Skip to content

Гарчиг руу орох

Итгэж болох амлалтууд

Итгэж болох амлалтууд

Зоригт Цогтоос сонссон зүйлийнхээ талаар их боджээ. Тэрбээр Библийн талаар урьд нь ч сонсож байсан бөгөөд ариун ном гэдгийг нь мэдэж байв. Харин одоо, хэрэв зөгнөлүүд нь биелдэг юм бол жирийн нэг эртний ариун ном байж таарахгүй нь гэж бодох болов. Гэхдээ Библийг бичсэн хүмүүс түүхэн үйл явдлууд, шинжлэх ухааны баримтуудыг яаж урьдаас мэдэж бичсэн юм бол гэж гайхаж байлаа. Тэд хаанаас мэдэв ээ?

Маргааш нь Зоригт эхнэртэйгээ хамт Цогтынд очжээ. Тэрбээр: «Библийг бичсэн хүмүүс яаж эдгээр зүйлийг урьдаас мэдсэн юм бол оо?» хэмээн Цогтоос асуулаа.

Бурхан хүмүүсийг удирдан амлалтуудаа бичүүлсэн нь бидний тусын тулд юм

Цогт: «Тэр хүмүүс бичсэн юмаа өөрсдөө зохиож бичээгүй юм. Тэднийг даргынхаа хэлснийг бичдэг туслахтай зүйрлэж болно. Харин Библийн жинхэнэ Зохиогч нь хүн төрөлхтний Эцэг юм» гэж хариулав.

Тэгтэл Зоригт: «Хүн төрөлхтний Эцэг ээ? Тэр чинь хэн билээ?» гэж асуусанд

Цогт: «Хүн төрөлхтөнд анх амь өгсөн Нэгэн юм. Хүн бүр нэртэй байдаг шиг тэр Нэгэн ч бас нэртэй» гэж тайлбарлаад Библиэ авч, Дуулал 83:18-д:

  • «Таны нэрийг Ехова мөн хийгээд таныг бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» (1838 оны орчуулга).

гэж байдгийг уншиж өгчээ. Тэрбээр Библийн бас нэг зүйлийг үзүүлэв. Тэр зүйлд Еховаг «эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлдэг» гэж бичжээ (Исаиа 46:10). Тэгээд энэ зүйлийг тайлбарлан: «Ер нь эцэг хүн мэдлэг, туршлагаараа үр хүүхдээсээ илүү байдаг шиг хүн төрөлхтний Эцэг Ехова мэдлэг, мэргэн ухаанаараа бид бүгдээс хамаагүй давуу. Тэр бүү хэл, ирээдүйг урьдчилан хэлж чаддаг. Тийм учраас, Библийг бичсэн хүмүүсээр ирээдүйн талаар бичүүлж чадсан юм» гэсэнд

Зоригт: «Тэгвэл Туяа бид хоёрын ирээдүйг Ехова мэддэг гэсэн үг үү?» гэж сонирхоход

«Ехова хүн бүрийн заяа төөргийг урьдаас зурдаггүй. Харин эцэг хүний адилаар бидэнд ямар бэрхшээл тулгардгийг ойлгож, туслахыг хүсдэг» гэж Цогт тайлбарлав.

Зоригтын гэр бүлийг аз жаргалтай, амар тайван амьдрахад нь Еховагийн яаж туслахыг, гаргах шийдвэр нь одоогийн болон ирээдүйн амьдралд нь яаж нөлөөлөхийг Библиэс мэдэж болохыг ч түүнд хэлжээ.

Үр хүүхдээ жаргалтай амьдруулахын төлөө чадах бүхнээ хийдэг Зоригт шиг эцэг хүнд энэ бүхэн тун ойлгомжтой байлаа. Цогт Библид байдаг Бурхны зарим амлалтыг Зоригт Туяа хоёрт сонирхуулан дараах зүйлийг Библиэс уншиж өгөв.

  • «Тэрбээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсооно» (Дуулал 46:9).

  • «Тэд гэр барьж, түүн дотор суун, тэд усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Харин тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ. Харин Миний ард түмний амьдрах хугацаа модных шиг болох бөгөөд Миний сонгож авсан хүмүүс өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана» (Исаиа 65:21, 22, МБОХ, 1998).

  • «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болно» (Дуулал 72:16).

  • «Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:4).

Библи биднийг хүлээж буй сайхан ирээдүйн тухай өгүүлдэг

Библид ийм сайхан амлалтууд байдгийг мэдээд Зоригтын сэтгэл нь хөдөлжээ. Хүмүүс нь бие биедээ шударга ханддаг, өвчин зовлон, үхэл хагацал үздэггүй, хоол хүнсээр дутдаггүй нийгэм бий болох тухай сонсоод баярлав. Харин Туяа энэ тухай сонсоод баярласан ч итгэхийн аргагүй дэндүү сайхан юм гэж бодлоо.

Цогт: «Туяа аа, чиний юу бодож байгааг би сайн ойлгож байна. Гэхдээ чи бод доо. Бидний өмнө нь ярилцаж байсан Библийн зөгнөлөөс гадна өөр олон зөгнөл яг таг биелсэн шүү дээ. Тэгвэл энэ амлалтууд яагаад биелэхгүй гэж? Тэгээд ч Библийн Зохиогч энэ амлалтуудаа биелүүлэхээ батлан: „Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн“ гэж хэлсэн юм шүү дээ» хэмээв (Илчлэлт 21:5).