Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 7

Сэтгэл хангалуун амьдрах яагаад тийм хэцүү вэ?

Сэтгэл хангалуун амьдрах яагаад тийм хэцүү вэ?

УТГА учиртай амьдрах гэж их олон хүн хичээвч яагаад бүтдэггүй юм бэ? «Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу. Цэцэг мэт тэрээр соёолон гарч, хатан хорчийдог. Тэрээр бас сүүдэр мэт зугтан одож, зогсдоггүй ажээ» (Иов 14:1, 2). Хүн төрөлхтний гэрэлт ирээдүйг үгүй хийсэн балагт явдал анхны хүмүүн хосыг Диваажинд байхад нь тохиолджээ.

2 Хүн жинхэнэ жаргал эдэлье гэвэл Бурхантай албадлагаар бус, харин чин зүрхнээсээ сайн харьцаатай байх ёстой (Дэд хууль 30:15—20; Иошуа 24:15). Хүмүүс өөрийг нь хайрын улмаас зүрх сэтгэлээсээ, дуулгавартайгаар шүтээсэй гэж Ехова хүсдэг (Дэд хууль 6:5). Тийм учраас Ехова Еден цэцэрлэгт байсан анхны хүнд чин үнэнч байдлаа харуулах боломж олгон, тодорхой хориг тавьжээ. Бурхан: «Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» гэж Адамд хэлжээ (Эхлэл 2:16, 17). Энэ сорилт хүнд биш байлаа. Ехова Адамд цэцэрлэгт байсан бүх модны дотроос зөвхөн ганцаас нь жимс идэхийг хоригложээ. Энэ мод мэргэн ухаант Бүтээгч маань сайн мууг ялган тогтоох эрхтэй гэдгийг бэлгэдэн харуулж байлаа. Анхны хүн тэрхүү тушаалыг эхнэртээ мөн дамжуулжээ. Бурхан тэр эмэгтэйг Адамд «туслагч» болгон өгсөн юм (Эхлэл 2:18). Ийнхүү тэд Бурхны удирдлага дор хүсэл таалалд нь захирагдахын зэрэгцээ Бүтээгч, Амь Өгөгчөө хайрлан сэтгэл хангалуун амьдарч байлаа.

3 Гэтэл нэг удаа Еватай нэгэн могой ярьжээ. Могой эмэгтэйгээс: «Та нар энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» гэж асуужээ. Ева «цэцэрлэгийн голд байгаа [буюу сайн мууг мэдүүлэгч] модны жимснээс» идэж болохгүй, харин идвэл «та нар үхнэ» гэж Бурхан хэлсэн хэмээн хариулжээ (Эхлэл 3:1—3).

4 Тэр «могой» чухам хэн байв аа? Библийн «Илчлэлт» номд «эртний могой» бол «бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан» гэж тодорхой хэлжээ (Илчлэлт 12:9). Тэгвэл Бурхан Сатан Диаволыг бүтээсэн үү? Огт үгүй ээ. Еховагийн бүтээл бүр нь төгс төгөлдөр болоод сайн сайхан билээ (Дэд хууль 32:4). Энэ сүнсэн бүтээл өөрөө өөрийгөө Диавол буюу «Гүтгэгч», Сатан буюу «Эсэргүүцэгч» болгожээ. Тэрээр Бурхны байр суурьд санаархан, «хүсэл тачаалдаа автаж, уруу татагдан» Бурхны эсрэг боссон (Иаков 1:14).

5 Цааш нь Сатан Диавол: «Та нар ерөөсөө үхэхгүй. Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэж Евад хэлжээ (Эхлэл 3:4, 5). Ингэж хэлсний дараа сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэх хорхой нь хүрч, Ева тэсэж ядан байв. Өөрөөр хэлбэл Сатан «Бурхан та нараас ямар нэг сайн юм нууж байгаа хэрэг. Тиймээс тэр модны жимснээс зүгээр л идчих. Тэгээд л та нар өөрсдөө яг Бурхан шиг болж, юу нь сайн, юу нь муу болохыг өөрсдөө шийдэх чадвартай болно» гэсэн санааг илэрхийлжээ. Өнөөдөр ч гэсэн Сатан хүнийг Бурхнаас холдуулахын тулд «Юу хүссэнээ л хий! Чамд амь өгсөн тэр Нэгэнд өртэй гэж битгий санаа зов» гэж ухуулдаг (Илчлэлт 4:11).

6 Ингээд гэнэт тэр модны жимс хүсэл татсан, хорхой хүргэм болж, Ева тэсэлгүй идчихжээ. Тэгээд бас нөхөртөө өгчээ. Гэтэл Адам тэр модны жимснээс идвэл ямар уршигт хүрэхийг сайн мэдэж байсан хэрнээ эхнэрийнхээ үгэнд орж, жимснээс иджээ. Эцэст нь юу болсон бэ? Ехова эмэгтэйд хандан, шийтгэл оноож: «Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, эр нөхөр чинь чамайг захирна» гэв. Харин эрэгтэйд хандан: «Чамаас болж газарт хараал хүрч, чи насан туршдаа зүтгэж байж ургацыг нь идэх болно. Газар чамд зангуу ба халгайг ургуулна. Чи тариалангийн талбайгаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэж хэлэв. Ийнхүү Адам Ева хоёр аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах гэж өөрсдийн хүчээр зүтгэх болжээ. Хүмүүс Бурхнаас хараат бус байж, жаргах гэсэн нь бүтэх болов уу? Тэд цэцэрлэгт хүрээлэн мэт үзэсгэлэнт сайхан Диваажингаа арчлан тордож, хил хязгаарыг нь дэлхий даяар өргөжүүлэх таатай ажлынхаа оронд амь зуух гэж ширүүн тэмцэн, хүнд хүчир ажил хийх болов. Бүтээгчээ алдаршуулах тухай дурсах ч хэрэггүй болжээ (Эхлэл 3:6—19).

7 Бурхны хувьд анхны хос сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идсэн тэр өдөртөө л «үхсэн» юм. Тэр өдрөөс хойш тэд үхэл уруугаа уруудсаар эцэст нь үхсэн. Тэд жинхэнээсээ үхээд яасан бэ? Библид: «Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхдэлүүд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй болдог. Учир нь тэдний дурсамж мартагддаг юм» гэж бичсэн байдаг (Номлогчийн үгс 9:5; Дуулал 146:4). Үхсэнийх нь дараа амьд үлддэг «сүнс» гэх мэтийн ямар ч юм хүнд байдаггүй. Нүглийн шийтгэл бол галт тамд мөнхөд тарчлах биш, харин үхэх юм. Түүнээс гадна, хүн үхсэнийхээ дараа тэнгэр өөд явж диваажинд очдог юм биш ээ *.

8 Талх барихдаа ашигладаг хэв тань хэлбэр галбираа алдсан бол түүгээр хэвлэсэн талх бас хэлбэр дүрс муутай болно. Үүнтэй адилаар төгс бус болсон Адам Ева хоёрын үр удам нь ч мөн төгс бус болов. Үүнийг Библи: «Нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжуулан орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүмүүст үхэл тархав» гэж тайлбарладаг (Ром 5:12). Тиймээс бид бүгдээрээ нүгэл өвлөн төрж, эцэст нь үхдэг. Адамын үр удмын амьдрал ч урам хугалам хүнд хүчир ажил болон хувирчээ. Гэвч үүнээс ангижрах арга бий юу?

^ д/м 7 Та Харуулын Цамхаг Нийгэмлэгээс эрхлэн гаргасан «Хүн үхэхэд юу болдог вэ?» гэдэг товхимлоос үхсэн хүн ямар байдалд байдаг тухай сонирхолтой, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно (англи).