Skip to content

Гарчиг руу орох

Матай 5–7-р бүлэг

Матай 5–7-р бүлэг

5 Есүс олон түмнийг хараад уулан дээр гарч суухад шавь нар нь хүрч ирэв. 2 Тэрээр тэдэнд сургаал айлдаж эхлэв.

3 «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх.

4 Шаналж зовдог хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг тайвшруулна.

5 Номхон дөлгөөн хүн жаргалтай. Учир нь тийм хүн дэлхийг өвлөн авна.

6 Шударга ёсны төлөө a өлсөж, цангадаг хүн жаргалтай. Учир нь Бурхан тийм хүний хүслийг бүрэн хангана.

7 Өршөөнгүй хүн жаргалтай. Учир нь тийм хүнийг өршөөнө.

8 Цагаан цайлган сэтгэлтэй хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхныг харна.

9 Эв эеийг сахидаг хүн жаргалтай. Учир нь тийм хүн Бурхны хүү гэгдэнэ.

10 Зөв юм хийгээд хавчигддаг хүн жаргалтай. Учир нь тэнгэрийн Хаант төр тийм хүнийх.

11 Намайг дагадгаас болж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж, элдвээр гүтгэхэд та нар жаргалтай. 12 Тэнгэрт гараад агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун. Учир нь та нараас өмнөх зөнчид бас тийнхүү хавчигдаж байсан.

13 Та нар бол газрын давс. Давс амтаа алдвал дахин яаж давслаг болох билээ? Хэрэгцээгүй тийм давс газар асгагдаж, олны хөлд гишгэгдэнэ.

14 Та нар бол дэлхийн гэрэл. Уулан дээрх хот ил харагддаг. 15 Хүмүүс дэн асаачихаад дээрээс нь сагс хөмөрдөггүй, харин суурин дээр нь тавьдаг. Тэгэхэд гэрт байгаа бүх хүн дээр гэрэл тусдаг. 16 Үүнтэй адилаар, хүмүүсийн өмнө та нар гэрэлт. Тэгвэл хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэрийн Эцгийг тань магтан алдаршуулна.

17 Та нар намайг Хууль b болон зөнчдийн хэлснийг үгүйсгэхээр ирсэн гэж бүү бодогтун. Харин ч биелүүлэхээр ирсэн. 18 Би та нарт батлан хэлье. Тэнгэр газар үгүй болсон ч Хуульд бичигдсэн бүхэн биелтэл хамгийн жижиг үсэг, нэг цэг тэмдэг ч үгүй болохгүй. 19 Тиймээс хүмүүсийн боддогоор чухал бус эдгээр тушаалын нэгийг зөрчдөг, зөрчихийг бусдад заадаг хэн боловч тэнгэрийн Хаант төрд чухал бус гэгдэнэ. Харин эдгээр тушаалыг сахидаг, сахихыг бусдад заадаг хэн боловч тэнгэрийн Хаант төрд чухалд тооцогдоно. 20 Тиймд та нар хуулийн багш нар, фарисайчуудаас илүү зөв юм хийхгүй бол тэнгэрийн Хаант төрд яавч орохгүй.

   21 “Хүн бүү ал. Хүн алсан хэн боловч шүүгдэнэ” гэж эртний хүмүүст хэлснийг та нар мэддэг. 22 Гэхдээ би та нарт хэлье. Ах дүүдээ c уурласан хэвээрээ байдаг хүн бүхэн шүүгдэнэ. Ах дүүдээ зэвүүцэн, хэлшгүй муухайгаар хэлдэг хэн боловч Дээд шүүхээр шүүгдэнэ. “Адгийн тэнэг” гэж хэлдэг хэн боловч галт Гехеннад d хаягдана.

23 Тахилын ширээн дээр өргөл өргөх гэж байхдаа өөрт чинь гомдсон ах дүүгээ санавал 24 өргөлөө тахилын ширээний өмнө орхиод яв. Эхлээд тэр хүнтэйгээ эвлэр. Дараа нь ирж өргөлөө өргө.

25 Шүүхэд очихоос өмнө заргалдагчтайгаа учраа түргэн ол. Эс бөгөөс тэрээр чамайг шүүхэд өгч, шүүгч хуягт тушааж, чамайг шоронд хорих вий. 26 Чи сүүлчийн жижиг зоосыг төлөхөөс нааш тэндээс гарахгүй гэдгийг би баталж хэлье.

27 “Завхайрч болохгүй” гэж ярьдгийг та нар мэддэг. 28 Гэхдээ би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг харсаар байгаад тачааддаг хэн боловч тэр эмэгтэйтэй бодол санаандаа аль хэдийн завхайрчээ. 29 Тиймээс, баруун нүднээсээ болж нүгэл үйлдвэл ухаж аваад хая. Бүтэн бие чинь Гехеннад e хаягдсанаас нэг эрхтнээсээ салсан нь дээр. 30 Эсвэл баруун гараасаа болж нүгэл үйлдвэл тасдаад хая. Бүтэн бие чинь Гехеннад f хаягдсанаас нэг эрхтнээсээ салсан нь дээр.

31 Түүнээс гадна, “Эхнэрээсээ салсан хүн эхнэртээ салсныг гэрчлэх бичиг өгөг” гэж ярьдаг. 32 Гэхдээ би та нарт хэлье. Садар самуунаас g өөр шалтгаанаар эхнэрээсээ салж буй хэн боловч эхнэрээ завхайрахад хүргэж байгаа хэрэг. Мөн салсан h эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг.

33 “Биелүүлэхгүй юм бол ам тангараг бүү өг. Еховад амласнаа биелүүл” гэж эртний хүмүүст хэлснийг та нар бас мэднэ. 34 Гэхдээ би та нарт хэлье. Ам тангараг бүү өг. Тэнгэрийг ч гэрч бүү болго. Учир нь тэнгэр бол Бурхны сэнтий. 35 Газрыг ч гэрч бүү болго. Учир нь газар бол Бурхны хөлийн гишгүүр. Иерусалимыг ч гэрч бүү болго. Учир нь Иерусалим бол агуу Хааны хот билээ. 36 Амь насаараа дэнчин бүү тавь. Учир нь та нар ширхэг үсийг ч цагаан юм уу хар болгож чадахгүй шүү дээ. 37 Харин “за” бол “за”, “үгүй” бол “үгүй” бай. Үүнээс илүү юм ярих нь хорон муу нэгнээс үүдэлтэй.

38 “Нүдийг нүдээр, шүдийг шүдээр” гэж ярьдгийг та нар мэддэг. 39 Гэхдээ би та нарт хэлье. Муу хүнтэй бүү тэмцэлд. Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа бас өг. 40 Хэрэв чамтай заргалдаж байгаа хүн цамцыг чинь авах гэвэл дээлээ бас өг. 41 Эрх мэдэлтэй хүн чамайг нэг бээр яв гэж албадвал түүнтэй хамт хоёр бээр яв. 42 Тусламж хүссэн хүнд тусал, хүүгүй зээлэхийг хүссэн хүнд зээлүүл.

43 “Бусдыг хайрла, харин дайснаа үзэн яд” гэж ярьдгийг та нар мэддэг. 44 Гэхдээ би та нарт хэлье. Дайснаа хайрла. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. 45 Ингэвэл та нар тэнгэрийн Эцгийнхээ хөвгүүд гэдгээ батална. Учир нь тэрээр сайн, муу хүмүүсийн хэн хэнийх нь дээр нар мандуулж, шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнийх нь дээр бороо оруулдаг. 46 Та нар өөрсдийг чинь хайрладаг хүнийг хайрладаг бол ямар шагнал хүртэх билээ? Татвар хураагчид хүртэл тэгдэг биш үү? 47 Та нар ах дүүтэйгээ л мэндэлдэг бол ямар онцгой юм хийж байгаа билээ? Харь үндэстнүүд ч тэгдэг биш үү? 48 Та нар тэнгэр дэх төгс Эцгээ дуурайж бүх хүнийг хайрла.

6 Зөв юм хийхдээ хүнд харуулах зорилго өвөрлөхөөс сэрэмжил. Эс бөгөөс тэнгэрийн Эцэг тань шагнахгүй. 2 Өглөг өгөхдөө хоёр нүүртэй хүмүүс шиг бүрээ бүү тат. Тэд магтуулах гэсэндээ синагогт байхдаа болон гудамжаар явахдаа өглөг өгдөг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 3 Харин та нар өглөг өгөхдөө баруун гараараа юу хийж байгаагаа зүүн гартаа бүү мэдэгд. 4 Ингэвэл өглөг чинь нууц байна. Бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана.

5 Түүнчлэн, залбирахдаа хоёр нүүртэй хүмүүс шиг бүү бай. Учир нь тэд хүнд харагдах гэж синагог, гол гудамжинд зогсоод залбирах дуртай. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 6 Харин та нар залбирахдаа өрөөндөө орж, хаалгаа хаагаад хүнд харагддаггүй Эцэгтээ залбир. Тэгвэл бүхнийг харж чаддаг Эцэг тань шагнана. 7 Залбирахдаа харь үндэстнүүд шиг нэг юмаа дахин дахин бүү хэл. Тэд олон үг хэлснийх нь төлөө Бурхан сонсоно гэж боддог юм. 8 Тиймээс тэднийг бүү дуурай. Учир нь та нарын Эцэг гуйхаас тань өмнө та нарт юу хэрэгтэйг мэдэж байдаг.

9 Тиймээс ийнхүү залбир.

“Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. 10 Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй. 11 Өнөөдөр идэх талхыг бидэнд өгөөч. 12 Өөрсдийн маань эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг бид уучилсны адил бидний нүглийг уучлаач. 13 Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач. Хорон муу нэгнээс хамгаалаач”.

14 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучилбал та нарыг тэнгэрийн Эцэг тань бас уучилна. 15 Та нар хүмүүсийн алдаа дутагдлыг уучлахгүй бол та нарыг Эцэг тань бас уучлахгүй.

16 Мацаг барихдаа хоёр нүүртэй хүмүүс шиг шаналсан царай гаргадгаа боль. Тэд мацаг барьж байгаагаа олонд мэдүүлэх гэж тэгдэг юм. Тэд шагналаа бүрэн авсныг би батлан хэлье. 17 Харин та нар мацаг барих үедээ толгойгоо тосол, нүүрээ угаа. 18 Тэгвэл мацаг барьж байгааг тань хүмүүс бус, хүнд харагддаггүй Эцэг тань л мэднэ, бүхнийг харж чаддаг Эцэг тань л шагнана.

19 Газар дээр эд хөрөнгө хураадгаа боль. Учир нь хивэн эрвээхий болон зэв иддэг, хулгайч авчихдаг. 20 Харин тэнгэрт эд хөрөнгө хураа. Тэнд хивэн эрвээхий болон зэв идэхгүй, хулгайч авахгүй. 21 Хүний эд хөрөнгө хаана байна, сэтгэл нь тэнд байдаг.

22 Биеийн дэн бол нүд. Нүд чинь нэг л юмыг хардаг бол бие чинь бүхэлдээ гэрэлтэй байна. 23 Харин нүд чинь хорон муу юмыг хардаг бол i бие чинь бүхэлдээ харанхуй байна. Хэрэв чиний дотор гэрэл бус, харанхуй байвал тэр харанхуй нь ямар их вэ!

24 Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй.

25 Тиймээс би та нарт захья. Юу идэж уух билээ, юу өмсөх билээ гэж амийнхаа төлөө санаа зовохоо боль. Хүний амь хоол, хувцаснаас илүү чухал биш үү? 26 Шувуудыг сайн ажигла. Шувуу тариа тарьж, ургац хурааж, агуулахад хадгалдаггүй, харин тэнгэрийн Эцэг тань тэжээдэг. Та нар шувуунаас илүү үнэ цэнтэй биш гэж үү? 27 Та нараас хэн нь санаа зовсноороо насаа бага ч гэсэн уртасгаж чадах вэ? 28 Та нар яагаад бас өмсөж зүүхэд санаа зовдог юм бэ? Сараана цэцэг хэрхэн ургадгийг бод. Сараана цэцэг ажил хийдэггүй, утас ээрдэггүй. 29 Гэхдээ сүр жавхлант Соломон хааны ганган хээнцэр хувцас ч энэ цэцгийн сайхныг гүйцээгүйг би та нарт хэлье. 30 Өнөөдөр ургаж, маргааш хагдрах цэцэг навчийг Бурхан ингэж гоёдог юм бол та нарыг бүр ч илүү хувцаслахгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ? 31 Тиймээс юунд ч бүү санаа зов. “Юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, “Юу өмсөх билээ?” гэж бүү ярь. 32 Яагаад гэвэл харь үндэстнүүд эдгээрийн хойноос уйгагүй явдаг. Тэнгэрийн Эцэг тань энэ бүхэн та нарт хэрэгтэйг мэддэг.

33 Тиймээс Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө. 34 Тиймээс маргаашийн төлөө хэзээ ч бүү санаа зов. Учир нь маргаашийн зовлонг маргааш үзнэ. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.

7 Бусдыг шүүдгээ боль. Тэгвэл та нарыг шүүхгүй. 2 Учир нь бусдыг яаж шүүнэ, та нарыг тэгж л шүүнэ. Яаж хэмжинэ, тэд тэгж л хэмжинэ. 3 Та ах дүүгийнхээ j нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хардаггүй юм бэ? 4 Эсвэл нүдэндээ дүнзтэй байж “Нүднээс чинь үртэс аваад өгье” гэж яаж хэлнэ вэ? 5 Хоёр нүүр гаргадаг хүн та эхлээд нүдэн дэх дүнзээ ав. Тэгвэл сайн харна. Ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг яаж авахаа мэднэ.

6 Ариун юмыг нохдод бүү өг. Сувдаа гахайн өмнө бүү хая. Хаявал дэвсэлж хаяад тан руу дайрах вий.

7 Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ. 8 Гуйдаг хүн бүрд өгдөг, хайдаг хүн бүрд олддог, тогшдог хүн бүрд нээгддэг. 9 Хүүгээ талх идье гэхэд чулуу өгөх хүн та нарын дунд байна уу? 10 Эсвэл загас идье гэхэд могой өгөх хүн байна уу? 11 Та нар нүгэлтэй атлаа хүүхдэдээ сайн юм өгөхийг боддог бол тэгэх тусмаа тэнгэр дэх Эцэг тань өөрөөс нь гуйдаг хүнд сайн юм өгнө биз дээ!

12 Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд. Энэ бол Хууль болон зөнчдийн сургаалын k үндэс юм.

13 Жижиг хаалгаар ор. Яагаад гэвэл сүйрэлд хүргэдэг хаалга нь том, зам нь өргөн. Олон хүн энэ хаалгаар ордог. 14 Харин амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог.

15 Хуурамч зөнчдөөс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар дээр очдог ч үнэн хэрэгтээ хомхой чоно юм. 16 Тэднийг та нар үйл хэргээр нь танина. Өргөст бутнаас усан үзэм, инжир хураадаг билүү? 17 Сайн модонд сайн жимс ургадаг. Муу модонд муу жимс ургадаг. 18 Сайн модонд муу жимс ургадаггүй, муу модонд сайн жимс ургадаггүй. 19 Сайн жимс ургуулдаггүй модыг тас цавчаад галд хаядаг. 20 Ийнхүү үйл хэргээрээ тэд танигдана.

21 Намайг “Эзэн минь, Эзэн минь” гэсэн болгон тэнгэрийн Хаант төрд орохгүй. Харин тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л орно. 22 Тэр өдөр олон хүн надад “Эзэн минь, Эзэн минь, бид таны нэрээр зөгнөж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үйлдсэн шүү дээ” гэж хэлнэ. 23 Тэгэхэд нь “Би та нарыг огт танихгүй. Ёс бус юм хийдэг та нар надаас холд!” гэж хэлнэ.

24 Тиймээс миний хэлэхийг сонсоод ажил хэрэг болгодог хүн байшингаа хадан дээр суурилуулсан хэрсүү хүнтэй адил. 25 Бороо орж, үер буун, хүчтэй салхи салхилан байшинг нүдсэн ч нурсангүй. Яагаад гэвэл хадан дээр суурилуулсан юм. 26 Харин миний хэлэхийг сонсоод ажил хэрэг болгодоггүй хүн байшингаа элсэн дээр барьсан мунхаг хүнтэй адил юм. 27 Бороо орж, үер буун, хүчтэй салхи салхилан байшинг нүдсэнд нурж, юу ч үгүй сүйджээ».

28 Есүсийг сургаалаа айлдаж дуусахад олон түмэн хэрхэн зааж сургасныг нь гайхан бишрэв. 29 Яагаад гэвэл тэрээр хуулийн багш нар шиг нь бус, харин Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор сургажээ.

a Эсвэл «Бурхны хүсэлд нийцүүлж, тушаалыг нь биелүүлэхийн төлөө»

b Мосегийн хууль

c Израйлчууд угсаа гарал, шүтлэг нэгтэй учир бие биеэ ах дүү гэж үздэг байв.

d Иерусалимын гадна байсан хог шатаадаг газар. Эртний Иерусалимын баруун урд зүгт байсан Хинномын хөндийг грекээр хэлсэн нь. Мал амьтан, хүнийг Хинномын хөндийд амьдаар нь шатаах юм уу тамлан зовоодог байсан гэх баримт байдаггүй. Тиймээс хүнийг галд шатааж үүрд тамладаг, үл үзэгдэх газрын бэлгэдэл байж таарахгүй. Харин Есүс болон шавь нар нь Гехеннагаар бүрмөсөн устгахыг бэлгэддэг байсан.

e  5:22-ын сүүлийн зүүлтийг үзнэ үү.

f  5:22-ын сүүлийн зүүлтийг үзнэ үү.

g «Порнея» гэдэг грек үгнээс гаралтай. Бурхны хуультай зөрчилдсөн бүх төрлийн бэлгийн харьцааг хэлдэг ерөнхий хэллэг. Завхайрах, биеэ үнэлэх, гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа, ижил хүйстэнтэйгээ явалдах, мал амьтантай хурьцах зэргийг садар самуунд тооцдог.

h Садар самуунаас өөр шалтгаанаар нөхрөөсөө салсан

i Эсвэл «нүд чинь атаархуу бол»

j  5:22-ын эхний зүүлтийг үзнэ үү.

k «Хууль болон зөнчдийн сургаал» гэдгээр Еврей Судрыг бүхэлд нь хэлдэг.