ХЭСЭГ 5
Бурхныг сайн мэдэх нь
ЯМАР нэг заавар зөвлөгөө хэрэгтэй болбол юуны түрүүнд та хэнд хандах вэ? Итгэл хүлээсэн хүнээсээ асуух нь мэдээж. Та тэр зөвлөгөө ямар ач тустайг мэдэхгүй ч гэсэн чухам түүнийг дагах гэж тэмүүлэх байх. Хэрэв та Библийн олон талт зөвлөгөөний ашиг тусыг хүртье гэвэл Зохиогчтой нь танилцах хэрэгтэй. Тэр ч байтугай та түүний «найз» болж болно! (Исаиа 41:8).
2 Хэрэв та хэн нэг хүнтэй найз болохыг хүсвэл тэр хүнийхээ нэрийг асуух нь лавтай. Библийн Зохиогч Бурхан нэртэй юү? Тэрээр: «Би бол Ехова. Энэ бол миний нэр. Би алдар суугаа хэнд ч өгөхгүй, магтаал сайшаалаа хиймэл шүтээнд ч өгөхгүй» гэж тунхагласан (Исаиа 42:8, ШЕ). Еврей хэлээр יהוה (баруун талаас зүүн тийш уншдаг) гэж бичигддэг Ехова гэдэг үг бол түүний нэр юм. Энэ нэр Библийн Еврей Сударт 7 000 орчим удаа гардаг. Бурхны нэр «Тэр болгодог» гэсэн утгатай. Энэ нь Ехова санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд юу л болох шаардлагатай байна өөрийгөө тийн болгодог гэсэн үг. Түүнээс гадна, түүний нэр еврей хэлний үйл явдал үргэлжилж буйг илэрхийлдэг цаг дээр байдаг. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл Ехова урьдын адил өнөөдөр ч гэсэн амлалтуудаа Биелүүлэгч болдгийг илтгэн харуулдаг. Тийм ээ, тэр бол эзэн биегүй ямар нэг хүч бус, харин амьд Бурхан юм!
3 Ехова Бүтээгч болсон (Эхлэл 1:1). Тэр бол «тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан» юм (Үйлс 14:15). Тийм ээ, Ехова бүхнийг, тэр дундаа анхны хүмүүн хос Адам Еваг ч бүтээжээ. Иймээс Бурхан бол «амийн эх булаг» юм (Дуулал 36:9). Түүнчлэн тэрээр Амийг Тэтгэгч болсон. Тэрээр «Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» (Үйлс 14:17). Африк болон Ази тивд олон хүн өвөг дээдсээсээ амь өвлөн төрсөн гэж тэднийг шүтдэг. Тэгвэл бүхнийг Бүтээгч, Амийг Тэтгэгч, анхны хосыг бүтээж, тэдэнд үр хүүхэдтэй болох боломж олгосон Нэгнийг шүтэх үндэс хүмүүст бүр ч их байх бус уу? Үүнийг эргэцүүлэн бодохоор «[Ехова] Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж өөрийн эрхгүй уулга алдмаар (Илчлэлт 4:11).
4 Та Библиэс өөрийг тань бүтээсэн Еховагийн тухай, тэр ямар чанартай Бурхан болох талаар ихийг мэдэж болно. Библид: «Бурхан бол хайр мөн» гэж бичсэн буй (1 Иохан 4:16; Египетээс гарсан нь 34:6, 7). Та Библийг «Эхлэл» номоос авахуулаад «Илчлэлт» номыг дуустал уншвал Бурхны гол чанар бол хайр юм гэдгийн олон нотолгоог олно. Бүтээгчээ сайн мэддэг болохын тулд Бурхны Үгийг өдөр бүр уншиж хэвшихэд юу нь болохгүй билээ? Библийг сайн мэддэг хүмүүсээр туслуулан анхааралтай судлаарай (Үйлс 8:26—35). Ингэвэл та Ехова бол шударга Бурхан бөгөөд ёс бусыг үүрд хүлцэн тэвчихгүй юм байна гэдгийг мэдэж авна (Дэд хууль 32:4). Хайр болоод шударга ёсыг эн тэнцүүхэн илэрхийлнэ гэдэг хүмүүс бидний хувьд амаргүй. Гэвч Ехова мэргэн ухааныхаа ачаар хайраа ч, шударга ёсоо ч төгс төгөлдөр илэрхийлдэг (Ром 11:33; 16:27). Тэрээр Төгс хүчит Бурхан учраас санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд хүссэн бүхнээ хийж чадна (Эхлэл 17:1). Библиэс мэдэж авсан зөвлөгөөгөө амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тэгсэн цагт та Бүтээгчийн маань өгсөн зөвлөгөө ямагт бидний сайн сайхны төлөө байдаг юм байна гэдгийг ухаарч, Еховад улам их талархах болно.
5 Бурханд ойртох өөр нэг арга бий. Энэ бол Бурханд залбирах юм. Ехова «залбирлыг сонсдог» (Дуулал 65:2). Тэрбээр «гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай» (Ефес 3:20). Гэхдээ та зөвхөн юм гуйх болохоороо л ирдэг «найзынхаа» тухай юу гэж хэлэх вэ? Танд тийм хүн их таатай санагдахгүй нь лав. Үүний үлгэрээр Бурханд залбирах таатай боломжийг гуйлга гуйх гэж бус, харин түүнд талархаж, түүнийг алдаршуулахад ашиглацгаая (Филиппой 4:6, 7; 1 Тесалоник 5:17, 18).