Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 38

Амь бол Бурхны бэлэг

Амь бол Бурхны бэлэг

Бид амьд яваадаа талархах учиртай. Яагаад гэвэл амьд байгаагийнхаа ачаар л амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаг. Тэр байтугай асуудал бэрхшээл тулгарсан үед ч баярлах шалтгаан олддог. Тэгвэл амийг бэлэг болгож өгсөн Еховадаа талархлаа яаж илэрхийлэх вэ? Талархах ёстойн хамгийн гол шалтгаан юу вэ?

1. Амийг яагаад үнэлж эрхэмлэх ёстой вэ?

Амь бол халамжтай Эцэг Еховагийн маань өгсөн гайхалтай бэлэг юм. Ехова амьтай бүхнийг бүтээсэн учраас түүнийг «амийн эх булаг» гэдэг (Дуулал 36:9). «Тэрээр бүх хүнд амь амьсгал болоод бүх юмыг өгдөг» (Үйлс 17:25, 28). Ехова амьд явахад маань зайлшгүй шаардлагатай бүхнийг өгдөг. Үүгээр зогсохгүй баясаж цэнгэх бүхнээр элбэг дэлбэг хангадаг (Үйлс 14:17-г уншина уу).

2. Амийг бэлэг болгож өгсөн Еховад талархлаа яаж илэрхийлэх вэ?

Ехова таныг эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас тань хайрласан. Бурхны үйлчлэгч Давид: «Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан» гэж залбирчээ (Дуулал 139:16). Ехова таны амийг эрхэм нандин гэж үздэг (Матай 10:29–31-ийг уншина уу). Хүн санаатайгаар өөрийнхөө болон бусдын амийг егүүтгэхэд Ехова ихэд шаналж гашууддаг a (Египетээс гарсан нь 20:13). Хайхрамжгүйгээсээ болоод амь насаа эрсдэлд оруулах юм уу бусдад аюул учруулахад ч сэтгэл нь өвддөг. Хэрвээ бид өөрийнхөө болон бусдын амийг хайрладаг бол амь гэдэг үнэтэй бэлэг өгсөн Еховадаа талархаж байна гэсэн үг.

УХАЖ ОЙЛГОЁ

Амийг Еховагийн өгсөн бэлэг гэж үзээд үнэлж эрхэмлэдгээ ямар ямар аргаар харуулж болохыг мэдэж аваарай.

3. Эрүүл мэндээ анхаараарай

Еховад өөрийгөө зориулсан хүн амьдралынхаа бүх хүрээнд Еховагийн үзэл бодлоор ханддаг. Библид үүнийг Бурханд биеэ тахил болгон өргөхтэй зүйрлэдэг. Ийм учраас бид эрүүл мэндээ анхаарах ёстой. Ром 12:1, 2-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эрүүл мэндээ анхаарах ёстойн гол шалтгаан юу вэ?

  • Та эрүүл мэндээ яаж анхааръя гэж бодож байна вэ?

4. Ямар ч үед болгоомжтой байгаарай

Гэмтэж бэртэх эрсдэл, амь насаа алдах аюулаас хол явахыг Библи зөвлөдөг. Аюулгүй байдлаа хангах зарим аргыг ВИДЕОНООС хамт үзээрэй.

Сургаалт үгс 22:3-ыг уншина уу. Дараах тохиолдолд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг яаж хангахыг ярилцаарай.

  • Гэртээ байхдаа

  • Ажил дээрээ

  • Спортоор хичээллэж, тоглохдоо

  • Замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо

5. Ургийн амийг хамгаалах нь

Ураг эхийн хэвлийд бүрэлдэн бойжих бүх үйл явцыг Ехова анхааралтай ажигладгийг Давид уран яруу дүрслэн бичжээ. Дуулал 139:13–17-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүний амьдрал хэзээ эхэлдэг гэж Ехова үздэг вэ? Үр тогтоход уу эсвэл төрөхөд нь үү?

Ехова эртний израйлчуудад жирэмсэн эмэгтэй болон ургийг хамгаалсан хууль өгсөн. Египетээс гарсан нь 21:22, 23-ыг зүүлтээс уншина уу. b Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ургийн аминд санамсаргүй хүрсэн хүнийг Ехова юу гэж үздэг вэ?

  • Тэгвэл санаатайгаар ургийн аминд хүрвэл Еховад ямар санагдах вэ? c

  • Еховагийн энэ үзэл бодол танд ямар санагдаж байна вэ?

ВИДЕОГ хамт үзээрэй.

Амийг үнэлж эрхэмлэдэг эмэгтэйд ч үр хөндүүлэхээс өөр аргагүй гэж санагдах үе гарч магадгүй. Исаиа 41:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Үр хөндүүл гэж дарамталбал жирэмсэн эмэгтэй хэнээс тусламж авах нь зөв бэ? Яагаад?

ЗАРИМ ХҮН: «Хүн өөрийнхөө биеийг өөрөө мэднэ. Үр хөндүүлэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй» гэдэг.

  • Ехова эх ураг хоёрын хэн хэнийх нь амийг чухалд үздэг гэдэгт та яагаад итгэж байна вэ?

ДҮГНЭЛТ

Ехова бидэнд амийг бэлэг болгон өгсөн. Тийм учраас бид өөрийн болон бусдын амийг үнэлж эрхэмлэн, хамгаалах ёстой.

Давтах асуулт

  • Ехова хүний амийг яагаад эрхэм нандин гэж үздэг вэ?

  • Санаатайгаар өөрийнхөө болон бусдын амийг егүүтгэх нь Еховад ямар санагддаг вэ?

  • Та амь гэдэг бэлгийг яагаад үнэлж эрхэмлэдэг вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Урьд нь үр хөндүүлж байсан хүнийг Бурхан уучлах уу?

«Үр хөндөх талаар Библид юу гэж байдаг вэ?» (Веб өгүүлэл)

Амийн талаар Бурхныхтай адилхан үзэл бодолтой хүн амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

«“Экстрим спорт”. Амь насаа ингэж эрсдэлд оруулахын хэрэг байна уу?» («Сэрцгээ!», 2000 оны 10-р сарын 8)

Амиа хорлохыг бодож байгаа хүнд тэр бодлоосоо салахад нь Библи яаж тусалдаг вэ?

«Амиа хорлох бодлоос салах нь» (Веб өгүүлэл)

a Ехова гуньж гутарсан хүмүүст маш их санаа тавьдаг (Дуулал 34:18). Зарим хүн зовлон шаналлаасаа болоод амиа хорлох тухай бодоход хүрдгийг Ехова ойлгодог, энэ бодлоосоо салахад нь тусалдаг. Яаж тусалдгийг нь энэ хичээлийн «Мэдлэгээ тэлье» булан дахь «Амиа хорлох бодлоос салах нь» гэсэн өгүүллээс үзнэ үү.

b «Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход, хүүхэд нь дутуу төрсөн хэдий ч эндээгүй бол түүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. Харин эндсэн бол амийг амиар» (Египетээс гарсан нь 21:22, 23, ШЕ).

c Өмнө нь үр хөндүүлж байсан бол өөрийгөө буруутгах хэрэггүй. Яагаад гэвэл Ехова тийм хүнийг уучилдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хичээлийн «Мэдлэгээ тэлье» булан дахь «Үр хөндөх талаар Библид юу гэж байдаг вэ?» гэсэн өгүүллээс үзнэ үү.