Skip to content

Гарчиг руу орох

Хуурамч шашнаас чөлөөлөгдсөн нь

Хуурамч шашнаас чөлөөлөгдсөн нь

«Миний ард түмэн, та нар ... түүнээс гарагтун» (ИЛЧ. 18:4).

ДУУ: 1045

1. Бурхны ард түмэн агуу Вавилоноос чөлөөлөгдөнө гэж хаана байдаг вэ? Энэ өгүүллээр ямар асуултуудыг ярилцах вэ?

БУРХНЫ үнэнч үйлчлэгчид агуу Вавилонд хэрхэн олзлогдсоныг өмнөх өгүүллээр үзсэн. Гэхдээ тэд үүрд Вавилоны олз болоогүй юм. Хэрвээ нэг ч хүн хуурамч шашны нөлөөнөөс ангижрах боломжгүй байсан бол «Миний ард түмэн, та нар ... түүнээс гарагтун» хэмээсэн Бурхны тушаал утгагүй болох байсан (Илчлэлт 18:4-ийг уншина). Еховагийн ард түмэн Вавилоны эрхшээлээс хэзээ бүрмөсөн чөлөөлөгдсөн бэ? Энэ асуултад хариулахаасаа өмнө дараах асуултуудын хариуг мэдэж авъя. Библи Судлаачид 1914 оноос өмнө ямар шийдэмгий алхам хийсэн бэ? Дэлхийн І дайны үед тэд дэлгэрүүлэх ажилд хэр идэвхтэй оролцдог байсан бэ? Бурхны ард түмэнд засарч өөрчлөгдөх зүйл байсан учраас Вавилонд олзлогдсон уу?

«ВАВИЛОН НУРЛАА»

2. Библи судлаачид хуурамч шашны талаарх ойлголтдоо үндэслэн ямар байр суурьтай болсон бэ?

2 Христийн гэгддэг шашнууд Библийн сургаалыг үнэн зөв заадаггүйг Чарлз Тейз Расселл болон түүний нөхөд дэлхийн І дайн болохоос хэдэн арван жилийн өмнө ойлгожээ. Энэ ойлголт дээрээ үндэслэн хуурамч шашнаас тусгаар байхаар шийдэв. «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1879 оны 11 дүгээр сарын дугаарт тэд байр сууриа илэрхийлжээ. Сүмүүд өөрсдийгөө Христийн үнэнч сүйт бүсгүй гэдэг ч Библид бичсэнээр, үнэн хэрэгтээ «янхан» юм. Яагаад гэвэл тэд засгийн газруудтай хамтарч ажиллан дэмжлэг туслалцаа авдаг хэмээн тэнд бичжээ (Илчлэлт 17:1, 2-ыг уншина).

3. Библи Судлаачид ямар шийдэмгий алхам хийсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Бурхны үнэнч үйлчлэгчид хуурамч шашны байгууллагаас гарахгүй бол Бурхны ивээлийг хүртэхгүйгээ ойлгожээ. Тиймд сүмээс холбоогоо таслахаа мэдэгдэн захидал бичсэн хүн Библи Судлаачдын дунд олон байлаа. Зарим нь сүмийн цуглааны үеэр захидлаа уншиж сонсгожээ. Харин зарим сүмд уншихыг хориглосон учир гишүүн бүрд нь нэг нэг хувийг илгээв. Тэд хуурамч шашинтай ямар ч байдлаар холбогдохыг хүсээгүй юм! Хэрвээ өмнөх зуунуудад ийм зоригтой алхам хийсэн бол амь насаа алдах байлаа! Харин 1800-гаад оны сүүл гэхэд олон орны засгийн газар сүмүүдийг өмнөх шигээ дэмжихээ больжээ. Иргэд нь Библи, шашин, сүмийн сургаалуудын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон байна.

4. Библи Судлаачид агуу Вавилоноос гарч байгаагаа мэдэгдээд зогсохгүй өөр юу хийсэн бэ?

4 Библи Судлаачид агуу Вавилоноос гарч байгаагаа хамаатан садан, найз нөхөд, сүмийн гишүүдэд мэдэгдээд л болчихоогүй. Агуу Вавилон бол янхан гэдгийг дэлхий даяар ойлгуулах шаардлагатай байлаа! Тэд хэдхэн мянгуулаа байсан ч Христийн гэгддэг шашнуудын үнэн нүүр царайг илчилсэн «Вавилон нурлаа» гэдэг танилцуулгыг 1917 оны 12 дугаар сараас 1918 оны эхэн хүртэл 10 саяыг тараажээ. Сүмийн удирдагчид ямар их уурлан хилэгнэснийг төсөөлөхөд төвөггүй! Гэлээ ч Библи Судлаачид тэднээс айлгүй энэ чухал ажлаа хийсээр байсан. «Хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагахаар» эргэлт буцалтгүй шийджээ (Үйлс 5:29). Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Тэд дэлхийн I дайны үед Вавилонд боолчлогдоогүй, харин ч чөлөөлөгдөөд эхэлчихсэн байсан. Тэр байтугай чөлөөлөгдөхөд нь бусдад тусалж явжээ.

ДЭЛХИЙН I ДАЙНЫ ҮЕД ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ БАЙСАН НЬ

5. Дэлхийн І дайны үед итгэл нэгтнүүд маань идэвхтэй дэлгэрүүлдэг байсныг юу батлах вэ?

5 Библи Судлаачид дэлхийн І дайны үед идэвхтэй дэлгэрүүлээгүй учраас Бурхны сайшаалыг хүлээхээ больсон гэж бид боддог байсан. Тиймээс Бурхан ард түмнээ түр хугацаагаар агуу Вавилоны олз болгосон гэж тайлбарлаж байлаа. Гэтэл Эзний үйлчлэгчид дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахын тулд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байсныг 1914–1918 онд Бурханд үйлчилж байсан үнэнч итгэл нэгтнүүд маань батлан хэлсэн байдаг. Үүнийг батлах хангалттай нотолгоо бий. Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүхийн эхэнд юу болсныг хэдийчинээ сайн мэддэг болно, Библид бичсэн үйл явдлыг төдийчинээ сайн ойлгоно.

6, 7. а) Библи Судлаачид дайны үед ямар бэрхшээлтэй тулгарсан бэ? б) Библи Судлаачид идэвх зүтгэлтэй байсан нь юунаас харагддаг вэ?

6 Дэлхийн І дайны үед (1914–1918) амьдарч байсан Библи Судлаачид маш идэвхтэй дэлгэрүүлдэг байжээ. Ингэх нь үнэн хэрэгтээ амаргүй байв. Яагаад? Зөвхөн хоёр шалтгааныг аваад үзье. Нэгдүгээрт тэд Библийн үнэнийг өөрсдөө тайлбарлахын оронд тарааж буй ном хэвлэлдээ даатгачихдаг байжээ. «Нууц тайлагдсан нь» номыг засгийн газар 1918 оны эхээр хориглоход Библийг дангаар нь ашиглаж сураагүй итгэл нэгтнүүдийн маань хувьд дэлгэрүүлэх ажил ээдрээтэй болж эхэлсэн. Хоёр дахь шалтгаан нь 1918 онд дэгдсэн испани томуу юм. Энэ хөнөөлт тахал маш хурдан дэгдэж байсан учир чөлөөтэй явж дэлгэрүүлэхэд төвөгтэй байв. Гэлээ ч Бурхны үйлчлэгчид энэ мэтийн саад бэрхшээлийг үл тоон, дэлгэрүүлэх ажлаа зогсоохгүйн төлөө чадах бүхнээ хийжээ.

Тэд идэвх зүтгэлтэй байсан! (6, 7-р догол мөрийг үзээрэй)

7 Библи Судлаачид цөөхүүлхнээ байсан ч «Бүтээлийн тухай фото драм»-ыг зөвхөн 1914 онд л гэхэд есөн сая гаруй хүнд үзүүлжээ. Өнгөт зургийг хөдөлгөөнт зурагтай хослуулсан, өгүүлэгчийн үг бүхий энэ бүтээл тухайн үедээ шинэлэгт тооцогдож байлаа. «Драм»-д хүн төрөлхтний түүхээс эхлээд Есүсийн Мянган жилийн засаглалын үеийг харуулжээ. Энэ киног 1914 онд үзсэн хүний тоо өнөөдөр дэлхий дахинд буй Гэрчүүдийн тооноос хавьгүй олон байгаа биз? Бусад тайланг үзвэл 1916 онд АНУ-д 809 393 хүн цуглаанд суусан бол энэ тоо 1918 онд 949 444 болтлоо өссөн байна! Библи Судлаачид үнэхээр идэвх зүтгэлтэй байжээ!

8. Удирдах үүрэгтэй эрчүүд дэлхийн I дайны үед итгэл нэгтнүүдээ хэрхэн зоригжуулсан бэ?

8 Удирдах үүрэг хүлээсэн эрчүүд дэлхийн І дайны үед бүх итгэл нэгтнээ Библид үндэслэсэн ном хэвлэлээр хангахын тулд нөр их хөдөлмөрлөжээ. Үүний үрээр Библи Судлаачид дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийх урам зоригтой болсон. Тэр үеийн идэвхтэй дэлгэрүүлэгч Ричард Баарбер: «Бид дүүрэг хариуцагчдыг тогтмол явуулж, “Харуулын цамхаг” сэтгүүлээ тасралтгүй хэвлэж, хориотой байсан Канад руу хүртэл илгээдэг байлаа. Халаасанд багтахаар болгосон “Нууц тайлагдсан нь” номыг би найзууд руугаа шуудангаар илгээдэг байв. Тэд маань баривчлагдаад номоо хураалгачихдаг байсан юм. АНУ-ын баруун зүгийн хотуудад чуулган зохион байгуулж, илтгэгчдийг илгээн итгэл нэгтнүүдээ урамшуулахыг Рүүтэрфорд ах биднээс хүссэн» хэмээн дурсжээ.

ЗАСАЖ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН НЬ

9. а) 1914–1919 онд Бурхны ард түмнийг яагаад засаж өөрчлөх шаардлагатай байсан бэ? б) Юу гэж бодох нь буруу вэ?

9 Библи Судлаачид бүхнийг Библийн зарчмын дагуу хийдэг байсан уу гэвэл тийм биш ээ. Тэд хэдийгээр чин сэтгэлтэй байсан ч төр засгийн эрх мэдэлтнүүдэд захирагдана гэж юу гэсэн үг болохыг 1914–1919 онд бүрэн гүйцэд ойлгоогүй байлаа (Ром 13:1). Дэлхийн I дайны үед төвийг сахих үзлийг бүгдээрээ баримталж чадаагүй нь үүнтэй холбоотой юм. Жишээлбэл АНУ-ын ерөнхийлөгч 1918 оны 5 дугаар сарын 30-ныг энх тайвны төлөө залбирах өдөр болгох зарлиг гаргахад Библи Судлаачдыг бас залбирахыг «Харуулын цамхаг» сэтгүүл уриалжээ. Дайныг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасыг зарим Библи Судлаач худалдан авсан. Тэр байтугай цэрэг болж дайны талбар луу явсан хүн ч байжээ. Энэ мэтээр засаж өөрчлөх зүйл тэдэнд бишгүй байлаа. Гэхдээ үүнээс болоод агуу Вавилонд олзлогдсон гэж дүгнэх нь зүйд нийцэхгүй. Үнэндээ бол тэд хуурамч шашнаас холбоогоо таслах ёстойгоо хэдийнээ ойлгосон бөгөөд I дайны үед агуу Вавилоноос бараг чөлөөлөгдчихсөн байсан (Лук 12:47, 48-ыг уншина).

10. Библи Судлаачид амийг үнэ цэнтэй гэж үздэгээ хэрхэн харуулсан бэ?

10 Библи Судлаачид төвийг сахих талаар өнөөгийн бидэн шиг тодорхой ойлгодоггүй байсан ч хүний амийг хөнөөж болохгүй гэсэн Бурхны хуулийг мэддэг байжээ. Тийм болохоор зарим итгэл нэгтэн маань дэлхийн І дайнд оролцсон ч хүний өөдөөс буу шагайгаагүй юм. Хүн алахаас эрс татгалзсан зарим Библи Судлаачийг хядуулахаар галын шугамын тэргүүн эгнээнд аваачсан байна.

11. Эрх мэдэлтнүүд Библи Судлаачдад хэрхэн хандсан бэ?

11 Бурхны үйлчлэгчдийг дайны үед төвийг сахих үзлийг чанд баримталлаа гэж Диаволын уур хорсол буцалж байсан нь тодорхой. Тийм ч учраас «шударга бус тогтоол» гаргуулжээ (Ис. 10:1). Ж. Ф. Рүүтэрфорд, В. Э. Ван Амьбөөрг нар АНУ-ын армийн ерөнхий генерал Жэймс Франклин Бэллтэй уулзжээ. АНУ-ын Хууль зүйн хэлтэс дайнд оролцохоос татгалзсан хүмүүст, ялангуяа Библи Судлаачдад цаазаар авах ял оноох саналыг Конгресст өргөн барьсныг Белл мэдэгдэв. Тэгээд ихэд ууртайгаар «[АНУ-ын ерөнхийлөгч] Уилсон зөвшөөрөөгүй учраас энэ хууль батлагдаагүй. Гэхдээ бид та нарыг чадахдаа л чадна, харж л байгаарай!» хэмээн Рүүтэрфордод хэлсэн гэдэг.

12, 13. а) Удирдах үүрэг хүлээж байсан найман ах маань яагаад олон жилийн ял авсан бэ? б) Тэд итгэл үнэмшлээсээ няцсан уу? Тайлбарлана уу.

12 Дээрх сүрдүүлэг хоосон биш байв. АНУ-ын засгийн газар Харуулын Цамхаг Нийгэмлэгийн төлөөлөгчид болох Рүүтэрфорд, Ван Амьбөөрг болон бусад зургаан хүнийг баривчилжээ. Тэдний хэргийг хариуцаж байсан шүүгч: «Энэ хүмүүсийн шашны суртал ухуулга Германы дивизээс ч илүү хор хөнөөлтэй. ... Эд нар АНУ-ын засгийн газрын хуулийн ажилтнууд, армийн тагнуулын газрыг эсэргүүцээд зогсохгүй бүх сүм хийдийн удирдагчдыг буруутгадаг. Ийм хүмүүсийг хатуу цээрлүүлэх ёстой» гэж шүүх хурал дээр хэлжээ («Faith on the March», by A. H. Macmillan, p. 99). Үнэхээр ч тэр наймд Жоржиа мужийн Атланта хот дахь Холбооны засан хүмүүжүүлэх газарт олон жил хорих ял оноожээ. Харин дайн дуусахад тэднийг шоронгоос суллаж ялыг нь хүчингүй болгосон байна.

13 Тэд шоронд байхдаа ч Бурхны хуулийг чанд сахиж байсныг АНУ-ын ерөнхийлөгчид бичсэн захидлаас нь мэдэж болно. Өршөөл үзүүлж шоронгоос суллаж өгөхийг хүссэн уг захидалд «“Хүн алж болохгүй” гэсэн тушаалыг Эзэн Библид бичүүлсэн байдаг. Эзэнд өөрийгөө зориулж [Олон улсын Библи Судлаачид]-ын эгнээнд элссэн хэн боловч энэ тушаалыг санаатайгаар зөрчвөл Бурхны сайшаалыг алдаж, тэр байтугай бүрмөсөн устгагдана. Тийм болохоор тэд хүний амийг санаатайгаар хөнөөх үйл хэрэгт оролцож чадахгүй» гэжээ. Үнэхээр зоригтой байгаа биз! Ах нар маань үзэл бодлоосоо ухрахыг огтхон ч бодоогүй нь тодорхой байна!

ЧӨЛӨӨЛӨГДСӨН НЬ!

14. 1914–1919 оны хооронд юу болсныг Библид үндэслэн тайлбарлана уу.

14 Малахи 3:1–3-т бичсэн цаг үе бол 1914 оноос 1919 оны эхэн хүртэлх үе юм (Уншина). Энэ хугацаанд «Эзэн» буюу Ехова «гэрээний элч» болох Есүс Христтэй хамт «Левийн хөвгүүд» буюу тослогдогсдыг шалгахаар иржээ. Ехова тэдэнд сахилга батын арга хэмжээ авч, засаж өөрчилснийхөө дараа «итгэмжит ухаалаг боолыг» 1919 онд томилов. Энэ боол Бурхны ард түмнийг удирдан чиглүүлэх, зааж сургах даалгавар авчээ (Мат. 24:45). Еховагийн үйлчлэгчид ийнхүү агуу Вавилоны боолчлолоос чөлөөлөгдөв. Тэр цагаас эхлэн тэд Еховагийн хайр энэрлийг хүртэх болсон. Хүсэл тааллынх нь талаар илүү ихийг мэдэх тусам тэнгэрийн Эцгээ бүр ч их хайрладаг болжээ. Энэ бүхний төлөө Ехова Бурхандаа ямар их талархдаг бол оо! [1]

15. Бид агуу Вавилоноос чөлөөлөгдсөнийхөө төлөө яах хэрэгтэй вэ?

15 Агуу Вавилоны савраас чөлөөлөгдсөн маань юутай сайхан бэ! Христийн жинхэнэ дагалдагчдыг газрын хөрснөөс арчих гэсэн Сатаны оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн юм. Ехова бүх хүнийг аврах санаа зорилготой. Энэ зорилгоор бидэнд эрх чөлөө өгснийг нь мартах учиргүй (2 Кор. 6:1). Чин сэтгэлтэй олон хүн одоо ч хуурамч шашны эрхшээлд бий. Бид тэдэнд зам зааж өгч чадна. Агуу Вавилоноос чөлөөлөгдөхөд нь тэр хүмүүст туслахын тулд өнгөрсөн зуунд амьдарч байсан итгэл нэгтнүүдээ дуурайн чадах бүхнээ хийцгээе!

^ [1] (14-р догол мөр) Вавилонд олзлогдсон иудейчүүд болон тэрс явдал гарснаас хойших үеийн Христийн дагалдагчдын хооронд төстэй зүйл олон бий. Гэхдээ иудейчүүд Вавилонд олзлогдсон нь Христийн дагалдагчдад юу тохиолдохыг зөгнөсөн хэрэг гэж үзэж болохгүй. Үйл явдал бүрийг зөгнөлийн утгатай гэж бодох шаардлагагүй. Жишээ нь иудейчүүд 70 жил Вавилоны олз байсан бол Христийн дагалдагчид түүнээс ч олон жил агуу Вавилоны олз байсан.