АСУУЛТ 1
Би ямар хүн бэ?
ЧИ ЯАХ ВЭ?
Жишээ: Халиун үдэшлэгт дөнгөж ирээд байлаа. Гэнэт танил дуу сонсдов.
«Ингэж зүгээр зогсоод яах вэ?»
Халиуныг эргээд хартал найз Хишгээ нь хоёр шил уух юм барьчихсан зогсож байв. Шар айраг байв. Нэгийг нь Халиунд өгөнгөө «Ууна биз дээ? Ямар жаахан хүүхэд биш» гэлээ.
Халиун уумааргүй байв. Гэхдээ найзыгаа гомдоохыг хүссэнгүй. Тэгээд ч Хишгээ тийм ч муу хүүхэд биш. Найз минь ууж байгаа болохоор гайгүй биз гэж бодно. «Зүгээр л уучихъя. Ямар хар тамхи хэрэглэж байгаа биш» гэж Халиун бодов.
Чи Халиуны оронд байсан бол яах вэ?
САЙН БОДООРОЙ!
Ямар хүн бэ гэдгээ мэддэг бол ийм үед асуудлыг ухаалаг шийднэ. Энэ нь юуг эрхэмлэдэг, юунд итгэдгээ мэднэ гэсэн үг. Ийм мэдлэгтэй хүн өөрөө өөртөө эзэн болдог. Бусдаар бүхнээ заалгадаггүй (1 Коринт 9:26, 27).
Яавал ийм зоригтой байх вэ? Юуны өмнө, дараах асуултад хариулцгаая.
1 МИНИЙ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
Өөрийнхөө чадвар, сайн талыг мэддэг бол өөртөө илүү их итгэлтэй байна.
БИБЛИЙН ЖИШЭЭ: Элч Паул өөрийнхөө тухай «Хэдийгээр үг яриагаараа эв дүйгүй ч, мэдлэгээрээ тийм биш» гэж бичжээ (2 Коринт 11:6). Паул Судрыг сайн мэддэг байсан учраас, хүмүүсийн хэлсэн элдвийн үгийг даах хүчтэй байсан. Тэдний хорон үгнээс болж өөртөө итгэх итгэлээ алдаагүй (2 Коринт 10:10; 11:5).
ӨӨРИЙГӨӨ ШАЛГААРАЙ. Чи ямар авьяас чадвартай вэ? Түүнийгээ бичээрэй.
Чи ямар сайн зан чанартай вэ? Түүнийгээ бичээрэй. (Жишээ нь, чи бусдад санаа тавьдаг уу? Өгөөмөр үү? Найдвартай юу? Цаг барьдаг уу?)
2 МИНИЙ ДУТАГДАЛ ЮУ ВЭ?
Гинжний ганцхан хэлхээ тасрахад, бусад хэсэг нь хэчнээн бат бөх байгаад нэмэргүйн адилаар дутагдлаа засахгүй бол чи базаахгүй хүн болно.
БИБЛИЙН ЖИШЭЭ: Паул дутагдлаа сайн мэддэг байсан. Тэрбээр: «Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч миний эрхтнүүдэд өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг өөрийн минь эрхтнүүдэд байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна» хэмээн бичжээ (Ром 7:22, 23).
ӨӨРИЙГӨӨ ШАЛГААРАЙ. Чи ямар дутагдлаа засах хэрэгтэй вэ?
3 МИНИЙ ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Чи таксинд суугаад, жолоочид нь «Шатахуунаа дуустал хороолол тойроод яваад бай» гэх үү? Ингэх нь мөнгө үрсэн, мунхаг хэрэг болно.
Энэ жишээ ямар сургамжтай вэ? Зорилго тавивал, урсгалаар яваад байхгүй. Тиймээс өмнөө тавьсан зорилготой байж, зорьсондоо хүрэх төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
БИБЛИЙН ЖИШЭЭ: Паул «ямар ч зорилгогүй» байгаагүй (1 Коринт 9:26). Тэрбээр урсгалаар яваад байлгүй, өмнөө зорилго тавьж, зорьсондоо хүрэхийг хичээж байсан (Филиппой 3:12–14).
ӨӨРИЙГӨӨ ШАЛГААРАЙ. Ирэх жил биелүүлэх гурван зорилгоо бичээрэй.
4 МИНИЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ЮУ ВЭ?
Өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй бол туйлбаргүй байна. Өнгөө хувиргадаг хамелеон адилаар, үеийнхээ хүүхдүүдийг аялдан дагана. Ямар хүн бэ гэдгээ мэдэхгүй бол ийм байна.
Нөгөөтээгүүр, итгэл үнэмшлийнхээ дагуу аливааг хийдэг бол бусдыг дуурайхгүй.
БИБЛИЙН ЖИШЭЭ: Зөнч Даниел өсвөр насандаа гэр бүлээсээ хол байсан хэр нь, Бурхны хуулийг зөрчихгүй байхаар «сэтгэлдээ шийдэж» байжээ (Даниел 1:8). Ийнхүү өөртөө үнэнч байжээ. Даниел итгэл үнэмшлийнхээ дагуу амьдарч байв.
ӨӨРИЙГӨӨ ШАЛГААРАЙ. Чиний итгэл үнэмшил юу вэ? Жишээ нь: Чи Бурханд итгэдэг үү? Итгэдэг бол яагаад? Бурхан байдгийн ямар баталгаа байдаг вэ?
Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээ чамд тустай гэдэгт чи итгэдэг үү? Итгэдэг бол яагаад?
Эцэст нь асуухад, чи аль нь байхыг хүсэж байна вэ? Сэвшээ салхинд хийсэх навч шиг байхыг хүсэх үү? Эсвэл хүчит шуургыг тэсэж гардаг мод шиг байхыг хүсэх үү? Давуу талаа мэддэг, дутагдлаа засдаг, өмнөө тавьсан зорилготой, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бол мод адил тууштай байна. «Би ямар хүн бэ?» гэдэг асуултад хариулж чадна.