Skip to content

Гарчиг руу орох

Хайрын сэтгэлтэй, шударга Бурхан

Хайрын сэтгэлтэй, шударга Бурхан

Хүн эцэг эхээ зарим талаар дууриасан байдаг

«Та хоёроос нэг юм асууя. Ер нь хүүхдийг нь хараад эцэг эхийнх нь ааш зан, дүр төрхийг нь мэдэж болно биз?» гэж Цогтыг Зоригт Туяа хоёроос асуухад

Зоригт: «Тэр ч тийм шүү! Манай охин ээжтэйгээ ямар адилхан гээч. Бүр ааш зан нь хүртэл адилхан» гэж хариулав.

«Нээрээ, танай хоёр их адилхан шүү. Үүнтэй адилаар, бид өөрсдийгөө хараад, Еховагийн бүтээсэн бусад зүйлийг ажиглаад Еховагийн ямар зан чанартайг мэдэж болдог» гэж Цогт хэлэв.

Зоригт: «Яасан сонин юм бэ! Би огт ингэж бодоогүй юм байна» гэлээ.

«Үнэндээ бол Библид энэ тухай бичсэн байдаг юм. Ром 1:20-д юу гэж бичсэнийг үз дээ. „Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа“» хэмээн уншив. Тэгэхэд нь Зоригт юу гэсэн үг болохыг нь асуусанд

Цогт: «За, эцэг хүн үр хүүхдээ яаж хайрладгийг бодож үзье. Сайн эцэг яг чам шиг үр хүүхдээ үргэлж хайрлан халамжилдаг. Үгийг нь сонсохгүй юм уу өөрийг нь хүндэтгэхгүй байхад ч эцэг хүн хүүхдээ тэжээж тэтгэн, хайрлаж л байдаг. Яагаад тэгдэг юм бол? Яагаад гэвэл Ехова эцэг эхийг үр хүүхдээ өөрийн эрхгүй хайрладгаар бүтээсэн байна. Хүүхдээ гэдэг эцэг эхийн хайр биднийг гэдэг Еховагийн хайрыг харуулдаг юм» гэж хариулав.

Ехова хэрэгтэй бүхнийг хайрын сэтгэлээр өгч амьдралыг тэтгэдэг

Тэрбээр цааш нь: «Бид өөрийг нь мэдэхгүй байсан ч Ехова бидний хэрэгцээг бүтээлээрээ хангах л байсан. Тиймээс, Матай 5:45-д: „Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь Тэр Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм“ гэж бичсэн байдаг. Бороо, нарны гэрэл бидэнд ямар их хэрэгтэй байдаг билээ? Бид үүний ачаар амьд байж, тариа будаа ургуулж, хоол хүнстэйгээ залгадаг. Бас үүнийх нь төлөө биднийг талархсан ч, талархаагүй ч, үндсэн хэрэгцээг маань үргэлж хангадаг. Энэ бүхэн Ехова бол хайрын Бурхан гэдгийн баталгаа биш гэж үү? Үнэндээ, хайр бол Еховагийн гол чанар гэж Библид бичсэн байдаг. 1 Иохан 4:8-д: „Бурхан бол хайр билээ“ гэж байдаг» гэв.

Дараа нь Цогт шударга зангийн талаар ярилаа. Тэрбээр Зоригтод: «Чам шиг сайн эцэг хүн үр хүүхдээ хайрлан халамжилж, санаа тавихдаа тэдэндээ шударга ханддаг байлгүй. Бас тэднийгээ бусдыг хүндэтгэдэг хүн болгон хүмүүжүүлж, хариуцлагатай хүн болоосой гэсэндээ тус болно гэж боддог хэм хэмжээгээ зааж сургадаг биз. Ер нь хэн ч шударга бус явдлын золиос болохыг хүсдэггүй. Хүмүүс бидэнд шударга хандаасай, шударга ёсыг эрхэмлэх сэтгэлийг маань хүндэтгээсэй гэж хүсдэг. Яагаад тэр юм бол? Бүтээгчийнхээ л зан чанарыг тусган харуулдгийн бас нэг шинж юм шүү дээ» гэж хэлэв.

Тэгээд Ехова Бурхны зан чанарын тухай өгүүлдэг Библийн зүйл тэдэнд үзүүлжээ.

  • «Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» (Дэд хууль 32:4).

  • «Тэрээр зөв ба шударга байдлыг хайрладаг» (Дуулал 33:5).

Тийм ээ, биднийг бүтээсэн Ехова Бурхан шударга ёсыг хайрладаг учир бид ч бас хайрладаг. Бас Ехова биднийг дүр төрхийнхөө дагуу буюу олон сайхан чанараа шингээж бүтээсэн учир бид тэдгээрийг тодорхой хэмжээнд илэрхийлдэг (Эхлэл 1:27). Гэхдээ Ехова юуг шударга, юуг шударга бус гэж тогтоох эрхийг хүнд олгоогүй юм. Тэрбээр хүмүүсийн дагаж амьдарвал зохих хууль, хэм хэмжээг тогтоосон билээ. Бурхны хууль зөрчигдвөл шударга бус явдал гардаг.

«Өөр нэг гайхалтай зүйлийн талаар та хоёрыг бодож үзээсэй гэж хүсэж байна» гэж Цогт хэлээд: «Та хоёр, олон улс орны хууль хэдэн мянган жилийн өмнө Библид бичсэн хуультай олон талаараа төстэй байдгийг мэдэх үү?» гэж асуусанд Зоригт Туяа хоёр гайхжээ.

Цогт: «Жишээлбэл, хүн алах, хулгай хийх, садар самуун үйлдэх гэх зэргийг олон оронд хуулиар хориглосон байдаг. Гэтэл эдгээрийг 3 500 гаруй жилийн өмнө Библид бичсэн байсан. Бид Ехова Бурхны тогтоосон шударга хэм хэмжээг сахидаг бол Бурхны шударга занг ч тусган харуулна, өөрсдөө ч илүү жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна» гэв.

Хүн буруу хэргийг хуулиар хориглодог нь Еховагийн шударга занг тусгадгийн шинж юм

Ингээд Цогтын яриаг анхааралтай сонссон Зоригт Туяа хоёр Еховаг хайрын сэтгэлтэй, шударга Бурхан юм гэж ойлгов. Тэд өөрсдөө ч хүн хүнээ хайрлаж, бие биедээ шударга хандах нь хамгийн чухал гэж үзэн, үр хүүхдэдээ хайрын сэтгэлээр, шударга хандахыг хичээдэг байв. Тэгвэл сэтгэлийн угаас гардаг энэ чин хүсэл нь Бүтээгч Ехова Бурхны зан чанарын илрэл юм байна гэдгийг сая ухаарчээ.

Зоригт Еховагийн зан чанарын тухай мэдээд их догдолжээ. Тэрбээр Еховаг үнэхээр бодитой оршдог юм байна гэж ойлгоод эхнэр, хүүхдээ илүү их хайрлахын тулд ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж бодож эхлэв. Тэгээд Еховаг дууриан гэрийнхнээ бүгдийг нь хайрлаж, бүгдэд нь шударга хандах нь хамгийн сайн арга гэж боджээ.

Цогт: «Ёстой зөв, Зоригт минь» гэж баярлан хэлснээ цааш нь: «Чиний бодож байгаа чинь Библид бичсэнтэй яг тохирч байна. Олон хүний сайн мэдэх Библийн нэг зүйлийг чамд үзүүлье» гээд Библиэс уншиж өгөв.

  • «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» (Матай 7:12).

Хайрын сэтгэлтэй, шударга Бурхан Ехова өөр олон сайхан чанар илэрхийлдгийг Цогт хэлэв. Зоригт Туяа хоёр Еховагийн тэр сайхан чанарынх нь талаар илүү ихийг мэдэж авахыг хүсжээ.