Skip to content

Гарчиг руу орох

Та ургуулан бодох чадвараа зөв ашигладаг уу?

Та ургуулан бодох чадвараа зөв ашигладаг уу?

ЕРДӨӨ 1,4 кг жинтэй мөртлөө «орчлонт ертөнц дэх хамгийн тайлагдашгүй нарийн бүтэцтэй» зүйл юу вэ? Хүний тархи. Үнэнхүү биширмээр. Уураг тархины талаар хэдийчинээ их судалж мэднэ, Еховагийн «гайхалтай» үйлсийг төдийчинээ үнэлж эрхэмлэдэг болно (Дуу. 139:14). Тархи янз бүрийн үйлдэл хийх чадвартай. Одоо, ургуулан бодох чадварын талаар ярилцъя.

Ургуулан бодох чадвар гэж юу вэ? «Шинэ содон, сонирхолтой эсвэл хэзээ ч хүртэн мэдэрч байгаагүй зүйлийн дүр зургийг ухаан санаандаа буулгах, төсөөлөх чадвар» гэж нэгэн тольд тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг уншаад та ургуулан бодох чадвараа байнга ашигладгаа анзаарсан уу? Жишээ нь нэг ч удаа очиж үзээгүй газрынхаа талаар уншиж сонсоод сэтгэлдээ төсөөлж байсан уу? Хүн үзэж сонсож, амталж үнэрлэж, хүрч мэдэрч үзээгүй зүйлийнхээ талаар бодмогцоо ургуулан бодож эхэлдэг ажээ.

Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээснийг Библид бичсэн байдаг (Эх. 1:26, 27). Тэгэхлээр Ехова бас ургуулан бодох чадвартай гэсэн үг байгаа биз? Биднийг бүтээхдээ ийм чадвар суулгаж өгсөн болохоор энэ чадвараа ашиглаад хүсэл тааллыг минь ойлгож мэдээсэй гэж хүсдэг нь зүйн хэрэг юм (Ном. 3:11). Тэгвэл бид ургуулан бодох чадвараа хэрхэн зөв ашиглах вэ? Буруу ашиглахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

УРГУУЛАН БОДОХ ЧАДВАРЫГ БУРУУ АШИГЛАХ

1) Тохиромжгүй үед мөрөөдөх юм уу буруу зүйлийг төсөөлж бодох.

Мөрөөдөх нь буруу биш. Юмыг мөрөөдөж, төсөөлдөг бол ач тустай. Гэхдээ Номлогчийн үгс 3:1-д «Бүх юмс цаг хугацаатай» гэж бий. Тиймээс зарим зүйлийг тохиромжгүй үед хийх тохиолдол байдаг гэсэн үг. Жишээлбэл цуглаан дээр эсвэл Библиэ бие даан судалж байхдаа өөр юм бодвол ургуулан бодох чадвар маань тус болох уу, ус болох уу? Буруу юм бодох, садар самуун явдлыг сэтгэлдээ ургуулах нь аюултайг Есүс анхааруулсан (Мат. 5:28). Төсөөлөн боддог зарим зүйл маань Еховагийн дургүйг ч хүргэж болзошгүй. Садар самуун явдлыг бодоод байвал яваандаа бодит амьдрал дээр ажил хэрэг болгож мэднэ. Еховагаас холдуулах ямар ч юмыг төсөөлөн бодохгүй гэж бат шийдээрэй!

2) Эд мөнгө ирээдүйн баталгаа гэж бодох.

Эд мөнгө бол хэрэгтэй ч, ашигтай ч зүйл. Гэхдээ мөнгөтэй л бол жинхэнэ ёсоор аюулгүй, жаргалтай амьдарна гэж боддог болбол эцэстээ цөхөрнө. Цэцэн хаан Соломон: «Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт» гэж бичжээ (Сур. 18:11). 2009 оны 9 дүгээр сард Филиппиний нийслэл Манилад ширүүн аадар орсны улмаас үер бууж, 80 хувь нь усанд автжээ. Эд хөрөнгөтэй хүмүүс энэ гамшгаас зугтаж чадсан болов уу? Маш их юмаа алдсан нэгэн чинээлэг хүн: «Энэ үер баян ядуу хэнийг ч ялгалгүй сүйрүүлж, гай зовлонд унагасан» гэжээ. Эд зүйл, мөнгө төгрөг жинхэнэ хамгаалалт болдог гэж төсөөлөх амархан. Харин бодит байдал дээр тийм биш шүү дээ.

3) Хэзээ ч болохгүй зүйлийг бодож дэмий санаа зовох.

Хэтэрхий их санаа зовохгүй байхыг Есүс зөвлөсөн байдаг (Мат. 6:34). Цаг үргэлж санаа зовоод байвал улам цааш нь ургуулж бодно. Тэгээд хараахан болоогүй эсвэл хэзээ ч болохгүй зүйлээс болж сэтгэлийн тэнхээгүй болно. Ийнхүү шаналаад байвал гуньж гутран, яваандаа сэтгэл санааны хямралд орж болзошгүйг Библид анхааруулсан байдаг (Сур. 12:25). Есүсийн зөвлөгөөг даган хэтэрхий их санаа зовохгүй байж, өдөр өдөрт нь тухайн асуудлаа шийдээд явах нь хэчнээн чухал бэ!

УРГУУЛАН БОДОХ ЧАДВАРЫГ ЗӨВ АШИГЛАХ

1) Аюулыг олж хараад зугтах.

Хэрсүү байж, юмыг урьдаас бодож байхыг Библи уриалдаг (Сур. 22:3). Ургуулан бодох чадвараа ашиглавал шийдвэр гаргахаасаа өмнө ямар үр дагавар гарч болохыг тооцож чадна. Жишээлбэл та үдэшлэгт уригджээ. Тэнд очих уу, үгүй юү гэдгээ шийдэхийн тулд ургуулан бодох чадвараа хэрхэн ашиглах вэ? Хэн хэн уригдсан, хэр том арга хэмжээ болох, хэзээ хаана болох зэргийг бодсоныхоо дараа тэнд юу юу болохыг төсөөлөөрэй. Тэр үдэшлэгийг Библийн зарчмын дагуу, зөв зохистой болно гэж бодитоор төсөөлж чадаж байна уу? Ургуулан бодох чадвараа зөв шийдвэр гаргахад ашигладаг бол Еховатай тогтоосон харьцаанд сэвтэй аливаа зүйлээс хол байна.

2) Ярвигтай асуудлыг хэрхэн шийдэхээ сэтгэлдээ ургуулж бодох.

Ургуулан бодох чадвар гэдэгт «бэрхшээлийг сөрөх, даван туулах чадвар» бас ордог. Жишээ нь та хурлынхаа нэг гишүүнтэй ам мурийсан бол эвлэрэхийн тулд юу хийх вэ? Хэд хэдэн хүчин зүйлийг тооцож үзэх байх. Тэр хүн яаж ярьдаг билээ? Хэзээ ярилцвал илүү тохиромжтой вэ? Ямар үг сонгоод, дууныхаа өнгийг ямар болгоод ярьсан нь дээр вэ? Асуудлаа янз янзаар шийдэж байгаагаар төсөөлөөд хамгийн үр дүнтэй, хүлээж авахад амар аргыг сонгоорой (Сур. 15:28). Төвөгтэй асуудлыг шийдэхийн тулд ийм маягаар сайтар бодож төлөвлөвөл хурлын эв нэгдлийг батжуулна. Энэ бол ургуулан бодох чадвараа зөв ашиглаж байгаагийн нэг шинж юм.

3) Библиэ илүү чанартай, үр өгөөжтэй уншиж, судлах.

Библийг өдөр бүр унших нь маш чухал. Гэхдээ зүгээр л хуваарийнхаа дагуу уншаад болчихдог бол хангалтгүй. Амьдралд сургамжтай зүйлийг Бурхны Үгнээс олж, түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Еховагийн үзэл бодол, үйл хэргийг Библи уншиж байж л улам сайн ойлгож, үнэлдэг болно. Ингэхдээ ургуулан бодох чадвараа ашиглах хэрэгтэй. Яаж? «Итгэлийн жишээ» («Imitate Their Faith») гэдэг номыг аваад үзье. Энэ номд гардаг үйл явдлыг уншихлаар Библийн баатрын амьдрал ахуй, орчин нөхцөлийг харж байгаа мэт сэтгэлдээ төсөөлж чадна. Ингэж төсөөлөхөд тэр үйл явдал ямар газар болж байгаа нь харагдана, ямар дуу чимээ сонстож, ямар үнэр үнэртэж, Библийн баатруудад юу бодогдож, ямар санагдаж байгааг мэдэрнэ. Үүний дүнд чухал сургамж авч, сэтгэл сэргээм зүйлийг олж мэднэ. Библид гардаг тэр түүхийг сайн мэддэг юм шиг санагдана. Ургуулан бодох чадвараа ийнхүү ашигладаг бол Библиэ илүү чанартай, үр өгөөжтэй уншиж, судална.

4) Өрөвч сэтгэлтэй болох, бусдыг өрөвдөх.

Өрөвч сэтгэл бол хүний зовлонг зүрх сэтгэлээрээ мэдрэх гайхалтай чадвар юм. Ехова Есүс хоёр өрөвч учраас бид бас тэдэн шиг өрөвч байх учиртай (Ег. 3:7; Дуу. 72:13). Яавал өрөвч болох вэ? Ургуулан бодох чадвараа ашиглах нь нэг сайн арга юм. Итгэл нэгт ах, эгч, дүүгийнхээ амсаж буй зовлонг бид хэзээ ч үзэхгүй байж магадгүй. Гэхдээ дараах асуултыг өөрөөсөө асуух нь зүйтэй. «Би ийм байдалд орвол миний сэтгэл санаа ямар байх бол? Надад юу хэрэгтэй байх бол?». Эдгээр асуултад хариулахын тулд сэтгэлдээ төсөөлөн бодвол илүү өрөвч болно. Бид ямар ч үед, тухайлбал дэлгэрүүлэхдээ, итгэл нэгтэнтэйгээ харьцахдаа өрөвч сэтгэл гаргах нь чухал.

5) Шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг төсөөлөх.

Бурхны амласан шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг Библид тов тодорхой бичсэн байдаг (Ис. 35:5–7; 65:21–25; Илч. 21:3, 4). Үүнийг манай ном хэвлэлд тод томруун дүрсэлдэг. Яагаад? Зураг бидний ургуулан бодох чадварыг хурцалж, өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөхөд тусалдаг. Уураг тархийг зохион бүтээсэн Ехова ургуулан бодох чадвар хэр их үр нөлөөтэйг хэнээс ч илүү мэддэг. Бурхны амлалтыг эргэцүүлэн бодохдоо энэ чадвараа ашигладаг бол итгэл бэхжиж, ямар ч бэрхшээл тулгарсан үнэнч байж чадна.

Ехова бидэнд хайртай учраас ургуулан бодох гэдэг онцгой чадварыг бэлэглэжээ. Бурхандаа өдөр бүр үйлчлэхэд энэ чадвар маань их тус болдог. Ийм гайхалтай бэлэг өгсөн Бүтээгчдээ талархан, ургуулан бодох чадвараа өдөр бүр зөв ашиглацгаая.