Skip to content

Гарчиг руу орох

«Бие биеэ өдөр бүр зоригжуулагтун»

«Бие биеэ өдөр бүр зоригжуулагтун»

«Цугласан хүмүүсийг урамшуулах үг байвал хэлж өгөөч» (ҮЙЛС 13:15). (ОҮМБОХ, 2005)

ДУУ: 53, 45

1, 2. Бусдыг магтаж урамшуулах нь чухал гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.

«ААВ ЭЭЖ хоёр маань намайг ерөөсөө магтдаггүй. Харин шүүмжлэхдээ сайн. Гомдмоор үг хэлнэ. Жаахан хүүхэд шиг л гэнэ, тарган бүдүүн л гэнэ. Тийм болохоор би дандаа уйлдаг, тэр хоёртой ярихыг ч хүсдэггүй. Би хэнд ч хэрэггүй юм шиг санагддаг» хэмээн 18 настай Кристина ярьжээ. [1] Урмын үг сонсохгүй бол бидний амьдрал хэчнээн баргар вэ!

2 Бусдыг магтаж урамшуулбал тэдэнд ямар их тус болдгийг бодоод үзье. Рүбээн гэдэг Гэрч: «Би хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодолтойгоо олон жил тэмцсэн. Харин нэг удаа хамт дэлгэрүүлсэн ахлагч намайг тавгүй байгааг анзаарсан юм. Тэр ах миний яриаг анхааралтай сонссоныхоо дараа ямар ямар сайн зүйл хийснийг минь сануулсан. Бас Есүсийн хэлсэн үгийг сануулж бид бүгдээрээ “олон бор шувуунаас ч илүү үнэтэй” гэсэн. Би энэ зүйлийг сайн мэддэг байсан ч тэр үед сэтгэл хөдөлж билээ. Ахлагчийн хэлсэн үг надад маш хүчтэй нөлөөлсөн» гэж ярьжээ (Мат. 10:31).

3. а) Элч Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Нэг нэгнээ магтаж урамшуулдаг байхын чухлыг Библи онцолдог. Элч Паул итгэл нэгт еврейчүүддээ «Ах дүү нар аа, та нарын дотроос хэн нэг нь бузар, итгэлгүй зүрхтэй байж, амьд Бурханаас салах вий гэдгээс болгоомжлогтун. Харин ... бие биеэ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий» хэмээн бичжээ (Евр. 3:12, 13). Та урмын үг сонсоод баярлан хөөрч, урамшин зоригжиж байсан биз дээ? Тэр үеэ санадаг бол бие биеэ зоригжуул гэсэн энэ зөвлөгөө хэчнээн чухал болохыг ойлгоно. Дараах асуултуудыг ярилцъя. Бусдыг урамшуулан зоригжуулах нь чухал гэхийн учир юу вэ? Бусдыг урамшуулах талаар Ехова Есүс Паул нараас юу сурах вэ? Бусдыг хэрхэн урамшуулах вэ?

БҮХ ХҮНД УРМЫН ҮГ ХЭРЭГТЭЙ

4. Хэнд урмын үг хэрэгтэй вэ? Өнөөдөр ихэнх хүн магтаж, магтуулахаа больсны учир юу вэ?

4 Бүх хүнд урмын үг хэрэгтэй. Ялангуяа хүүхдэд бүр ч их хэрэгтэй. «Ургамалд ус хэрэгтэй байдаг шиг хүүхдэд магтаал хэрэгтэй. Хүүхдийг магтаж урамшуулдаг бол өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэлтэй хүн болдог» хэмээн Тиймоти Ээванс гэдэг багш ярьжээ. Гэхдээ бид «хэцүү цагт» амьдарч байна. Аминч үзэлтэй, бусдыг хайрладаггүй, магтаж урамшуулахыг мэддэггүй хүн олон болжээ (2 Тим. 3:1–5). Багадаа эцэг эхээсээ магтаал, урмын үг сонсож байгаагүй хүмүүс хүүхдээ магтаж урамшуулдаггүй. Томчуудад бас магтаал хэрэгтэй. Ажил дээрээ хэзээ ч магтуулж байгаагүй гэж хэлдэг хүн олон байдаг.

5. Бусдыг урамшуулан зоригжуулах гэдэгт юу ордог вэ?

5 Бусдыг урамшуулан зоригжуулах гэдэг нь сайн юм хийснийх нь төлөө магтахыг голдуу хэлдэг. Бас сайхан зан чанарыг нь онцлох юм уу гуньж гутарсан үед нь тайвшруулах зэргээр урамшуулан зоригжуулахыг хэлдэг (1 Тес. 5:14). Голдуу «зоригжуулах» гэж орчуулдаг грек үгийг үгчилбэл «хүнийг дуудаж хажуудаа байлгах» гэсэн утгатай. Бид итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн үйлчилдэг учраас тэдэндээ урмын үг хэлэх боломж их гардаг (Номлогчийн үгс 4:9, 10-ыг уншина). «Би тухайн хүнийг яагаад хайрлаж, үнэ цэнтэй гэж үздэгээ өөрт нь мэдүүлдэг үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Энэ асуултад хариулахаасаа өмнө «Цагаа олсон үг юутай сайхан бэ!» гэсэн Библийн зүйр үгийг эргэцүүлж бодоорой (Сур. 15:23).

6. Сатан яагаад биднийг сэтгэлээр унагахыг хүсдэг вэ? Жишээ хэлнэ үү.

6 Биднийг сэтгэлээр унагахыг Сатан Диавол хүсдэг. Бид сэтгэлээр унавал хүч тэнхээгүй болж Еховагаас хөндийрнө гэдгийг Сатан мэддэг. «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж Сургаалт үгс 24:10-т бий. Сатан Иовыг янз бүрээр зовоож, сэтгэлээр унагахыг оролдсон ч хорон төлөвлөгөө нь нурсан (Иов 2:3; 22:3; 27:5). Хэрэв бид гэрийнхнийгээ, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулдаг бол Сатаны төлөвлөгөөг нурааж чадна. Ингэвэл гэр орон, цуглааны танхим маань аз жаргал, амар тайван ноёлсон газар болно.

БИБЛИД ГАРДАГ ЖИШЭЭ

7, 8. а) Ехова хүмүүсийг урамшуулдгийг харуулах жишээ хэлнэ үү. б) Эцэг эхчүүд Еховаг хэрхэн дуурайх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Ехова. «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг» хэмээн Давид дуулжээ (Дуу. 34:18). Иеремиаг айж хулчийн, өөрийгөө голоход Ехова туслахаа амлан урмыг нь сэргээсэн (Иер. 1:6–10). Насан өндөр болсон Даниелыг бодож үзье. Бурхан тэнгэр элчээ илгээж «Ихэд хүндлэгддэг Даниел аа» хэмээн хэлүүлэхэд тэрээр ямар их урамшсан бол оо! (Дан. 10:8, 11, 18, 19). Дэлгэрүүлэгчид, эхлэгчид, чадал тэнхээ нь харьж яваа настай итгэл нэгтнүүдээ та тэгж урамшуулж чадах уу?

8 Ехова Хүүтэйгээ олон тэрбум жил хамт байсан мөртлөө Хүүгээ дэлхий дээр ирснийх нь дараа ч магтаж, урам хайрлах хэрэгтэй гэж боджээ. «Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог» гэж Эцгийгээ тэнгэрээс хэлэхийг Есүс хоёр ч удаа сонссон (Мат. 3:17; 17:5). Эхний удаа, дэлхий дэх үйл хэргээ эхлэхдээ энэ үгийг сонсоод урамшин зоригжсон нь лавтай. Өөрийг нь хайрлаж, өөрөөр нь бахархдагийг Эцгээсээ хоёр дахь удаагаа сонсох үед дэлхий дэх даалгавраа дуусгах гэж байлаа. Нас барахынхаа өмнөх шөнө маш их шаналж зовж байхад нь Ехова түүнийг тайвшруулахаар тэнгэр элчээ илгээдэг (Лук 22:43). Эцэг эхчүүд ээ, та нар Еховагийн жишээгээр хүүхдэдээ байнга урам хайрлаж, ямар нэг юмыг сайн хийх болгонд нь магтаж байгаарай. Бас сургууль дээр нь сорилт тулгарвал зоригжуулж, үнэнч байхад нь туслаарай.

9. Есүсээс юу сурах вэ?

9 Есүс. Дурсах цуглаан зохион байгуулдаг шөнөө Есүс даруу байхын чухлыг элч нартаа үлгэрлэн үзүүлж, хөлийг нь угааж өгчээ. Гэлээ ч элч нар нь бардам зангаа тавилгүй, хэн нь агуу болох талаар хоорондоо маргалдсаар байлаа. Петр Есүсийг орхиж явахгүй гэж өөртөө эрдсэн (Лук 22:24, 33, 34). Гэхдээ Есүс тэдний алдааг анхааралгүй, харин үнэнч байгааг нь магтсан. Илүү агуу ажил хийж гүйцэтгэхийг нь зөгнөж, Бурхан тэднийг хайрладгийг батлан хэлсэн (Лук 22:28; Иох. 14:12; 16:27). «Би хүүхдийнхээ эсвэл бусдын алдааг харахын оронд Есүсийг дуурайн тэднийг магтдаг уу?» гэж өөрөөсөө асууцгаая.

10, 11. Паул бусдыг урамшуулахын чухлыг ойлгодог байсан нь юунаас харагддаг вэ?

10 Элч Паул. Тэрээр захидлууддаа итгэл нэгтнүүдээ магтаж бичсэн байдаг. Заримтай нь миссионерын аяллаар олон жил хамт явсан болохоор ямар дутагдалтайг нь мэддэг байсан биз ээ. Гэлээ ч зөвхөн сайн талыг нь дурджээ. Жишээ нь Тимотыг «Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү» гээд бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг гэжээ (1 Кор. 4:17; Флп. 2:19, 20). Бас Титийг «Миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч» гэж Коринт хотод амьдардаг дагалдагчдад магтсан (2 Кор. 8:23). Паул өөрсдийнх нь талаар сайнаар боддогийг мэдээд Тимот Тит хоёр ямар их урамшсан бол оо!

11 Паул Барнаб хоёр итгэл нэгтнүүдээ урамшуулахын төлөө амь насаараа дэнчин тавьж байсан. Жишээлбэл урьд нь Лустр хотод байхдаа хэт даврагчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан ч шинэ дагалдагчдыг зоригжуулахаар тэр хотод буцаж очдог (Үйлс 14:19–22). Нэг удаа Паулыг Ефест ирэхэд уурлаж бухимдсан олон түмэн угтжээ. Үйлс 20:1, 2-т «Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирэв» гэж бичжээ. Итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах нь Паулын хувьд маш чухал байв.

НЭГ НЭГЭНДЭЭ УРАМ ХАЙРЛАЯ

12. Цуглаанд яагаад тогтмол явах хэрэгтэй вэ?

12 Тэнгэрийн Эцэг маань биднийг бие биеэ урамшуулан зоригжуулаасай гэсэндээ тогтмол цуглаж байхыг зөвлөдөг (Еврей 10:24, 25-ыг уншина). Бид Есүсийн эртний дагалдагчидтай адил хамтдаа цуглан Еховагийн талаар сурч мэдэхийн зэрэгцээ урамшин зоригждог (1 Кор. 14:31). Өгүүллийн эхэнд дурдсан Кристина: «Цуглаанд очихын хамгийн сайхан нь хайр мэдэрч, урам зоригтой болдог. Сэтгэл хямарсан үед эгч нар над дээр ирээд тэвэрч, гоё харагдаж байна гэж хэлдэг. Бас намайг хайрладгаа, ахиц дэвшил гаргаж байгааг маань хараад баярлаж байгаагаа хэлдэг. Ийм сайхан урмын үгийг сонсохлоор сэтгэл уужирдаг» гэж хэлсэн юм. Бие биеэ урамшуулан зоригжуулах нь үнэхээр чухал байх нь ээ! (Ром 1:11, 12).

13. Туршлагатай хүмүүсийг ч урамшуулах хэрэгтэйн учир юу вэ?

13 Туршлагатай Гэрчид ч урмын үг хэрэгтэй. Иошуаг жишээ болгон авъя. Тэрээр Еховад олон жил үнэнч үйлчилж ирсэн. Гэсэн ч Ехова Мосед «Чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ» хэмээн айлджээ (Д.хууль 3:27, 28). Иошуа израильчуудыг удирдаж Амласан газар луу авч явах ярвигтай даалгавар авах гэж байлаа. Олон ч дайн тулаантай нүүр тулах байв. Дайснууддаа ялагдахыг ч үзэх гэж байлаа (Иош. 7:1–9). Тиймээс Иошуад урам зориг, хүч тэнхээ хайрлах үг хэрэгтэй байсан нь лавтай. Бид бас Бурхны хонин сүргийг хариулахын төлөө нөр их хөдөлмөрлөдөг ахлагчид, дүүрэг хариуцагчдыг урамшуулан зоригжуулах хэрэгтэй (1 Тесалоник 5:12, 13-ыг уншина). Нэг дүүрэг хариуцагч: «Заримдаа итгэл нэгтнүүд маань эргэлт сайхан болсонд баярласнаа илэрхийлэн захиа бичдэг. Захиаг нь хадгалаад сэтгэл тавгүйтсэн үедээ уншихлаар маш их тайвширдаг» гэж ярьжээ.

Урам хайрладаг бол хүүхэд Еховатай дотносно (14-р догол мөрийг үзээрэй)

14. Зөвлөгөө өгөхдөө магтаж урамшуулах нь үр дүнтэй байдгийг жишээгээр хэлнэ үү.

14 Ахлагчид итгэл нэгтнүүдээ, эцэг эхчүүд хүүхдүүдээ магтаж урамшуулдаг бол өгсөн зөвлөгөөг нь тэд дуртайяа дагана. Коринт хотод амьдарч байсан дагалдагчид Паулын өгсөн зөвлөгөөг ажил хэрэг болгожээ. Үүнийхээ төлөө Паулаас магтаал сонсоод зөв юм хийх урам зоригтой болсон (2 Кор. 7:8–11). Хоёр хүүхдийн эцэг Андреас: «Хүүхдийг үргэлж магтдаг бол Еховатай дотно, сэтгэлийн тэнхээтэй хүн болж өсдөг. Эцэг эхийнхээ үгэнд орохдоо дуртай байдаг. Бид хүүхдүүддээ байнга урам өгдөг болохоор юу нь зөв бэ гэдгийг мэдээд зогсохгүй хийдэг болсон» гэжээ.

ЯАЖ УРАМШУУЛАХ ВЭ?

15. Итгэл нэгтнээ урамшуулах нэг арга нь юу вэ?

15 Итгэл нэгтнүүдийнхээ хичээл зүтгэл, сайхан зан чанарыг үнэлдгээ хэлж байгаарай (Ш.дэд 16:9; Иов 1:8). Чадал тэнхээ, боломж бололцоо хомс байлаа ч Хаанчлалын төлөө чадах бүхнээ хийдэг хүн бүрийг Ехова Есүс хоёр өндөр үнэлдэг (Лук 21:1–4; 2 Коринт 8:12-ыг уншина). Настай ах эгч нарын маань зарим нь цуглаандаа сууж, тогтмол дэлгэрүүлэхийн төлөө маш их хичээл зүтгэл гаргадаг. Тэднийгээ магтаж, урмаар тэтгэж явцгаая.

16. Бусдыг хэзээ урамшуулж болох вэ?

16 Урмын үгийг харамгүй хайрлаж байгаарай. Хэрэв хүн ямар нэг сайн зүйл хийснийг та анзаарсан бол магтаарай. Паулыг Барнабтай хамт Писидийн Антиохт байхад юу болсныг үзье. Синагогийн ахлагчид тэдэнд «Нөхөд өө, цугласан хүмүүсийг урамшуулах үг байвал хэлж өгөөч» гэхэд Паул бусдыг урамшуулах энэ сайхан боломжийг ашиглан илтгэл тавьжээ (Үйлс 13:13, ОҮМБОХ, 2005, 14–16, 42–44). Бидэнд бас ийм боломж олдвол алдалгүй ашиглацгаая. Хэрэв бид бусдыг урамшуулдаг бол бусад хүн ч биднийг урамшуулна (Лук 6:38).

17. Магтаалын үг ямар байвал илүү сайн бэ?

17 Тодорхой хэлээрэй. Есүс Туатейр хотын дагалдагчдаа магтахдаа ямар сайн зүйл хийснийг нь тодорхой хэлсэн байдаг (Илчлэлт 2:18, 19-ийг уншина). Есүсийг хэрхэн дуурайх вэ? Хэрэв та хүүхэдтэй бол Еховад үйлчлэхийн тулд яаж хичээж байгааг нь тодорхой хэлж магтаарай. Хурлынхаа ганц бие ээжийг магтахдаа хүүхэд хүмүүжүүлэх амаргүй үүргийг хэр сайн биелүүлж байгааг нь хэлээрэй. Ийнхүү урмын үг хайрлаж, зоригжуулах нь маш их ач тустай!

18, 19. Бусдыгаа хэрхэн урамшуулах вэ?

18 Ехова, Иошуаг урамшуулан зоригжуул гэж Мосед хэлсэн шигээ бидэнд тэгж хэлэхгүй нь мэдээж. Гэхдээ биднийг бусдадаа урам сэргээх үг хэлдэг бол баярлана (Сур. 19:17; Евр. 12:12). Илтгэл тавьсан хүнд илтгэлийн юу нь ач тустай байсан, энэ илтгэлийг сонсоод Библийн ямар зүйлийг ойлгосноо хэлээрэй. Нэг Гэрч эмэгтэй зочин илтгэгчид бичсэн захидалдаа «Та надтай цөөхөн хором ярилцахдаа шаналсан сэтгэлийг минь мэдрээд тайвшруулсан. Ямар их урам орсон гээч! Та тайзан дээрээс ч, нүүр тулаад ярихдаа ч их эелдэг байсан болохоор Еховагаас бэлэг авч байгаа юм шиг санагдсан» гэжээ.

19 Элч Паул: «Та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» гэж зөвлөжээ. Хэрэв бид энэ зөвлөгөөг дагадаг бол Еховатай дотносоход нь бусдадаа янз бүрийн аргаар тусалж чадна (1 Тес. 5:11). «Бие биеэ өдөр бүр зоригжуулж» Ехова Бурхнаа баярлуулцгаая.

^ [1] (1-р догол мөр) Зарим нэрийг өөрчлөв.