Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 5

Аав ээж нартайгаа эвтэй байх нь

Аав ээж нартайгаа эвтэй байх нь

«Энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс» (Колоссай 3:12).

Эрэгтэй эмэгтэй хоёр гэрлээд өрх тусгаарладаг. Гэрлэсэн хоёр эцэг эхээ хайрлаж, хүндэтгэх нь зүйн хэрэг боловч юуны өмнө ханиа халамжлах учиртай. Ар гэрийнх нь зарим хүн үүнийг шууд хүлээн зөвшөөрч чадахгүй байж мэднэ. Гэхдээ Библийн зарчмыг дагавал энэ ярвигтай асуудлыг шийдэж чадах бөгөөд эцэг эхтэйгээ ч эвтэй байна, ханьтайгаа ч улам дотносно. Бас төрөл садантайгаа ч зөв харьцаж чадна.

1 ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Эцэг эхээ хүндэл» (Ефес 6:2). Та хэдэн ч настай бай, эцэг эхээ хэзээд хайрлаж, хүндэтгэх учиртай. Таны хань ч гэсэн эцэг эхээ харж хандах үүрэгтэй. «Хайр атаархдаггүй» гэдэг. Тиймээс хань тань эцэг эхтэйгээ сайн харьцаатай байдаг бол таныг гэсэн сэтгэлгүй гэж бүү бодоорой (1 Коринт 13:4; Галат 5:26).

ЗӨВЛӨГӨӨ

  • «Танайхан намайг дандаа дорд үздэг», «Юу ч хийсэн, танай ээжид таалагдах юм биш!» гэх мэтээр нэг талыг барьж битгий яриарай.

  • Өөрийгөө ханийнхаа оронд тавьж үзээрэй.

2 ТУУШТАЙ БАЙХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» (Эхлэл 2:24). Ер нь, эцэг эх хүн үр хүүхдээ гэсэндээ шинэ гэр бүлийн амьдралд хэтэрхий их оролцох гээд байдаг.

Та ханьтайгаа ярилцаж, гэр бүлийнхээ амьдралд аав ээж нараа хэр зэрэг оролцуулахаа шийдээд, тэдэндээ эвтэйхэн, тодорхой хэлээрэй. Хүндэтгэлтэй хандаарай (Сургаалт үгс 15:1). Даруу, дөлгөөн, тэвчээртэй байвал эцэг эх болон хадмуудтайгаа эвтэй байна, «хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж» чадна (Ефес 4:2).

ЗӨВЛӨГӨӨ

  • Хэрэв танай амьдралд эцэг эх, хадмууд хэтэрхий оролцдогоос санаа зовдог эсвэл тэдний санал бодлыг харгалзан үзэх хэрэгтэй гэж боддог бол та хоёр тайван байхдаа ярилцаарай.

  • Асуудлыг санал нэгтэй шийдээрэй.