Skip to content

Гарчиг руу орох

Бид бүгдэд удирдлага заавар хэрэгтэй

Бид бүгдэд удирдлага заавар хэрэгтэй

Зоригт маш их санаа зовж байв. * Түүний сэтгэлийг зовоох юм бишгүй их. Тэрбээр гэр бүлээ тэжээхийн тулд тогтсон ажил олох гэж их удаан хайжээ. Мөн үр хүүхдээ мэдлэг боловсрол сайтай, түвшин сайхан амьдралтай хүмүүс болоосой гэж хүснэ. Гэвч энэ бүхэн нэг л бүтэхгүй мэт санагдана. Гэр бүлээ идэх хоол, орох оронтой байлгая гэвэл өөрөө эрүүл байж, ажлаа хийх нь одоо түүний хийж чадах цорын ганц зүйл байв. Өөрт нь ямар нэг юм тохиолдлоо гэхэд гэр бүлийнхнийг нь хэн харж хандах бол гэж бодохоос сэтгэл нь түгшинэ.

Зоригтын эхнэр Туяа ч бас санаа зовж явдаг аж. Сүүлийн үед Зоригт Туяа хоёр таарамж муутай байх болжээ. Зоригт ажлаасаа их ядарчихсан ирнэ. Туяа хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, бусдыг хүндэтгэдэг хүн болгон өсгөхөд нь эр нөхрөө туслаасай гэж хүсэвч нөхөр нь даанч завгүй. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр байнга муудалцдагтаа Туяа гутарна. Бас хүүхэд нь өвдвөл эм авах, эмчилгээ хийлгэх мөнгө хаанаас олно доо гэж зовно. Тэгээд иймэрхүү юм огт бодохгүй байхыг хичээдэг аж.

Бас нийгэм урьдынхаасаа өөрчлөгдөж байгааг ч Зоригт Туяа хоёр анзаарч байлаа. Хүмүүс бие биедээ цаг гаргахаа бараг больж, нэг нь нөгөөгийнхөө төлөө явдаг байсан урьдын сайхан цаг нэгэнт өнгөрсөн мэт санагдана. Найз нөхөд, хамаатан садангууд нь бас адилхан бэрхшээлтэй тулгарч, ирээдүйдээ санаа зовдог нь илт байв. Жинхэнэ ёсоор сэтгэл тайван амьдардаг хүн нэг ч байхгүй юм шиг санагддаг болж. Туяа энэ бүхнийг шийдэх арга замыг олж, амар тайван, сэтгэл хангалуун амьдардаг болбол ямар сайхан байх бол оо гэж үргэлж бодно. Хэдийгээр Зоригт Туяа хоёр амьдралын төлөө чадлынхаа хэрээр зүтгэдэг ч бүтэшгүй юмны хойноос явж байгаа мэт санагдаж байлаа.

Нэгэн өдөр тэд зовлон бэрхшээлийнхээ талаар ярилцав.

«Хэрэв бид жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх замыг олбол ямар сайхан бэ, тийм ээ?» гэж Зоригтыг хэлэхэд

«Тэгвэл ч мөн сайхан даа. Хэрэв ийм замыг олбол бид бүх асуудлаа лав шийднэ дээ» гэж эхнэр нь хэлэв.

Зоригт: «Ер нь хүний амьдралын тухай номлодог шашны ч, гүн ухааны ч сургаал их л олон байх юм. Гэвч чухам аль нь жинхэнэ аз жаргалд хүргэдгийг яаж мэдэх вэ? Тэр бүгдийг судлаад явах арга алга! Тэгтэл бараг бүгдээрээ л амьдралын бэрхшээлийг шийдэх арга замыг заадаг гэдэг хэр нь нэг нь ч болов хүний амьдралыг жинхэнэ ёсоор өөрчилсөн нь хаа байна? Ингээд бодохлоор, тийм замыг хайхын ч хэрэггүй юм шиг ээ» гэв.

Туяа нөхөртэйгээ санал нийлсэн ч, дотроо бол гэр бүлд нь тус болох ямар нэг юм олохыг хүсэж байв. Ямар нэг арга байж л таараа гэж бодно.

Та ч бас Зоригт Туяа хоёрын адилаар санаа зовдог байж болох юм. Үнэндээ, тэдэнд тулгардаг шиг бэрхшээл дэлхий даяар олон хүнд тулгардаг. Газар газрын хүмүүс эрүүл саруул, амар тайван, гэр бүлээрээ жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ энэ хүсэл нь биелэхгүй юм шиг санагддаг. Тэгвэл жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх замыг олох ямар нэг найдвар байдаг болов уу?

^ Энэ товхимлыг хоёр хосын хооронд өрнөж буй харилцан яриа маягаар бичив.