Skip to content

Гарчиг руу орох

Харанхуйгаас гэрэл рүү

Харанхуйгаас гэрэл рүү

«[Ехова] харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан» (1 ПЕТР 2:9).

ДУУ: 4328

1. Иерусалим хэрхэн устгагдсан бэ?

МЭӨ 607 онд Небухаднезар хаанаар удирдуулсан Вавилоны их цэрэг Иерусалимыг булаан эзэлжээ. Энэ талаар Библид: «[Небухаднезар] ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй. Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм» гэжээ (Ш.дэд 36:17, 19).

2. Ехова ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? Иудейчүүдэд юу тохиолдох гэж байсан бэ?

2 Иерусалим устгагдахад оршин суугчид нь гайхах ёсгүй байлаа. Яагаад гэвэл Бурхны хуулийг зөрчихөө болихгүй бол вавилончуудын гарт орно гэдгийг нь Бурхны зөнчид олон жил сэрэмжлүүлжээ. Өдий төдий хүн илдэнд оногдож, амьд үлдсэн нэг нь Вавилонд олзлогдож үхэн үхтэлээ тэнд амьдрах учиртай байв (Иер. 15:2). Олз болж харийн нутагт очсон хүмүүсийн амьдрал ямар байсан бэ? Иудейчүүд Вавилонд олзлогдсон шиг Христийн дагалдагчид бас олзлогдсон уу? Тийм бол хэзээ вэ?

ОЛЗЛОГДСОН НЬ

3. Вавилонд цөлөгдсөн иудейчүүдийн амьдрал Египетэд боолчлогдож байсан өвөг дээдсийнх нь амьдралаас ямар ялгаатай байсан бэ?

3 Вавилонд олзлогдвол шинэ нөхцөлдөө дасаад сайхан амьдрахыг хичээгээрэй гэсэн зөвлөгөөг Ехова Иеремиагаар дамжуулан израильчуудад өгчээ. Тэрээр: «[Вавилонд] байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид. Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно» гэж хэлжээ (Иер. 29:5, 7). Бурхны энэ зөвлөгөөг дагасан хүмүүс Вавилонд сайхан амьдарч байв. Тодорхой хэмжээгээр өөрийнхөөрөө амьдрахыг нь вавилончууд тэдэнд зөвшөөрсөн. Тэр байтугай Вавилоны хаана ч амьдарч болдог байжээ. Вавилон худалдаа арилжааны төв байсан учраас иудейчүүдийн зарим нь бизнес эрхлэхийг сурч, нөгөө зарим нь гар урлалыг гаргууд эзэмшжээ. Зарим нь бүр хөрөнгөжсөн. Тэдний амьдрал олон зууны өмнө Египетэд боолчлогдож байсан өвөг дээдсийнх нь амьдралтай харьцуулшгүй байлаа (Египетээс гарсан нь 2:23–25-ыг уншина).

4. Үнэнч бус израильчуудаас гадна хэн зовж байсан бэ? Яагаад хуулийн заалт бүрийг биелүүлэх боломжгүй байсан бэ?

4 Олзлогдсон иудейчүүд дутагдаж гачигдах зүйлгүй амьдарч байлаа. Гэхдээ Еховаг чөлөөтэй шүтэж чаддаг байсан болов уу? Еховагийн сүм, тахилын ширээ сүйдэж, тахилчид зохион байгуулалттайгаар үйлчлэх боломжгүй болсон. Вавилонд байсан иудейчүүдийн дунд Бурханд үнэнч хүмүүс олон байв. Тэд шийтгүүлбэл зохих юу ч хийгээгүй хэр нь үнэнч бус иудейчүүдтэй хамт зовж байлаа. Гэлээ ч Бурхны хуулийг дагахын тулд чадах бүхнээ хийжээ. Жишээлбэл Даниел Шадрах Мешах Абед-него нар иудейчүүдийн цээрлэдэг хоолыг идэхээс татгалзсаныг, Даниел Еховад тогтмол залбирдаг байсныг Библид бичжээ (Дан. 1:8; 6:10). Гэсэн хэдий ч өөр шашинтай үндэстний эрхшээлд орсон учраас Мосегийн хуулийн заалт бүрийг биелүүлэх боломжгүй байв.

5. Ехова юу гэж амласан бэ? Энэ амлалт яагаад онцгой байсан бэ?

5 Бурхнаа таалалд нь нийцүүлэн шүтэх боломж иудейчүүдэд дахин гарах болов уу? Тухайн үед боломжгүй мэт байв. Вавилончууд олзны хүмүүсээ хэзээ ч чөлөөлдөггүй байжээ. Гэхдээ Ехова Бурхан ард түмнээ чөлөөлнө гэж амласан бөгөөд энэ нь ч ёсоор болсон. Бурхны амлалт хэзээд биелдэг! (Ис. 55:11).

ЕСҮСИЙН ДАГАЛДАГЧИД ОЛЗЛОГДСОН УУ?

6, 7. Бид яагаад ойлголтоо өөрчлөх шаардлагатай болсон бэ?

6 Иудейчүүд Вавилонд олзлогдсон шиг Христийн дагалдагчид бас олзлогдсон уу? Бурхны орчин үеийн үйлчлэгчид 1918 онд Вавилонд олзлогдож 1919 онд чөлөөлөгдсөн хэмээн «Харуулын цамхаг» сэтгүүлд олон жил тайлбарлаж ирсэн. Гэхдээ бид энэ ойлголтоо өөрчлөх шаардлагатай болсон. Яагаад гэдгийг энэ болон дараагийн өгүүллээр ярилцана.

7 Дараах зүйлийг бодож үзье. Бүх хуурамч шашныг агуу Вавилон гэдэг. Хэрэв Бурхны ард түмэн 1918 онд Вавилонд олзлогдсон бол хуурамч шашинд тодорхой хэмжээгээр боолчлогдсон болж таарна. Гэтэл Бурхны тослогдсон үйлчлэгчид дэлхийн І дайнаас хэдэн арван жилийн өмнө хуурамч шашнаас чөлөөлөгдөөд эхэлчихсэнийг баримт харуулдаг. Тослогдогсод дэлхийн І дайны үед хавчлагад өртөж байсан нь үнэн. Гэхдээ тэднийг агуу их Вавилон бус, гол нь төр засгийнхан хавчиж байсан билээ. Тэгэхлээр Еховагийн үйлчлэгчид 1918 онд агуу Вавилонд олзлогдоогүй байх нь ээ.

ХЭЗЭЭ ОЛЗЛОГДСОН БЭ?

8. Христийн шашин хэрхэн завхран гажуудсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

8 МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн мянга мянган дагалдагч ариун сүнсээр тослогдсон. Тэд «сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн» болжээ (1 Петр 2:9, 10-ыг уншина). Элч нар амьд сэрүүн байхдаа Бурхны ард түмнийг анхаарч халамжилдаг байв. Харин тэднийг нас барсны дараа «дагалдагчдыг өөрсдөдөө татахын» тулд «гажууд зүйлсийг» заадаг эрчүүд хуралд бий болсон (Үйлс 20:30; 2 Тес. 2:6–8). Ахлагчаар үйлчлэх зэргээр хариуцлагатай үүрэг хүлээдэг байснаа, хожим нь шашны мяндагтан болсон хүн тэдний дунд олон байв. Есүс дагалдагчдадаа «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлсэн ч ийнхүү мяндагтнуудын анги бий болсон (Мат. 23:8). Тэд Аристотель Платон нарын гүн ухаантнуудын номлолыг биширдэг байсан учраас хуурамч шашны сургаалыг нэвтрүүлж, яваандаа Библийн үнэнийг гуйвуулжээ.

9. Тэрслүү Христийн шашин Ромын засгийн газрын дэмжлэгийг хэрхэн авсан бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

9 Тэрслэгчдийн үүсгэсэн Христийн шашныг МЭ 313 онд Ромын эзэн хаан Константин хуулиар зөвшөөрчээ. Тэр үеэс эхлэн Христийн шашин Ромын засгийн газар хоёр нягт хамтран ажиллах болов. Жишээлбэл Константин шашны удирдагчдын явуулсан Никейн хуралд суусныхаа дараа Ариус гэдэг санваартныг цөлөх зарлиг гаргажээ. Есүсийг Бурхан гэдгийг Ариус хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Теодосиус хааны үед (МЭ 379-395) католик шашин Ромын эзэнт гүрний гол шашин болсон. Тэр үеийн ромчууд Христийн шашинтай байсныг түүхчид тэмдэглэжээ. Угтаа бол тэрслүү Христийн шашин Ромын эзэнт гүрний шашны байгууллагууд буюу Агуу Вавилоны гишүүдтэй нэгдсэн юм. Харин буудайтай зүйрлэм тослогдсон үнэнч дагалдагчид цөөн ч болов байсан бөгөөд Бурханд үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж байв. Гэхдээ тэднийг хэн ч сонсоогүй (Матай 13:24, 25, 37–39-ийг уншина). Тэд үнэхээр Вавилонд олзлогдсон байсан!

10. Чин сэтгэлтэй хүмүүс яагаад сүмийн сургаалд эргэлздэг байсан бэ?

10 Гэхдээ л манай эриний эхний хэдэн зуунд Библийг грек юм уу латинаар уншдаг хүн цөөнгүй байжээ. Тиймээс Библийн сургаалыг сүмийн сургаалтай харьцуулж чаддаг байв. Тэдний зарим нь сүмийн сургаалыг Библийн үндэсгүй гэдгийг ойлгосон учраас хүлээн зөвшөөрөхөө больжээ. Гэвч энэ тухайгаа хүмүүст ил тод хэлэх нь аюултай, тэр байтугай амь насаа ч алдаж мэдэхээр байв.

11. Агуу Вавилон хүмүүсийг хэрхэн атгандаа оруулсан бэ?

11 Яваандаа грек, латин хэл мэддэг хүмүүс цөөрч, Библийг нийт олны ойлгодог хэлээр орчуулах ажлыг сүмийнхэн эсэргүүцдэг болов. Үүний улмаас зөвхөн санваартнууд, боловсролтой хүмүүс л Библийг унших боломжтой болжээ. Харин уншиж, бичиж чаддаггүй санваартнуудад энэ боломж хаалттай. Сүмийн сургаалыг зөвшөөрдөггүй хүнийг залхаан цээрлүүлдэг байв. Бурхны тослогдсон үнэнч үйлчлэгчид хэсэг бүлгээрээ сэм цуглах ба заримд нь цуглах ч боломж олдохгүй. Тослогдсон «хаант тахилч нар» ийнхүү эртний Вавилонд олзлогдсон иудейчүүд шиг Бурхнаа зохион байгуулалттайгаар шүтэж чаддаггүй байв. Агуу Вавилон хүмүүсийг атгандаа оруулжээ!

ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ

12, 13. Агуу Вавилоноос чөлөөлөгдөх үүд хаалга нээгдэхэд ямар хоёр хүчин зүйл нөлөөлсөн бэ?

12 Бурхнаа хүсэл тааллынх нь дагуу чөлөөтэй шүтэх цаг Есүсийн жинхэнэ дагалдагчдад ирэх болов уу? Хоёр хүчин зүйлийн ачаар хонгилын үзүүрт гэрэл сүүмэлзэж эхлэв. Эхнийх нь үсэг өрөх аргаар хэвлэдэг хэвлэлийн машиныг 15-р зууны дунд үед зохион бүтээсэн явдал юм. Үүнээс өмнө Библийг гараараа нямбайлан хуулан бичдэг байв. Библийн хуулбарууд маш ховор, өндөр үнэтэй байжээ. Бүтэн Библийг хуулж бичихэд хамгийн шилдэг бичээч арван сараас доошгүй хугацаа зарцуулна! Түүнээс гадна хуулж бичихэд зориулсан материал (илгээр хийсэн) их үнэтэй байв. Харин хэвлэлийн машин, цаас ашиглах болсноор хамгийн чадварлаг ажилчин өдөрт 1 300 хуудсыг хэвлэдэг болжээ!

Хэвлэлийн машин болон зоригт орчуулагчдын ачаар агуу Вавилоноос чөлөөлөгдөх үүд хаалга нээгдсэн (12, 13-р догол мөрийг үзээрэй)

13 Хоёр дахь хүчин зүйл нь 16-р зууны эхээр цөөн хэдэн хүн Библийг ард түмний хэлээр орчуулахаар зориг шулуудсан явдал юм. Амиа алдаж мэдэхээр байсан ч энэ ажилд ханцуй шамлан оржээ. Библи Бурхнаас эмээдэг хүмүүсийн гарт орвол аюултай зэвсэг болно гэдгийг шашны удирдагчид мэдэж байсан учраас ихэд айжээ. Хүмүүс Библийг эх хэлээрээ уншдаг болчихвол янз бүрийн асуултаар булж мэдэхээр байв. «Библийн яг хаана нь ариусгалын ертөнцийн талаар байдаг вэ? Талийгаачаа санваартнуудад даатгаж мөнгө төлөх, папууд, кардиналуудын талаар Библийн хаана бичсэн байдаг вэ?» гэх зэргээр асуувал сүмийн удирдагчдын уур хилэнг хөдөлгөх нь дамжиггүй. Үнэндээ ингэж асуух нь аз туршсан хэрэг байлаа! Сүмийн зарим сургаал Есүс Христийг төрөхөөс бүр өмнө амьдарч байсан Аристотель Платон нарын гүн ухаанд үндэслэжээ. Иймэрхүү сургаалыг эс зөвшөөрсөн хүмүүсийг буруу номтон гэж үзэн цаазаар авах ял онооно. Ялыг төр засаг нь гүйцэтгэнэ. Гол зорилго нь хүмүүсийн урмыг хугалж Библи унших, асуулт асуух зориггүй болгох байсан бөгөөд үүндээ ч хүрчээ. Гэхдээ зүрх зоригтой цөөн хэдэн хүн агуу Вавилонд боолчлогдохыг хүссэнгүй. Тэд Бурхны Үгнээс үнэнийг ойлгож улам ихийг мэдэхийг хүсжээ! Хуурамч шашнаас чөлөөлөгдөх цаг ойртож байлаа.

14. а) Библийг судлахыг хүссэн хүмүүс юу хийсэн бэ? б) Расселл үнэнийг яаж хайсан бэ?

14 Библийг уншиж судлан, үнэнийг ойлгоод, сурч мэдсэнээ бусадтай хуваалцахыг хүссэн олон хүн сүм хийдийнхний дарамт шахалт багатай улсууд руу дүрвэжээ. Тийм улсын нэг нь Америкийн Нэгдсэн Улс байлаа. Чарлз Тейз Расселл хэдэн нөхөдтэйгөө хамт 1800-гаад оны сүүлээс Библийг нямбай судалж эхлэв. Эхлээд Расселл томоохон шашнуудын аль нь жинхэнэ үнэнийг заадгийг мэдэхийг зорьжээ. Христийн болон өөр янз бүрийн шашны сургаалыг Библийн сургаалтай харьцуулаад нэг нь ч Бурхны Үгийн дагуу явдаггүйг мэдэж авав. Нэг удаа Расселл Христийн сүмүүдийн удирдлагуудтай уулзжээ. Нөхөдтэйгөө хамт Библийг судлаад олж мэдсэн зүйлийг нь тэд хүлээн зөвшөөрч, сүмийнхээ гишүүдэд заана гэж бодсон аж. Гэтэл тэдгээр шашны удирдагч Расселлын саналыг тоож сонирхсонгүй. Библи Судлаачид эндээс нэг чухал сургамж авчээ. Хуурамч шашнаасаа гарахыг хүсдэггүй хүмүүстэй хамт Бурхныг шүтэх ямар ч боломжгүйг ухаарчээ (2 Коринт 6:14-ийг уншина).

15. а) Есүсийн дагалдагчид хэзээ агуу Вавилонд олзлогдсон бэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултын хариуг авч үзэх вэ?

15 Есүсийн дагалдагчид элч нарыг нас барсны дараахан агуу Вавилонд олзлогдсоныг энэ өгүүллээр ярилцлаа. Гэхдээ дараах асуултууд урган гарч байна. «Бурхны тослогдсон үйлчлэгчид 1914 оноос өмнө агуу Вавилоноос чөлөөлөгдөөд эхэлчихсэн байсныг өөр ямар баримтаас мэдэж болох вэ? Дэлхийн І дайны үед үйлчлэгчид нь дэлгэрүүлэх ажилд идэвх муутай оролцдог болсон учраас Ехова ивээхээ больсон гэдэг нь үнэн үү? Тэр үед зарим итгэл нэгтэн маань төвийг сахих байр сууриасаа няцсан учраас Еховагийн сайшаалыг алдсан уу? Хэрэв Христийн дагалдагчид МЭ II зуунд хуурамч шашны эрхшээлд орсон юм бол хэзээ чөлөөлөгдсөн байж таарах вэ?». Эдгээр чухал асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.