Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 57

Ноцтой нүгэл үйлдчихвэл яах хэрэгтэй вэ?

Ноцтой нүгэл үйлдчихвэл яах хэрэгтэй вэ?

Та Еховаг хайрладаг учраас санаатайгаар гомдоохгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүн л юм чинь хааяа алдаа гаргах нь мэдээж. Харин зарим алдааг тоохгүй өнгөрөөж болдоггүй (1 Коринт 6:9, 10). Хэрэв та ноцтой нүгэл үйлдчихвэл яах вэ? Тийм үед ч Ехова танд хайртай хэвээрээ, таныг уучилж, туслахад бэлэн гэдгийг санаарай.

1. Еховагаар уучлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Еховаг хайрладаг хүн ноцтой нүгэл үйлдсэнээ ухаарахаараа маш их харамсдаг. Гэхдээ Еховагийн өгсөн дараах амлалт тэднийг тайвшруулдаг. «Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно» (Исаиа 1:18). Хэрэв чин сэтгэлээсээ гэмшвэл Ехова бүрмөсөн уучилдаг. Тэгвэл гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ? Хийсэн хэрэгтээ үнэн голоосоо харамсаж, дахин хийхээ больж, Еховагаас уучлалт гуйхыг хэлдэг. Түүнчлэн ноцтой нүгэл үйлдэхэд хүргэсэн буруу бодол, муу зуршлаасаа салж Еховагийн өндөр хэм хэмжээний дагуу амьдрахыг хэлнэ (Исаиа 55:6, 7-г уншина уу).

2. Ехова ахлагчдаар яаж туслуулдаг вэ?

Ноцтой нүгэл үйлдвэл «хурлын ахлагчдыг дуудаарай» гэж Ехова зөвлөдөг (Яаков 5:14, 15-ыг уншина уу). Яагаад гэвэл ахлагчид бол Еховаг, ард түмнийг нь хайрладаг, бас ноцтой нүгэл үйлдсэн хүнд хэрхэн туслахыг заалгасан хүмүүс юм. Тийм учраас ахлагчдаар туслуулбал Еховатай андын харьцаагаа сэргээнэ (Галат 6:1).

Тэгвэл ахлагчид чухам яаж тусалдаг вэ? Хоёр юм уу гурван ахлагч тэр хүнтэй уулзаж, хийсэн хэргийг нь Бурхан яагаад буруу гэж үздэгийг Библиэс үзүүлж тайлбарладаг. Бас дахин нүгэл үйлдэхгүй байхад нь тустай зөвлөгөө өгдөг. Түүнээс гадна Еховагийн сайшаалыг дахиад хүлээх боломжтойг нь хэлж ойлгуулдаг. Зарим тохиолдолд Еховатай эргээд дотностол нь хурлын үйл хэрэгт оролцохыг нь хязгаарлаж болох юм. Хэрэв тухайн хүн гэмшихгүй байвал хурлын бусад хүнийг хамгаалахын тулд хурлаас хасдаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Ноцтой нүгэл үйлдсэн хүнд Ехова яаж тусалдаг вэ? Үүнийг мэдэж авбал та Еховад улам их талархах болно.

3. Нүглээ илчилбэл Еховатай дотносно

Хүн нүгэл үйлдвэл Еховагийн сэтгэлийг өвтгөдөг. Иймээс үйлдсэн нүглээ илчилж, уучлалт гуйж залбирах хэрэгтэй. Дуулал 32:1–5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Нүглээ нуухын оронд Еховад хэлж залбирах нь яагаад бидэнд л сайн бэ?

Нүглээ зөвхөн Еховад биш ахлагчдад бас илчилбэл сэтгэл хөнгөрнө. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Кэноныг Ехова руу эргээд ирэхэд нь ахлагчид яаж тусалсан бэ?

Ахлагчид бидэнд туслахад хэзээд бэлэн байдаг учраас тэдэнтэй ний нуугүй ярилцаарай. Яаков 5:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бүх юмаа шударгаар хэлбэл ахлагчид бидэнд илүү сайн тусалж чадна гэж яагаад хэлж болох вэ?

Еховад нүглээ илчилж, ахлагчидтай ний нуугүй ярилцаж, Еховагийн тусламжийг хүлээж аваарай

4. Хурлаас хасах нь ямар ач тустай вэ?

Ноцтой нүгэл үйлдсэн хүн Еховагийн хэм хэмжээг сахихгүй байхаар шийдвэл хурлаас хасагдаж, хурлын гишүүн байхаа больдог. Тийм хүнтэй найзлах нь битгий хэл, ярих ч ёсгүй. 1 Коринт 5:6, 11; 2 Ёохан 9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг исгэдгийг бодож үзвэл ноцтой нүгэл үйлдсэн хүн хуралд яаж нөлөөлдөг вэ?

Хурлаас хасагдсан олон хүн хожим нь хуралдаа эргээд иржээ. Сахилга батын арга хэмжээ авхуулах нь тэдэнд амаргүй байсан ч түүний ачаар алдаагаа ухаарсан байна (Дуулал 141:5). ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хурлаас хасах арга хэмжээ Соняд яагаад тустай байсан бэ?

Хурлаас хасах нь Еховагийн ...

  • нэр хүндийг хамгаалдаг гэж яагаад хэлж болох вэ?

  • шударга зан, хайрын илрэл гэж яагаад хэлж болох вэ?

5. Гэмшвэл Ехова уучилна

Нүгэл үйлдсэн хүн гэмшихэд Еховад ямар санагддагийг Есүс жишээгээр тайлбарлажээ. Лук 15:1–7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та эндээс Еховагийн тухай юу мэдэж авсан бэ?

Езекиел 33:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Үнэн голоосоо гэмшсэн хүн яадаг вэ?

Хоньчин хонио анхаардаг шиг Ехова бидэнд маш их санаа тавьдаг

ЗАРИМ ХҮН: «Ахлагчдад бүх юмаа ярьчихвал намайг хурлаас хасчихна шүү дээ» гэдэг.

  • Та тийм хүнд юу гэж хэлэх вэ?

ДҮГНЭЛТ

Ноцтой нүгэл үйлдлээ ч үнэн голоосоо гэмшиж, алдаагаа давтахгүй байвал Ехова уучилна.

Давтах асуулт

  • Еховад нүглээ илчлэх нь яагаад зөв бэ?

  • Еховагаар нүглээ уучлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

  • Ноцтой нүгэл үйлдвэл яагаад ахлагчдад хандах хэрэгтэй вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Хурлаас хасах нь хүн болгонд ач тустай гэж яагаад хэлж болох вэ?

«Хурлаас хасах нь яагаад хайрын арга хэмжээ вэ?» («Харуулын цамхаг», 2015 оны 4-р сарын 15)

Хурлаас хасах арга хэмжээг Гэрч биш хүнд яаж тайлбарлаж болохыг уншаарай.

«Еховагийн Гэрчүүд гишүүн байхаа больсон хүнтэйгээ харьцдаггүй юм уу?» (Веб өгүүлэл)

Итгэл үнэмшлээ орхисон эрэгтэйг Ехова хэрхэн татсаныг «Ехова руу буцаж ирсэн минь» гэсэн намтраас уншаарай.

«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг», 2012 оны 4-р сарын 1)