Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 3

Найдвартай удирдлага өгдөг ном

Найдвартай удирдлага өгдөг ном

«БИБЛИ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн түүх хийгээд амьдралын туршлагыг дэлгэрэнгүй өгүүлдэг хосгүй бүтээл мөн» гэж Хятадын Гуанжоу хотын Чон Шан их сургуулийн сэтгүүлд бичжээ. Мөн XVIII зууны нөлөө бүхий гүн ухаантнуудын нэг Иммануил Кант: «Библи гэдэг ном байгаа нь хүн төрөлхтний амсаж эдэлсэн хамгийн сайн сайхны дээж нь билээ. Энэ номын ач холбогдлыг үгүйсгэх гэсэн аливаа оролдлого нь... хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг болно» гэж хэлсэн гэдэг. Нэгэн алдартай нэвтэрхий тольд: «Библи зөвхөн иудей болон христ шашин шүтдэг хүмүүст л ач холбогдолтой юм биш ээ. [...] Энэ ном ёс зүйн болоод шашны үнэт зүйл мөн бөгөөд дэлхийн соёл иргэншил дэвжин дээшлэхийн хэрээр Библийн шавхагдашгүй сургаал нь улам бүр үнэ цэнтэй болох шинжтэй» гэж бичжээ («The Encyclopedia Americana»).

2 Та ямар ч шашин шүтдэг байлаа гэсэн тийм номыг сонирхохгүй байсан гэж үү? XX зууны сүүл гэхэд Библийг бүхлээр нь болон хэсэгчлэн 2 200 гаруй хэлээр хөрвүүлжээ. Бараг хүн болгон мэддэг хэлээрээ Библи унших боломжтой. Хэвлэлийн техник хөгжсөнөөс хойш дэлхий даяар Библийг 4 тэрбум орчим хувь хэвлэн тараажээ гэсэн тооцоо байдаг.

3 Хэрэв та Библитэй бол түүнийгээ нээгээд гарчгийг нь харна уу. Библийн эхний ном нь «Эхлэл», сүүлчийн ном нь «Илчлэлт» болохыг, мөн энэ хоёрын хооронд өөр олон ном байгааг та анзаарах болно. Библийг үнэхээр 66 ном багтаадаг бяцхан номын сан гэлтэй. Эдгээрийг 40 орчим хүн бичжээ. Библийн эхний хэсэг болох 39 номыг «Хуучин Гэрээ» гэж нэрлэдэг ч «Еврей Судар» гэвэл илүү зөв болох юм. Учир нь энэ хэсгийг голчлон еврей хэлээр бичжээ. Харин 27 номоос бүрддэг хоёр дахь хэсгийг хүмүүс «Шинэ Гэрээ» гэдэг. Гэвч энэ номуудыг Христийн дагалдагчид грек хэлээр бичсэн тул «Христиан Грек Судар» гэж нэрлэх нь зүйтэй юм. Библийг МЭӨ 1513 оноос МЭ 98 оны хооронд буюу 1 600 жилийн турш бичжээ. Библийг бичсэн хүмүүс хэзээ ч хамтдаа цуглаж юу бичихээ зөвлөж байсангүй. Харин зарим номыг бие биеэсээ алс хол газар нэг зэрэг бичжээ. Гэвч Библид өөр хоорондоо зөрчилдөх санаа байхгүй бөгөөд бүх ном нь нэг сэдвийг хөндсөн байдаг. Тэгэхээр бидний хувьд «16 зууны хугацаанд өөр өөр үед амьдарч байсан 40 орчим эрэгтэй яаж нэг номыг авцалдаа сайтай эвлүүлэн бичив ээ?» гэж гайхах л үлдэж байна.

«[Бурхан] хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг»

4 Библийг 1 900 гаруй жилийн өмнө бичиж дуусгасан ч энэ номын мэдээлэл орчин цагийн ямар ч хүний сонирхлыг татдаг. Жишээ болгон Библийн «Иов» номын 26-р бүлгийн 7-р зүйлийг үзэцгээе. Энэ номыг МЭӨ XV зуунд бичсэн гээд бод доо. Энд: «[Бурхан] хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг» гэжээ. Бас МЭӨ VIII зуунд бичсэн «Исаиа» номын 40:22-ыг харъя. Энэ зүйлд: «Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ. Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж, майхан мэт дэлгэн оршдог» гэж өгүүлжээ. Энэ зүйрлэлийг уншаад таны санаанд сансарт «өлгөсөн» бөмбөрцөг хэлбэртэй зүйл бууж байгаа биз? Та сансрын хөлгөөс авсан дэлхийн бөмбөрцгийн зургийг лав үзсэн байх. Тэгээд та «Тийм эрт цагт амьдарч байсан хүмүүс яаж шинжлэх ухааны зөв мэдлэгтэй байсан юм бол оо?» гэж гайхаж болох юм.

5 Библийн тухай өөр нэг асуултыг хөндье. Библи түүхийн баримттай нарийн тохирдог уу? Библи бол ямар ч түүхэн үндэсгүй үлгэр домгийн цуглуулга гэж зарим хүн боддог. Жишээлбэл: Израилийн цуутай хаан Давидын тухай авч үзье. Саяхан болтол Давид хааны тухай зөвхөн Библиэс л мэдэж болох байлаа. Олон түүхч тийм хүн үнэхээр байсан гэж хүлээн зөвшөөрдөг ч үл итгэгч нар түүнийг иудейн шашны суртал нэвтрүүлэгч нарын зохиосон домог гэж үл ойшоодог байв. Гэвч баримт сэлт юу харуулдаг вэ?

«Давидын ордны» тухай дурдсан сийлбэр

6 1993 онд Израилийн эртний Дан хотын балгас дундаас «Давидын ордны» тухай дурдсан сийлмэл бичиг олджээ. Чулуун дээрх уг сийлмэл бичиг нь Израилийн дайснууд тэднийг ялснаа бахдан МЭӨ IX зуунд босгосон хөшөөний хэлтэрхий байлаа. Ийнхүү Давидын тухай Библиэс гадна эртний өөр баримт олджээ! Энэ олдвор ач холбогдолтой байсан уу? Тель Авивын их сургуулийн багш Израэль Финкельштейн: «Давидын тухай сийлмэл бичиг олдсон нь Библийг үгүйсгэн үзэх шалтгааныг хормын төдийд үгүй хийлээ» хэмээжээ. Мөн Палестинд олон арван жил малтлага хийсэн археологч, профессор Уилиам Олбрайт нэгэнтээ: «Шинэ олдвор болгон Библийн тоо томшгүй олон нарийн ширийний үнэн зөв болохыг нотолж, Библи бол түүхийн үнэт эх сурвалж мөн гэдгийг улам бүр баталдаг» гэж хэлжээ. Тэгэхлээр бид «Яаж энэ эртний ном бусад үлгэр домог, туульсын зохиол шиг биш, харин түүхийн баримттай нарийн тохирдог байна аа?» гэж дахиад асуух болох нь. Гэвч энэ бол гайхал төрүүлэх сүүлчийн асуулт биш ээ.

Зоосон дээрх Македоны Александрын дүр

7 Мөн Библи бол зөгнөлийн ном юм (2 Петр 1:20, 21). Та «зөгнөл» гэдэг үгийг сонсоод зөнч гэдэг нэр зүүсэн хүмүүсийн айлдсан, бүтээгүй олон үгийг санаж байна уу? Гэвч элдэв таамаг дэвшүүлэхээ түр азнаад Библиэ нээж, «Даниел» номын 8-р бүлгийг гаргана уу. Энд Даниел хоёр эвэртэй хуц, бас «нэг онцгой эвэртэй», их үстэй ухна хоёрын тэмцэлдэхийг дүрсэлжээ. Ухна ялсан боловч эвэр нь хугаран унаж, оронд нь дөрвөн эвэр ургав. Энэ үзэгдэл ямар утгатай вэ? Цааш нь «Даниел» номд: «Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна. Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө. Тэгээд тэр эвэр хугарсан бөгөөд оронд нь дөрвөн эвэр ургасан. Энэ нь түүний үндэстнээс босох дөрвөн хаанчлал мөн боловч түүн шиг хүчтэй болохгүй» гэж бичжээ (Даниел 8:3—21, 22, ШЕ).

«Шинэ олдвор болгон Библийн тоо томшгүй олон нарийн ширийний үнэн зөв болохыг нотолж, Библи бол түүхийн үнэт эх сурвалж мөн гэдгийг улам бүр баталдаг» (профессор Уилиам Олбрайт)

8 Энэ зөгнөл биелсэн үү? «Даниел» номыг МЭӨ 536 оны орчим бичиж дуусгасан. Үүнээс 180 жилийн хойно төрсөн Македоны Александр хаан МЭӨ 356 онд Персийн эзэнт гүрнийг эзэлж авчээ. «Үс ихтэй ухны» нүдний хооронд байсан «том эвэр» түүнийг төлөөлж байлаа. Иудейн түүхч Иосеф Флавийгийн тэмдэглэснээр Персийг эзлэн авахаасаа өмнө Александрыг Иерусалимд ирэхэд түүнд «Даниел» номын зөгнөлийг үзүүлжээ. Тэрээр уг зөгнөлийг Персийн эсрэг хийх өөрийнх нь тулаанд хамаатай гэж хэлсэн гэдэг. Түүнээс гадна Александрыг МЭӨ 323 онд нас барсны дараа эзэнт гүрэнд нь юу тохиолдсоныг түүхийн сурах бичгээс мэдэж болно. Цэргийн дөрвөн жанжин улс орныг удирдах болж, аажмаар МЭӨ 301 он гэхэд «том эврийн» оронд гарч ирсэн «дөрвөн эвэр» эзэнт гүрнийг дөрөв хуваасан байлаа. «Энэ ном 200 жилийн дараа болох байсан үйл явдлыг яаж тэгж оновчтой, нарийн зөв урьдчилан хэлэв?» гэж гайхах үндэс байна.

9 Дээрх бүх асуултад Библи өөрөө хариулдаг. Библид: «Судар бүр Бурхны онгод оруулснаар байгаа бөгөөд ... тустай» гэж бичжээ (2 Тимот 3:16, ШЕ). «Бурхны онгод оруулснаар» гэж орчуулсан грек үг нь угтаа «Бурхны амьсгалснаар» гэдэг утгатай. Өөрөөр хэлбэл эдүгээ бидний Библиэс уншдаг тэр санааг Бурхан 40 орчим хүний оюун санаанд «амьсгалан» оруулжээ. Библийн мэдээлэл шинжлэх ухааны болон түүхийн баримттай тохирдгийг, мөн ирээдүйг алдаагүй зөгнөдгийг цөөн хэдхэн жишээгээр авч үзлээ. Энэ бүгдээс нэг чухал дүгнэлт гарч байна. Библи гэдэг энэ хосгүй ном бол хүмүүний мэргэн ухааны бүтээл бус, харин Бурхнаас гаралтай ном ажээ. Гэвч олон хүн энэ номын Зохиогч болох Бурхныг байдаг эсэхэд эргэлздэг. Харин та Бурхан байдаг гэж итгэдэг үү?