Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 1

Сэтгэл хангалуун амьдрал зөвхөн мөрөөдөл гэж үү?

Сэтгэл хангалуун амьдрал зөвхөн мөрөөдөл гэж үү?

ӨНДӨР хөгжилтэй улс оронд амьдардаг, ахуй амьдралд шаардлагатай бүх л зүйлийг гэртээ аваад тавьчихсан айлыг хальт харахад тав тухтай гэж жигтэйхэн, гал голомт нь өөдрөг сайн яваа юм байна гэж санагдмаар. Гэтэл хаалгаар оруут та юу мэдэрнэ гээч? Тэднийхэн бие биетэйгээ өөриймсөг бус харьцах бөгөөд хөндий хүйтэн уур амьсгал ноёлж байгааг мэдэрнэ. Өсвөр насны хүүхдүүд нь аав ээждээ «тийм», «үгүй» гэж дуртай дургүй хариулах ажээ. Харин эхнэр нь нөхрөөсөө хайр халамж хүсэн байхад нөхөр нь хэзээ нэг амар заяа үзүүлэх бол доо гэж бодох юм гэнэ. Өндөр настай болсон эцэг эх нь хаа нэгтээ хол газар амьдардаг бөгөөд хэдэн сараар бараагаа харуулаагүй үр хүүхэдтэйгээ уулзахын хүслэн болж сууна. Гэтэл иймэрхүү бэрхшээлтэй тулгарч байсан олон гэр бүл саадыг даван туулаад үнэхээрийн жаргалтай болж чаджээ. Яаж ингэв ээ гэж та гайхаж байна уу?

2 Дэлхийн бөмбөрцгийн нөгөө нэг өнцгийн хөгжиж буй оронд амьдардаг өөр нэг гэр бүлийг авч үзье. Долоон ам бүлтэй энэ айл юу юугүй нурж унах шахсан муу овоохойд амьдардаг аж. Тэд дахин хэзээ өл залгахаа ч үл мэднэ. Энэ бол хүн төрөлхтөн өлсөж цангах, ядуурч туйлдахын гачлангаас бүрэн ангижраагүйн гашуун сануулга билээ. Гэсэн хэдий ч ядуу тарчиг байдлыг сэтгэлийнхээ тэнхээгээр даваад гарсан гэр бүл олон байдаг. Яаж даван туулсан бол оо?

3 Баян чинээлэг улс оронд ч санхүүгийн бэрхшээл гардаг. Жишээлбэл: Японы нэг гэр бүл эдийн засгийн «хөөсний» үед байшин худалдаж авчээ. Цалин хөлс нь удахгүй нэмэгдэнэ гэж найдаад өндөр хүүтэй зээл авсан аж. Гэтэл эдийн засгийн «хөөс» арилж, тэд зээлээ төлөх чадваргүй болсон байлаа. Ингээд өнөөх байшингаа анх худалдаж авснаасаа хамаагүй доогуур үнээр зарахаас өөр аргагүй болов. Тэд байшингаа алдсан хэдий ч түүнийхээ өрийг одоо хэр төлсөөр байна. Ядахад тэд зээлийн картаа буруу ашигласнаас үүссэн өр ширээ дарах гэж зүдэрч байна. Үүний хажуугаар эцэг нь мөнгө хожно гэж найдан морины уралдаанд мөрий тавьж өрөө улам бүр зузаатгасаар. Гэсэн ч олон гэр бүл амьдралаа өөрчилж аз жаргалд хүрч чаджээ. Яаж ингэснийг нь та мэдмээр байна уу?

4 Та хаана ч амьдардаг байлаа гэсэн эргэн тойрныхоо хүмүүсийн харьцаанаас болж бухимдан бачуурч, амьдралдаа сэтгэл хангалуун биш болдог байж магадгүй. Ажил дээрээ та хэл аманд ч орж болзошгүй. Таны амжилт бусдын хор шарыг хөдөлгөж, таныг шударга бусаар шүүмжилж ч юу магад. Хамт ажилладаг хүн тань эрс ширүүн авираараа таныг дарамталж болох юм. Бас үр хүүхдийг тань сургууль дээр нь дээрэлхэж, зовоож, үл тоомсорлодог. Хэрэв та үр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ганц бие эцэг, эх бол таны энэ байдал бусдад тийм ч аятайхан санагдахгүй. Энэ бүхэн олон мянган хүний амьдралыг дарамталдаг.

5 Стресс нь тодорхой хугацаанд хуримтлагдсаар ямар ч сануулгагүйгээр огцом сэдэрдэг аюултай. Тийм ч учраас стрессийг «аниргүй алуурчин», архаг стрессийг «удаан үйлчилгээтэй хор» гэх зэргээр нэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш ээ. АНУ-ын Миннесотын их сургуулийн профессор Роберт Венинга: «Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд албан хаагчид стресс болон стрессээс үүдэлтэй өвчнөөр шаналж байна» гэж хэлсэн. Зарим судалгаанаас үзвэл стрессээс үүдсэн өвчин эмгэгийн улмаас АНУ-ын эдийн засагт жил тутам 200 тэрбум долларын хохирол учирдаг ажээ. Тэр ч байтугай, стресс бол «Америкийн экспортын хамгийн сүүлийн үеийн бараа» гэж хошигнодог болжээ. Мөн дэлхийн ихэнх албан ёсны хэл стрессийг илэрхийлдэг өөрийн гэсэн үгтэй болсон байна. Та стресст орж, төлөвлөснөө биелүүлж чадаагүй бол өөрийгөө л буруутгадаг байх. Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл хүн өдөрт дунджаар хоёр цагийг өөрийгөө буруутган шаналсаар өнгөрөөдөг байна. Гэсэн ч зарим хүн стрессээ даван туулж, амьдралдаа амжилт гаргажээ.

6 Өдөр тутмын амьдралын энэ мэт бэрхшээлийг хэрхэн давж, амьдралдаа яаж сэтгэл хангалуун болох вэ? Эмч мэргэжилтнүүдийн зохиосон ном хэвлэл, гарын авлага тус болно гэж зарим хүн зөвлөж магад. Гэхдээ тийм номуудад бүрэн итгэж болох уу? Доктор Бенжамин Спок хүүхэд хүмүүжүүлэх талаар ном бичжээ. Тэрхүү номыг 42 хэлээр хөрвүүлж, бараг 50 сая хувь борлуулжээ. Гэвч түүний юу хэлсэн нь танд сонин байх болов уу. Тэрээр: «Өнөөгийн Америкийн эцэг эхчүүд... хатуу чанд байж чаддаггүй нийтлэг алдаатай улс» гэж хэлжээ. Үүнд өөр шиг нь мэргэжилтнүүд гол буруутай гэж тэр илэн далангүй хүлээн зөвшөөрөөд цааш нь: «Бид мэдэмхийрч байсан нь эцэг эхчүүдийг өөрийн хүчинд итгэдэггүй болгосныг даанч хожимдож ухаарлаа» хэмээжээ. Тэгэхээр «Эдүгээ хийгээд ирээдүйд амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд чухам хэний зөвлөгөөг дагах хэрэгтэй вэ?» гэдэг асуулт гарч ирж байна.