Бүх зовлон дуусна
Еховагийн тухай Цогтын хэлж ярьсан бүхэн Зоригтод сайхан санагдаж байсан ч нэг зүйл сэтгэлийг нь зовоож байв. Тэрбээр: «Ехова бүх юмыг бүтээсэн ийм хүчтэй, хайрын Бурхан юм бол дэлхий дээр яагаад ийм их зовлон бэрхшээл байдаг юм бэ? Хүн яагаад ингэж их зовдог юм бэ?» гэж Цогтоос асуусанд
«Их оновчтой асуулт байна. Олон хүн яг ингэж боддог ч учрыг нь олохгүй явдаг. Ехова Бурхан ямар зан чанартайг бодож үзвэл хүмүүсийг дэлхий дээр одоогийнх шиг ийм таагүй нөхцөлд амьдруулахыг хүсэхгүй нь лав. Тэгвэл яагаад ийм байдалтай байгааг ойлгохын тулд Бурхан дэлхийн талаар анх ямар санаа зорилготой байсныг, дараа нь юу болсныг мэдэх хэрэгтэй» гэж тайлбарлав.
Тэгээд Цогт Ехова Бурхан газар дэлхийг бүтээж дуусгаад ямар сэтгэгдэлтэй байсан тухай Библид юу гэж бичсэн байдгийг уншиж өгчээ.
-
«Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» (Эхлэл 1:31).
Еховагийн дэлхий дээр бүтээсэн хамгийн гайхалтай бүтээл нь анхны хүмүүн хос байлаа. Тэднийг Адам, Ева гэдэг байв. Бурхан тэднийг бусад бүтээлийнхээ нэгэн адил төгс бүтээсэн бөгөөд дэлхий дээр мөнх амьдруулах зорилготой байлаа. Бурхан Адам Ева хоёрыг аз жаргалтай амьдрах бүх нөхцөл бүрдсэн Еден гэдэг үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгт суулгажээ. Тэд юугаар ч дутдаггүй байв (Эхлэл 2:8, 9). Бас Ехова тэднийг үр хүүхэдтэй болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш хэмээсэн байлаа (Эхлэл 1:28). Энэ нь дэлхий аажимдаа төгс, жаргалтай хүмүүсээр дүүрч, бүхэлдээ Диваажин болно гэсэн үг байв. Хүн төрөлхтнийг үнэхээр сайхан ирээдүй хүлээж байжээ!
Тэгвэл юу буруугаар эргэсэн юм бол? Цогт Библид байдаг нэг тайлбарыг Зоригтод уншууллаа.
-
«Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» (Ром 5:12).
Ехова Бурхан халамжит Эцгийн ёсоор Адам Ева хоёрт тодорхой заавар буюу хэм хэмжээ өгсөн. Тэд үүнийг нь сахивал диваажин дэлхийгээ арчлан тордож, мөнх амьдрах байв (Эхлэл 2:15–17). Бас зааврыг нь биелүүлэхийг Адам Ева хоёрт тулгалгүй, харин ч дуулгавартай хүүхдийн адилаар дуртайяа биелүүлэн, өөрт нь хайртайгаа батлах боломж олгосон нь ухаалаг Эцгийн ёсоор хандсан хэрэг юм. Адам Ева хоёр бидэнтэй адил сонгох эрх чөлөөтэй хүмүүс байсан. Тэгвэл тэд эрх чөлөөгөө хэрхэн эдэлсэн бэ?
Харамсалтай нь, Адам Ева хоёр Бүтээгчийнхээ зааврыг дагасангүй. Тэд өөрсдийнхөө замаар явахаар шийджээ. Үүний улмаас нүгэлтэй болж, төгс байдлаа алдсан. Ингээд тэд өтөлж хөгшрөн эцэстээ үхжээ. Энэ бол хэм хэмжээг нь зөрчвөл юу болохыг хэлсэн Еховагийн үг биелсэн хэрэг байлаа (Эхлэл 2:17).
Бид бүгд Адам Ева хоёрын үр удам учир тэднээс төгс бус байдлыг өвлөн авсан. Тиймээс бид хөгширч, үхдэг болсон. Гэхдээ халамжит Эцэг Ехова хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо өөрчлөөгүй бөгөөд хүн төрөлхтнийг Диваажинд жаргалтай амьдруулахыг одоо ч хүсдэг гэж Цогтын
хэлсэн нь Зоригтод итгэл найдвар төрүүлэв. Тэгээд Цогт Библид:-
«Тэнгэрийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэр бол газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18).
гэж байдгийг Зоригт Туяа хоёрт уншиж өгчээ. Хүмүүс өвчин эмгэг, зовлон шаналлаас ангижирч, элбэг дэлбэг хоол хүнстэй, тохилог сайхан гэр оронтой болж, үхэл хагацал үзэхгүй амьдардаг болох тухай Библид байдаг олон гайхамшигт амлалтын талаар Цогт тэдэнд дахин нэг хэлжээ. Хүн төрөлхтөн Бурхны анхны, өөрчлөгдөшгүй санаа зорилгын дагуу буюу мөнх амьдрахдаа энэ бүх ивээлийг хүртэх учиртай байсан аж. Цогт Зоригтод дараах зүйлийг уншиж өгөв.
-
«Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).
Энэ бол Ехова Бурхны амлалт бөгөөд гарцаагүй биелнэ.