Skip to content

Гарчиг руу орох

Амар тайван, аз жаргалтай амьдрах цаг ойрхон!

Амар тайван, аз жаргалтай амьдрах цаг ойрхон!

Бие биеэ хайрлан хүндэтгэдэг, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга хүмүүс дэлхий дээр амьдрах цаг удахгүй ирэхийг мэдсэндээ Зоригт Туяа хоёр үнэхээр баяртай байв. Өлсгөлөн, өвчин, үхэл гэдэг юм байхгүй болж, бүх хүн амар тайван, аз жаргалтай амьдардаг болбол хэчнээн сайхан байх бол гэж бодон, тэр сайхан цаг хурдан ирээсэй гэж хүсэх болов.

«Энэ бүхэн хэзээ болох юм бэ?» гэж Зоригт асуужээ.

Цогт: «Ингэж асуудаг чинь зөв. Зоригт оо, чи Есүс гэдэг хүний талаар сонсож байв уу?» гэхэд

«Сонсож байсан. Их зөв юм заадаг хүн байсан юм шиг байна билээ. Ингэхэд, энэ чинь миний асуусантай ямар холбоотой билээ?» гэж Зоригтыг гайхахад

«Есүсийг 2 000 гаруй жилийн өмнө дэлхийд байхад нь дагалдагч буюу шавь нар нь түүнээс яг чинийхтэй адил асуулт асуусан байдаг. Тэгэхэд нь Есүс олон үйл явдлаас бүрдэх „шинж тэмдгийн“ талаар хэлж өгчээ. Энэ шинж тэмдгийг бүрдүүлэх бүх үйл явдал болбол Бурхны амлалтаа биелүүлэх тэр цаг ойрхон байгаа гэсэн үг гэж Есүс шавь нартаа хэлсэн юм» хэмээн Цогт тайлбарлав (Матай 24:3).

Удахгүй өөрчлөлт гарахыг харуулдаг, «шинж тэмдгийг» бүрдүүлдэг үйл явдлуудыг та олж харж байна уу?

«Шинж тэмдэг ээ? Ямар сонин юм бэ! Тэгээд цааш нь ярь даа» гэж Зоригтыг хэлэхэд

«Тэр шинж тэмдгийг бүрдүүлэх олон үйл явдал нь юу байхыг Библид бичсэн байдаг. Заримыг нь үзүүлье» гээд Библиэ нээн ингэж уншиж өгчээ.

  • «Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно» (Матай 24:7).

  • «Өлсгөлөн болно» (Матай 24:7).

  • «Ёс бус байдал өснө» (Матай 24:12).

  • «Хүчтэй газар хөдлөлтүүд болно» (Лук 21:11).

  • «Тахал дэлгэрнэ» (Лук 21:11, ШГ).

Зоригт Туяа хоёр энэ бүх явдлыг өнөө үед үнэхээр биелж байна гэж бодсоноо тэр даруй хэлэв. Үнэндээ тэд ийм үйл явдлаас болж ирээдүйдээ санаа зовж явдаг байжээ.

Цогт: «Энэ шинж тэмдэг биелж байгаа нь Ехова Бурхан дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэхээр захирах эрхтэй гэдгээ удахгүй харуулна гэсэн үг. Ехова тэнгэрийн засгийн газраар дамжуулан захирна. Энэ засгийн газрыг Библид „Бурханы Хаанчлал“ гэдэг» гэж хэлээд энэ Хаанчлал удахгүй юу хийх талаар:

  • «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44).

гэж Библиэс уншив. Тэгээд Цогт: «Бурхны Хаанчлал дэлхийг захирахад ёс бус явдал, шударга бус явдал, завхрал гажуудал бүрмөсөн арилна. Бодоход хүртэл сайхан байгаа биз!» гэлээ.

Энэ бүхнийг сонсоод Зоригт Туяа хоёрын сэтгэл маш их хөдөлж, ийм амар тайван, шинэ нийгэмд амьдрахыг хүсжээ.

Зоригт: «Ийм сайхан ирээдүйд хүрэхийн тулд Туяа бид хоёр яах хэрэгтэй вэ?» гэж лавласанд

«Зүгээр сууж байгаад сайн сайхан юманд хүрэхгүй шүү дээ. Та хоёр ч тэгж боддог биз. Адам Ева хоёрын тухай бодож үзье. Тэд яалаа? Юугаа алдсан билээ? Тэдний алдаанаас ямар сургамж авч болох вэ?» гэж Цогт асуужээ.

Зоригт: «Тэд Бурхны шаардлагыг биелүүлж амьдраагүй учраас төгс амиа алдаж, Диваажинд амьдрах эрхгүй болсон» гэж хариулахад

«Ехова Бурхан бидэнд ч гэсэн шаардлага тавьдаг. Дэлхий дээр удахгүй бий болох Диваажинд амьдаръя гэвэл Еховагийн талаар, шаардлагынх нь талаар мэдэж аваад, тэр дагуу амьдрахыг л хичээх хэрэгтэй» гэж Цогт тайлбарлалаа.

Зоригт энэ бүхний учрыг ойлгож байвч Туяа тэр хоёр энэ шаардлагыг биелүүлж чадах болов уу гэж эргэлзжээ.

Ехова биднийг амар тайван, аз жаргалд хүргэх замаар явахыг уриалдаг

Цогт: «Ехова Бурханд дуулгавартай байна гэдэг хэцүү бэрх юм биш ээ. Яагаад гэвэл Ехова биднийг хайртай хүүхдээ гэж үздэг Эцгийн сэтгэлээр бидний л сайн сайхны төлөө шаардлага тавьдаг. Ехова бидэнд амар тайван шинэ ертөнцөд хүргэх замыг зааж өгдөг. Түүгээр зогсохгүй, энэ замаар явахад маань биднийг удирдахыг хүсдэг. Тийм ч учраас Библид ингэж бичүүлсэн байдаг юм» гээд доорх үгийг уншлаа.

  • «Чиний Аврагч, Израилийн Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна. „Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг. Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно. Чиний үр удам элс мэт, чиний хойч үе элсний ширхэг мэт болно. Тэдний нэр Миний оршихуйгаас хэзээ ч тасдагдахгүй, устгагдахгүй“» (Исаиа 48:17–19).

Энэ үг Зоригт Туяа хоёрын сэтгэлийг уужруулав. Тэд өөрсдөд нь ч, гэр бүлд нь ч ач тустай тийм л замыг сонгож амьдрахсан гэж боджээ. Амар тайван, шударга нийгэмд үр хүүхэдтэйгээ амьдарна гэдэг хамгийн сайхан санагджээ.

«Хэрэв та хоёр Ехова Бурхан юу заадгийг мэдэж аваад мэдлэгээ хэрэгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийгээд байвал энэ бүх гайхамшигтай ивээлийг өөрийн биеэр хүртэнэ шүү дээ» гэж Цогтыг хэлтэл

Зоригт: «Яавал энэ бүхнийг мэдэж авах вэ? Сувд та хоёр бидэнд тусална биз дээ?» гэж яаран асуухад

Цогт: «Тэгэлгүй яах вэ! Та хоёртоо дуртайяа тусална. Амар тайван, аз жаргалд хүргэх замыг олж, тэр замаас хазайхгүй явахад туслах нэг юм байгаа шүү!» гэж Зоригт Туяа хоёрт хэлэв.