Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 2

Сэтгэл хангалуун амьдрах зөвлөгөө

Сэтгэл хангалуун амьдрах зөвлөгөө

БЭРХШЭЭЛ тулгархад та хэнээс зөвлөгөө авдаг вэ? Итгэл хүлээсэн найздаа, туршлагатай сайн зөвлөхөд хандаж болох юм. Заримдаа ном судраас хэрэгтэй мэдээллээ олдог. Эсвэл бидний ярьдгаар хал үзэж хашир суусан хүнд хандан тусламж хүсэх байсан уу? Та алийг нь ч илүүд үзлээ гэсэн бэрхшээлийг шийдэхэд үнэтэй зөвлөгөө болох мэргэн ухааны үгийг авч үзэх нь зүйтэй болов уу. Танд тус болох зарим зөвлөгөөг жишээ болгон дор бичив.

«Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга»

2 Гэр бүлийн амьдрал: Хүүхдэд муугаар нөлөөлөх зүйл их болсон энэ үед эцэг эхчүүд үр хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлэх билээ гэж багагүй санаа зовдог. Дараах зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна. «Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй» 1. Хүүхэд өсөж томрохын хирээр «зам» буюу баримталбал зохих хэм хэмжээг мэдэх хэрэгтэй болдог. Хүүхдийг багаас нь зөв журамд сургах нь чухал болохыг улам олон мэргэжилтэн ойлгодог болжээ. Эцэг эхийн ухаалаг хэм хэмжээний ачаар хүүхэд аюулгүй байгаагаа мэдэрдэг. Мөн «Саваа зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна» 2 гэсэн зөвлөгөө бий. Энэ «саваа» гэдэг үг нь эцэг эхийн эрх мэдлийг илэрхийлжээ. Эцэг эхчүүд үр хүүхдээ уруу татагдан замаа алдахаас сэргийлж, хайрын сэтгэлээс захирдаг. Эцэг эхчүүд хүүхдээ захирах эрхтэй ч гэсэн ямар ч тохиолдолд хүүхэдтэйгээ зүй бусаар харьцах ёсгүй. Эцэг эхчүүдэд «Хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул» 3 хэмээн зөвлөсөн байдаг.

«Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла»

3 Нөхөр эхнэр хоёрын эвсэг харьцаа гэр бүлийн аз жаргалын үндэс суурь яах аргагүй мөн. Тийм харьцаатай байхын тулд яах хэрэгтэй вэ? «Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Харин эхнэр нь нөхрөө гүн хүндэтгэх ёстой» 4. Гэр бүлийг ямар нэг тоног төхөөрөмжтэй зүйрлэвэл хайр хийгээд хүндэтгэл бол түүний тос болох ажээ. Энэ зөвлөгөөг ажил хэрэг болгоход гэр бүлийн гишүүд санаа бодлоо хуваалцах нь чухал. Учир нь «илэн далангүй яриа дутвал төлөвлөгөө бүтэлгүйтнэ» 5. Харин чин сэтгэлийн харьцааг хөгжүүлэхийн тулд ханийнхаа сэтгэлийн гүнд юу байгааг мэдэрч, санаа бодлыг нь ойлгох хэрэгтэй. «[Хүний] санаа бодол худгийн ус мэт гүн бөгөөд ухаантай хүн тэрхүү усыг гадагш гаргана» 6 гэсэн зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй.

Өөдрөг сэтгэлтэй байж, дотно сайхан харилцаатай байхыг хичээ

4 Үр хүүхэд нь эцэг эхээ хүндэтгэдэг сайхан заншилтай байсан улс оронд хүртэл одоо хүмүүс нас ахихаараа хүүхдүүддээ хаягдан ганцаардах болжээ. Тэгвэл үр хүүхэд «Эцэг эхээ хүндэл» 7, «Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой» 8, «Эцгийгээ дээрэмдэж, эхийгээ хөөж явуулдаг хөвгүүн болбоос ичгүүр сонжуургүй нэгэн мөн» 9 гэснийг санаж явах хэрэгтэй. Нөгөө талаас, нас дээр гарсан эцэг эхчүүд өөдрөг сэтгэлтэй байж, бусадтай дотно харьцаатай байхыг хичээх учиртай. «Зожиг хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ» 10.

5 Согтууруулах ундаа хэрэглэх: Хүмүүс «дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог» 11 бөгөөд согтууруулах ундаа нь «зовлон зүдгүүрээ» 12 мартахад нь тусалдаг. Гэвч «Дарс бол басамжлагч, сархад бол агсамнагч, эдгээрт согтуурсан хэн боловч мэргэн биш» 13 гэдгийг санагтун. Согтууруулах ундааг хэтрүүлэн уувал «Эцэст нь тэр [дарс] хорт могой шиг хатгах болно. Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна. [...] „Би хэзээ сэрэх бол? Дахиад уух юмсан“ гэж хэлэх» 14 уршигт хүрдгийг бодож үзээрэй. Согтууруулах ундааг зохих хэмжээнд хэрэглэх нь тустай боловч хэтрүүлэн уухаас ямагт зайлсхийх ёстой.

6 Мөнгөө зөв зарцуулах: Зарим тохиолдолд мөнгөө ухаалаг зарцуулснаар санхүүгийн бэрхшээлийг гэтэлж болдог. «Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь. Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөд нойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно» 15 гэж зөвлөснийг сонсогтун. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй, мөрийтэй тоглоом тоглохгүй бол бид хэмнэсэн мөнгөө гэр бүлийнхээ сайн сайхны төлөө бүрэн зарцуулж чадна. Тэрчлэн, олон хүн тансаг амьдрах гэж өр зээл тавьж эцэст нь үүнийгээ төлөхийн тулд их ажиллах хэрэгтэй болдог. Тэр ч байтугай зарим хүн өмнөх зээлийнхээ хүүг төлөх гэж ахиад зээл авдаг байна. Доор өгүүлсэн мэргэн ухааны үгийг санаж явбал танд тус болох нь гарцаагүй. «Хоосон зүйлээр хөөцөлддөг хүн их ядуурна» 16. Бид өөрсдөөсөө: «Одоо авах гэж хүсээд байгаа зүйл маань надад үнэхээр хэрэгтэй юу? Шүүгээнд байгаа эд зүйлийнхээ хэдийг нь ганц нэг ашиглаад хог дээр хаядаг билээ?» гэж асууж болох юм. Нэгэн нийтлэлч: «Хүний хэрэгцээ гэдэг тоймгүй олон биш боловч хүсэл сонирхол нь хязгааргүй юм» гэж бичжээ. Та мэргэн ухааны өөр нэг үгийг болгоож үзнэ үү. «Бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. [...] Мөнгөний хайр бол бүх төрлийн бузар муугийн үндэс мөн. Зарим хүмүүс үүнийг хүссэнээр... түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ» 17.

7 Мөнгөний бэрхшээлийг гэтлэхийн тулд уйгагүй чармайх хэрэгтэй. «Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг хар, ухаантай бай. [...] „Жаахан унтаадахъя, жаахан дуг хийгээдэхье, жаахан амраадахъя“ гэсээр байтал хоосон ядуу байдал чинь тэнүүлчин мэт... чам уруу ирнэ» 18. Сайтар төлөвлөж, гэр бүлийнхээ төсвийг бодит байдалд тохируулан зарцуулах нь тустай. «Та нарын хэн чинь цамхаг барья гэж хүсвэл, эхлээд үүнийг дуусгах хангалттай хөрөнгөтэй юу гэдгээ үзэхийн тулд суугаад зардлыг нь тооцоолдоггүй вэ?» 19.

«Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу?»

8 Гэтэл бидний ядуу тарчиг амьдрах болсон нь өөрсдийн маань буруугаас болоогүй бол яах вэ? Жишээлбэл: Эдийн засгийн хямралаас болоод бид хэдийгээр ажил хөдөлмөр хийх чин хүсэлтэй ч ажилгүй болж хоцорвол яах вэ? Хэрэв бидний амьдардаг улс оронд ихэнх хүн ядуу тарчиг амьдардаг бол яах вэ? «Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой» 20. Түүнээс гадна, дараах зөвлөгөөг анхаарна уу. «Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно» 21. Ажил нь элбэг байдаг мэргэжил эзэмшиж болох уу?

«Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно»

9 Дараах зөвлөгөө танд этгээд санагдаж магад. Гэвч үнэхээр үр дүнтэй зөвлөгөө шүү. «Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно. [...] Учир нь өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» 22. Энэ нь тал засах гэж өгөхийн нэр биш ээ. Харин энэ зөвлөгөө хүмүүсийг өгөөмөр болгодог. «Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг. Бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхрэх болно» 23. Хүмүүст тусламж хэрэгтэй тэр цагт бид байгаа бүхнээ харамгүй хуваалцвал тэд өгөөмөр болж эргээд бидэнд туслах болно.

10 Бусадтай харьцах: «Аливаа үйлс дэх хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил аж» 24 хэмээн мэргэн ухаант нэгэн хаан бичжээ. Их атаархвал хүн буруу алхам хийдэг. Жишээлбэл: Нэг хүн хөршийгөө 32 инчийн өнгөт зурагт авахыг хараад бүр том 36 инчийнхийг авахаар болжээ. Гэтэл өөрийнх нь 27 инчийн зурагт шинэ юм шиг сайхан гардаг аж. Ингэж өрсөлдөх нь үнэхээр утгагүй бөгөөд салхины хойноос цуцталаа гүйгээд эцэст нь юу ч үгүй хоцрохтой адил бус уу?

Огцом уураа яаж барих вэ?

11 Хүмүүс биднийг үг хэлээрээ гомдоож болох юм. Тэгвэл «Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго» 25 гэж зөвлөснийг бодож үзээрэй. Заримдаа уурлах шалтгаан үнэхээр гардаг. Гэхдээ «Уурласан ч нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг» 26 гэж эрт цагийн нэг хүн зөвлөжээ. Тэгвэл огцом уураа яаж барих вэ? «Хүмүүний хэрсүү байдал нь уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» 27. Хэрсүү ухаан үнэхээр хэрэгтэй. Бид өөрсдөөсөө «Тэр хүн яагаад ингэх болов оо? Ямар нэг хүндэтгэх шалтгаан байв уу?» гэж асууж болно. Уур уцаараа барихад тус болох өөр олон чанар бий. «Та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнийгээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал... уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» 28. Тийм ээ, хайр хүмүүсийн харьцааг саадгүй болгодог.

12 Гэтэл хүмүүсийн харьцааг бартаатай болгож байдаг зүйл бол «жижиг эрхтэн» буюу хэл юм. «Хэн ч хэлийг номхруулж чадахгүй. Хэл бол үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд мөн» 29 гэсэн үг юутай үнэн! «Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг» 30 гэж зөвлөснийг тэмдэглүүштэй. Гэвч эвийг сахисан дүртэй байх гэж «уулын чинээ харыг туулайн чинээ» болгох хэрэггүй. «Харин үг чинь „За, за“ эсвэл „Үгүй, үгүй“ байг. Эдгээрээс цааших нь муугаас гардаг хэрэг юм» 31.

13 Тэгвэл бусадтай хэрхэн сайн харилцаатай байх вэ? «Хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» 32 гэсэн зарчмыг анхаарах хэрэгтэй. Ингэснээр бид олон хүний нэрлэдгээр «Алтан дүрэм» буюу «Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд» 33 хэмээх зарчмын дагуу амьдрах болно.

14 Стресс: Амьдралын дарамт их болсон өнөө үед яаж сэтгэлийн хямралд орохгүй байх вэ? «Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй. Харин зүрх гутрах үед... [сэтгэл] эмтэрнэ» 34. Бидний зөв гэж тооцдог зүйлийг хүмүүс үл тоомсорлохыг хараад бидний «зүрх жаргалгүй» болж болох юм. Гэвч «Битгий хэт шударга бай, битгий хэт мэргэн бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ?» 35. Нөгөө талаас амьдралын зовнил биднийг байнга нэрвэж болох юм. Тэгвэл яах вэ? «Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг бол эелдэг үг түүнийг баярлуулдаг» 36. Бид өөрсдийг маань урамшуулах «эелдэг үгийг» эргэцүүлэн бодож болно. Нөхцөл байдал маань биднийг дарамталж байсан ч гэсэн өөдрөг сэтгэлтэй байвал эерэг сайн нөлөөтэй байдаг. «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» 37. Харин бусад хүн бидэнд санаа тавьж анхаардаггүй юм шиг санагдаж, гутарвал «Өгөх нь авахаас илүү жаргал авчирдаг» 38 гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг оролдоод үзэх хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй байвал бид өдөр тутам тулгарах стрессийг даван туулж чадна.

15 Дээр дурдсан мэргэн ухааны үг XXI зуунд амьдарч буй хүнд тус болох болов уу? Та юу гэж бодож байна вэ? Үнэндээ бол энэ бүх зөвлөгөө «Библи» гэдэг эртний номд байдаг юм. Гэтэл мэргэн ухааныг өөр бусад эх сурвалжаас биш заавал яагаад Библиэс хайх болов? Библиэс хайх олон шалтгаан бий. Үүний нэг нь гэвэл Библийн зөвлөгөө цаг хугацааны шалгуурыг давжээ. Жишээ болгон Ясүхиро Каёоко хоёрт тохиолдсон явдлыг авч үзье. Тэд хэзээ хүссэн цагтаа холбоогоо тасалж болно гэж бодоод албан ёсоор гэр бүл бололгүй нэг гэрт амьдарч байжээ. Гэтэл Каёоко хөл хүндтэй болсон болохоор л тэд гэрлэхээс өөр аргагүй болов. Гэвч тэд хоорондоо таардаггүйн дээр эдийн засгийн бэрхшээлээс болоод удалгүй салжээ. Дараа нь тэд тус тусдаа Еховагийн Гэрчүүдтэй Библи судалдаг болж, хэн хэнийх нь амьдрал их өөр болсныг анзаарчээ. Тэгээд Ясүхиро Каёоко хоёр дахин гэрлэхээр болов. Өнөөдөр тэдний амьдралд урьдын адил бэрхшээл гардаг ч тэд одоо Библийн зөвлөгөөг баримталж, бэрхшээлээ шийдэхийн тулд харилцан буулт хийдэг болсон байна. Библийн зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж, ямар сайн үр дүнд хүрч болдгийг та Еховагийн Гэрчүүдийн туршлагаас мэдэх болно. Библийн шаардлагын дагуу амьдрахыг хичээдэг тэр хүмүүстэй танилцахын тулд цуглаанд нь очиж үзвэл ямар вэ?

16 Дээр дурдсан бүхэн бол гэгээрүүлэх их уурхай болсон Библийн зөвлөгөөний өчүүхэн хэсэг юм. Еховагийн Гэрчүүд энэ номын зөвлөгөөг амьдралдаа дуртайяа хэрэгжүүлдэг олон учир бий. Тэдгээр учир шалтгааныг хийгээд Библийн тухай зарим зүйлийг мэдэж авахад болохгүй нь юу билээ?