Удирдах Зөвлөлийн захидал
Хайрт итгэл нэгтэн минь ээ,
Библид зовлон бэрхшээл үзэж туулсан, үнэнч хүмүүсийн тухай ихэвчлэн өгүүлдэг. Тэд «бидэнтэй адилхан жирийн» хүмүүс байжээ (Иаков 5:17). Зарим нь хүнд дарамтад байсан. Гэрийнхэндээ эсвэл итгэл нэгтэндээ гомдсон хүмүүс ч байдаг. Бас алдаа гаргаад шаналж явсан хүн олон.
Үүнээсээ болоод тэдний зарим нь Еховагаас хөндийрчээ. Гэхдээ бүрмөсөн орхисон уу? Үгүй ээ. «Би төөрсөн хонь шиг замаас гажин явсан билээ. Өөрийн зарцыг хайн олооч. Учир нь би Таны тушаалуудыг мартдаггүй билээ» гэж залбирсан дуулалчийнхтай адилхан сэтгэлтэй хүн олон байсан (Дуулал 119:176). Танд бас тэгж санагддаг уу?
Хашаанаас нь гараад төөрөн явсан хоньдоо Ехова хэзээ ч мартдаггүй. Тэрбээр алдагдсан хоньддоо итгэл нэгтнээр нь дамжуулан тусалдаг. Еховагийн үнэнч үйлчлэгч Иовын тухай бодоод үзье. Тэрбээр их зовлон үзсэн. Амин зуулганаасаа салж, үр хүүхдээ алдан, хүнд өвчин тусжээ. Дэмжиж туслах ёстой дотны хүмүүсээсээ зүрх зүсэм үг сонссон. Иов нэгэн үе ухаан бодолдоо төөрөн явсан ч Еховаг орхиогүй (Иов 1:22; 2:10). Сэхэхэд нь Ехова Иовд хэрхэн тусалсан бэ?
Ехова Иовд итгэл нэгт Елихугаар нь дамжуулан тусалсан. Иовыг санаа зовж байгаа зүйлээ хэлэхэд Елиху анхааралтай сонссоныхоо дараа ярьсан. Юу гэж хэлсэн бэ? Иовыг шүүмжилж, ичээж зовоосон уу? Өөрийгөө Иовоос дээгүүр тавьсан уу? Огтхон ч үгүй! Бурхны агуу хүчээр удирдуулан «Би чамтай адил Бурханд харьяалагддаг. Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ» гээд «Надаас айх хэрэггүй, миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй» гэж батлан хэлсэн (Иов 33:6, 7). Елиху Иовын зовлон дээр зовлон нэмэхийн оронд хайрын сэтгэлээр зөвлөгөө өгч, урам зориг хайрласан.
Бид энэ товхимлыг ийм л сэтгэлээр эрхлэн гаргалаа. Эхлээд Еховагаас холдоод явчихсан хүмүүсийг «сонсож» ямаршуу байгааг нь бодож үзсэн юм (Сургаалт үгс 18:13). Тэгээд залбирч байгаад, Ехова эртний үйлчлэгчдэдээ хэрхэн тусалж байсныг Библиэс нягтлан үзлээ. Эцэст нь, Библид гардаг хүмүүст тулгарсан бэрхшээлийг орчин үеийн хүмүүсийнхтэй харьцуулаад энэ товхимлыг гаргалаа. Уншиж судлахыг танаас хүсье. Бид таныг чин сэтгэлээсээ хайрладаг.
Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл