүсдэг. Үүний баталгаа юу вэ? Бодоод үз дээ. Энэ товхимлыг их залбирч байж бэлдэн гаргасан. Таныг уншаасай гээд ахлагч юм уу итгэл нэгтэн тань өгсөн байх. Та энэ товхимлыг уншаад сэтгэл хөдөлсөн биз ээ. Энэ бүхэн бол Ехова таныг мартаагүйн баталгаа юм. Тэрбээр таныг өөр лүүгээ алгуур хөтөлж байна (Иохан 6:44).

Төөрөн явсан үйлчлэгчээ Ехова хэзээ ч мартдаггүйг мэдэхлээр сэтгэл тайвширдаг. Дона гэдэг эмэгтэйн тухай ярья. Тэрбээр: «Би үнэнээс аажмаар холдоод явсан. Гэхдээ Дуулал 139:23, 24-т байдаг “Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам уруу намайг залаач” гэсэн үгийг үргэлж боддог байсан. Би ертөнцийнх биш гэдгээ, ертөнцөд байж чадахгүйгээ, Еховагийн байгууллагад байх ёстойгоо ойлгож байсан. Ехова намайг хэзээ ч орхиогүй, харин би өөрөө Еховад эргээд очих ёстойгоо ухаарсан юм. Эргээд ирсэндээ их баяртай байна» хэмээн ярьжээ.

«Ехова намайг хэзээ ч орхиогүй, харин би өөрөө Еховад эргээд очих ёстойгоо ухаарсан юм»

Таныг Еховад үйлчлэхийн «баяр баясгаланг» эргээд олж аваасай гэж бид чин сэтгэлээсээ залбирч байна (Нехемиа 8:10). Еховад эргээд ирсэндээ та хэзээ ч харамсахгүй.