Skip to content

Гарчиг руу орох

Таны ажил шүүдэр шиг үү?

Таны ажил шүүдэр шиг үү?

ДЭЛГЭРҮҮЛЭХ, шавь бэлдэх ажил маань чухал бөгөөд үнэ цэнтэй. Гэвч бидний ажлыг ойлгож үнэлдэггүй хүн олон. Тэр байтугай Библийн мэдээг сонирхдог хэр нь Бурхны Үгийг судлах тухай боддоггүй хүмүүс ч бий.

Тэдний нэг нь Гавн юм. Цуглаанд суудаг болсон ч Библийн хичээл хийхээс татгалздаг байжээ. «Библийн мэдлэг маруухан, түүнийг маань хүмүүс мэдчих вий гэж айдаг байлаа. Би мэхлэгдсээр байгаад хаширчихсан байв. Ийшээ гүнзгий орохоос болгоомжилж байлаа» гэж Гавн ярьсан юм. Таны бодлоор Гавн найдваргүй хүн байсан уу? Үгүй. Библийн сургаал хүмүүст хэрхэн сайнаар нөлөөлдгийг эргэцүүлэн бодоорой. Ехова эртний ард түмэндээ «Миний хэлэх үг бол унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал» гэж хэлсэн байдаг (Д.хууль 31:19, 30; 32:2). Шүүдэр ямар онцлогтой вэ? Энэ нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлаа үр өгөөжтэй хийхэд маань ямар ач тустай вэ? (1 Тим. 2:3, 4).

БИДНИЙ АЖИЛ ЮУГААРАА ШҮҮДЭР ШИГ ВЭ?

Шүүдэр зөөлөн. Агаар дахь усны уур бага багаар хуримтлагдсаар шүүдэр бий болдог. Еховагийн үг шүүдэр шиг унаж байсан гэдэг нь ард түмэнтэйгээ эелдэг зөөлөн ярьж, санаа тавьдаг байсан гэсэн үг. Бид Еховаг дуурайн бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг. Хүнээр өөрөөр нь бодуулж, өөрөөр нь дүгнүүлдэг. Ингэж санаа тавьдаг бол хэлсэн үг маань тэдний сэтгэлд шингэж, ажил маань ч илүү үр өгөөжтэй болно.

Шүүдэр сэргээдэг. Хүмүүсийн сонирхлыг хэрхэн төрүүлэхээ боддог бол дэлгэрүүлэх ажил маань бусдын сэтгэлийг сэргээнэ. Дээр дурдсан Гавныг хэн ч Библи судал гэж ятгаагүй ажээ. Анх уулзаж танилцсан Крис гэдэг Гэрч Гавнтай Библийн тухай чөлөөтэй ярьдаг болохын тулд янз бүрийн арга эрж хайдаг байв. Библи нэг сэдэвтэй бөгөөд тэр сэдвийг ойлгочихвол цуглаан дээр ярьдаг зүйлийг бүр ч сайн ойлгодог болно гэж хэлж өгчээ. Дараа нь Крис Библийн зөгнөлийг судлаад Библийг үнэн гэж итгэдэг болсон тухайгаа Гавнд ярьжээ. Үүнээс улбаалан Библийн зөгнөлүүд хэрхэн биелсэн тухай нэлээн хэдэн удаа ярилцсан байна. Гавн эдгээр ярианы дараа тайвшран, хичээл хийхээр болсон гэдэг.

Шүүдэр амьдрал тэтгэдэг. Израильд халууны улиралд хэдэн сараар бороо орохгүй байх нь бий. Шүүдэргүй бол ургамал хатаж үхдэг. Зөгнөл ёсоор өнөө үед хүмүүс Еховагийн үгээр цангаж байна (Ам. 8:11). Тослогдогсод «ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт» байх ба «өөр хонинуудтай» хамтран Хаанчлалын тухай мэдээ тунхаглахыг Ехова зөгнөсөн (Мика 5:7; Иох. 10:16, ШГ). Та дэлгэрүүлдэг мэдээгээ үнэлж эрхэмлэдэг үү? Үнэнээр цангаж буй хүмүүсийн амийг тэтгэхийн тулд Ехова олон зүйл өгдгийн нэг нь Хаанчлалын тухай сайн мэдээ гэж боддог уу?

Шүүдэр бол Еховагийн ивээл. (Д.хууль 33:13). Нааштай хүлээж авсан хүмүүсийн хувьд дэлгэрүүлэх ажил маань ивээл болдог. Гавн чухамхүү ийм ивээл хүртсэн юм. Библи судлаад бүх асуултынхаа хариуг олжээ. Маш хурдан ахиц дэвшил гарган баптисм хүртээд, одоо эхнэр Жойстойгоо хамт Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлж байна.

Еховагийн Гэрчүүд газар дэлхийг Хаанчлалын тухай мэдээгээр «чийглэж» байна

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛАА ЭРХЭМЛЭЭРЭЙ

Шүүдрийн тухай бодохлоор дэлгэрүүлэх ажилд хүн нэг бүрийн оролцоо чухал байдгийг ойлгож, энэ ажлаа эрхэмлэх хүсэл төрдөг. Шүүдрийн ганц дусал өчүүхэн боловч сая сая дусал нийлээд газар дэлхийг чийглэдэг. Үүнтэй адил, дэлгэрүүлэх ажилд оруулж буй ганц хүний хувь нэмэр өчүүхэн мэт боловч Еховагийн бүх үйлчлэгч хамтын хичээл зүтгэлийнхээ үрээр сайн мэдээг «бүх үндэстэнд» түгээж байна (Мат. 24:14). Дэлгэрүүлэх ажил маань хүмүүсийн хувьд Еховагийн ивээл болж чадах уу? Бид мэдээгээ шүүдэр адил намуун зөөлөн, сэтгэл сэргээм, амьдрал тэтгэм байдлаар хүргэдэг бол чадна!